- Нүүр
- Сайдын тушаал
- ЭМГЭГ СУДЛАЛЫН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
Эрүүл мэндийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн A/447 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
ЭМГЭГ СУДЛАЛЫН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Энэхүү журмаар Монгол Улсын нутаг дэвсгэрт Зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар бүлгийн 1 дүгээр зүйлийн 13.10, 13.11, 13.12, 13.13, 13.14, 13.20 дах хэсэгт заагдсан тусгай зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллагад нас барагчийн цогцост эмгэг судлалын шинжилгээ хийхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2. Эмгэг судлалын шинжилгээг цогцост нас баралтын шалтгаан, эмнэл зүйн онош зөв тогтоогдсон эсэхийг тодорхойлох зорилгоор хийнэ.
1.3. Эмгэг судлалын тусламж, үйлчилгээг анагаахын шинжлэх ухааны нотолгоонд тулгуурлан үзүүлнэ.
1.4. Эмгэг судлалын шинжилгээний онош, дүгнэлтийг шинжилгээ хийсэн анатомийн эмгэг судлаач эмч хөндлөнгийн нөлөөлөлгүй, хараат бусаар гаргаж, гаргасан дүгнэлтийн үнэн, бодит байдлыг хариуцна.
1.5. Эмгэг судлалын тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ холбогдох стандарт, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, халдварын сэргийлэлт, хяналтын дэглэмийг баримтална.
1.6. Үйлчлүүлэгч, нас барагчийн эрүүл мэндийн мэдээлэл, нууцыг чандлан хадгална.
1.7. Эмгэг судлал, амьд ахуйн эд, эсийн шинжилгээ, өвчлөл, нас баралтын шалтгааны мэдээлэл, эдийн био банк, бүртгэлийн сан бүрдүүлнэ.
Хоёр. Цогцост эмгэг судлалын шинжилгээ хийх
2.1. Эмгэг судлалын шинжилгээг дараах тохиолдолд зайлшгүй хийнэ:
2.1.1. Эмнэл зүйн онош тодорхой бус, үндсэн өвчин, нас баралтын шалтгаан бүрэн тогтоогдоогүй;
2.1.2. Мэдээ алдуулалт, мэс засал, мэс ажиллаврын үед ба түүний хүндрэл (нас барахаас 28 хоногийн дотор хийгдсэн бол хагалгааны дараах хүндрэл, хагалгааны дараах шууд үр дагавар гэж үзнэ)-ээр нас барсан;
2.1.3. Цус, цусан бүтээгдэхүүн, эм, тариа хийсний дараах хүндрэлтэй тохиолдол;
2.1.4. Эмнэлэгт эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байгаад гэнэт нас барсан;
2.1.5. Эхийн эндэгдэл;
2.1.6. Эрүүл мэндийн байгууллагад 24 цаг хүртэл хугацаанд эмчлүүлж байгаад нас барсан тохиолдол (2.2.3, 2.2.4-заалтаас бусад);
2.1.7. 18 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл (2.2.3, 2.2.4-заалтаас бусад);
2.1.8. Эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаад төрөлт эхлэхээс өмнөх үед, төрөлт ба төрөлт шийдвэрлэх үед амьгүй болсон ураг;
2.1.9. Эмнэл зүйн эмгэг судлалын шинжилгээгээр батлагдаагүй биологийн аюулгүй байдлын 1, 2-р төвшний халдварт өвчний тохиолдол (ДЭМБ-ын Лабораторийн биоаюулгүй ажиллагааны удирдамжийн сүүлийн хувилбарыг баримтална);
