A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТ ЯВУУЛАХ БОЛОН ШАЛГАЛТ АВАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 06 -ны өдрийн  А/173 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

 

 

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТ ЯВУУЛАХ БОЛОН ШАЛГАЛТ АВАХ ЖУРАМ

 

 Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй /цаашид "ХАБЭА" гэнэ/-н сургалтын төрөл, агуулга, суралцагчид болон сургалт явуулах байгууллага, багшид тавигдах шаардлага,  сургалтын байгууллагыг бүртгэх, гэрчилгээ олгох, сунгах, цуцлах, хяналт тавих болон шалгалт зохион байгуулах, суралцагчдад сертификат олгох, ХАБЭА-н сургалтын байгууллага, багш, ажилтныг бүртгэхтэй холбогдох харилцааг Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон  энэхүү журмаар зохицуулна.

 

1.2. ХАБЭА-н сургалтын байгууллагын үйл ажиллагаанд хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний харьяа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллана.

 

1.3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллага нь орон тооны бус ХАБЭА-н сургалтын зөвлөлийг байгуулан ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах чиг үүргийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллагын дарга батлан хэрэгжүүлнэ.

 

Хоёр. Сургалтын төрөл, зохион байгуулалт

 

2.1. ХАБЭА-н сургалт нь дараах төрөлтэй байна:

2.1.1.               Ажил олгогч, удирдах ажилтны сургалт;

2.1.2.               Нийт ажилтны сургалт;

2.1.3.               ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалт;

2.1.4.               Үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалт; /цаашид "Эрсдэлтэй ажлын байрны сургалт" гэнэ/

2.1.5.               Олон нийтийн сургалт;

2.1.6.               Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчдад зориулсан ХАБЭА-н сургалт.

 

2.2. Ажил олгогч удирдах ажилтан болон нийт ажилтны сургалтыг аж ахуйн нэгж, байгууллагын ХАБЭА-н асуудал хариуцсан нэгж, албан тушаалтан, ХАБЭА-н зөвлөл зохион байгуулна. Эсхүл хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллагаас бүртгэлийн гэрчилгээ авсан сургалтын байгууллагатай гэрээ байгуулан зохион байгуулж болно.

 

2.3. ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалтыг аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудлыг хариуцан ажиллах ажилтныг бэлтгэх, давтан сургах /мэргэшүүлэх, чадавхжуулах, төрөлжүүлэх/ зорилгоор ХАБЭА-н сургалтын байгууллага зохион байгуулна.

 

2.4. Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь энэхүү журмын 5.1.7-д заасан ХАБЭА-н сургагч багшийн сургалтыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллага, их, дээд сургууль, мэргэжлийн байгууллага, холбоодтой хамтран зохион байгуулна. Сургалттай холбоотой зардлыг сургалтад хамрагдах хүсэлт гаргасан суралцагчдаас гаргуулж, төлбөртэй зохион байгуулж болно.

 

2.5. Олон нийтийн сургалтыг ХАБЭА-н сургалтын байгууллага жилд 1-ээс доошгүй удаа нийгмийн хариуцлагын хүрээнд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад зориулан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагыг хангасан агуулгыг багтаан зохион байгуулсан байна.

 

2.6. Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчдад зориулсан ХАБЭА-н сургалтыг жилд 1-ээс доошгүй удаа явуулна. Тухайн сургалтыг зохион байгуулах ХАБЭА-н сургалтын байгууллагын нээлттэй сонгон шалгаруулалтыг Нийгмийн даатгалын ерөнхий газар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллага хамтран зохион байгуулж, аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сургалтын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана. 

 

2.7. ХАБЭА-н сургалтыг олон нийтийг хамарсан цар тахал, гамшиг осол зэрэг давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөний улмаас танхимаар зохион байгуулах боломжгүй тохиолдолд цахим /зайн/ байдлаар зохион байгуулна. Цахим сургалт зохион байгуулахдаа сургалт явуулах удирдамж аргачлал, сургалтын хөтөлбөр, хичээлийн хэрэглэгдэхүүн зэргийг ХАБЭА-н сургалтын зөвлөлөөр хянуулж батлуулна.

