A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 10

Төрийн ордон, Улаанбаатар хот

"Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн хувьцааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн Монгол Улсын нийт иргэдэд адил тэнцүү хэмжээгээр эзэмшүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн 1072 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүлэх;

2/Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүйгээр олгосон "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн хувьцааг тус компанийн энгийн хувьцаанд бүртгэх;

3/"Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн эрх бүхий этгээд ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн тохиолдолд төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашгийн орлогоос "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компани, "Эрдэнэс Монгол" хязгаарлагдмал хариуцлагатай компани, түүний нэгдлийн болон бусад төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд хооронд үүссэн өр авлагад суутган тооцох.

2.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР