- Нүүр
- Сайдын тушаал
- ТӨРӨЛЖСӨН АСРАМЖИЙН ГАЗАРТ АХМАД НАСТАН, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙГ ХҮЛЭЭН АВАХ, ШИЛЖҮҮЛЭХ, ГАРГАХ ЖУРАМ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/188 дугаар тушаалын хавсралт
ТӨРӨЛЖСӨН АСРАМЖИЙН ГАЗАРТ АХМАД НАСТАН, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙГ ХҮЛЭЭН АВАХ, ШИЛЖҮҮЛЭХ, ГАРГАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1, 19.2.2-т заасан шалгуур, нөхцөлийг хангасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн /цаашид "үйлчлүүлэгч" гэх/-ийг төрөлжсөн асрамжийн газар /цаашид "асрамжийн газар" гэх/-т хүлээн авах, шилжүүлэх, гаргах үйл явцыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
Хоёр. Асрамжийн газарт үйлчлүүлэгчийг хүлээн авах
2.1.Асрамжийн газарт үйлчлүүлэгчийг хүлээн авахад Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасан шийдвэрийг үндэслэнэ.
2.2.Асрамжийн газарт очих хүсэлт гаргасан үйлчлүүлэгч дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
2.2.1.өргөдөл;
2.2.2.иргэний үнэмлэх;
2.2.3.амбулаториор эмчлүүлэгсдийн карт /архаг болон халдварт өвчингүй гэдгийг баталсан лабораторийн шинжилгээнүүд, дүгнэлтийн хамт/;
2.2.4.аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн хуудас /арьс өнгө, сүрьеэ, сэтгэл мэдрэл, архинд донтох өвчингүй байх/;
2.2.5.төрөл садны тухай болон гэрлэлтийн Улсын бүртгэлийн нэгдсэн архивын лавлагаа, өөрөөр овоглосон үр хүүхэдгүй тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын тодорхойлолт;
2.2.6.аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын нөхцөл байдлын үнэлгээ, Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр;
2.2.7.тэтгэвэр авч байгаа арилжааны банкны тодорхойлолт;
2.2.8.аймаг, дүүргийн Засаг даргын захирамж;
2.2.9.аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын албан тоот.
2.3.Төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан авах боломжтой мэдээллийг иргэнээс давхардуулан шаардахгүй.
2.4.Үйлчлүүлэгч байнгын асаргаатай, бие даах чадваргүй, харгалзан дэмжих хүнгүй тохиолдолд түүний харьяа аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага холбогдох ажилтныг томилон баримт бичгийг бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ.
2.5.Үйлчлүүлэгчийг түүний харьяа аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын ажилтан асрамжийн газарт хүргэж өгөх ба хүргэх, буцаж ирэхэд шаардагдах шатахууны зардлыг нийгмийн халамжийн сангаас гаргана.
2.6.Үйлчлүүлэгч халдварт өвчтэй тохиолдолд өвчнөө эмчлүүлэн эдгэрүүлж эмчийн хяналтаас бүрэн гарсны дараа төрөлжсөн мэргэшлийн эмчийн зөвшөөрлөөр энэхүү журмын 2.5-д заасны дагуу асрамжийн газарт хүргүүлнэ.
2.7.Үйлчлүүлэгчийг асрамжийн газрын нийгмийн ажилтан, хүлээн авч баримт бичгийн бүрдлийг хянаж, 3 талт гэрээ /асрамжийн газрын нийгмийн ажилтан, үйлчлүүлэгч, хүлээлгэн өгсөн харьяа аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын ажилтан/ байгуулах ба гэрээнд талуудын эрх, үүргийг тусгана.
2.8.Үйлчлүүлэгчийг хүлээн авахдаа асрамжийн газрын дотоод дүрэм, журам, үзүүлэх үйлчилгээний талаар танилцуулж тэмдэглэл хөтөлнө.