2.1.10. Гэмтлийн өгүүлэмжтэй, гадны нөлөөт сэжигтэй тохиолдолд шүүх эмнэлгийн шинжилгээ хийнэ;
2.2. Эмгэг судлалын шинжилгээг дараах тохиолдолд хийхгүй:
2.2.1. Тархины үхэл тодорхойлох баг бүрэлдэхүүнээр тархины үхлийг баталгаажуулсан амьгүй донор;
2.2.2. Тархины цус харвалт өндөр мэдрэг тоног, төхөөрөмж ба шинжилгээ (Компьютер томографи, соронзон резонанст томографи, ангиографи)-ээр батлагдсан тохиолдол;
2.2.3. Эмнэл зүйгээр архаг өвчний онош нь батлагдан эмчлэгдэж байсан, эмгэг жамын хүндрэлээрээ нас барсан тохиолдол;
2.2.4. Эмнэл зүйн өндөр мэдрэг тоног, төхөөрөмж ба эмнэл зүйн үзлэг, шинжилгээгээр оношлогдсон эсхүл амьд сорьцын шинжилгээгээр батлагдсан хортой хавдрын тохиолдол;
2.2.5. Жирэмсний тээлтийн 28 долоо хоногоос доош тээсэн (тээлтийн хугацаа тодорхойлох боломжгүй бол морфометрийн үзүүлэлтээр төрөх үеийн жин 1000 граммаас доош, зулайнаас өсгий хүртэлх урт 35 сантиметрээс бага) нярайн эндэгдэл;
2.2.6. Эмнэлгийн бус нөхцөлд төрөлт эхлэхээс өмнөх үедээ амьгүй болсон ураг;
2.2.7. Эх ургийн анагаах ухааны багийн шийдвэрээр жирэмслэлтийг хожуу хугацаанд тасалсан амьгүй ураг, нярайн эндэгдэл;
2.2.8. Эмнэл зүйн эмгэг судлалын шинжилгээгээр онош батлагдсан ба сэжигтэй биологийн аюулгүй байдлын 3,4-р түвшний халдварууд, вирус, эмгэг төрөгчөөр үүсгэгдсэн халдварт зоонозын өвчин, олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг хөл хориот өвчнүүд;
2.2.9. Эмнэл зүйн эмгэг судлалаар сүрьеэ өвчин батлагдсан тохиолдол;
2.2.10. Энэхүү журмын 2.1, 2.2-т заасан тохиолдол давхардсан бол журмын 2.1-д заасан зохицуулалтыг баримтлан эмгэг судлалын шинжилгээ хийнэ.
2.3. Эмгэг судлалын шинжилгээ хийхэд доорх шаардлагуудыг хангана:
2.3.1. Эмчлэгч эмч нас барагчийн өвчний түүх, нярайн ба төрөлтийн түүхэнд төгсгөлийн онош, дүгнэлтийг бичиж, эмнэл зүйн оношийг олон улсын өвчний ангиллын дагуу монгол хэлээр кодын хамт тавьж, холбогдох шинжилгээг хавсаргаж тасгийн эрхлэгчээр хянуулна.
2.3.2. Эмнэлгийн эмнэл зүй эрхэлсэн дэд захирал/орлогч дарга, эмнэл зүйн төгсгөлийн онош, дүгнэлтийг гарын үсэг, тамгаар баталгаажуулж эмгэг судлалын шинжилгээ хийлгэх, эсэх, шүүх эмнэлгийн шинжилгээ хийх тухай журмын холбогдох заалтыг үндэслэн цохолт хийсэн байна.
2.3.3. Нас барагчийн өвчний түүхийг эмгэг судлалын шинжилгээ хийхээс өмнө эмгэг судлалын нэгжид хүргүүлнэ.
2.3.4. Цогцост нас барснаас хойш 24 цагт багтаан 09:00-12:00 цагийн хооронд эмгэг судлалын шинжилгээ хийнэ.
2.3.5. Эмчлэгч эмч өвчний түүхийг танилцуулж, эмгэг судлалын шинжилгээ хийх явцад холбогдох эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хамт байлцана.
