A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТӨРӨЛЖСӨН АСРАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДАЖ БАЙГАА АХМАД НАСТАН, 18 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ НАСНЫ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНД ТЭТГЭВЭР ОЛГОХ ЖУРАМ
Бүлэг: 1979

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 15-ны  өдрийн А/190 дугаар тушаалын хавсралт

ТӨРӨЛЖСӨН АСРАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДАЖ БАЙГАА АХМАД НАСТАН, 18 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ НАСНЫ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ

ИРГЭНД ТЭТГЭВЭР ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 1.1.Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангийн тэтгэвэр авагч ахмад настан, 18 ба түүнээс дээш насны хөгжлийн бэрхшээлтэй иргэн /цаашид "үйлчлүүлэгч" гэх/  тогтоогдсон тэтгэврийнх нь 70 хувийг үйлчлүүлэгчид, 30 хувийг тухайн асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага /цаашид "асрамжийн газар" гэх/-д олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг баримтална.

Хоёр. Тэтгэвэр олгох

2.1.Асрамжийн газрын үйлчлүүлэгчид нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр тогтоох, олгох, түүнийг зогсоохтой холбогдсон харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу зохицуулна.

2.2.Нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр /цаашид "тэтгэвэр" гэх/-ийг тухайн үйлчлүүлэгчийн сонгосон арилжааны банкаар  дамжуулан сар бүр олгоно.

 2.3.Өндөр насалсан, өвчний улмаас бие даан өөртөө үйлчлэх чадваргүй, хүндэтгэн үзэх шалтгаанаар тэтгэврээ өөрийн биеэр авах, захиран зарцуулах боломжгүй үйлчлүүлэгчийн тэтгэврийг өөрийнх нь зөвшөөрлөөр Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу тухайн асрамжийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчид  олгож болно.

2.4.Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа үйлчлүүлэгчийн тэтгэврийн 30 хувийг Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8-д заасны дагуу тухайн байгууллагын дансанд төвлөрүүлэн авна.

2.5.Үйлчлүүлэгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр тэтгэврийг бусдад шилжүүлэх,  барьцаалах, төрөл садангийн хүнд өгөхийг хориглох бөгөөд хэрэв төрөл садангийн хүн авах тохиолдолд тухайн иргэн өөрийн асрамжинд авч тэжээн тэтгэх, асрах үүрэг хүлээнэ.

2.6.Үйлчлүүлэгч илүү хэмжээний тэтгэвэр авсан нь тогтоогдож тэтгэврээсээ буцаан суутгал хийлгэж буй тохиолдолд тэтгэврээс асрамжийн газар 30 хувийг авахгүй.

 

Гурав. Асрамжийн газрын дансанд төвлөрсөн

хөрөнгийн зарцуулах

 

3.1.Үйлчлүүлэгчдийн тэтгэврийн 30 хувийн хөрөнгийг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан "Төрөлжсөн асрамжийн газрын төсвийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журам"-д зааснаас бусад дараах үйлчилгээ, үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулна:

3.1.1.үйлчлүүлэгч өвчний улмаас дотоодын рашаан сувилалд сувилуулсан тохиолдолд эрхийн бичгийн үнэ, ирж, очих унааны зардлын эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас хөнгөлөлтөөс гадна иргэний хариуцах төлбөрийг төлөх;

3.1.2.үйлчлүүлэгч өвчний улмаас аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд эмчилгээ, үйлчилгээний холбогдох зардлыг төлөх;

3.1.3.хорт хавдрын улмаас болон эдгэшгүй хүнд өвчтэй үйлчлүүлэгчийг  хөнгөвчлөх үйлчилгээнд хамруулсан төлбөрийг төлөх;

3.1.4.өндөр өртөг бүхий оношилгоо, эмчилгээ (MRI, компьютер томограф, ангиограф г.м), мэс засал (зүрх, тархи, нугас, гэмтлийн нөхөн сэргээх болон орлуулах, эрхтэн шилжүүлэх гэх мэт)-ыг дотоодод хийлгэсэн зардлын иргэний хариуцах хувийг төлөх;

3.1.5.энэхүү журмын 3.1.1-3.1.4-т заасан тохиолдолд үйлчлүүлэгч болон түүнийг асран хамгаалж явах ажилтны замын зардлыг төлөх;

3.1.6.өндөр өртөг бүхий эм, тариа, хянах багаж хэрэгсэл (уураг, сахарын хэмжээг шалгах аппарат, тест гэхмэт)-ийг худалдаж авахад гарсан зардлыг төлөх;

3.1.7.цагаан сар:билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн болон ахмадын өдрийг тохиолдуулан үйлчүүлэгчдэд хүндэтгэл үзүүлэх зардлыг төлөх;

3.1.8.үйлчлүүлэгч төрж өссөн, ажиллаж амьдарч байсан нутаг орондоо зайлшгүй шалтгаанаар явах тохиолдолд буцах унааны зардлыг нэг удаа төлөх;

3.1.9.үйлчлүүлэгчийн амьдрах нөхцлийг сайжруулах зорилгоор ахуйн хэрэглээний техник, тоног төхөөрөмж авах;

3.1.10.үйлчлүүлэгчийн үзвэр үйлчилгээний төлбөр төлөх;

3.1.11.үйлчлүүлэгчийн өрөө тасалгаанд засвар хийх;

 3.1.12.байгууллагын туслах аж ахуйг хөгжүүлэх;

  3.1.13.үйлчлүүлэгч нас барахад олгох оршуулгын тэтгэмж нь оршуулгын  зан  үйлийг гүйцэтгэх зардалд хүрэлцэхгүй байгаа тохиолдолд зөрүү хэсгийг төлөх;

  3.1.14.урьдчилан таамаглах боломжгүй, гэнэтийн давагдашгүй хүчин  зүйлийн улмаас үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл үүсэх, асрамжийн үйлчилгээний үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэл учирч болзошгүй үед нэн шаардлагатай, онцгой арга хэмжээний зардлыг төлөх.

3.2.Энэхүү журмын 3.1.9-3.1.14-т заасан үйл ажиллагаанд зарцуулах нийт хөрөнгө нь тухайн жилд үйлчлүүлэгчдээс асрамжийн газрын санхүүд төвлөрүүлсэн нийт хөрөнгийн 70 хувиас хэтрэхгүй байна.

3.3.Асрамжийн газарт төвлөрсөн тэтгэврийн 30 хувийн хөрөнгөөс үйлчлүүлэгчид бэлэн мөнгөөр олгохгүй.

Дөрөв. Хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих, тайлагнах

4.1.Тэтгэврийн 30 хувийн хөрөнгийн зарцуулалтад "Үйлчлүүлэгчдийн зөвлөл", байгууллагын дотоодын хяналт, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага хяналт тавина.

4.2.Тэтгэврийн 30 хувийн хөрөнгийн орлого, зарлагын тайланг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан "Төрөлжсөн асрамжийн газрын төсвийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журам"-ын дагуу хэрэгжүүлнэ.

4.3.Тухайн жилд үйлчлүүлэгчдээс асрамжийн газарт төвлөрүүлсэн нийт тэтгэврийн 30 хувийн хөрөнгийн орлого, зарлагын жилийн эцсийн гүйцэтгэлийн тайлан, дараа оны төсвийн төлөвлөгөөг асрамжийн газрын удирдлага жил бүрийн 02 дугаар сарын 10-ны дотор гаргаж асрамжийн газрын "Үйлчлүүлэгчдийн зөвлөл"-д болон нийт үйлчлүүлэгчдэд тайлагнана.

4.4."Үйлчлүүлэгчдийн зөвлөл" нь асрамжийн газарт дараа онд төвлөрүүлэх тэтгэврийн  30 хувийн хөрөнгийн төсөв болон зарцуулах үйл ажиллагааны чиглэл, төлөвлөгөөг гарган нийт үйлчлүүлэгчдийн саналыг авч нэгтгэн дараа оны 01 дүгээр сарын 30-ны дотор асрамжийн газрын удирдлагад өгнө.

Тав. Бусад

5.1.Үйлчлүүлэгчид олгогдсон тэтгэвэртэй холбоотой гарсан маргааныг холбогдох хууль, дүрэм, журмын дагуу шийдвэрлэнэ. Шийдвэрлэх боломжгүй тохиолдолд шүүхэд хандан шийдвэрлүүлнэ.

5.2.Үйлчлүүлэгчийн тэтгэвэр олгох, хөрөнгийн зарцуулалттай холбоотой асуудалд хариуцлагагүй хандсан, холбогдох албан тушаалтан болон үйлчлүүлэгчид Нийгмийн халамжийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

5.3.Асрамжийн газрын нийгмийн ажилтан нь үйлчлүүлэгчийн авсан тэтгэврийн 70 хувийг хэрхэн үр дүнтэй, үр ашигтай захиран зарцуулах талаар зөвлөн тусалж, үйлчлүүлэгчдийн оролцоог дэмжиж ажиллана. 

  

     ----oOo----