A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Их Хурлын 2023 оны
117 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт


МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН
ГИШҮҮНД ТӨРИЙН АЛБА ХААСАН ХУГАЦААНЫ
НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл


1.Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3 дахь заалтын дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнд төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө.

2.Үндсэн хуулийн цэцийн гишүүнд олгох төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл нь Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдлыг хангах баталгаа мөн.

Хоёр.Үндсэн хуулийн цэцийн гишүүний төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээ, түүнийг олгох

1.Үндсэн хуулийн цэцийн гишүүнд олгох төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн гишүүний төрийн байгууллагад ажилласан хугацааг харгалзан түүний албан тушаалын сарын цалингаас доор дурдсан хувиар олгоно:
 
Төрийн алба хаасан хугацаа
/жилээр/
Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээ
/хувиар/
5-10 5
11-15 10
16-20 15
21-25 20
26 ба түүнээс дээш 25

2.Үндсэн хуулийн цэцийн гишүүний төрийн алба хаасан хугацаанд дараах хугацааг оруулан тооцно:

1/төрийн албанд ажилласан;
2/төрийн алба хаах хугацаандаа мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх, дахин мэргэших, шинээр мэргэжил эзэмших дамжаа болон магистрантур, докторантурт суралцсан.

3.Төрийн алба хаасан хугацааг Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар тодорхойлж, гишүүнд олгох төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг Үндсэн хуулийн цэцийн даргын тушаалаар тогтооно.

4.Төрийн алба хаасан хугацааг тогтоох үндсэн баримт бичиг нь хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр байна.

 

---оОо---