2.3.6. Эх эндсэний дараа 24 цагийн дотор Эмгэг судлалын үндэсний төвөөс мэргэшсэн анатомийн эмгэг судлаач эмч, холбогдох эмч нарыг оролцуулан эхийн эндэгдлийн баг томилон эмгэг судлалын шинжилгээ хийж, онош дүгнэлт гаргана. Хэрэв Эмгэг судлалын үндэсний төвөөс 24 цагийн дотор эмч томилогдон ажиллах боломжгүй алслагдсан аймаг, орон нутагт аймгийн Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй анатомийн эмгэг судлаач эмч эмгэг судлалын шинжилгээ хийж, холбогдох материал, тэмдэглэл, фото зураг, эрхтэн, эдийг Эмгэг судлалын үндэсний төвд 72 цагийн дотор илгээж, эмгэг судлалын онош, дүгнэлт гаргуулна.
2.3.7. Эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт, төгсгөлийн оношийг эмчлэгч эмч нас барагчийн гэр бүл, асран хамгаалагчид танилцуулна.
2.3.9. Энэхүү журмын 2.2.8-д заасан тохиолдолд эмгэг судлалын шинжилгээ хийхдээ био аюулгүйн 3-р зэрэглэлийн лабораторийн нөхцөлийг тухайн эмнэлгийн байгууллага бүрдүүлнэ.
2.4. Анатомийн эмгэг судлаач эмчийн үүрэг:
2.4.1. Анатомийн эмгэг судлаач эмч эмгэг судлалын шинжилгээ хийж дууссаны дараа эмгэг судлалын урьдчилсан онош дүгнэлтийг тасгийн эрхлэгчийг байлцуулан эмчлэгч эмчид танилцуулна.
2.4.2. Анатомийн эмгэг судлаач эмч нь өвчний түүх, хяналтын карт, эрүүл мэндийн бүртгэл мэдээлэл, эмгэг судлалын шинжилгээг үндэслэн онош тавьж, дүгнэлт гарган, тэмдэглэл үйлдэж, бүртгэнэ.
2.4.3. Эмгэг судлалын онош, дүгнэлтийг хуанлийн 21 хоногийн дотор гаргасан байна. Онош тавихад зайлшгүй нэмэлт шинжилгээ хийх шаардлага гарвал эмгэг судлалын тасгийн эрхлэгч онош, дүгнэлт гаргах хугацааг сунгасан талаар тухайн эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан нэгжид мэдэгдэнэ.
2.4.4. Эмгэг судлалын шинжилгээний онош, дүгнэлтийг баталгаажуулан нас барагчийн өвчний түүхэнд хавсаргана.
2.4.5. Халдварт өвчнөөр нас барсан буюу сэжигтэй тохиолдолд эмгэг судлалын шинжилгээ хийхдээ халдварын сэргийлэлт, хяналт, био аюулгүй ажиллагааны дэглэмийг баримтална.
Гурав. Эрүүл мэндийн байгууллагын үүрэг
3.1. Эмгэг судлалын үндэсний төв:
3.1.1. Эмгэг судлалын тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд мэргэжлийн арга зүйгээр ханган лавлагаа тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
3.1.2. Эмгэг судлалын тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжгүй эрүүл мэндийн байгууллагатай гэрээний үндсэн дээр хамтран ажиллана.
3.1.3. Шаардлагатай тохиолдолд цахимаар эсхүл орон нутагт дуудлагаар очиж эмгэг судлалын тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
3.1.4. Эмнэл зүйн эмгэг судлалын бага хурал зохион байгуулж, эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлнэ.
3.1.5. Эмнэлгүүдийн эмгэг судлалын тусламж, үйлчилгээ үзүүлж буй тасаг, нэгжид жил бүр эмгэг судлалын тусламж, үйлчилгээний үнэлгээ хийж, дүнг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, төрийн захиргааны төв байгууллагад танилцуулна.
3.1.6. Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний чиглэлээр хүн амд мэдлэг, хандлага, эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийнэ.