 

Гурав. Суралцагчдад тавигдах шаардлага

 

3.1. Ажил олгогч, удирдах ажилтны сургалтад хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга, гишүүд, гүйцэтгэх захирал, бүх түвшний удирдах албан тушаалтан, хуулийн этгээдийн менежер, инженер техникийн ажилчид, ХАБЭА-н зөвлөлийн гишүүд, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комиссын гишүүд хамрагдана.

 

3.2. Эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа ажилтан 1 жил тутам зохих сургалтад хамрагдана.

 

3.3. Аж ахуйн нэгж, байгууллагын ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалтад хамрагдсан байна. ХАБЭА-н хөтөлбөрөөр их, дээд сургууль төгссөн ажилтан энэхүү сургалтад хамрагдахгүй байж болно. Тус сургалтад хамрагдах хүн нь техникийн ба түүнээс дээш түвшний боловсролтой байна.

 

3.4. Энэхүү журмын 2.1.4-т заасан сургалтад хамрагдах хүн нь техникийн болон түүнээс дээш боловсролтой, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байна. 

 

3.5. Энэхүү журмын 5.1.7-д заасан ХАБЭА-н сургагч багшийн сургалтад дараах шаардлагыг хангасан хүн хамрагдана.

3.5.1.               Дээд боловсролтой;

3.5.2.               ХАБЭА-н чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;

3.5.3.               ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалтад хамрагдсан эсхүл ХАБЭА-н хөтөлбөрөөр их, дээд сургууль төгссөн.

 

Дөрөв. Шалгалт зохион байгуулах, сертификат олгох

 

4.1. Ажилтны сургалтад хамрагдсан ажилтнаас тухайн сургалт зохион байгуулсан ХАБЭА-н асуудал хариуцсан нэгж, ажилтан, зөвлөл, эсвэл гэрээгээр сургалт зохион байгуулсан байгууллага нь шалгалт авч, ур чадварын байдлыг үнэлэн сертификатжуулна. 

 

4.2. Энэхүү журмын 5.1.7-д заасан ХАБЭА-н сургагч багшийн шалгалтыг ХАБЭА-н Үндэсний хорооны тогтоолоор батлагдсан комисс зохион байгуулна. 

 

4.3. Комиссын бүрэлдэхүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллагын болон мэргэжлийн холбоод, их, дээд сургуулийн багш, судлаачдыг оролцуулна. Комиссын гишүүн нь сурган заах арга зүйн болон ХАБЭА-н чиглэлээр 10 буюу түүнээс дээш жил ажилласан, ёс зүйн зөрчилд холбогдож байгаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй этгээд байна.

 

4.4. Комиссын гишүүдэд ажлын үр дүнгээс хамаарч урамшуулал олгоно.

 

4.5. Энэхүү журмын 5.1.7-д заасан ХАБЭА-н сургагч багш нь багш мэргэжилтэй, багшлах эрхийн сургалтад хамрагдсан бол ХАБЭА-н сургагч багшийн шалгалт өгч тэнцсэн тохиолдолд сертификат олгоно. 

 

4.6. Комиссын ажиллах журам, бүрэлдэхүүнийг ХАБЭА-н Үндэсний хорооны тогтоолоор батлах бөгөөд жилд 1 удаа үйл ажиллагаагаа ХАБЭА-н Үндэсний хороонд тайлагнана.

 

4.7. ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалтад хамрагдсан суралцагчдын төгсөлтийн шалгалтыг доорх байдлаар зохион байгуулна.

4.7.1.               ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан нь аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахад хангалттай түвшний онол, хууль тогтоомжийн мэдлэг, практик ур чадвартай эсэхийг үнэлнэ.

