A

A

A

Бүлэг: 1979

Эрчим хүчний зохицуулах хорооны

2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн

725 дугаар тогтоолын хавсралт

 

 

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ

АЖ АХУЙН ХАРИЛЦААНЫ ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ дүрмийн зорилго нь Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-12.11, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 14.23-14.33 заасан тусгай зөвшөөрлийн (цаашид "тусгай зөвшөөрөл" гэх) нөхцөл, шаардлагыг тогтоох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, нөхцөл шаардлагын хэрэгжилтэд хяналт тавих, бүртгэх, сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн харилцааг Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.

1.3. Энэхүү дүрмийг Эрчим хүчний зохицуулах хороо (цаашид "ЭХЗХ" гэх), Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хүсэлт гаргагч хуулийн этгээд дагаж мөрдөнө.

Хоёр. Баримтлах чиглэл

2.1. Эрчим хүчний салбарын үр ашгийг сайжруулах, өртөг зардлыг бууруулах, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, дэвшилтэт техник, технологи, ухаалаг систем нэвтрүүлэхийг дэмжинэ.

2.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн техникийн найдвартай байдал, үр ашиг, үйлчилгээний түвшнийг сайжруулах, тэдгээрийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэгдсэн байна.

2.3. Хэрэглэгчдэд хүрэх үйлчилгээний чанар нь стандартын шаардлага хангасан байна.

2.4. Ногоон эрчим хүч буюу сэргээгдэх эх үүсвэр, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих чиглэл баримтална.

2.5. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцааг харилцагч байгууллага, иргэдэд ил тод, нээлттэй, шуурхай болгох чиглэлд мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлнэ.

 

Гурав. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тавигдах шаардлага,

түүнийг бүртгэх

3.1.      Тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээд нь Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтын дагуу үйл ажиллагааны төрөлтэй уялдуулан дараах баримт бичгийг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд :

3.1.1.    Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг (www.license.erc.mn) цахимаар маягтын дагуу гаргах.

3.1.2.    Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан Төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөл, мөн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хувьд салбарын шинжлэх ухаан технологийн зөвлөлийн шийдвэр;

3.1.3.    Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, хуулийн этгээдийн бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн талаарх дэлгэрэнгүй танилцуулга;

3.1.4.    Үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн талаарх мэдээлэл холбогдох гэрээ хэлцлүүд болон барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт;

3.1.5.    Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2-т заасан нүүрсний уурхайн нөөц, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасны дагуу усны нөөцийн судалгаа, техникийн үзүүлэлтийн баталгаажуулсан хуулбар;

3.1.6.    Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасан баримт болон хүчдэлийн түвшин, давтамж, даралт, температур, сүлжээний нэвтрүүлэх чадварын хязгаар зэрэг үзүүлэлтийн баталгаажуулсан хуулбар;

3.1.7.    Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4-т заасан баримт болон тоног төхөөрөмжүүдийн жагсаалт, төрөл марк, техникийн тодорхойлолтыг баталгаажуулсан хуулбар;

3.1.8.    Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.5-д заасан баримт болон үйл ажиллагаа явуулах байршил, эзэмшлийн зааг ба эдгээрийг харуулсан зураг, схем, үйлдвэрлэх, дамжуулах, түгээх цахилгаан, дулааны дунд болон урт хугацааны хангамж хэрэглээний тэнцлийн судалгаа, мэдээллийг баталгаажуулсан хуулбар;

3.1.9.    Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.7, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2-т заасан баримт болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг үндэслэж байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө, зарцуулах хөрөнгийг тооцож эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан хуулбар;

3.1.10.     Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.8-д заасан баримт болон эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хувьд төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн баталгаа, гаднын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх бол санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн гэрээ хэлцэл, баталгаат орчуулга, бусад тусгай зөвшөөрлийн хувьд тоног төхөөрөмж, шугам сүлжээг өмчлөлдөө шилжүүлэн авсныг бүртгэсэн тайлан баланс болон нотлох гэрээ хэлцлийн баталгаажуулсан хуулбар;

3.1.11.     Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.10-т заасан баримтаас гадна Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хувьд төслийн гүйцэтгэгчийн ажлын туршлага, ажилтнуудын мэргэжил, боловсрол, тухайн чиглэлээр мэргэшсэн байдлын талаарх судалгаа, мэдээллийг ирүүлнэ.

 3.2. Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээд энэ дүрмийн 3.1-д зааснаас гадна дараах баримт бичгийг нэмэлтээр бүрдүүлсэн байна.

3.2.1. Эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ;

3.2.2. Эх үүсвэрийн Нэгдсэн сүлжээнд холбогдон ажиллах үеийн горим тогтворжилтын тооцоо;

3.2.3. Эх үүсвэр, эх үүсгүүрийг нэгдсэн сүлжээнд холбох техникийн нөхцөл;

 3.3. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, баримт бичгийг тусгай зөвшөөрлийн (www.license.erc.mn) цахим хуудсаар бүртгүүлэх ба ЭХЗХ нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийг баримтлан шийдвэрлэнэ.

3.4. Тусгай зөвшөөрлийн өргөдөл, баримт бичгийг цахимаар баталгаажуулсны дараа тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээд өргөдөл, баримт бичгийг хэвлэмэл байдлаар ЭХЗХ-нд ирүүлнэ. Хэвлэмэл материал нь эх хувиар байх ба шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан байна

3.5. Энэ дүрмийн 3.1, 3.2-д заасан өргөдөл, баримт бичгийн үнэн зөв байдлыг хуулийн этгээд бүрэн хариуцна.

3.6. ЭХЗХ-ны холбогдох мэргэжилтэн ирүүлсэн өргөдөл, баримт бичгийн хүрээнд газар дээр нь нягтлан шалгана.

3.7. ЭХЗХ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн төрөл тус бүрээр түүний нөхцөл, шаардлага, үндсэн тоноглолын үзүүлэлт, үйлчлэх хүрээг тогтооно.