3.1.7. Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний талаарх статистик мэдээг үндэсний түвшинд нэгтгэж, Эрүүл мэндийн хөгжлийн төвд тайлагнана.
3.2. Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар:
3.2.1. Аймаг, нийслэлийн хэмжээнд эмгэг судлалын тусламж, үйлчилгээг нэгдсэн удирдлагаар ханган ажиллана.
3.2.2. Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагыг анатомийн эмгэг судлаач эмч, эс судлаач, лабораторийн техникчээр хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулна.
3.2.3. Орон нутгийнхаа анатомийн эмгэг судлаач эмч, эс судлаач, лабораторийн техникч нарыг ажлын байрны сургалтад тасралтгүй хамруулна.
3.2.4. Эмгэг судлалын тусламж, үйлчилгээнд шаардлагатай оношлуур, урвалж, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжөөр тасралтгүй хангахад дэмжлэг үзүүлнэ.
3.2.5. Эд, эсийн шинжилгээний ач холбогдол, урьдчилан сэргийлэх оношилгооны чиглэлээр иргэдэд мэдээлэл, сургалт, сурталчилгааны арга хэмжээг зохион байгуулна.
3.2.6. Орон нутгийн хэмжээнд эмгэг судлалын тусламж, үйлчилгээний байдалд хяналт, үнэлгээ хийж дүнг Эмгэг судлалын үндэсний төвд тайлагнана.
3.2.7. Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмгэг судлалын тусламж, үйлчилгээний статистик мэдээг нэгтгэж Эмгэг судлалын үндэсний төвд тайлагнана.
3.3. Эрүүл мэндийн байгууллага:
3.3.1. Эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандартад заасны дагуу эмгэг судлалын хүний нөөц, зориулалтын өрөө тасалгаа, эмнэлгийн тоног төхөөрөмжтэй байна.
3.3.2. Эмгэг судлалын тусламж, үйлчилгээнд эмнэл зүй эрхэлсэн албан тушаалтан, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын алба, лабораторийн эрхлэгч, эмгэг судлалын тасаг, нэгжийн эрхлэгч дотоод хяналт тавина.
3.3.3. Эмгэг судлалын тусламж, үйлчилгээнд шаардлагатай оношлуур, урвалж, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжөөр тасралтгүй хангана.
3.3.4. Лавлагаа төв, үйлчлэх хүрээний лавлагаа шатлалын эмнэлгээс эмгэг судлалын тусламж, үйлчилгээ авах шаардлагатай тохиолдолд хүсэлт илгээж, эмгэг судлаач эмч, эс судлаач, лабораторийн техникчийг ажиллуулахдаа байр, хоол, унаа ба томилолтын зардлыг хариуцна.
3.3.5. Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллах гэрээний үндсэн дээр эмгэг судлалын тусламж, үйлчилгээ үзүүлж болно.
3.3.6. Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний талаарх статистик мэдээг харьяа эрүүл мэндийн газарт тайлагнана.
Дөрөв. Цогцос зөөвөрлөх, цэгцлэх, хадгалах
4.1. Цогцос зөөвөрлөх, тээвэрлэх, хүлээн авах:
4.1.1. Өвчтөнийг нас барснаас хойш 2 цагийн дараа тухайн тасгийн сувилагч, асрагч эмнэлгийн цогцос хадгалах өрөөнд хүргэнэ.
4.1.2. Эмнэл зүйн эмч, сувилагч нь нас барагчийн овог, нэр (нярайд эхийн нэр, дугаар), нас, хүйс, нас барсан огноо, өвчний түүхийн дугаар, нэгжийн нэр, дугаар зэргийг усанд уусахгүй материал дээр тод гаргацтай бичиж, баруун гарын шуун дээр хаягдахгүй байхаар бэхэлнэ.
4.1.3. Цогцсыг эрүүл мэндийн байгууллага хооронд ба цогцос хадгалах байр руу тээвэрлэх үед зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.
