- Нүүр
- Сайдын тушаал
- ТӨРӨЛЖСӨН АСРАМЖИЙН ГАЗРЫГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ЖУРАМ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/191 дүгээр тушаалын хавсралт
ТӨРӨЛЖСӨН АСРАМЖИЙН ГАЗРЫГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Нийгмийн халамжийн тухай хуульд заасан төрөлжсөн асрамжийн газар /цаашид "асрамжийн газар" гэх/-ыг магадлан итгэмжлэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Асрамжийн газрыг магадлан итгэмжлэх зорилго нь төрөлжсөн асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын байр, тоног төхөөрөмж, ажилтан, албан хаагчдын мэргэжил, мэдлэг, туршлага, чадвар нь төрөлжсөн асрамжийн үйлчилгээний стандартын шаардлага хангаж байгаа эсэх, үйлчлүүлэгчид чанартай үйлчилгээ үзүүлж байгаа эсэхийг үнэлэхэд оршино.
1.3.Үйл ажиллагаа явуулж байгаа болон цаашид шинээр байгуулагдах төрийн өмчийн асрамжийн газар, хувийн хэвшлийн асрамжийн газар, асрамжийн газрын үйл ажиллагааг удирдлагын гэрээгээр авч ажиллуулах хувийн хэвшлийн байгууллага энэхүү журмын дагуу магадлан итгэмжлэлд орж болно.
1.4.Асрамжийн газрыг магадлан итгэмжлэх үйл ажиллагааг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэдэх асрамжийн газрыг магадлан итгэмжлэх Орон тооны бус зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх / хэрэгжүүлэх ба уг зөвлөлийн шийдвэрийг үндэслэн нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр магадлан итгэмжлэлийн гэрчилгээ олгоно.
Хоёр. Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргахад
бүрдүүлэх баримт бичиг
2.1.Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргах байгууллага нь бие дааж үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээд байна.
2.2.Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргах байгууллага нь дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
2.2.1.магадлан итгэмжлэлд орохыг хvссэн албан бичиг;
2.2.2.ажилтан, албан хаагчдын дэлгэрэнгүй анкет;
2.2.3.байгууллагын танилцуулга;
2.2.4. байгууллагын гэрчилгээний хуулбар;
2.2.5.санхүүгийн баталгаажсан тайлан;
2.2.6.асрамжийн газарт мөрдөгдөж буй стандартын шаардлагын хэрэгжилтийн дэлгэрэнгүй тайлан;
2.2.7.цаашид үйл ажиллагаагаа сайжруулахад чиглэсэн төлөвлөгөө.
Гурав. Зөвлөлийн бүрэлдэхүүн
3.1.Зөвлөл нь 11 гишүүнтэй байх бөгөөд бүрэлдэхүүнийг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар батална.
3.2.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын нийгмийн халамжийн асуудал хариуцсан нэгжийн дарга нь Зөвлөлийн дарга байна.
3.3.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төрөлжсөн асрамжийн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн нь Зөвлөлийн нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэнэ.
3.4.Зөвлөлийн гишүүдэд дараах төлөөлөл багтсан байна:
3.4.1.Хүний эрхийн үндэсний комиссын төлөөлөл;
3.4.2.нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын асуудал хариуцсан мэргэжилтэн;
3.4.3.нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч;
3.4.4.эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын асуудал хариуцсан мэргэжилтэн;
3.4.5.нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын нийгмийн халамжийн нэгжийн дарга;
3.4.6.нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төрөлжсөн асрамжийн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн
3.4.7.нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн;
3.4.8.хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн;
3.4.9.ахмадын байгууллагын төлөөлөл;
3.4.10.хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагын төлөөлөл;
3.9.11.нийгмийн ажилтан бэлтгэдэг их, дээд сургуулийн төлөөлөл.
3.5. Магадлан итгэмжлэлийн бэлтгэл ажлыг хангах үүргийг Зөвлөлийн нарийн бичгийн дарга хариуцан гүйцэтгэнэ.
Дөрөв. Зөвлөлийн эрх, үүрэг
4.1. Зөвлөл нь дараах эрхтэй:
4.1.1.магадлан итгэмжлэх үйл ажиллагааны талаар гарсан хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал боловсруулж эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх;
4.1.2.магадлан итгэмжлүүлэх хүсэлтэй асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах, зөвлөгөө өгөх, үнэлгээ хийх, дүгнэлт гаргах;
4.1.3.магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргасан асрамжийн газраас шаардлагатай мэдээ мэдээлэл, судалгааг гаргуулан авах;
4.1.4.магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргасан асрамжийн газрын саналыг хэлэлцэхээс татгалзах, буцаах;
4.1.5.асрамжийн газруудад өгсөн хандив, тусламжийн зарцуулалттай танилцах.
4.2. Зөвлөл нь дараах үүрэгтэй:
4.2.1.Зөвлөлийн хурлаар магадлан итгэмжлүүлэх хүсэлт ирүүлсэн асрамжийн газрын баримт бичгийг хянан хэлэлцэж, дүгнэлт гаргах;
4.2.2.магадлан итгэмжлэх үйл ажиллагааны тайлан мэдээ, санал дүгнэлтийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
4.2.3.магадлан итгэмжлэх үйл ажиллагаатай холбогдож гарсан өргөдөл, гомдлыг хянаж шийдвэрлэх;
4.2.4.магадлан итгэмжлэгдсэн асрамжийн газрын бүртгэл мэдээлэл, хөдөлгөөний тайланг жилд 1 удаа нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж өгөх.
Тав. Зөвлөлийн үйл ажиллагаа
5.1.Зөвлөл нь ээлжит ба ээлжит бус хуралтай байна.
5.2.Ээлжит хурал нь жилд нэг удаа хуралдах ба шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна.
5.3.Зөвлөлийн хурал нь нийт гишүүдийн гуравны хоёроос дээш хувийн оролцоотойгоор хүчин төгөлдөр байх бөгөөд хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрийг гаргана.
5.4.Зөвлөлийн нарийн бичгийн дарга хэлэлцсэн асуудлаар тэмдэглэл хөтөлж, Зөвлөлийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
5.5.Зөвлөлийн хуралд хэлэлцэх асуудалтай холбоотой холбогдох мэргэжлийн хүмүүсийг санал хэлэх эрхтэйгээр оролцуулж болно.
5.6.Зөвлөлөөс гаргасан дүгнэлттэй холбогдон үүссэн маргаантай асуудлыг Зөвлөл дахин нэг удаа авч хэлэлцэн дүгнэлт гаргана.
5.7.Зөвлөлөөс гарсан магадлан итгэмжлэлийн шийдвэртэй санал нийлэхгүй тохиолдолд нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргад асуудлаа тавьж шийдвэрлүүлнэ.
Зургаа. Асрамжийн газарт магадлан итгэмжлэл олгох
6.1.Зөвлөлийн хурлын тэмдэглэлийг Зөвлөлийн даргаар хянуулан, гарсан шийдвэрийг үндэслэн нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргад уламжлан магадлан итгэмжлэлд тэнцсэн байгууллагад магадлан итгэмжлэлийн гэрчилгээ олгоно.
6.2.Төрөлжсөн асрамжийн үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргасан төрийн ба төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуй нэгж дараах шаардлагыг хангасан тохиолдолд магадлан итгэмжлэл олгоно:
6.2.1.үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргасан байх;
6.2.2.цаашид үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийн баталгаатай байх /гадаадын хөрөнгө оруулалттай тохиолдолд санхүүжүүлэгч байгууллагын баталгаат албан бичиг/;
6.2.3.тусламж, хандивын зүйлийг бүртгэж мэдээ тайланд тусгасан байх;
6.2.4.төрөлжсөн асрамжийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан байх;
6.2.5.асрамжийн газарт хэрэглэгдэх эмнэлгийн болон бусад тоног төхөөрөмж нь олон улсын стандартын шаардлага хангасан гэрчилгээ болон баталгаатай байх;
6.2.6.үйлчлүүлэгчид хэрэглэх эм, эмийн бэлдмэл нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн байх;
6.2.7. мэргэжлийн, мэргэшсэн ажилтан, албан хаагчидтай байх.
