- Нүүр
- Сайдын тушаал
- АМЬД СОРЬЦЫН ЭМГЭГ ЭД, ЭСИЙН СУДЛАЛЫН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
Эрүүл мэндийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн A/447 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
АМЬД СОРЬЦЫН ЭМГЭГ ЭД, ЭСИЙН СУДЛАЛЫН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Амьд сорьцын шинжилгээг хүний эд, эрхтнээс дурандах, хуулах, хатгах, цоолох, соруулах, хусах, наалдуулах ба мэс заслын ажилбараар авч эс, эд судлалын шинжилгээний аргуудыг ашиглан онош тогтоох зорилгоор хийнэ.
Хоёр. Амьд сорьцыг лабораторит илгээх
2.1. Хүний бие махбодоос авсан эс, эд, эрхтний түрхцийг эмгэг судлалын лабораторит заавал илгээж, онош тогтоолгоно.
2.2. Өвчний онош тогтоох зорилгоор болон мэс заслаар авсан эс, эд, эрхтнийг шинжлүүлэх, сорьц зөөвөрлөхийг мэс засал хийсэн эмч, эмчлэгч эмч, нар хариуцна.
2.3. Онош тогтоохоор авсан амьд сорьцыг хувааж таллахгүй, бүтнээр нь эмгэг судлалын лабораторид илгээнэ. Эдийг хувааж өөр бусад лабораториудад илгээснээс онош, дүгнэлт зөрүүтэй гарсан бол эдийг хувааж илгээсэн эмч, эмнэлгийн мэргэжилтэн хариуцлага хүлээнэ.
2.4. Амьд сорьцыг 10 хувийн формалины саармаг буфер уусмалд бэхжүүлэн эмгэг судлалын тусламж, үйлчилгээ үзүүлдэг лабораторид илгээнэ.
2.5. Эмэгтэйчүүдийн ба эмэгтэйчүүдийн бус эс судлалын шинжилгээг түрхэц бэлтгэн 96%-ийн этилийн спирт эсхүл зориулалтын бэхжүүлэх уусмал, шүршигчээр бэхжүүлж эмгэг судлалын лабораторид илгээнэ.
2.6. Сорьцыг илгээхдээ Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан халдвартай материал, оношилгооны сорьц, биобэлдмэл тээвэрлэхтэй холбоотой тушаал, журам, халдвартай материал болон оношилгооны дээжийг аюулгүй тээвэрлэх удирдамжийг баримтлан тээвэрлэнэ.
Гурав. Амьд сорьцыг хүлээлцэх
3.1. Эмгэг судлалын лабораторид амьд сорьцыг тээвэрлэн хүргэх эрүүл мэндийн ажилтан нь амьд сорьцыг илгээх бичгийн хамт биечлэн хүлээлгэж өгнө.
3.2. Эрүүл мэндийн байгууллагаас амьд сорьц зөөвөрлөн ирсэн эмнэлгийн мэргэжилтэн ба эмгэг судлалын лабораторийн техникч нар амьд сорьцыг гараас гарт хүлээлцэн бүртгэж, баримтжуулан, архивд хадгална.
3.3. Дараах тохиолдлуудад амьд сорьцыг эмгэг судлалын тусламж, үйлчилгээ үзүүлдэг лабораторид хүлээн авахгүй эрүүл мэндийн байгууллагад буцаана;
3.3.1. Яаралтай хөлдөөн зүсэх шинжилгээ, эсийн өсгөвөр бэлтгэхээс бусад тохиолдолд амьд сорьцыг бэхжүүлээгүй байх;
3.3.2. Шаардлага хангаагүй сав, бэхжүүлэгч уусмалд бэхжүүлснээс амьд сорьц хатсан, ялзарсан байх;
3.3.3. Шингэн сорьц авснаас хойш 2 цагаас илүү хугацаа өнгөрсөн байх;
3.3.4. Илгээх бичиггүй, нэр хаяггүй, илгээх бичигт тэмдэглэсэн сорьцын мэдээлэл тохирохгүй байх;
3.3.5. Сорьц асгарч гоожсон, хемолиз болж задарсан, их хэмжээний өөх тос, бохирдол ихтэй байх;
3.3.6. Бэлтгэж илгээсэн түрхцийн тавиур шил хагарч гэмтсэнээс будалт хийх, микроскопт харах боломжгүй үед;
3.3.7. Сорьц тээвэрлэх журам зөрчигдсөн тохиолдол;
Дөрөв. Шинжилгээний дүгнэлт, хариу гаргах
4.1. Эмгэг судлалын тусламж, үйлчилгээ үзүүлдэг лабораторид хүлээн авсан амьд сорьцыг хематоксилин-эозин будгийн аргаар ажлын 5-8 хоногт онош дүгнэлт гаргана.
4.2. Эсийн эмгэг судлалын сорьцод ПАП, Романовский будгийн арга ба түүнтэй дүйцэхүйц будгийн аргаар шинжлэхэд ажлын 2-3 хоногт онош, дүгнэлт гаргана.
4.3. Өвчний онош тодруулах зорилгоор нэмэлт шинжилгээ хийх шаардлагатай бол ажлын 5 хоногоор сунгаж онош, дүгнэлт гаргана.
4.4. Мэс заслын явцад яаралтай хөлдөөн зүсэх шинжилгээ хийх тохиолдолд эмгэг судлалын лабораторид сорьц ирүүлснээс хойш 20-30 минутын дотор урьдчилсан дүгнэлт гаргаж илгээсэн эрүүл мэндийн байгууллагад утсаар мэдэгдэнэ.
4.5. Шинжилгээний онош, дүгнэлтийг Эрүүл мэндийн сайдын баталсан эд, эсийн шинжилгээний маягтын дагуу бөглөн сорьц илгээсэн эмчлэгч эмч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгнө.
Тав. Амьд сорьцын шинжилгээг хадгалах
5.1. Амьд сорьцын шинжилгээнд ирүүлсэн эдийг 1 сар, лааны тосон цутгамал эд ба бичил бэлдмэлийг 10 жил тус тус хадгална.
5.2. Эсийн эмгэг судлалын шинжилгээнд ирүүлсэн бичил бэлдмэлийг 5 жил хадгална.
Зургаа. Амьд сорьц, эдийг устгах
6.1. Эмгэг судлалын шинжилгээнээс гарсан хог хаягдлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан эмгэг хог хаягдал ангилах, ялгах, савлах, эцсийн устгал хийх журмын дагуу устган бүртгэж тэмдэглэнэ.
---oOo---
Текст томруулах
A
A
A