4.7.2.               ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалтын төгсөгчдөөс авах шалгалтын агуулга нь энэхүү журамтай хамт батлагдсан хөтөлбөртэй нийцсэн байна.

4.7.3.               Төгсөлтийн шалгалтыг хөндлөнгийн үнэлгээчид зохион байгуулна. Хөндлөнгийн үнэлгээ хийх ажлыг ХАБЭА-н сургалтын зөвлөлөөс баталсан удирдамжийн дагуу зохион байгуулна. Хөндлөнгийн үнэлгээ нь шударга, хараат бус, ижил тэгш байх зарчмаар явагдана.  

4.7.4.               Хөндлөнгийн үнэлгээчин болон баталгаажуулалтын ажилтныг сургаж бэлтгэх, давтан сургах, үнэлэх үйл ажиллагааг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллагын захиалгаар тухайн чиглэлийн асуудал хариуцсан төрийн үйлчилгээний байгууллага зохион байгуулна.

4.7.5.               Хөндлөнгийн үнэлгээ, баталгаажуулалтын дүнд үндэслэн ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалтад хамрагдсан төгсөгчдөд хөдөлмөрийн аюулгүй байдал,  эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллага сертификат олгож цахим бүртгэлд бүртгэнэ.  Сертификатад хөтөлбөрийн сэдэв, цаг, олгосон огноо, хүчинтэй хугацааг бичсэн байна. 

4.7.6.               ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнаар ажиллаж буй иргэн 5 жил тутам хөндлөнгийн үнэлгээнд хамрагдаж тэнцсэн байх, тэнцээгүй тохиолдолд өмнөх сертификатыг хүчингүй болгож олон нийтэд мэдээлэх бөгөөд иргэн дахин сургалтад хамрагдаж болно.

4.7.7.               ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалтад хамрагдсан боловч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллагын цахим бүртгэлд бүртгэлгүй эсвэл ХАБЭА-н сургалтын байгууллага нь татан буугдсан бол иргэдийн нотлох баримтыг үндэслэн хөндлөнгийн үнэлгээнд хамруулж тэнцсэн тохиолдолд нэгдсэн бүртгэлд бүртгэж сертификат олгоно.

 

4.8. Ажил олгогч, удирдах ажилтны сургалт, эрсдэлтэй ажлын байрны сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн суралцагчдад сургалт зохион байгуулсан байгууллага нь сертификат олгож бүртгэл үүсгэнэ. Сертификатад хөтөлбөрийн сэдэв, цагийг бичсэн байна. Сургалтын байгууллага, нэгж нь сургалтад хамрагдсан ажилтны талаар бүртгэл үүсгэх бөгөөд нэг бүрчлэн болон нэгдсэн байдлаар сертификат олгож болно.

 

4.9. ХАБЭА-н сургалтад хамрагдсан суралцагчдаас авах шалгалтыг ярилцлага, дадлага, тест, бусад хэлбэрээр зохион байгуулна. Шалгалтад тэнцээгүй ажилтнаар тухайн ажлын байранд ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.

 

4.10. Сургалтад хамрагдсан хүн шалгалтад тэнцээгүй, хангалтгүй дүн үзүүлсэн тохиолдолд давтан шалгалт өгөх эрхтэй.

 

Тав. Сургалт явуулах байгууллага, багшид тавигдах шаардлага

 

5.1. ХАБЭА-н сургалт явуулах байгууллага нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна. Үүнд:

5.1.1.                  ХАБЭА-н асуудлаар мэргэшсэн, үндсэн 3-аас доошгүй хөдөлмөрийн аюулгүй байдлын болон эрүүл ахуйн багш, арга зүйчтэй байх;

5.1.2.                  Энэхүү журамтай хамт батлагдсан ХАБЭА-н сургалтын хөтөлбөрийг үндэслэж сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулсан байх; /салбар, ажил мэргэжлийн онцлогт тохируулан сургалтын хөтөлбөр цаг агуулгыг нэмж болно/

