- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 07
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын эдийн засгийн бүсчлэлийн бүс нутаг, хот, хөдөөгийн хөгжлийн нэгдмэл болон бүсүүдийн харьцангуй бие даасан, харилцан уялдаатай тогтолцоог бүрдүүлж, бүс нутаг, хот, хөдөөг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын нутагшилт, суурьшлын олон төвтэй тогтолцоог бий болгох, нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, иргэдийн орон нутагт шилжин суурьших таатай нөхцөлийг хангах зорилгоор Улсын Их Хурлаас баталсан дараах бодлого, хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд тайлбарлан таниулах, иргэдээс санал авах, байр суурийг нь сонсох ажлыг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд зохион байгуулахыг Улсын Их Хурлын гишүүдэд даалгасугай:
1/Монгол Улсын Их Хурлын 2001 оны 57 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийн явц, үр дүнг танилцуулах, шинэчлэн боловсруулахтай холбогдуулан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах;
2/Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан бүс, орон нутаг, нийслэл Улаанбаатар болон дагуул хотыг хөгжүүлэх зорилтыг тайлбарлан таниулах, хэлэлцүүлэх;
3/Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан боомтын болон хот, хөдөөгийн сэргэлтийн зорилт, хэрэгжилтийн явцыг танилцуулж, хэлэлцүүлэх.
2.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан бодлого, хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд тайлбарлан таниулах, иргэдээс санал авах ажлыг хэрэгжүүлэх хүрээнд дараах арга хэмжээг авч, хамтран зохион байгуулах, холбогдох зардлыг шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх тайлан, лавлагаа, бусад шаардлагатай мэдээлэл бүхий гарын авлагыг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бэлтгэх;
2/Бүсчилсэн хөгжлийн бодлогыг боловсронгуй болгох, Монгол Улсын эдийн засгийн бүсчлэлийг тогтоох асуудлаар эдийн засгийн форумыг бүсчлэн зохион байгуулах.
3.Энэ тогтоолын 1 дэх заалтын хүрээнд хийсэн уулзалт, хэлэлцүүлэг, тайлбарлан таниулах ажлын дүн, саналыг нэгтгэн Улсын Их Хуралд 2024 оны 03 дугаар сард багтаан танилцуулахыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /Н.Энхболд/-нд даалгасугай.
4.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
