- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ИРГЭДИЙГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 483
Улаанбаатар хот
ИРГЭДИЙГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 1.1.10, 3.7.8, 6.2.8, "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын 2022 оны 65 дугаар тогтоолын 2 дахь заалтын 8 дахь дэд заалтыг тус тус үндэслэн "Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 93 дугаар тогтоолын 1 дэх заалтын 1, 2-т заасныг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Засгийн газраас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан иргэдийг орон сууцжуулах чиглэлээр дараах таван багц үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тогтсугай:
1.1.Миний анхны байр-Иргэн анх удаа өөрийн өмчлөлийн орон сууцтай болоход төрөөс дэмжлэг үзүүлэх;
1.2.Миний түрээсийн орон сууц-Зөвхөн түрээслэх зориулалттай, өмчлөгдөхгүй орон сууцаар иргэдийг хангах;
1.3.Миний амины орон сууц-Иргэн амины орон сууц шинээр барих, эсхүл одоо амьдарч байгаа амины орон сууцныхаа нөхцөлийг сайжруулах, дэд бүтцэд холбох зэрэг орон сууцны таатай нөхцөлийг бүрдүүлэх;
1.4.Миний сонголт орон нутаг-Төвлөрлийг сааруулах, хөдөөгийн хөгжлийг дэмжих хүрээнд орон нутагт орон сууцны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
1.5.Миний сонголт төрийн алба-Төрийн албан хаагчид төрийн албанд ажилласан хугацаагаар нь тооцож орон сууцны урьдчилгаа төлбөрийн тодорхой хувийг олгох.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан доор дурдсан арга хэмжээг судалж Үндэсний орон сууцжуулах Үндэсний хороогоор хэлэлцүүлсний үндсэн дээр шийдвэрлүүлж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтанд даалгаж, Монголбанк (Б.Лхагвасүрэн), Санхүүгийн зохицуулах хороо (Д.Баярсайхан), Үндэсний статистикийн хороо (Б.Батдаваа)-нд тус тус зөвлөсүгэй:
2.1.Үндэсний орон сууцны санхүүжилтийн корпорацийн хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, 2024 оны II улиралд багтаан байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т;
2.2.Орон сууцны ипотекийн хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрийг гадаад болон дотоод зах зээлээс бүрдүүлэх, Монголбанкны эзэмшиж байгаа орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан бонд, шаардах эрхийг холбогдох хууль тогтоомж, журамд нийцүүлэн үе шаттайгаар Засгийн газарт шилжүүлж авах, зээлийн эх үүсвэрийг банкнуудад хуваарилах ажлыг Монголбанктай хамтран хэрэгжүүлэх талаар зохих арга хэмжээ авч ажиллахыг Монголбанк (Б.Лхагвасүрэн), Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нарт;
2.3.Дундаж орлоготой иргэдийг орон сууцаар хангахад шаардагдах хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд "Орон сууцны ипотекийн санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр"-ийн зээлийн санхүүжилтийн орон сууцны талбай болон жилийн хүүгийн хэмжээнд тавигдах шалгуурыг 60 м.кв хүртэл 6 хувь, 61-80 м.кв хүртэл 8 хувь байхаар тус тус тогтоож, холбогдох журамд өөрчлөлт оруулахыг Монголбанк (Б.Лхагвасүрэн)-нд;
2.4.Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, эх үүсвэрээ бие даасан болон хэсэгчилсэн байдлаар шийдвэрлэсэн амины орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн урт хугацааны ногоон санхүүжилтийн арга хэрэгслийг шийдвэрлэх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх асуудлыг судалж, зохих шийдвэрийн төсөл боловсруулахыг Сангийн сайд Б.Жавхланд;
2.5.Орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн жилийн нийт санхүүжилтийн 25-аас доошгүй хувийг Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд шинээр бий болсон орон сууц худалдан авахад зориулж олгох ажлыг зохион байгуулахыг Монголбанк (Б.Лхагвасүрэн)-нд;
2.6.Өмнө бүрдүүлсэн төрийн түрээсийн орон сууцны санг хадгалах, цаашид тогтвортой нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Засгийн газрын 2022 оны 220 дугаар тогтоолын 1.1 дэх хэсэгт заасан орон сууцны төсөл хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан өр төлбөрийг барагдуулахаар "Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК-аас гаргасан үнэт цаасны төлбөрийн үүргийг улсын төсөвт тусгаж шийдвэрлүүлэх төлөвлөгөө боловсруулж, танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд;
2.7.Энэ тогтоолын 2.6-д заасан үнэт цаасны төлбөрийг чөлөөлсөнтэй холбогдон бий болох орон сууцны түрээсийн орлогын хуримтлалыг аймгийн төвийн сумаас бусад сумдад 50 м.кв хүртэл талбай бүхий түрээсийн орон сууцны тоог нэмэгдүүлэх үйл ажиллагаанд зарцуулах төлөвлөгөө боловсруулж, танилцуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т;
2.8.Иргэд орон нутагт шилжин, тогтвортой суурьших орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор орон сууцны төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх бүс нутгийг тодорхойлж, шаардлагатай газрыг чөлөөлж, олгох арга хэмжээ авч ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (А.Энхманлай), аймгийн Засаг дарга нарт;
2.9.Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон нутгийн иргэдийн амьдрах тав тухтай орчныг бий болгох зорилгоор цаашид хот суурин болж хөгжих боломжтой сумдад орон сууц барих талаар шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн болон аймгийн Засаг дарга нарт, шаардагдах санхүүжилтийг тухайн жилийн батлагдсан төсөвт багтаан судлан шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхланд;
2.10.Орон нутаг дахь төрийн үйлчилгээг сайжруулах, төрийн албан хаагчдыг орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төрийн албан хаагчдад зориулсан орон сууцны төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн болон аймгийн Засаг дарга нарт, шаардагдах санхүүжилтийг тухайн жилийн батлагдсан төсөвт багтаан судлан шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхланд;
2.11.Дээрх төрийн орон сууцны дэмжлэгт хамруулах иргэн, өрхийг тодорхойлж, мэдээллийн сан үүсгэх ажлыг зохион байгуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад, тодорхойлсон мэдээллийн санг цахим системд нэвтрүүлж, хэрэгжүүлэгч байгууллагууд тухай бүр хандах боломж нөхцөлөөр хангаж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Үндэсний статистикийн хороо (Б.Батдаваа)-нд.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2018 оны 369 дүгээр тогтоолоор баталсан "Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам"-ын 4.2.3 дахь дэд заалтын "хүү нь 8 хувь" гэсний дараа "хүртэл" гэж нэмсүгэй.
4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Ц.ДАВААСҮРЭН
Текст томруулах
A
A
A