5.1.3.                  Сургалтын анги танхимтай байх;

5.1.4.                  ХАБЭА-н сургалтын хөтөлбөрт заасан практик дадлыг эзэмшүүлэхэд шаардлагатай сургалтын техник, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнтэй байх;

5.1.5.                  ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны, эрсдэлтэй ажлын байрны сургалтын дадлага хичээлийг үйлдвэрлэлийн нөхцөл, ажлын байрны бодит орчинд хийлгэх боломжийг бүрдүүлсэн байх;

5.1.6.                  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллагаас бүртгэлийн гэрчилгээ авсан байх;

5.1.7.                  ХАБЭА-н сургагч багштай байх.

 

5.2. ХАБЭА-н сургалт явуулах багш дараах шаардлагыг хангасан байна:

5.2.1.                  Энэхүү журмын 5.1.7-д заасан ХАБЭА-н сургагч багш нь хөдөлмөрийн аюулгүй байдлын болон хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр мэргэшсэн, ХАБЭА-н асуудлаар 5-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх;

5.2.2.                  ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалтыг хөтөлбөрийн сэдэв, агуулгын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлын болон хөдөлмөрийн эрүүл ахуйн сургагч багш заах;

5.2.3.                  Эрсдэлтэй ажлын байрны сургалтыг заах багш нь тухайн мэргэжлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай, мэргэжлийн хүн байна.

5.3. Сургалтын байгууллага нь бүртгэлийн гэрчилгээний хүчинтэй хугацаанд 1-ээс доошгүй удаа ХАБЭА-н чиглэлээр сургалтын видео хичээл бэлтгэн олон нийт үнэ төлбөргүй үзэхээр цахимд байршуулсан байна. Видео хичээлийг ХАБЭА-н сургалтын зөвлөлөөр хянуулж, байршуулна.

 

Зургаа. Сургалтын байгууллагыг бүртгэх, гэрчилгээ олгох

 

6.1. ХАБЭА-н сургалт явуулахаар бүртгэлийн гэрчилгээ авах хүсэлтэй байгууллага дараах баримт бичгийг бүрдүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллагад ирүүлнэ.

6.1.1.                  Бүртгэлийн гэрчилгээ авахыг хүссэн албан бичиг;

6.1.2.                  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; /үйл ажиллагааны чиглэл тохирсон байх/

6.1.3.                  Багш нарын анкет, иргэний үнэмлэх, боловсролын баримт бичиг, мэргэшлийн болон багшлах эрх, ХАБЭА-н сургагч багшийн сертификатын хуулбар;;

6.1.4.                  Салбарын онцлогт тохирсон ХАБЭА-н сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө; /цаг, агуулга тодорхой, эзэмшвэл зохих мэдлэг, чадварыг  тодорхой бичих/

6.1.5.                  Сургалт явуулах байр, танхим, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангагдсан байдлыг гэрчлэх баримт, танилцуулга; /гэрээ, гэрчилгээ, фото зураг г.м/

6.1.6.                  Аж ахуйн нэгж, байгууллага дээр дадлага сургалт зохион байгуулах бол энэ талаар харилцан тохиролцсон шийдвэр; /гэрээ, албан бичиг/

6.1.7.                  ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны болон эрсдэлтэй ажлын байрны сургалтын сонгосон чиглэлээр дадлага болон семинарын хичээлийн удирдамж, дадлагын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн баталгаажилт.

 

6.2. ХАБЭА-н  бүртгэлийн гэрчилгээ авах байгууллага нь албан хүсэлт, холбогдох баримт бичгээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллагад ирүүлнэ.  Хөдөлмөрийн аюулгүй байдал,  эрүүл мэндийн асуудал  хариуцсан байгууллага нь ажлын 20 хоногт багтаан сургалтын орчин нөхцөлд шаардлагатай тохиолдолд үзлэг үнэлгээ хийж шаардлага хангасан байгууллагад ажил олгогч, ажилтан, тусгай, олон нийтийн сургалтын төрлөөр бүртгэлийн гэрчилгээ олгоно.

 

6.3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллага нь ажлын 20 хоногт багтаан хариу өгөөгүй тохиолдолд өргөдөл өгсөн байгууллага тухайн чиглэлээр сургалт явуулах эрхтэй. Өргөдөл, хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

 

6.4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллага нь ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалт болон эрсдэлтэй ажлын байрны сургалтын сонгосон чиглэлээр бүртгэлийн  гэрчилгээ авах байгууллагын баримт бичиг болон сургалтын орчин нөхцөлд үзлэг үнэлгээ хийж шаардлага хангасан гэж үзвэл  дүгнэлт, саналаа ХАБЭА-н Үндэсний хорооны хурлаар хэлэлцүүлнэ. 

 

6.5. ХАБЭА-н Үндэсний хорооны хурлын тэмдэглэлийг үндэслэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллага сургалтын байгууллагыг  бүртгэж, гэрчилгээ олгоно.

 

6.6. Эрсдэлтэй ажлын байрны сургалт  явуулах байгууллагыг бүртгэж, гэрчилгээг дараах байдлаар ангилж олгоно:

6.6.1.                  Даралтад сав, шугам хоолойтой харьцаж ажиллах ажилтны сургалтыг зуух, уур, усны даралтад сав болон газрын тос, хийн даралтад савны гэж төрлөөр нь;

6.6.2.         Өргөх, зөөх, тээвэрлэх механизмтай харьцаж ажиллах аюулгүй ажиллагааны сургалтыг техникийн нэршлээр нь ангилж олгоно.

 

6.7. ХАБЭА-н сургалтын байгууллагад олгох гэрчилгээний хүчинтэй хугацаа 3 жил байна.

 

6.8. Гэрчилгээнд олгосон огноо, хүчинтэй байх хугацаа, дуусах огноо, ХАБЭА-н сургалтын төрөл, эрсдэлтэй ажлын байрны сургалтын чиглэл, бусад шаардлагатай мэдээллийг оруулна.

 

6.9. ХАБЭА-н сургалтын байгууллагад олгосон гэрчилгээний дугаар давхцахгүй байна.

 

 Долоо. Бүртгэлийн гэрчилгээний хугацааг сунгах, цуцлах, хүчингүй болгох

 

7.1. ХАБЭА-н сургалтын бүртгэлийн гэрчилгээний хугацаа сунгуулах, төрөл нэмүүлэх, хасуулах хүсэлтээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллагад сургалтын үйл ажиллагааны талаарх тайлан, мэдээгээ холбогдох баримт бичгийн хамт ажлын 30 хоногийн өмнө ирүүлж шийдвэрлүүлнэ.

 

7.2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллага нь ажлын 10 хоногийн дотор судлан, шаардлагатай тохиолдолд сургалтын орчны үзлэг, үнэлгээ хийж, шаардлага хангасан байгууллагын бүртгэлийн гэрчилгээг 3 хүртэл жилийн хугацаагаар сунгана.

 

7.3. Шинээр авах болон сунгах, төрөл нэмэхтэй холбоотой үзлэг үнэлгээний ажлын зардлыг тухайн сургалтын байгууллага бүрэн хариуцна.

 

Найм. ХАБЭА-н сургалтын байгууллага, багш, ажилтны бүртгэл,

зохион байгуулалт

 

8.1. ХАБЭА-н сургалтын талаарх бүртгэл дараах төрөл /нэгж/-тэй байна:

8.1.1.                  ХАБЭА-н сургалтын байгууллага;

8.1.2.                  ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан;

8.1.3.                  Эрсдэлтэй ажлын байрны сургалтад хамрагдсан иргэд;

8.1.4.                  ХАБЭА-н сургагч багш;

8.1.5.                  ХАБЭА-н сургалтын тайлан мэдээ.