3.8. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д заасан зохицуулалтын үйлчилгээний хөлс төлөх тухай гэрээг ЭХЗХ-той байгуулна.

Дөрөв. Сонгон шалгаруулалт

4.1. Ижил төрлийн үйл ажиллагааг тодорхой нэг нутаг дэвсгэрт хэд хэдэн хуулийн этгээд эрхлэхээр хүсэлт гаргасан тохиолдолд сонгон шалгаруулах замаар шийдвэрлэж болно.

4.2. Сонгон шалгаруулалтыг ЭХЗХ-ны даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг зохион байгуулах бөгөөд ажлын хэсэг нь техник, технологи, санхүү, эдийн засгийн шаардлага, дүгнэх үзүүлэлтийг тухай бүр тогтооно.

4.3. Ажлын хэсэг нь оролцогчийн үйл ажиллагааг үзүүлэлт  бүрээр гаргаж  сонгон шалгаруулалтын дүнг ЭХЗХ-ны хуралд танилцуулж шийдвэрлүүлнэ.

Тав. Тусгай зөвшөөрлийн нөхцөл

 5.1. Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-12.11, Зөвшөөрлийн тухай хуулийн  8.1 дүгээр зүйлийн 14.23-14.33  дахь заалтын дагуу үйл ажиллагаа эрхлэх шинээр хүсэгч хуулийн этгээд тусгай зөвшөөрлийн төрлөөс хамааран дараах нөхцөлүүдийг хангасан байна.

5.1.1. Тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжтой, санхүүгийн чадавхтай;

5.1.2. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай тусгай зориулалтын технологийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг бүрдүүлсэн;

5.1.3. Мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн, тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг аюулгүй, эдийн засгийн үр ашигтай явуулах дадлага, туршлага бүхий,   холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагад нийцсэн хүний нөөцийг бүрдүүлсэн байх;

5.1.4. Эрчим хүчний хэмнэлтийн бодлого, хөтөлбөрийн дагуу төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх боломжтой;

5.1.5. Үйлдвэрлэсэн, дамжуулсан, түгээсэн, хангасан эрчим хүчийг хэмжих баталгаажсан тоолуур, хэмжих хэрэгсэлтэй байх;

5.1.6. Техникийн алдагдал, горим тооцоо, борлуулалт, хэрэглэгчийн үйлчилгээний программ хангамжууд, тайлагналын системтэй байх;

5.1.7. Үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах багаж хэрэгсэл, машин механизмтай байх;

5.1.8. Гарч болзошгүй аваар, ослоос урьдчилан сэргийлэх төлөвлөгөө, аюулгүйн нөөцийг бүрдүүлсэн байх;

5.1.9. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөртэй байх, тэдгээрийг хугацаанд нь хэрэгжүүлэх;

5.1.10. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангасан, эрүүл, аюулгүй ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлсэн байх;

5.1.11. Цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хувьд Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтад нийцсэн, цахилгаан эрчим хүчний түгээлт жилд 10 сая кВт.ц-аас багагүй, цахилгаан түгээх сүлжээ үүсгэж өмчлөлдөө бүртгэсэн байх;

5.1.12. Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хувьд Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтад нийцсэн, дулааны эрчим хүчний хэрэглэгчдийн тооцоот ачаалал нь 20 Гкал/ц-аас багагүй, дулаан түгээх сүлжээ үүсгэж өмчлөлдөө бүртгэсэн байх;

Зургаа. Тусгай зөвшөөрлийн шаардлага,

түүний биелэлтийг тайлагнах, дүгнэх

 6.1. Тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд мөрдөж ажиллах шаардлагыг тусгай зөвшөөрлийн төрөл тус бүрээр дараах байдлаар тогтооно.

6.1.1. Цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн шаардлага:

6.1.1.1. Цахилгаан үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангаж, осол, аваар, сааталгүй ажиллах;

6.1.1.2. Диспетчерийн зохицуулалтыг мөрдөж, цахилгаан үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангаж, стандартын шаардлага хангасан эрчим хүч үйлдвэрлэх;

6.1.1.3. Цахилгаан үйлдвэрлэх үйл ажиллагааг техник, технологийн шаардлага, хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн найдвартай, үр ашигтай явуулах;

6.1.1.4. Цахилгаан үйлдвэрлэх тоноглолын засвар үйлчилгээ, өргөтгөл шинэчлэлийг эрсдэлийн үнэлгээг үндэслэн эрэмбэлэн төлөвлөж холбогдох дүрэм, журам, заавар, норм нормативын дагуу чанартай, үр дүнтэй бүрэн хийж гүйцэтгэх, үр ашиг, өгөөжийг тооцож тайлагнах;

6.1.1.5. Эрчим хүчний эх үүсгүүрээс байгаль орчинд хаях бохирдлыг холбогдох стандартаар тогтоосон хэмжээнд байлгах;

6.1.1.6. Үйлдвэрлэлийн барилга болон далангийн ашиглалт, аюулгүй байдал, усан сангийн ашиглалт, хамгаалалт, усны түвшин, голын урсац зэргийг багтаасан хяналт-шинжилгээний төлөвлөгөө, хөтөлбөр гаргаж, холбогдох байгууллагаар батлуулах;

6.1.1.7. Тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааны санхүүгийн тайлан бүртгэлийг бусад үйл ажиллагааны тайлан бүртгэлээс тусад нь бүртгэж, тайлагнах;

6.1.1.8. Батлагдсан тарифт тусгагдсан зардлыг үр ашигтай зарцуулж ажиллах;

6.1.1.9. Санхүүгийн зохистой харьцааг хангаж ажиллах;

6.1.1.10. Хяналт шалгалтын үр дүн, аудитын зөвлөмж, Хорооны шийдвэр, үүрэг даалгаврын дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

6.1.1.11. Татварын болон аудитлагдсан санхүүгийн тайлан, түүний тодруулгууд, холбогдох судалгаа, мэдээллийг үнэн зөв гаргаж хууль, дүрэм, журамд заасан хугацаанд тайлагнах, хөрөнгө оруулалтын үр ашгийн талаарх бодит мэдээллийг шаардсан хугацаанд ирүүлэх;

6.1.1.12. "ДҮТ" ТӨХХК-тай байгуулсан цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний хэрэгжилтийг (төлбөр, тооцоо, алданги) улирал бүр дүгнэж, талууд акт үйлдсэн байх;

6.1.1.13. Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийн нэгдсэн сүлжээнд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн нийлүүлж эхэлсэн өдрөөс хойш хөрөнгө оруулалтаа эргэн нөхөж буй гүйцэтгэлийн бодит мэдээллийг тарифт тооцсон үзүүлэлттэй харьцуулан ирүүлэх;

        6.1.2. Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн шаардлага:

6.1.2.1. Дулаан үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангаж, осол, аваар, сааталгүй ажиллах;

6.1.2.2. Үйлдвэрлэх дулааны эрчим хүчний горим, төлөвлөлтийг оновчтой төлөвлөж оны эхэнд баталсан төлөвлөгөөг мөрдөх, стандартын шаардлага хангасан дулааны эрчим хүч үйлдвэрлэх;

6.1.2.3. Дулаан үйлдвэрлэх үйл ажиллагааг техник, технологийн шаардлага, хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн найдвартай үр ашигтай явуулах;

6.1.2.4. Дулаан үйлдвэрлэх тоноглолын засвар үйлчилгээ, өргөтгөл шинэчлэлийг эрсдэлийн үнэлгээг үндэслэн эрэмбэлэн төлөвлөж холбогдох дүрэм, журам, заавар, норм нормативын дагуу чанартай, үр дүнтэй бүрэн хийж гүйцэтгэх, үр ашиг, өгөөжийг тооцож тайлагнах;

6.1.2.5. Эрчим хүчний эх үүсгүүрээс байгаль орчинд хаях бохирдлыг холбогдох стандартаар тогтоосон хэмжээнд байлгах;

6.1.2.6. Тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааны санхүүгийн тайлан бүртгэлийг бусад үйл ажиллагааны тайлан бүртгэлээс тусад нь бүртгэж, тайлагнах;

6.1.2.7. Батлагдсан тарифт тусгагдсан зардлыг үр ашигтай зарцуулж ажиллах;

6.1.2.8. Санхүүгийн зохистой харьцааг хангаж ажиллах;

6.1.2.9. Хяналт шалгалтын үр дүн, аудитын зөвлөмж, Хорооны шийдвэр, үүрэг даалгаврын дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

6.1.2.10. Татварын болон аудитлагдсан санхүүгийн тайлан, түүний тодруулгууд, холбогдох судалгаа, мэдээллийг үнэн зөв гаргаж хууль, дүрэм, журамд заасан болон шаардсан хугацаанд ирүүлэх, тайлагнах;

6.1.2.11. Эрчим хүч хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

      6.1.3. Цахилгаан дамжуулах тусгай зөвшөөрлийн шаардлага:

6.1.3.1. Цахилгаан дамжуулах сүлжээний аюулгүй, найдвартай  ажиллагааг хангаж, осол, аваар, сааталгүй ажиллах;

6.1.3.2. Цахилгаан дамжуулах сүлжээний ашиглалт засвар үйлчилгээ, өргөтгөл шинэчлэлийг эрсдэлийн үнэлгээг үндэслэн эрэмбэлэн төлөвлөж холбогдох дүрэм, журам, заавар, норм нормативын дагуу чанартай, үр дүнтэй бүрэн хийж түүний хэвийн найдвартай ажиллагааг хангах гүйцэтгэх, үр ашиг, өгөөжийг тооцож тайлагнах;

6.1.3.3. Цахилгаан дамжуулах сүлжээний техникийн алдагдал болон дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний зарцуулалтыг тооцооны программ хангамж ашиглан улирал, жилээр тооцоолох, алдагдлыг бууруулах;

6.1.3.4. Цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын зурвасын хэвийн байдлыг хангахад тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай хамтран ажиллах;

6.1.3.5. Тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааны санхүүгийн тайлан бүртгэлийг бусад үйл ажиллагааны тайлан бүртгэлээс тусад нь бүртгэж, тайлагнах;

6.1.3.6. Батлагдсан тарифт тусгагдсан зардлыг үр ашигтай зарцуулж ажиллах

6.1.3.7. Санхүүгийн зохистой харьцааг хангаж ажиллах;

6.1.3.8. Хяналт шалгалтын үр дүн, аудитын зөвлөмж, Хорооны шийдвэр, үүрэг даалгаврын дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

6.1.3.9. Эрчим хүч хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

6.1.4. Дулаан дамжуулах тусгай зөвшөөрлийн шаардлага:

6.1.4.1. Дулаан дамжуулах сүлжээний аюулгүй, найдвартай  ажиллагааг хангаж, осол, аваар, сааталгүй ажиллах;

6.1.4.2. Худалдан авах дулааны эрчим хүчний горим, төлөвлөлтийг оновчтой төлөвлөж оны эхэнд баталсан төлөвлөгөөг мөрдөх, холбогдох дүрэмд заасан хэмжээнээс хэтрүүлэхгүй ажиллах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон хэрэглэгчдийг стандартын шаардлага хангасан дулаан дамжуулах;

6.1.4.3. Дулаан дамжуулах сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ, өргөтгөл шинэчлэлийг эрсдэлийн үнэлгээг үндэслэн эрэмбэлэн төлөвлөж холбогдох дүрэм, журам, заавар, норм нормативын дагуу чанартай, үр дүнтэй  хийж түүний хэвийн найдвартай ажиллагааг хангах, бүрэн хийж гүйцэтгэх, үр ашиг, өгөөжийг тооцож тайлагнах;

6.1.4.4. Дулаан дамжуулах үйл ажиллагааг техник технологийн шаардлагад нийцүүлэн тасралтгүй, үр ашигтай явуулах;

6.1.4.5. Дулаан дамжуулах сүлжээг төрийн өмчид шилжүүлэн авах арга хэмжээг зохион байгуулах, ашиглалт засвар үйлчилгээг хариуцан ажиллах;

6.1.4.6. Дулаан дамжуулах сүлжээнд шинээр холбогдсон барилга байгууламжуудын дулаан түгээх, хангах үйл ажиллагааг тухайн дамжуулах салаа шугамыг хариуцан ажиллаж буй дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх;

6.1.4.7. Дулаан дамжуулах шугамын хамгаалалтын зурвасын хэвийн байдлыг хангахад тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай хамтран ажиллах;

6.1.4.8. Тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааны санхүүгийн тайлан бүртгэлийг бусад үйл ажиллагааны тайлан бүртгэлээс тусад нь бүртгэж, тайлагнах;

6.1.4.9. Батлагдсан тарифт тусгагдсан зардлыг үр ашигтай зарцуулж ажиллах,

6.1.4.10. Санхүүгийн зохистой харьцааг хангаж ажиллах;

6.1.4.11. Худалдан авсан эрчим хүчний төлбөрийг бүрэн төвлөрүүлсэн байх;

6.1.4.12. Хяналт шалгалтын үр дүн, аудитын зөвлөмж, Хорооны шийдвэр, үүрэг даалгаврын дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

6.1.4.13. Эрчим хүч хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

6.1.5. Диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрлийн шаардлага:

6.1.5.1. Эрчим хүчний үйлдвэрлэл хангамжийг стандартын шаардлага болон хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн үр ашигтай диспетчерийн зохицуулалт хийж хэрэгжүүлсэн талаарх тайлан, дүгнэлтийг сар бүрийн 10-ны дотор ЭХЗХ-нд ирүүлэх;

6.1.5.2. Цахилгааны нэг худалдан авагчтай загвар, Спот зах зээл, Өрсөлдөөнт зах зээлийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, эдийн засгийн үр ашигтай горимыг бий болгоход хяналт тавьж ажиллах, холбогдох дүрэм журмыг боловсронгуй болгох талаар санал боловсруулж ЭХЗХ-оор батлуулж мөрдөж ажиллах;

6.1.5.3. Цахилгаан, дулааны үйлдвэрлэл, хэрэглээг тэнцвэржүүлж, хангамж, хэрэглээний дунд болон урт хугацааны төлөвлөлтийг хийх;

6.1.5.4. Нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд эрчим хүчний хангамж хэрэглээний  тасралтгүй найдвартай ажиллагааг хангах үүднээс цахилгаан, дулаан болон импорт, экспортын хэмжээг жилийн ±2 хувиас илүүгүй өөрчлөлттэйгөөр төлөвлөх;

6.1.5.5. Нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамжийн системийг хамарсан аваар, саатлыг бүрэн бүртгэж хяналт тавих, тэдгээрийн шалтгаан нөхцөлд "Нэгдсэн сүлжээний дүрэм"-ийн дагуу оновчтой дүн шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

6.1.5.6. Шинээр нэвтэрч буй техник технологийн шаардлагыг тусган Нэгдсэн сүлжээний дүрмийг олон улсын жишигт нийцсэн байдлаар шинэчлэн боловсруулж батлуулах, мөрдөж ажиллах;

6.1.5.7. Эрчим хүчний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.4 дэх заалтын дагуу Нэгдсэн сүлжээ, Төвлөрсөн дулаан хангамжийн нэгдмэл үйл ажиллагааг хангах горим тогтоож хянах, диспетчерийн зохицуулалтыг бүрэн хэрэгжүүлэх;

6.1.5.8. Нэгдсэн сүлжээний дүрмийн 7.1-д заасны дагуу цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний техникийн алдагдлын норм, нормчлолыг тогтоох саналыг боловсруулан Төрийн захиргааны төв байгууллагаар батлуулж, мөрдөж ажиллах;

6.1.5.9. Байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд цахилгаан, дулааны хангамжийг таслах, хязгаарлах, сэргээх төлөвлөгөөг авч хэрэгжүүлэх;

6.1.5.10. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 10.2 дахь заалтад нийцүүлэн одоо ажиллаж байгаа цахилгаан станцуудаас жил бүр нийлүүлэх цахилгаан эрчим хүчний хэмжээг тусгаж, Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах;

6.1.5.11. Хуримтлуурын байгууламжийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэх энерги болон батарей хуримтлуурын системийг цэнэглэх үеийн горим зохицуулалтыг Төвийн бүсийн энерги балансад тусгасан хэмжээтэй уялдуулан байнгын хяналт тавьж үр ашигтай горим ажиллагааг хангаж хэрэгжүүлэх;

6.1.5.12. Тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааны санхүүгийн тайлан бүртгэлийг бусад үйл ажиллагааны тайлан бүртгэлээс тусад нь бүртгэж, тайлагнах;

6.1.5.13. Батлагдсан тарифт тусгагдсан зардлыг үр ашигтай зарцуулж ажиллах;

6.1.5.14. Нэг худалдан авагчтай загварын авлага болон өглөгийг өсгөхгүй байх;

6.1.5.15. Хяналт шалгалтын үр дүн, аудитын зөвлөмж, Хорооны шийдвэр, үүрэг даалгаврын дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

6.1.6. Цахилгаан түгээх тусгай зөвшөөрлийн шаардлага:

6.1.6.1. Цахилгаан түгээх сүлжээний аюулгүй, найдвартай ажиллагааг хангах, осол, аваар, сааталгүй ажиллах;

6.1.6.2. Цахилгаан түгээх сүлжээний алдагдлыг дэд станц, шугам бүрээр, батлагдсан аргачлал болон тооцооны программ хангамжаар улирал, жилээр тооцоолох, техникийн болон арилжааны алдагдлыг бууруулах;

6.1.6.3. Цахилгаан түгээх  сүлжээний ашиглалт засвар үйлчилгээ, өргөтгөл шинэчлэлийн ажлыг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн эрэмбэлэн төлөвлөж холбогдох дүрэм, журам, заавар, норм нормативын дагуу чанартай, үр дүнтэй хийж гүйцэтгэх, үр ашиг, өгөөжийг тооцож тайлагнах;