4.1.4. Цогцос хадгалах байранд хүргэгдэн ирсэн цогцсыг туслах ажилтан бүртгэн хүлээн авна. Туслах ажилтангүй тохиолдолд цогцос хүргэсэн сувилагч, асрагч бүртгэлийн дэвтэрт бүртгэнэ.
4.2. Цогцос цэгцлэх:
4.2.1. Цогцост эмгэг судлалын шинжилгээ хийсний дараа эрхтнүүдийг анатомийн байрлалд буцаан хийж, битүүлэн оёж цэгцэлнэ.
4.2.2. Цогцсын хөндийнүүд дэх шингэнийг бүрэн юүлж, эрхтнүүдийг хуурайшуулж, хуурай даавуун материалаар ороож хийнэ. Арьсны зүслэгийн ирмэгүүдийг сайтар нийлүүлж зөөлөн эдийг дотогш оруулж, оёдлын завсраар эд цухуйх, шингэн зүйл гоожихгүй байхаар зориулалтын бүдүүн утастай зүүгээр хөвөрдөж оёно.
4.2.3. Цогцсыг цэгцэлж дууссаны дараа арчиж хуурайшуулж, зориулалтын хөргөгчид хадгална.
4.3. Цогцос хадгалах:
4.3.1. Цогцос хадгалах байранд хадгалагдаж байгаа цогцсыг түүний төрөл төрөгсдөд хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд цогцостой холбоотой асуудлыг эмгэг судлалын туслах ажилтан эсхүл тухайн асуудал хариуцсан эрүүл мэндийн ажилтан хариуцна.
4.3.2. Эмгэг судлалын шинжилгээ хийснээс хойш 96 цаг хүртэл хугацаагаар цогцсыг хадгална.
4.3.3. Эмгэг судлалын туслах ажилтан эсхүл асуудал хариуцсан эрүүл мэндийн ажилтан нь цогцост эмгэг судлалын шинжилгээ хийсний дараа ар гэрт нь хүлээлгэн өгөхийн өмнө цэвэрлэгээ, засал хийсэн байна.
4.3.4. Цогцсыг хэвтээ дээшээ харсан байдлаар байрлуулж хадгална.
4.4. Цогцос хүлээлгэн өгөх:
4.4.1. Цогцсыг гэр бүл, төрөл төрөгсөд буюу хууль ёсны этгээдэд хүлээлгэн өгөхдөө цогцсыг таниулж бүртгэлийн маягтад хүлээн авагчийн овог, нэр, хаяг, утасны дугаар, нас барагчийн оршуулах газрын нэр, дугаар баримт бичгийг үндэслэн бүртгэж, хүлээн авсан хүний гарын үсгээр баримтжуулсан байна.
4.4.2. Цогцсыг хувцаслах, ороох, нүүр толгойд засал хийх ажлыг төрөл, төрөгсдийн хүсэлтийн дагуу туслах ажилтан эсхүл эмнэлгийн ажилтан гүйцэтгэнэ.
4.4.3. Цогцсыг тусгайлан зассан өрөөнд байршуулж, салах ёс гүйцэтгэх боломжийг бүрдүүлнэ.
4.4.4. Гарын үсэг зурж цогцсыг хүлээлгэн өгсний дараа гарсан асуудлыг эмнэлгийн байгууллага хариуцахгүй.
4.4.5. Эрүүл мэндийн байгууллагад нас барсан орон гэргүй, нэр хаяггүй, гэр бүл, төрөл, төрөгсөд нь тогтоогдоогүй нас барагчийн цогцсыг орон нутгийн захиргаа, цагдаагийн байгууллагад мэдэгдэж, оршуулах асуудлыг тухайн эмнэлэг хариуцна. Тухайн эрүүл мэндийн байгууллагын дарга, захирлын шийдвэрээр томилогдсон комисс оршуулгын үйл ажиллагааг зохион байгуулна. Оршуулга хийсэн тухай тэмдэглэн, бүртгэж эмнэлгийн архивд хадгална.