6.2.8.Ахмад настны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасны дагуу ахмад настныг тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, мөн хуулийн 14.7-д заасан "Ахмадын сан" байгуулан ажиллуулсан байх;
6.2.9.Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 144.2-т заасны дагуу өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулсан байх;
6.2.10. асрамж, халамжийн үйлчилгээний чиглэлээр 2-оос доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх.
6.3.Магадлан итгэмжлэлийн гэрчилгээ нь нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга гарын үсэг зурж баталгаажсан өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.
6.4.Магадлан итгэмжлэлийн гэрчилгээг 3 жилийн хугацаатай олгоно.
Долоо. Асрамжийн газрын магадлан итгэмжлэлийн хугацааг сунгах
7.1.Магадлан итгэмжлэлийн хугацааг сунгуулах асрамжийн газар нь магадлан итгэмжлэлийн гэрчилгээний хугацаа дуусахаас нэг сарын өмнө дараах баримт бичгийг бүрдүүлж нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Зөвлөлд ирүүлнэ:
7.1.1.магадлан итгэмжлэлийн хугацааг сунгуулах хүсэлт;
7.1.2. ажилтан, албан хаагчдын анкет;
7.1.3.байгууллагын танилцуулга;
7.1.4.байгууллагын гэрчилгээний хуулбар;
7.1.5. өмнөх магадлан итгэмжлэлийн гэрчилгээ;
7.1.6. жилийн ажлын тайлан.
7.2.Магадлан итгэмжлэлийн хугацааг сунгах асуудлыг Зөвлөлийн хурлаар хэлэлцээд төрөлжсөн асрамжийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан, өнгөрсөн хугацаанд үйлчлүүлэгчээс санал гомдол, зөрчил гаргаагүй гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд уг шийдвэрийг үндэслэн нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр магадлан итгэмжлэлийн гэрчилгээг дахин 3 жилийн хугацаатай сунгана.
Найм. Асрамжийн газрын магадлан итгэмжлэлийг хүчингүй болгох
8.1.Асрамжийн газрын магадлан итгэмжлэлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно:
8.1.1.Зөвлөлийн хурлаас тухайн асрамжийн газар нь үйлчилгээний хэм хэмжээ болон стандартын шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гаргасан;
8.1.2.магадлан итгэмжлэл авахаар хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;
8.1.3.магадлан итгэмжлэлийн хүчинтэй хугацаа нь дууссан боловч дахин сунгуулах хүсэлт гаргаагүй.
-----оОо-----
“Төрөлжсөн асрамжийн газрыг магадлан итгэмжлэх журам”-ын хавсралт
МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР
Дугаар....
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .......асрамжийн газар нь
магадлан итгэмжлэлд орж, Ахмад настны асрамжийн үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамжийн үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага Монгол Улсын стандартыг хангасан тул Төрөлжсөн асрамжийн газрыг магадлан итгэмжлэх Зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн ............................... даргын . . . . оны . . . . дугаар сарын . . . . -ны өдрийн . . /. . тоот тушаалаар магадлан итгэмжлэлийг . . . жилийн хугацаатайгаар олгов.
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ДАРГА
................................... .........................
/гарын үсэг/ /овог нэр/
............... оны ....... дугаар сарын ......-ны өдөр
Сунгалтын хугацаа: .......... оны .... дугаар сарын ...... -ны өдөр
ДАРГА .............................. ........................
/гарын үсэг/ /овог нэр/
Сунгалтын хугацаа: .......... оны .... дугаар сарын ...... -ны өдөр
ДАРГА .............................. ........................
/гарын үсэг/ /овог нэр/
Текст томруулах
A
A
A