6.1.6.4. Хэрэглэгчийн бага оврын тархмал эх үүсгүүрээс түгээх сүлжээнд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний хэмжээ, чадлын дээд хязгаарыг жил бүр тооцож, ЭХЗХ-нд тайлагнах;

6.1.6.5. Цахилгаан түгээх сүлжээний хамгаалалтын зурвасын хэвийн байдлыг хангах зорилгоор иргэд, хуулийн этгээдэд шаардлага, хяналт тавих;

6.1.6.6. Тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааны санхүүгийн тайлан бүртгэлийг бусад үйл ажиллагааны тайлан бүртгэлээс тусад нь бүртгэж, тайлагнах;

6.1.6.7. Батлагдсан тарифт тусгагдсан зардлыг үр ашигтай зарцуулж ажиллах;

6.1.6.8. Хяналт шалгалтын үр дүн, аудитын зөвлөмж, Хорооны шийдвэр, үүрэг даалгаврын дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

 6.1.6.9. Эрчим хүч хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

6.1.7. Дулаан түгээх тусгай зөвшөөрлийн шаардлага:

6.1.7.1. Дулаан түгээх сүлжээний аюулгүй, найдвартай  ажиллагааг хангаж, осол, аваар, сааталгүй ажиллах, гарсан аваар, саатал, тасралтыг холбогдох дүрэм, журмын хүрээнд Диспетчерийн үндэсний төвд шуурхай мэдээлэх;

6.1.7.2. Худалдан авах дулааны эрчим хүчний хэмжээг оновчтой төлөвлөж, жилийн ±2 хувиас хэтрүүлэхгүй байх, стандартын шаардлагад нийцсэн дулаан түгээх;

6.1.7.3. Дулаан түгээх сүлжээний засвар үйлчилгээ, өргөтгөл шинэчлэлийг эрсдэлийн үнэлгээг үндэслэн эрэмбэлэн төлөвлөж холбогдох дүрэм, журам, заавар, норм нормативын дагуу чанартай, үр дүнтэй бүрэн хийж гүйцэтгэх, үр ашиг, өгөөжийг тооцож тайлагнах;

6.1.7.4. Дулаан түгээх сүлжээний үйл ажиллагааг техник технологийн шаардлагад нийцүүлэн тасралтгүй, үр ашигтай явуулах;

6.1.7.5. Дулаан дамжуулах сүлжээг төрийн өмчид шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, ашиглалт засвар үйлчилгээг хариуцан ажиллах;

6.1.7.6. Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтад нийцээгүй барилга, байгууламжуудын дулаан түгээх үйл ажиллагааг тухайн ус, дулаан дамжуулах салаа шугамын хамгийн их ачаалалтай хэрэглэгчдийг хариуцан ажиллаж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх, түүнээс шилжүүлэн авах, холбогдох хууль дүрэмд заасан дулаан дамжуулах сүлжээг дангаар хариуцан ажиллах;

6.1.7.7. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хариуцан ажиллаж буй ус, дулаан дамжуулах, түгээх сүлжээнээс холбогдсон хэрэглэгч (барилга байгууламж)-ийн  дулаан түгээх сүлжээ, үйл ажиллагааг шилжүүлэн авахгүй байх;

6.1.7.8. Дулаан түгээх сүлжээний хамгаалалтын зурвасын хэвийн байдлыг хангах зорилгоор иргэд, хуулийн этгээдэд шаардлага, хяналт тавих;

6.1.7.9. Тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааны санхүүгийн тайлан бүртгэлийг бусад үйл ажиллагааны тайлан бүртгэлээс тусад нь бүртгэж, тайлагнах;

6.1.7.10. Батлагдсан тарифт тусгагдсан зардлыг үр ашигтай зарцуулж ажиллах;

6.1.7.11. Хяналт шалгалтын үр дүн, аудитын зөвлөмж, Хорооны шийдвэр, үүрэг даалгаврын дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

 6.1.7.12. Эрчим хүч хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

     6.1.8. Цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн шаардлага:

6.1.8.1. Цахилгаан эрчим хүчний хэрэглээний захиалгыг оны эхэнд баталсан төлөвлөгөөнөөс ±2 хувиас хэтрүүлэхгүй байх;

6.1.8.2. Хэрэглэгчийг стандартын шаардлага хангасан цахилгаан эрчим хүчээр хангаж, цахилгаан тасалдлын индексийг өмнөх оноос бууруулах;

6.1.8.3. Хэрэглэгчдэд борлуулсан цахилгааны төлбөрийг бүрэн төвлөрүүлэх, цахилгаан худалдах, худалдан авах гэрээний   дагуу худалдан авсан цахилгааны төлбөрийг бүрэн төлөх;

6.1.8.4. Хэрэглэгчдэд цахилгаан худалдахад урьдчилсан төлбөрт болон ухаалаг тоолуурын системийг жил бүр нэвтрүүлэх төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх;

6.1.8.5. Хэрэглэгчийн хууль ёсны эрх ашгийг хангаж ажиллах, хэрэглэгчийн санал, гомдлыг хүлээн aвах, бүрэн шийдвэрлэх;

6.1.8.6. Тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааны санхүүгийн тайлан бүртгэлийг бусад үйл ажиллагааны тайлан бүртгэлээс тусад нь бүртгэж, тайлагнах;

6.1.8.7. Татварын болон аудитлагдсан санхүүгийн тайлан, түүний тодруулгууд, холбогдох судалгаа, мэдээллийг үнэн зөв гаргаж хууль, дүрэм, журамд заасан болон шаардсан хугацаанд ирүүлэх, тайлагнах;

6.1.8.8. Санхүүгийн зохистой харьцааг хангаж цахилгаан эрчим хүчний өр, төлбөрийг өсгөхгүй байх;