2.9.Асрамжийн газар нь үйлчлүүлэгчийн үнэт эдлэлийг түүний хүсэлтээр хүлээн авч бүртгэн хадгалж болох бөгөөд хадгалсан зүйлсийн жагсаалтыг 2 хувь үйлдэн 1 хувийг өөрт нь өгнө.
Гурав. Үйлчлүүлэгчийн хувийн хэрэг хөтлөх
3.1.Асрамжийн газрын нийгмийн ажилтан дараах баримт бичиг бүхий үйлчлүүлэгчийн хувийн хэргийг бүрдүүлж, тогтмол хөтлөж шинэчилнэ:
3.1.1.үйлчлүүлэгчийн үндсэн мэдээлэл;
3.1.2.эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамрагдсан
тухай холбогдох нийгмийн ажилтны үнэлгээ;
3.1.3. тухайн үйлчлүүлэгчтэй хамтран хийсэн нөхцөл байдлын үнэлгээ;
3.1.4.үйлчлүүлэгчид хөгжлийн үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөө;
3.1.5.хэвтрийн болон байнгын асаргаа шаардлагатай үйлчлүүлэгчийн
асаргаа, сувилгааны төлөвлөгөө;
3.1.6.үйлчлүүлэгчтэй ажилласны дараах өөрчлөлтийн тэмдэглэл;
3.1.7.үйлчлүүлэгчтэй байгуулсан 3 талт гэрээ;
3.1.8.энэхүү журмын 2.2.3-2.2.8-д заасан баримт бичиг.
3.2.Асрамжийн газарт үйлчлүүлэгчийг хүлээн авахад хийгдэх нөхцөл байдлын үнэлгээнд дараах асуудлууд тусгагдсан байх ба үйлчлүүлэгч тус бүрийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн хөгжлийн төлөвлөгөөг нийгмийн ажилтан боловсруулж үндсэн мэдээлэл болгон ашиглана:
3.2.1.асрамжийн газарт ирсний дараах тухайн үйлчлүүлэгчийн хэрэгцээ;
3.2.2.амьдралын хэв маяг, өдөр тутмын амьдралын зуршил;
3.2.3.нийгэм хамт олны дунд биеэ авч явах дадал, зан харилцаа;
3.2.4.үйлчлүүлэгчид тулгарч байгаа асуудал болон хүндрэл, бэрхшээл;
3.2.5.эрүүл мэндийн байдал, эмчилгээ, байнгын асаргаа сувилгаа
шаардлагатай эсэх;
3.2.6.халамжийн үйлчилгээнд хамрагдалтын байдал;
3.2.7.хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийг хянах хуудас;
3.2.8.тулгуур эрхтэн болон мэдрэх эрхтний үйл ажиллагаа хэвийн эсэхийг тодорхойлсон байдал;
3.2.9.бусад нэмэлт хэрэгцээ.
3.3.Үйлчлүүлэгчийн хувийн хэргийг асрамжийн газрын нийгмийн ажилтны өрөөнд байрлуулсан хамгаалалт бүхий сейфэнд хадгалах бөгөөд үйлчлүүлэгч болон нийгмийн ажилтнаас бусад хүн зөвшөөрөлгүйгээр авч үзэх боломжгүй байх нөхцөлийг хангаж ажиллана.
3.4.Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан мэдээллийг мөн хуулийн 12.1-д заасны дагуу зөвшөөрөлгүйгээр цуглуулж, боловсруулж, ашиглахыг хориглоно.
Дөрөв. Үйлчлүүлэгчийг шилжүүлэх
4.1.Үйлчлүүлэгчийг насны байдал, тусгай хэрэгцээ, нөхцөл, асруулах хэлбэр, чиглэлээр нь бусад асрамжийн газруудад төрөлжүүлэн шилжүүлж болно.
4.2.Үйлчлүүлэгч өөрийн хүсэлтээр нэг төрлийн, ижил үйлчилгээтэй орон нутгийн асрамжийн газарт шилжиж болно.