 

8.2. ХАБЭА-н сургалт явуулахаар бүртгүүлж, гэрчилгээ авсан байгууллага дараах мэдээллийг бүртгэлд оруулна:

8.2.1.                  Байгууллагын нэр, лого, өмчийн хэлбэр, танилцуулга, регистрийн дугаар;

8.2.2.                  Сургалтын байгууллагын хаяг байршил;

8.2.3.                  ХАБЭА-н сургалтын төрөл;

8.2.4.                  Салбар, ажил мэргэжлийн онцлогт тохирсон сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө;

8.2.5.                  Үндсэн багш нарын мэдээлэл;

8.2.6.                  Удирдлагын талаарх мэдээлэл.

 

8.3. ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны бүртгэл доорх мэдээллийг багтаана:

8.3.1.                  ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны хувийн мэдээлэл /овог нэр, регистр, хүйс, цахим хаяг, утасны дугаар/;

8.3.2.                  Сертификатын дугаар;

8.3.3.                  Төгссөн огноо;

8.3.4.                  Сургалтын байгууллагын нэр;

8.3.5.                  Онолын болон ур чадварын шалгалтын үнэлгээ;

8.3.6.                  Хүчинтэй хугацаа;

8.3.7.                  Тайлбар.

 

8.4. Эрсдэлтэй ажлын байрны сургалтад хамрагдсан ажилтны бүртгэл доорх мэдээллийг багтаана:

8.4.1.                  Сургалтад хамрагдсан иргэний мэдээлэл /овог нэр, регистр, албан тушаал/;

8.4.2.                  Сургалтын байгууллагын нэр;

8.4.3.                  Төгссөн огноо;

8.4.4.                  Шалгалтын үнэлгээ;

8.4.5.                  Хүчинтэй хугацаа.

 

8.5. Энэхүү журмын 5.1.7-д заасан ХАБЭА-н сургагч багшийн сургалтад хамрагдсан иргэдийн бүртгэлд доорх мэдээллүүд багтана:

8.5.1.                  Сургагч багшийн мэдээлэл /овог нэр, регистр/;

8.5.2.                  Төгссөн огноо;

8.5.3.                  Шалгалтын үнэлгээ.

 

8.6. Мэдээллийг бүртгэлд доорх байдлаар оруулна:

8.6.1.                  Сургалтын байгууллага мэдээллийг гэрчилгээ авснаас хойш ажлын 5 хоногт багтааж, мэдээлэлд өөрчлөлт орсон бол тухай бүрд нь шинэчилнэ.

8.6.2.                  ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны мэдээллийг шалгалт зохион байгуулснаас хойш ажлын 10 хоногт багтаан бүртгэлд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллага бүртгэнэ.

8.6.3.                  Эрсдэлтэй ажлын байрны сургалтад хамрагдсан ажилтны мэдээллийг сургалтын байгууллага шалгалт авч баталгаажуулсан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан оруулна.

8.6.4.                  ХАБЭА-н сургагч багшийн сургалтад хамрагдсан багшийн талаарх мэдээллийг сертификат олгогдсоноос хойш 5 хоногт багтаан хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага бүртгэлд бүртгэнэ.

 

8.7. Сургалтын байгууллага нь сургалтын төрөл бүрээр сургалтад хамрагдсан байгууллага, ажилтны талаарх мэдээллийг улирал бүр гаргаж дараа сарын 05-ны өдрийн дотор бүртгэлд оруулна.

 

8.8. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллага нь ХАБЭА-н сургалтын байгууллагуудын тайлан мэдээг хагас жил, жилээр нэгтгэн гаргаж, дараа сарын 21-ний өдрийн дотор хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Ес. Хяналт

 

9.1. ХАБЭА-н сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанд 2 жил тутам хяналт үнэлгээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулж, дүгнэлт гаргана.

