A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТӨРӨЛЖСӨН АСРАМЖИЙН ГАЗРЫН ТӨСВИЙГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Бүлэг: 1979

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/189 дүгээр тушаалын хавсралт

 

ТӨРӨЛЖСӨН АСРАМЖИЙН ГАЗРЫН ТӨСВИЙГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ, ТҮҮНД  ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Нийгмийн халамжийн тухай хууль, Ахмад настны асрамжийн үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамжийн үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага Монгол Улсын стандартыг хэрэгжүүлэн ажиллах төрөлжсөн асрамжийн газар /цаашид "асрамжийн газар" гэх/-ын төсвийг бүрдүүлэх, зарцуулах, бүртгэх, тайлагнах, хяналт тавих үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.Асрамжийн газрын төсвийн хөрөнгө нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан зардал болон тухайн байгууллагын үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулагдана.

Хоёр. Төсвийн бүрдүүлэлт

2.1.Асрамжийн газрын төсвийн хөрөнгө нь доор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:

2.1.1.тухайн төсвийн жилд асрамжийн газрын үйл ажиллагаанд зарцуулахаар улсын төсвөөс, эсхүл орон нутгийн төсвөөс олгосон хөрөнгө;

2.1.2.асрамжийн үйлчилгээнд шууд зориулалтаар олон улсын байгууллага, гадаад улс,  аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэдээс өгсөн хандив, тусламж;

 2.1.3.төлбөртэй асрамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэний төлсөн төлбөр;

2.1.4.асрамжийн газарт хэрэгжсэн төсөл, хөтөлбөрөөс олгосон санхүүжилт;

2.1.5.асрамжийн газрын үйл ажиллагааны өөрийн орлого /туслах аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх/;

2.1.6.Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8-д заасны дагуу тэтгэвэр авагч ахмад настан, 18 ба түүнээс дээш насны хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэврийн 30 хувийг асрамжийн газарт төвлөрүүлсэн хөрөнгө;

2.1.7.бусад холбогдох хууль, журмын дагуу санхүүжүүлсэн эх үүсвэр.

 

Гурав. Төсвийн төлөвлөлт, санхүүжилт

3.1.Асрамжийн газрын дараагийн төсвийн жилд шаардагдах хөрөнгийн хэмжээг асрамжийн байнгын үйлчилгээнд хамрагдах хүний тоо, нэг үйлчлүүлэгчид ногдох үйлчилгээний зардлын норм, норматив, стандарт, ажилтан, албан хаагчдын батлагдсан орон тооны хязгаар, цалингийн сан, бусад үйл ажиллагааны зардал зэргийг үндэслэн төлөвлөнө.

3.2.Орон нутгийн төсвөөс санхүүждэг асрамжийн газар дараагийн төсвийн жилийн саналыг жил бүрийн 07 дугаар сарын 25-ны дотор харьяалах аймаг, нийслэлийн санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлнэ.

3.3.Аймаг, нийслэлийн санхүү, төрийн сангийн хэлтэс нь энэхүү журмын 3.2-т заасан саналыг хянаж жил бүрийн 08 дугаар сарын 15-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.4.Улсын төсвөөс санхүүждэг асрамжийн газар дараагийн төсвийн жилийн саналыг нь харьяалах аймгийн нийгмийн халамжийн  үйлчилгээний байгууллагын төсвийн саналд нэгтгэн Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.1-д заасны дагуу төсвийн төвлөрүүлэн захирагчид хүргүүлнэ. 

 3.5.Асрамжийн үйлчилгээний батлагдсан төсвийн сар, улирлын хуваарийн санал болон хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг асрамжийн газрууд  харьяалах төсвийн төвлөрүүлэн захирагчид Төсвийн тухай хуульд заасан хугацаанд хүргүүлэн шийдвэрлүүлнэ.

3.6.Асрамжийн үйлчилгээнд шууд зориулалтаар олон улсын байгууллага, гадаад улс болон аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэдээс өгсөн хандив, тусламжийн мөнгөн хөрөнгийг байгууллагын төрийн сангийн харилцах дансанд, биет хөрөнгийг тухайн үеийн зах зээлийн үнээр үнэлэн байгууллагын хөрөнгөд авч данс бүртгэлд тусгана.

3.7.Үйлчлүүлэгчийн асрамжийн газарт байхдаа төрүүлсэн хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын болон их дээд сургууль, коллежид суралцах хугацааны төлбөрийг тухайн асрамжийн газар нь хариуцаж, хандив тусламж, төрийн сангийн зээлд хамруулах, асрамжийн газрын төсөвт тусгах арга хэмжээ авна.

 

Дөрөв. Төсвийн зарцуулалт

4.1.Асрамжийн газрын үйл ажиллагааны зардалд зарцуулах хөрөнгийг Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан зардлын норматив болон төрөлжсөн асрамжийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан дараах үйлчилгээнд зарцуулна:

4.1.1.эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан хоол хүнс, ариун цэврийн хэрэгсэл;

4.1.2.улирлын онцлогт тохирсон хувцас, зөөлөн эдлэл;

4.1.3.эмнэлгийн үйлчилгээ /урьдчилан сэргийлэх болон төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэгт хамруулах,шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл/; 

4.1.4.төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт эмчлүүлэх үйлчлүүлэгчийн замын зардал, эмчилгээ, шинжилгээний төлбөр;

4.1.5.ариутгал халдваргүйжүүлэлт;

4.1.6.ариун цэврийн хэрэглэл;

4.1.7.хатуу, зөөлөн эдлэл;

4.1.8.үйл ажиллагааны зардал /цалин, цахилгаан, халаалт, цэвэр, бохир ус, бичиг хэрэг, албан томилолт, харилцаа холбоо, ажилтны нормын хувцас, шимтгэл, шатахуун, байгууллагын  эд хогшил, тавилга, тоног төхөөрөмж /;

4.1.9.үйлчлүүлэгчийн хөгжлийн үйлчилгээний зардал / үдэшлэг, уулзалт, урлаг, уран сайхан, спорт, аялал зугаалга, уралдаан тэмцээн зохион байгуулах зэрэг чөлөөт цагийн арга хэмжээ/;

4.1.10.үйлдвэрлэл,үйлчилгээ эрхлэх /үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, чадавхид тохирсон гар урлал, төмс, хүнсний ногоо тариалах, мал маллах, байр, талбайн  цэвэрлэгээ, тохижилт хийх/-тэй холбоотой зардал;

4.1.11. асрамжийн газраас гарч бие даан амьдрах үйлчлүүлэгчид үзүүлэх 1 удаагийн дэмжлэг;

4.1.12.асрамжийн үйлчилгээг сайжруулахад зориулсан хөрөнгө оруулалт;

4.1.13.ажилтан, албан хаагчийн мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх,

чадавхжуулах сургалтын зардал;

4.1.14.тогтвор суурьшилтай ажилласан ажилтан, албан хаагчийн нийгмийн хамгааллын зардал болон байгууллагын дотоод журамд заасан арга хэмжээний зардал;

4.1.15.үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын зардал;

4.1.16.үндсэн хөрөнгийн урсгал засвар;

4.1.17.хөрөнгийн даатгал, татвар, төлбөр;

4.1.18.үйлчлүүлэгчийн асрамжийн газарт байхдаа төрүүлсэн хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын болон их дээд сургууль, коллежид суралцах хугацааны төлбөр.

4.2.Асрамжийн үйлчилгээний батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах ба зориулалтын бус зүйлд зарцуулахыг хориглоно.

Тав. Төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих, тайлагнах

5.1.Асрамжийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах үүргийг асрамжийн газрын дарга, нягтлан бодогч нар хариуцан гүйцэтгэнэ.

5.2.Улсын төсвөөс санхүүждэг асрамжийн газрын үйл ажиллагаа, төсвийн зарцуулалтад нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тус тусын хяналтыг тавина.

5.3.Орон нутгийн төсвөөс санхүүждэг асрамжийн газрын үйл ажиллагаа, төсвийн зарцуулалтад харьяа аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба хяналт тавина.

5.4.Асрамжийн үйлчилгээний төсвийн гүйцэтгэлийн мэдээг сар бүрээр, санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайланг улирал, хагас жил, бүтэн жилээр гаргаж Төсвийн тухай хуульд заасан хугацаанд харьяалах дээд шатны байгууллагад тайлагнана.

-----оОо-----