Тав. Эмнэл зүй ба эмгэг судлалын бага хурал хийх
5.1. Эмнэлгийн нөхцөлд нас барсан тохиолдлыг дүгнэн, хамтран хэлэлцэж, нас баралтын шалтгаан, нас баралтад нөлөөлсөн хожимдлыг тогтоон, цаашид авах арга хэмжээ, зохион байгуулах ажлыг төлөвлөх, эмнэл зүйн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг тогтмол дээшлүүлэх зорилгоор Эмнэл зүй ба эмгэг судлалын бага хурлыг зохион байгуулна.
5.2. Эмнэл зүй ба эмгэг судлалын бага хурлыг эмгэг судлалын онош дүгнэлт гарснаас хойш 15-30 хоногт багтаан дараах тохиолдолд зохион байгуулна:
5.2.1. Оношны их зөрөө (I, II бүлэг)-тэй тохиолдол;
5.2.2. Эмнэлгийн тусламж үйлчилгээний дутагдалтай тохиолдол;
5.2.3. Эхийн эндэгдлийн бүх тохиолдол;
5.2.4. Эмнэл зүйн ховор тохиолдол;
5.2.5. Эмгэг судлалын шинжилгээгээр онош, дүгнэлт нь бүрэн тавигдаагүй тохиолдол.
5.3. Эмнэл зүйн эмгэг судлалын бага хурал хийх хэлбэр:
5.3.1. Эмнэлгийн нийт эмч нарын;
5.3.2. Төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр;
5.3.3. Эрүүл мэндийн байгууллага хоорондын хамтарсан;
5.4. Хурлын зохион байгуулалт:
5.4.1. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын алба, анатомийн эмгэг судлаач эмч хурлын бэлтгэл ажлыг хариуцна;
5.4.2. Хэлэлцэх асуудлыг хурал хийхээс 14 хоногийн өмнө товлож хурлын хөтөлбөрийг боловсруулан, эмнэл зүй эрхэлсэн дэд захирал/ орлогч даргаар батлуулж оролцогч талуудад хүргүүлнэ;
5.4.3. Хурлыг эрүүл мэндийн байгууллагын дарга /захирал/ эсхүл эмнэлгийн эмнэл зүй эрхэлсэн дэд захирал/орлогч дарга удирдана;
5.4.4. Эмчлэгч эмч өвчний түүхийг танилцуулна;
5.4.5. Шүүмжлэгч эмч холбогдох стандарт, тушаал, журам, заавар ба удирдамжийг баримтлан анхан шатны бичиг баримт, оношилгоо, эмчилгээ, тусламж үйлчилгээний талаар шүүмж хийнэ;
5.4.6. Анатомийн эмгэг судлаач эмч эмгэг судлалын шинжилгээний онош, дүгнэлтийг танилцуулна;
5.4.7. Тохиолдолд суурилсан онолын мэдээлэл танилцуулна;
5.4.8. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны эрсдлийн үнэлгээ ба хөндлөнгийн дүгнэлт;
5.4.9. Асуулт хариулт;
5.4.10. Санал, дүгнэлт;
5.4.11. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын алба хурлын тэмдэглэл хөтлөх мэргэжилтэнг томилон, тэмдэглэлийг хянаж албажуулна.
5.4.12. Хурлын дүгнэлт (нас баралтын шалтгаан, оношилгоо, эмчилгээ хугацаандаа, хийгдсэн эсэхийг тогтоож, цаашид авах арга хэмжээ, зохион байгуулах ажлыг төлөвлөж, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах шийдвэр гаргана);
5.4.13. Хурлаас гарсан шийдвэрийн биелэлтийн талаар эрүүл мэндийн байгууллагын удирдлагын хурлаар улирал тутам хэлэлцэж үр дүнг тооцно.
Текст томруулах
A
A
A