6.1.8.9. Хяналт шалгалтын үр дүн, аудитын зөвлөмж, Хорооны шийдвэр, үүрэг даалгаврын дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

    6.1.9. Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн шаардлага:

6.1.9.1. Дулаан түгээх сүлжээний гидравлик тооцоог боловсруулж хангагчтай зөвшилцөх, стандартын шаардлагад нийцсэн дулаанаар хангах;

6.1.9.2. Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтад нийцээгүй барилга, байгууламжуудын дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагааг тухайн ус, дулаан дамжуулах салаа шугамын хамгийн их ачаалалтай хэрэглэгчдийг хариуцан ажиллаж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх, түүнээс шилжүүлэн авах;

6.1.9.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хариуцан ажиллаж буй ус, дулаан дамжуулах, түгээх сүлжээнээс холбогдсон хэрэглэгч (барилга байгууламж)-ийн  дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагааг шилжүүлэн авахгүй байх, маргаан үүсгэхгүй ажиллах;

6.1.9.4. Хэрэглэгчийн хууль ёсны эрх ашгийг хангаж ажиллах, хэрэглэгчийн санал, гомдлыг хүлээн aвах, бүрэн шийдвэрлэх;

6.1.9.5. Тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааны санхүүгийн тайлан бүртгэлийг бусад үйл ажиллагааны тайлан бүртгэлээс тусад нь бүртгэж, тайлагнах;

6.1.9.6. Хэрэглэгчдэд борлуулсан дулааны төлбөрийг бүрэн төвлөрүүлэх, дулаан худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авсан эрчим хүчний төлбөрийг бүрэн төлөх, "Дулааны нэг худалдан авагч"-тай загварыг мөрдөж ажиллах;

6.1.9.7. Татварын болон аудитлагдсан санхүүгийн тайлан, түүний тодруулгууд, холбогдох судалгаа, мэдээллийг үнэн зөв гаргаж хууль, дүрэм, журамд заасан болон шаардсан хугацаанд ирүүлэх, тайлагнах;

6.1.9.8. Санхүүгийн зохистой харьцааг хангаж дулааны эрчим хүчний өр, төлбөрийг өсгөхгүй байх;

6.1.9.9. Хяналт шалгалтын үр дүн, аудитын зөвлөмж, Хорооны шийдвэр, үүрэг даалгаврын дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

     6.1.10. Эрчим хүчээр зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрлийн шаардлага

6.1.10.1. ЭХЗХ-оос тогтоосон Эрчим хүчээр зохицуулалтгүй хангагдах хэрэглэгчийн хүрээнд үйл ажиллагаа эрхлэх;

6.1.10.2. Хэрэглэгчид худалдах эрчим хүчний гэрээний үнийг тодорхойлж тус гэрээг ЭХЗХ-нд бүртгүүлэх;

6.1.10.3. Тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд ЭХЗХ-ноос тогтоосон хэрэглэгчдийг эрчим хүчээр найдвартай хангахад хүрэлцэх хэмжээний чадал, эрчим хүч авах талаар үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй тохиролцох;

6.1.10.4. Худалдан авсан эрчим хүчний төлбөрийг иргэн, хуулийн этгээдээр дамжуулахгүйгээр үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид шууд төлөх;

6.1.10.5. Хэрэглэгчийн хууль ёсны эрх ашгийг хангаж ажиллах, хэрэглэгчийн санал, гомдлыг хүлээн aвах, бүрэн шийдвэрлэх;

6.1.10.6. Хяналт шалгалтын үр дүн, аудитын зөвлөмж, Хорооны шийдвэр, үүрэг даалгаврын дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

6.1.10.7.  Эрчим хүч хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

6.1.11.   Цахилгаан импортлох, экспортлох тусгай зөвшөөрлийн шаардлага

6.1.11.1. Цахилгаан импортлох, экспортлох зориулалттай  шугам сүлжээний аюулгүй ажиллагааг хангах, осол, аваар, сааталгүй ажиллах;

6.1.11.2. Цахилгаан импортлох, экспортлох шугам сүлжээний техникийн алдагдлыг дэд станц, шугам бүрээр батлагдсан аргачлал, тооцооны  программ хангамж ашиглан улирал, жилээр тооцоолох, алдагдлыг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээг тогтмол авах, алдагдлыг бууруулах тооцоо, судалгаа төлөвлөгөөтэй ажилласнаар импортын алдагдлыг бууруулах;

6.1.11.3. Импорт, экспортын цахилгаан эрчим хүчний төлөвлөлтөд харьцуулан дүн, шинжилгээ хийж, дүгнэлт гарган ажиллах;

6.1.11.4. Цахилгаан импортлох, экспортлох, шугам сүлжээг өргөтгөх хэтийн хөгжлийн төлөвлөгөөтэй байх, шаардлагатай мэдээллээр хангах;

6.1.11.5. Цахилгаан импортлох, экспортлох шугамын хамгаалалтын зурвасын баталгаажуулалт хийлгэж, түүний хэвийн байдлыг хангуулах чиглэлээр тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагатай хамтран хангах нягт хамтарч ажиллах;

6.1.11.6. Импортолсон, экспортлосон цахилгаан эрчим хүчний төлбөрийг гэрээний дагуу сар бүр бүрэн төлөх;

6.1.11.7. Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ЭХЗХ, Диспетчерийн үндэсний төвөөс цахилгаан импортлох нөхцөл, болзлын талаар  Эрх бүхий байгууллагаас өгсөн удирдамж чиглэлийн дагуу цахилгаан импортлох, экспортлох гэрээ байгуулах, түүний хуулбар болон гэрээнд орсон өөрчлөлтийг тухай бүр ирүүлэх;

6.1.11.8. Татварын болон аудитлагдсан санхүүгийн тайлан, түүний тодруулгууд, холбогдох судалгаа, мэдээллийг үнэн зөв гаргаж хууль, дүрэм, журамд заасан болон шаардсан хугацаанд ирүүлэх, тайлагнах;

6.1.11.9. Хяналт шалгалтын үр дүн, аудитын зөвлөмж, Хорооны шийдвэр, үүрэг даалгаврын дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

        6.1.12. Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн шаардлага:

6.1.12.1. Эрх бүхий байгууллагатай цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх;

6.1.12.2. Тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 24 сарын дотор  барилга байгууламжийг заасан хугацаанд барьж, ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх талаар хөрөнгө оруулагч талуудтай гэрээ эцэслэн байгуулсан байх;

6.1.12.3. "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм" болон холбогдох бусад дүрэм, журмын дагуу барилга байгууламжийн зураг төслийг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлж, баталгаажуулах, магадлал хийлгэсэн байх; (Уламжлалт болон Усан цахилгаан станцийн хувьд)

6.1.12.4. "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм"-ийн дагуу барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэсэн хувийг ирүүлэх;

6.1.12.5. Эрчим хүчний Төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлүүдтэй байх;

6.1.12.6. Барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах нөхцөл биелэгдсэнээс хойш холбогдох хууль журмын хүрээнд 12 сарын дотор эхлүүлсэн байх;

6.1.12.7. Эрчим хүчний барилга байгууламжийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд барьж байгуулан, ашиглалтад оруулах;

6.1.12.8. Хяналт шалгалтын үр дүн, аудитын зөвлөмж, Хорооны шийдвэр, үүрэг даалгаврын дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

6.1.12.9. Цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авахаас өмнө сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг барих хөрөнгө оруулалтын явцын тайлан, бодит гүйцэтгэл болон "Хамтарсан кредит олгох механизм", "Цэвэр хөгжлийн механизм" зэрэг олон улсын хөнгөлөлтүүдийн орлоготой уялдуулан нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифын саналыг барилга угсралтын ажил дууссаны дараа ирүүлэх;

6.1.12.10. Татварын болон аудитлагдсан санхүүгийн тайлан, түүний тодруулгууд, холбогдох судалгаа, мэдээллийг үнэн зөв гаргаж хууль, дүрэм, журамд заасан болон шаардсан хугацаанд ирүүлэх, тайлагнах;

 6.2. Эрчим хүчний тухай хуулийн 12.1.1-12.1.10 дахь заалтад заасан тусгай зөвшөөрлийн энэ дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан шаардлагад хяналт тавих, хэрэглэгчийн эрх ашгийг хангах, үйл ажиллагааг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх зорилгоор тухай жилийн шаардлага, түүний харгалзах оноог тогтооно.

6.3. Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн 1 дүгээр сарын 10-ны дотор, бусад төрлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд дараа жилийн 2 дугаар сарын 20-ны дотор тусгай зөвшөөрлийн шаардлагын биелэлтийг цахим системээр тайлагнах бөгөөд мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцна.

6.4. Тусгай зөвшөөрлийн тухайн жилийн шаардлагын биелэлтийг энэ дүрмийн 6.3-д заасан хугацаанд тайлагнаагүй тохиолдолд "Хангалтгүй" үнэлгээгээр дүгнэнэ.

6.5. Энэ дүрмийн 6.2-т заасан тусгай зөвшөөрлийн шаардлагуудын биелэлтийг нийт дүнг дараах үнэлгээгээр дүгнэх бөгөөд үйл ажиллагааны үндсэн хүчин зүйлийн бодит өөрчлөлтийг харгалзан үзнэ.

Биелэлтийн оноо (%)

Үнэлгээ

90-ээс 100 хүртэл

Хангалттай сайн

75-аас 90 хүртэл

Сайн

60-аас 75 хүртэл

Дунд

60 хүртэл

Хангалтгүй

 6.6. ЭХЗХ нь технологийн болон үйл ажиллагааны онцлог, үйлчлэх хүрээ зэргээс хамааруулан тусгай зөвшөөрлүүдийн шаардлагыг нэгтгэн тогтоож энэ дүрмийн хавсралтад заасан аргачлалын дагуу дүгнэж болно.

6.7. Өөрийн хэрэгцээг хангах зориулалттай цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах үед тогтоосон тусгай зөвшөөрлийн шаардлагуудын арифметик дунджаар биелэлтийг тооцож энэ дүрмийн 6.5-д заасан үнэлгээгээр дүгнэнэ.

6.8. Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн шаардлагыг арифметик дунджаар дүгнэх бөгөөд биелэлтийн хугацаа нь хүрээгүй шаардлагуудыг хасаж тооцно.

 6.9. Шаардлагын тухайн оны биелэлтийг энэ дүрмийн хавсралтад заасан аргачлалын дагуу ЭХЗХ-ны хурлаар хэлэлцэн дүгнэж, дараа жилд мөрдөх шаардлагын хамт тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ.

6.10. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тухайн жилд мөрдөх шаардлагыг тусгай зөвшөөрлийн цахим системд оруулна.

 6.11. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа нөхцөл, шаардлагын биелэлтийг дараахь байдлаар авч үзнэ

6.11.1. эрчим хүчний тухай хуулийн 12.1.1-12.1.10 дахь заалтад заасан тусгай зөвшөөрлийн хувьд хүчинтэй хугацааны шаардлагын жил бүрийн дүнгийн дунджаар тооцно.

6.11.2. эрчим хүчний тухай хуулийн 12.1.11 дэх заалтад заасан тусгай зөвшөөрлийн хувьд шаардлагын нийт заалтуудын биелэлтийн дундаж дүнгээр тооцно

Долоо. Гэрчилгээ олгох

 7.1. Зөвшөөрлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 1-д заасан тусгай зөвшөөрлийн гэрчилгээг энэ дүрмийн 3.8-д заасан гэрээний биелэлтийг үндэслэн олгоно.

 7.2. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн авахад дараах нотлох баримтыг бүрдүүлэн ЭХЗХ-нд ирүүлнэ.

7.2.1. Хүсэлт гаргасан албан бичиг;

7.2.2. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг гээсэн, үрэгдүүлсэн, хүчингүй болох талаар өдөр тутмын сонин, хэвлэлд зарлуулсан зар мэдээллийн баримт;

7.2.3. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм (нотариатаар гэрчлүүлсэн хувь) ;

7.2.4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа;

7.3. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн, ашиглах боломжгүй шалтгаанаар нөхөн олгуулах хүсэлт гаргасан бол нотлох баримтыг үндэслэн гэрчилгээг ажлын 5 хоногийн дотор нөхөн олгож тэмдэглэл хийсэн байна.

Найм. Тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах

 8.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Эрчим хүчний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалтад заасан нөхцөл үүссэн  тохиолдолд тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамт  ЭХЗХ-нд ирүүлнэ.

 8.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс энэ дүрмийн 8.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ЭХЗХ нь хуулийн хугацаанд шийдвэрлэнэ.

 8.3. Тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтийн төрлөөс хамааруулан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна.

          8.3.1. Тусгай зөвшөөрлийн хүчин чадал нэмэх/хасахад:

8.3.1.1.Хүсэлт гаргасан албан бичиг, тайлбар, тэдгээртэй холбоотой бусад нотлох баримтууд;

8.3.1.2.Эрчим хүч үйлдвэрлэх, түгээх барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт;

8.3.1.3.Шинээр ашиглалтад орсон барилга байгууламжийн өртгийг бүртгэсэн балансын баримт бичиг;

8.3.1.4.Өөрчлөлт оруулсны дараах техник, эдийн засгийн тооцоолол;

8.3.1.5.Үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах барилга байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн үзүүлэлт, техникийн нөхцөл, байршил, эзэмшлийн заагийн схем зураг, танилцуулга мэдээлэл;

8.3.1.6.Холбогдох бусад баримт бичиг;

8.3.2.    Тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахад:

8.3.2.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс хүсэлт гаргасан албан бичиг, үйлчлэх хүрээндээ нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, тайлбар, тэдгээртэй холбоотой бусад нотлох баримтууд;

8.3.2.2.Нэмэгдэх, өөрчлөгдөх барилга байгууламж, дамжуулах, түгээх шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн үзүүлэлт, техник, эдийн засгийн тооцоолол, техникийн нөхцөл, байршил, эзэмшлийн заагийн схем зураг, танилцуулга мэдээлэл;

8.3.2.3.Тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт;

8.3.2.4. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь заалтын дагуу нэмэгдэх, өөрчлөгдөх барилга байгууламжийн эрчим хүчний дэд станц, шугам тоног төхөөрөмжийг ашиглагч, өмчлөгч иргэн, хуулийн этгээдээс тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлсэн тухай хүсэлт, гэрээ, хүлээлгэн өгсөн акт, (нотариатаар гэрчлүүлсэн хувь) ;

8.3.2.5.Тус барилга байгууламж нэмэгдэж өөрчлөгдсөнөөр техник, эдийн засгийн хувьд орох өөрчлөлтийн тооцоолол;

8.3.2.6.Худалдан авсан эрчим хүчний хуримтлагдсан өр төлбөргүй болохыг нотлох баримт;

8.3.2.7.Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалт хангагдаж байгааг нотлох баримт;

8.3.2.8.Холбогдох бусад баримт, бичиг;

 8.4. Цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээг цахилгаан дамжуулах сүлжээнээс холбогдсон дэд станц, гаргалгааны дугаараар, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээг дулаан дамжуулах сүлжээнд холбогдсон салаа шугам (УДДТ)-ын худгийн дугаараар тус тус зааж өгнө.

 8.5. Эрчим хүч түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд хамаарах барилга байгууламж, хэрэглэгчийн мэдээллийг ЭХЗХ-ны тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан нэгж тусгай зөвшөөрөл эзэмшигч тус бүрээр бүртгэлийг хөтөлнө. Түүнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа энэ дүрмийн 8.3.2 заасан баримт бичгийн бүрдлийг хянаж баталгаажуулна. 

8.6. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үйлчлэх хүрээндээ нэмэлт, өөрчлөлт оруулахаар ирүүлсэн хүсэлтийг хянах явцад эрчим хүчний хуримтлагдсан өр төлбөртэй, хэрэглэгчийн гомдол маргааныг цаг тухайд нь бүрэн шийдвэрлэдэггүй зэрэг тусгай зөвшөөрлийн шаардлага хангагдаагүй бол хүсэлтийг буцаана.

8.7. Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтад нийцсэн барилга байгууламжийг дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйлчлэх хүрээнд нэмж тусгана. Харин бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хариуцан ажиллаж байгаа дулааны сүлжээнээс холбогдсон, Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтад нийцээгүй, эдийн засгийн үр ашиггүй тохиолдолд тухайн барилга байгууламжийг дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйлчлэх хүрээнд нэмэхгүй.

8.8. Эрчим хүчний түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйлчлэх хүрээнд хамаарах хэрэглэгчдээс тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчиж нийтийн эрх ашгийг хохироосон талаар гомдол гаргаж хангагчийг солиулах талаар ирүүлсэн хүсэлт нь үндэслэлтэй, холбогдох баримтуудаар нотлогдсон, техникийн хувьд боломжтой тохиолдолд тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнээс тухайн хэрэглэгчийг хасах буюу өөрчлөлт оруулж болно.

8.9.   Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хаяг, дансны дугаар, байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулбал энэ тухайгаа өөрчлөлт оруулснаас хойш ажлын 5 хоногийн дотор ЭХЗХ-нд мэдэгдэнэ.

Ес. Бусад зүйл

 9.1. ЭХЗХ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талаарх мэдээллийг шинэчлэх, баяжуулах, холбогдох өөрчлөлтийг хийх, мэдээллийн сангийн тасралтгүй ажиллагаа, хадгалалт, хамгаалалтыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж ажиллана.

 9.2. Энэхүү дүрмийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хууль, ЭХЗХ-ны хөдөлмөрийн дотоод журам болон бусад хууль тогтоомжийн хүрээнд хариуцлага ногдуулна.

 

-----оОо-----