A

A

A

Бүлэг: 1979

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/202 дугаар тушаалын хавсралт

 

ИТГЭЛЦҮҮР ХЭРЭГЛЭХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

 1.1.Даатгуулагчийн шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын үнэ цэнийг тодорхойлох итгэлцүүрийг хэрэглэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

 

Хоёр. Итгэлцүүр хэрэглэх

 

2.1.Дараах тохиолдолд итгэлцүүрийг хэрэглэнэ. Үүнд:

 

2.1.1.Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 21 дүгээр зүйлийн 21.26-д заасан үндэслэлээр;

 

2.1.2.Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан үндэслэлээр;

 

2.1.3.Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 28 дугаар зүйлийн 28.2.1-д заасан үндэслэлээр;

 

2.1.4.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 20 дугаар зүйлийн 20.3-т заасан үндэслэлээр.

 

2.2.Энэ журмын 2.1.1-д зааснаар цэргийн алба хаагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол цэргийн алба хаасан хугацааны шимтгэлийг авч байсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг итгэлцүүрээр өсгөн тооцсон дүнгээс тэтгэврийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн төлөх хувь хэмжээгээр тооцож нийгмийн даатгалын зохих санд төлүүлнэ.

 

2.3.Энэ журмын 2.1.2-т заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тохиолдолд шимтгэл ногдох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг итгэлцүүрээр өсгөн тооцсон цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос дараах байдлаар тооцон зохих нийгмийн даатгалын санд төлүүлнэ.

 

2.3.1.ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл ногдох цалин хөлсний сан түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан нь нийгмийн даатгалын байгууллагын хяналт шалгалтын байцаагчийн гаргасан шийдвэрээр нотлогдсон тохиолдолд байцаагчийн гаргасан шийдвэрээр баталгаажсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг итгэлцүүрээр өсгөн тооцож, уг дүнгээс ногдуулсан шимтгэлийн хувь хэмжээгээр;

2.3.2.ажил олгогч нь хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй, эсхүл дутуу төлсөн тохиолдолд ажил олгогчийн ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд үндэслэн төлөөгүй, эсхүл дутуу төлсөн шимтгэлийг итгэлцүүрээр өсгөн тооцсон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос ногдуулсан хувь хэмжээгээр;

 

 2.3.3.даатгуулагч нь сайн дураар даатгуулах гэрээгээр тохирсон хугацаанд төлбөл зохих шимтгэлийг төлөөгүй тохиолдолд тухайн даатгуулагчийн хүчинтэй гэрээг үндэслэн, шимтгэл төлөхөөр өөрөө мэдүүлсэн орлогыг итгэлцүүрээр өсгөн тооцсон дүнгээс төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр;

 2.3.4.даатгуулагчийн хууль бусаар ажлаас халагдсан хугацааг шүүхийн шийдвэрээр тогтоосон бол уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг шүүхийн шийдвэрт заасан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг итгэлцүүрээр өсгөн тооцсон дүнгээс, хэрэв шүүхийн шийдвэрт заагаагүй бол түүний ажлаас халагдахын өмнө авч байсан сүүлийн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг итгэлцүүрээр өсгөн тооцсон дүнгээс ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр;

 2.3.5.даатгуулагчийн хилс хэргээр мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн хугацааг шүүхийн шийдвэрээр тогтоосон бол уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хилс хэргээр мөрдөгдөхийн болон ял эдлэхийн өмнө авч байсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг итгэлцүүрээр өсгөн тооцсон дүнгээс ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр.

 

2.4.Энэ журмын 2.1.3-т заасны дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагчийн 1995 оноос өмнө цэргийн алба хаасан хугацааны шимтгэлийг албан хаасан хугацаанд авч байсан цалин хөлсийг итгэлцүүрээр өсгөн тооцсон цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос даатгуулагчийн болон ажил олгогчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, холбогдох журмын дагуу нэрийн дансны орлогод бүртгэнэ.

 

2.5.Энэ журмын 2.1.4-т заасны  дагуу цалинд үндэслэсэн аргаар өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болон Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгохоор сонгосон цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг итгэлцүүрээр өсгөн тооцсон дүнг тооцохдоо энэ журмын 2.7, 2.8-д заасныг баримтална.

 

2.6.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоох, даатгуулагчийн шимтгэл нөхөн төлөх цалин хөлсний 2024 онд баримтлах итгэлцүүрийг Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолоор тогтоосноор, 2025 оноос хойших хугацаанд Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу Засгийн газраас тогтоосон итгэлцүүрийг тус тус мөрдөнө.

 

 2.7.Даатгуулагчийн шимтгэл төлөх, нөхөн төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох итгэлцүүрээр өсгөн тооцсон цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг дараах байдлаар тооцно. Үүнд:

 

2.7.1. 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолд заасан сарын дүнг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар;

 

2.7.2. 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оныг дуустал хугацаанд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар;

 

2.7.3. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн албан журмын даатгуулагчийн хувьд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин, сайн дураар даатгуулагчийн хувьд 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар.

 

2.8.Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн дагуу тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлоход Засгийн газраас тогтоосон шийдвэрийн 2011 онд харгалзах итгэлцүүрийг хэрэглэнэ.

 

Гурав. Хяналт, хариуцлага

 

3.1.Энэхүү журмын хэрэгжилтэд нийгмийн даатгалын байгууллага болон хуулиар тогтоосон чиг үүрэг бүхий бусад байгууллага хяналт тавина.

 

3.2.Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

- - - оОо - - -