4.3.Үйлчлүүлэгчийг шилжүүлэхдээ хувийн хэрэг, холбогдох баримт бичгийг хөгжлийн үйлчилгээний төлөвлөгөөний хамт шилжүүлнэ.
4.4.Хувийн хэрэг, баримт бичгийн эх хувийг шилжин очиж байгаа асрамжийн газарт хүргүүлж, хуулбарыг шилжүүлж байгаа асрамжийн газар Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн дагуу хадгална.
Тав. Үйлчлүүлэгчийг асрамжийн газраас гаргах
5.1.Үйлчлүүлэгч бие даан амьдрах зорилгоор өөрийн хүсэлтээр асрамжийн газраас гарч болох ба энэ тохиолдолд ба түүнтэй анх байгуулсан 3 талт гэрээг цуцална.
5.2.Үйлчлүүлэгчийг доор дурдсан нөхцөлд асрамжийн газраас гаргана:
5.2.1.биеийн байдал нь сайжирч хөдөлмөрлөх чадвартай болсныг нотолсон Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэр;
5.2.2.үйлчлүүлэгчийн тэжээн тэтгэх хүүхэд, төрөл, садан нь тогтоогдож, улмаар тэжээн тэтгэхийг хүссэн, эсвэл хууль ёсоор тэдгээрт өгч асруулах үндэслэл бүрдсэн;
5.2.3.үйлчлүүлэгчийг иргэн, аж ахуйн нэгж байгууллага авч асран хамгаалахыг хүссэн;
5.2.4.үйлчлүүлэгчийн хүүхэд нь насанд хүрч ажил хөдөлмөр эрхэлдэг болсон;
5.2.5.богино хугацаагаар үйлчилгээ авсан гэрээний хугацаа дууссан;
5.2.6.асрамжийн газарт ирээд үйлчлүүлэгч тодорхой хөтөлбөрүүдэд
хамрагдан чадавхжсан, цаашид бие даан амьдарч чадна гэдгээ илэрхийлсэн;
5.2.7.бусад.
5.3.Асрамжийн газраас гарч байгаа үйлчлүүлэгчид холбогдох баримт бичиг, түүний хэрэглэж байсан хувцас, хэрэглэлийг нь өгч аймаг, нийслэл, сумын төв хүртэлх нийтийн тээврийн эсхүл шатахууны зардлыг олгоно.
5.4.Шаардлагатай бол асрамжийн газарт асруулж байсан тухай тодорхойлолтыг үйлчлүүлэгчид гаргаж өгч болно.
Зургаа. Бусад
6.1.Үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдэх, ёс суртахууны доголдол гаргах, бусдын эрх чөлөөнд халдах, архидан согтуурах, мансуурах, зөвшөөрөлгүй гарах, зөвшөөрлийн хугацааг хэтрүүлэх зэрэг асрамжийн газрын дотоод журмыг зөрчвөл хүмүүжлийн болон захиргааны дараах арга хэмжээг авна:
6.1.1.дутагдал, зөрчлийг үйлчлүүлэгчид хэлж анхааруулах;
6.1.2.захиргааны болон "Үйлчлүүлэгчдийн зөвлөл"-ийн хурлаар хэлэлцэж сануулах;
6.1.3.үйлчлүүлэгчтэй байгуулсан 3 талт гэрээг цуцлах.
6.2.Үйлчлүүлэгч хуурамч баримт бичиг бүрдүүлэн асрамжийн газарт ирсэн нь тогтоогдвол уг үйлчлүүлэгчийг илгээсэн аймаг, сум, хорооны Засаг даргын Тамгын газарт буцаан хүлээлгэн өгнө.
6.3.Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдах иргэний тодорхойлолтыг үндэслэлгүй болон хуурамчаар үйлдсэн, эрүүл мэндийн үзлэг шинжилгээний дүгнэлтийг буруу гаргасан эмч, нийгмийн ажилтан, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
------ООО-----
Текст томруулах
A
A
A