 

9.2. Хяналт үнэлгээний дүнг ХАБЭА-н Үндэсний хороонд танилцуулж, хангалтгүй дүн үзүүлсэн эсхүл ажил олгогч, ажилтан, иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу сургалтын бүртгэлийн гэрчилгээг цуцлах, түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

 

9.3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллага нь ажил олгогч, ажилтны болон  олон нийтийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээ бүхий байгууллагатай холбоотой гомдол саналын дагуу болон бүртгэлийн гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгах хүсэлт ирүүлээгүй бол цуцлах, түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

 

9.4. ХАБЭА-н бүртгэлийн гэрчилгээ олгох, сунгахтай холбогдсон асуудлаар хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад батлагдсан маягтын дагуу жилд 2 удаа тайлан гаргаж хүргүүлнэ. 

 

Арав. Хариуцлага

 

10.1. ХАБЭА-н сургалтыг хууль тогтоомж, стандартын шаардлагын хэмжээнд зохион байгуулаагүй, гэрчилгээ аваагүй, гэрчилгээний хугацаа дууссан байгууллага сургалт явуулсан тохиолдолд салбарын хяналтын улсын байцаагч хууль тогтоомжид заасан эрхийнхээ дагуу арга хэмжээ авна.

 

10.2. Сургалтад суугаагүй иргэнд сертификат олгосон, сертификат хуурамчаар үйлдсэн, зассан, хосолсон сертификат олгосон, сургалтын материалыг хуурамчаар бүрдүүлсэн, хуурамч бичиг баримт ашигласан зэрэг зөрчлүүдийг гаргасан нь холбогдох эрх бүхий байгууллагаар нотлогдвол ХАБЭА-н сургалтын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож олон нийтэд мэдээлнэ.

 

10.3. Бүртгэлийн тайланг үндэслэн тайлант хугацаанд сургалт явуулаагүй төрлийг хасах, 1 жилээс дээш хугацаанд сургалтын үйл ажиллагаа  явуулаагүй, тайлбар, тайлан мэдээ ирүүлээгүй тохиолдолд бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож олон нийтэд мэдээлэх үүргийг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллага хариуцна.

 

10.4. ХАБЭА-н сургалтын байгууллага нь журмын 9.2, 9.3, 10.1, 10.4, 10.5 дахь заалтад тусгагдсаны дагуу бүртгэлийн гэрчилгээ нь хүчингүй болсон байгууллага, хуулийн этгээдийн дахин гэрчилгээ олгуулах болон төрөл нэмүүлэх хүсэлтийг хүлээн авах хугацаа 2 жил байна.

 

10.5. Доорх зөрчлийг гаргасан тохиолдолд холбогдох сургалтыг хүчингүйд тооцож, сертификатыг хүчингүй болгох үндэслэл болно: 

 

10.5.1.          ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалтад хамрагдаж төгссөн иргэдэд сургалтын байгууллагаас давхар болон нэмэлт баримт олгосон;

10.5.2.          Сертификатад төрийн захиргааны төв байгууллага болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллагын нэр, логог ашигласан;

10.5.3.          Хуурамч бичиг баримт олгосон, сургалтад суралцаагүй хүнд баримт бичиг олгосон.

Арван нэг. Сургалтын санхүүжилт

 

11.1. Ажил олгогч нь ХАБЭА-н сургалт зохион байгуулахад шаардлагатай байр, техник, хэрэгсэл, сургалтын материал бусад шаардлагатай зардлыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.1-д заасны дагуу санхүүжүүлнэ.

 

11.2. Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчид, бусад хамаарал бүхий иргэдэд хийх ХАБЭА-н сургалтын зардлыг Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн тухайн жилийн төсөвт тусгаж шийдвэрлэнэ.

 

 

... оОо ...

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1