A

A

A

  • Нүүр
  • Дүгнэлт
  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

1

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр

Дугаар 01

Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 11.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Туулхүү, Г.Баясгалан /илтгэгч/, Д.Гангабаатар, Э.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн С.Номынбаясгалан оролцлоо. Харин Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хүрэлцэн ирээгүй бөгөөд хүндэтгэн үзэх ямар нэгэн шалтгаан заасан саналаа ирүүлээгүй болно.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд нэмсэн 29.3.3 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "… Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно." гэсэн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Монгол Улсын иргэн А.Гэрэлцогт, С.Номынбаясгалан, З.Тамир нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж:

"Монгол Улсын Их Хурал 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд "29.3.3.сүүлийн 6 хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй." гэсэн заалт нэмсэн нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх зарчмыг, нэн ялангуяа Үндсэн хуулийг дээдлэх зарчимд үл нийцсэн, мөн Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон Үндсэн хуулийн тусгайлсан зохицуулалтыг зөрчсөн байна.

Иймд Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд "29.3.3.сүүлийн 6 хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "... Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно." гэснийг тус тус зөрчсөн байх тул хянан хэлэлцэж, хүчингүй болгож өгнө үү." гэсэн агуулга бүхий мэдээлэл ирүүлж, холбогдох нэмэлт тайлбарыг гаргасан байна.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"... Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад "төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого ... улсын төсөв ... батлах; ... Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно;" гэж тодорхойлсон. Ийнхүү Улсын Их Хурлын хууль батлах онцгой бүрэн эрхийг тодорхойлон зааж өгсөн тул Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэснийг хэрэгжүүлж ажилласан билээ.

Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад хуулийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Энэхүү төслийн хамт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд "сүүлийн 6 хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй." гэсэн 29.3.3 дахь заалт нэмэхээр өргөн мэдүүлснийг хуульд заасан үндэслэлээр Төсвийн байнгын хороо, Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэн баталсан юм.

Энэхүү зөвлөл нь долоон гишүүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулах бөгөөд зөвлөлийн гишүүд нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр нарийн мэргэшсэн, өндөр шаардлага бүхий сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилогдох төрийн албан хаагчид юм. Уг албан тушаалд томилогдох иргэн нь улс төрөөс хараат бус байх, ашиг сонирхлоос ангид байх шаардлагыг хуульд тусгасан. Энэ агуулгаар зөвлөлийн гишүүнээр ажиллахаас өмнө зургаан жилд улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаагүй байх шаардлагыг тавьж, улмаар чөлөөлөгдсөнөөс хойш зургаан жилийн хугацаанд эргээд төсөв батлах чиг үүрэгтэй Улсын Их Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ажиллахгүй байх нь ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх нөхцөл болох юм.

Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.3 дахь заалтад "сүүлийн 6 хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "... Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно." гэснийг тус тус зөрчөөгүй гэж үзэж байна." гэжээ.

Гурав. Хуралдаанд бэлтгэх явцад Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр баталсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль /хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль/-ийн төслийн танилцуулга, үзэл баримтлал, хуулийн төслийг хэлэлцсэн холбогдох Байнгын хорооны болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэлийг Улсын Их Хурлын Тамгын газраас гаргуулан авч, судлан үзсэн болно.

ҮНДЭСЛЭЛ:

1.Монгол Улсын Үндсэн хуульд баталгаажуулсан хууль дээдлэх зарчмын гол агуулга нь нийт байгууллага, иргэний аливаа үйл ажиллагаа Үндсэн хуульд бүрнээ нийцсэн байхын зэрэгцээ хуулийн хүрээнд явагдах агуулгыг илэрхийлнэ. Хууль дээдлэх зарчмын суурь болох Үндсэн хуулийг дээдлэх үзэл баримтлал нь дэлхий нийтийн түгээмэл, эрхэм дээд үзэл санаа болон хүлээн зөвшөөрөгдсөн байна.

2.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "... Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно." гэж заасан нь сонгогч иргэний төрийн үйл хэрэгт сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан оролцох эрхийг баталгаажуулж, сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчийн гарааны тэгш байдлыг хангах, сонгуулийн хуулийг тогтвортой мөрдөхөд чиглэсэн байх бөгөөд ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн хугацаанд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг зөвшөөрөөгүй байна.

3.Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт "Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна." гэж, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт "Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно." гэж тус тус хуульчилсан байна.

Түүнчлэн Улсын Их Хурлаас "Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай" 2023 оны 116 дугаар тогтоол гарган, ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байхаар тогтоожээ.

Дээрхээс үзэхэд хууль тогтоогч 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр буюу сонгууль явагдахын өмнөх нэг жилийн дотор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчиж, хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ:

1.Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд "сүүлийн 6 хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй." гэсэн 29.3.3 дахь заалт нэмсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "... Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно." гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.3 дахь заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

3.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Ж.ЭРДЭНЭБУЛГАН
ГИШҮҮД

Г.ТУУЛХҮҮ

Г.БАЯСГАЛАН

Д.ГАНГАБААТАР

Э.ЭНХТУЯА