A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 114

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэг, Хууль тогтоомжийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр баталсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаатай холбоотой зохицуулалт нь Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцод нийцэж байгаа эсэх талаар болон хуулийн холбогдох зүйлийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, танилцуулахыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Д.Цогтбаатар/, Хүний эрхийн дэд хороо /Ц.Мөнхцэцэг/-нд даалгасугай.

2.Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

а/"Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр-2"-ыг батлан, хэрэгжүүлэх;

б/Нэгдсэн Үндэстний Байгууллагын 80 жилийн ойг угтаж 2025 оныг Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн жил болгох уриалга гаргах чиглэлээр ажиллах;

в/хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах үндэсний механизмыг бэхжүүлэх талаар санал боловсруулан Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд танилцуулах;

г/хүний эрхийн мэдлэг олгох, сургах, чадавхжуулах чиглэлээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын харьяа Ази, Номхон далайн бүсийн төвийг Монгол Улсад байгуулах санаачилга гаргаж, шийдвэрлүүлэх талаар идэвхтэй ажиллах;

д/хүний эрхийн боловсрол, мэдлэгийг хүүхэд, залуучуудад ойлгуулах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажлыг эрчимжүүлж, эрх, үүрэг, хариуцлагын тухай сургалт зохион байгуулах, хүний эрхийн ойлголт, мэдлэгийн талаар олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах;

е/хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй аливаа шалтгаан, нөхцөлийг урьдчилан судлан тогтоож, холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хийдэл, зөрчлийг арилгах талаар хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

ё/Монгол Улсын нэгдэн орсон, соёрхон баталсан хүний эрхийн гэрээ, конвенц, пактуудаар хүлээсэн үүргийн биелэлтийн талаарх хүний эрхийн төлөв байдлын тайланг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн хороо, түүний бүтцийн бусад байгууллагуудад тайлагнах механизмд парламентын оролцоог нэмэгдүүлэхтэй холбоотой холбогдох хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

ж/Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас гаргасан тогтоолын хүрээнд ахмад настны эрхийн асуудлаар тусгайлсан баримт бичиг батлах санаачилгыг Монгол Улс дэмжиж байгааг зохих журмын дагуу холбогдох байгууллагад мэдэгдэх;

з/олон улсын гэрээ, конвенцуудад дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг эрчимжүүлж, олон улсын гэрээний заалтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх.

3.Төрийн албан хаагчдын хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын хүний эрхийн мэдлэг, мэдрэмжийг шалгах, үнэлэх талаар холбогдох дүрэм, журам, зааврыг хамтран боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Төрийн албаны зөвлөл /Б.Баатарзориг/, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс /Д.Сүнжид/-т тус тус даалгасугай.

4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Д.Цогтбаатар/-нд даалгасугай.

5.Энэ тогтоолыг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР