A

A

A

Бүлэг: 1979

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/200 дугаар тушаалын  нэгдүгээр хавсралт

 

Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулахад баримтлах журам

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэхүү журмын зорилго нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу даатгуулагчийн хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийг бүртгэх, нийгмийн даатгалд сайн дураар даатгах, гэрээ байгуулах, хугацааг нь сунгах, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ, гэрээ дуусгавар болгох, цуцлах, хүчингүйд тооцох, талуудын эрх, үүрэг, тайлан гаргах, хяналт тавих, маргаан шийдвэрлэх, хариуцлагатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

Хоёр. Сайн дурын даатгалд хамрагдах даатгуулагч

 

2.1.Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд дараах хөдөлмөр эрхлэгч даатгуулагч, иргэн хамрагдана. Үүнд:

 2.1.1.нийгмийн даатгалд албан журмаар даатгуулснаас бусад иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч, хувиараа тээвэр эрхэлдэг жолооч, бичил уурхай эрхлэгч, газар тариалан эрхлэгч (ногоочин), төрөөс олгох урамшуулалд хамрагдсан иргэн, хөдөлмөрийн чадвараа алдсан хүн, оюутан, гэрийн үйлчилгээний болон түүнтэй адилтгах ажилтан, цалингүй нэг ба түүнээс дээш сарын захиргааны чөлөө авсан ажилтан, гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэн, тус улсад амьдарч байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн;

 2.1.2.гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй эх;

 2.1.3.малчин, туслах малчин;

2.1.4.эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа ажил хөдөлмөр эрхлээгүй эх /эцэг/.

 

Гурав. Сайн дураар даатгуулсан тухай гэрээ

байгуулахад бүрдүүлэх баримт бичиг

 

3.1.Даатгуулагч сайн дурын даатгалд даатгуулахдаа дараах баримт бичгийг цаасан эсхүл цахим хэлбэрээр бүрдүүлнэ. Үүнд:

3.1.1.иргэний үнэмлэх;

3.1.2.энэ журмын 2.1.2-т заасан даатгуулагч нь хүүхдийн төрсний гэрчилгээ;

3.1.3.энэ журмын 2.1.3-т заасан даатгуулагч нь гэрээ байгуулахын өмнөх жилийн мал, тэжээвэр амьтад, малын хашаа, худгийн тооллогын маягт (цаашид "мал тооллогын "А" данс" гэх);

3.1.4.малчин өрхийн гишүүн нь малчин өрхийн бүртгэлд малчнаар бүртгэгдсэн баримт бичиг;

3.1.5.туслах малчин нь малчинтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ;

3.1.6.энэ журмын 2.1.4-т заасан даатгуулагч нь хүүхдийн төрсний гэрчилгээ, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тодорхойлолт.

 

3.2.Сайн дураар даатгуулагчийн баримт бичгийн мэдээллийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасны дагуу төрийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сангаас цахимаар авч, ашиглаж болно.

 

Дөрөв. Сайн дураар даатгуулсан тухай гэрээ

байгуулах, гэрээний хугацаа, шилжилт хөдөлгөөн хийх

 

4.1.Энэ журмын 2.1-д заасан даатгуулагч нь нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах тухай хүсэлтээ аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага (байцаагч)-д өөрийн биеэр, эсхүл цахимаар гаргаж, эхний сарын шимтгэлээ төлсөн тохиолдолд уг хүсэлтийг нь үндэслэн, Нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) тухайн даатгуулагчтай "Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээ" (цаашид "гэрээ" гэх)-г байгуулна.

 

4.2.Гэрээнд тухайн гэрээний үргэлжлэх хугацаа, даатгуулагчийн шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлого (цаашид "цалин хөлс" гэх)-ын хэмжээ, сард төлөх шимтгэлийн хэмжээг тодорхой тусгана.

 

4.3.Даатгуулагч гэрээ байгуулах хүсэлтийн дагуу шимтгэлээ төлсөн сараас эхлэн уг гэрээг хэрэгжиж эхэлсэнд тооцно.

 

4.4.Нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) нь батлагдсан маягтын дагуу даатгуулагчтай байгуулсан гэрээг 2 хувь үйлдэж, нийгмийн даатгалын байцаагч, даатгуулагч тус тус гарын үсэг зурснаар уг гэрээ баталгаажна.

 

4.5.Даатгуулагч цахимаар гэрээ байгуулж буй тохиолдолд гэрээний нөхцөлтэйгөө танилцаж, "гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна" сонголтыг сонгосноор байцаагч болон даатгуулагчийг уг гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулснаар тооцно.

 

4.6.Даатгуулагч малчин, туслах малчин нь цахимаар 12 сар хүртэл хугацаагаар гэрээ байгуулах хүсэлт гаргасан тохиолдолд уг даатгуулагчийн цахимаар хавсаргасан баримт бичгийг байцаагч хянан шалгаснаар гэрээ баталгаажна.

 

4.7.Mалчин болон малчин өрхийн мал маллаж буй гишүүнийг мал тооллогын "А" дансанд малчнаар бүртгэгдсэн нэр, регистр (иргэний бүртгэлийн дугаар), малчинтай ямар хамааралтайг нотлох баримт бичиг, туслах малчин, малчин хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон малчны мал тооллогын "А" дансны баримтыг байцаагч хянан, шалгаснаар гэрээ баталгаажна. Малчин гэдгийг нотлох баримт бичиг бүрдээгүй байхад шимтгэл төлсөн хугацааг тухайн даатгуулагчийг малчнаар даатгуулсан хугацаанд тооцохгүй.

 

4.8.Сайн дурын даатгалын гэрээний хугацаа 12 сар байна. Тусгайлсан нөхцөлөөр байгуулах гэрээг доор дурдсан хугацаагаар байгуулж болно:

4.8.1.Энэ журмын 2.1.2-т заасан даатгуулагч эхийн гэрээг хүүхдийг нь 3 нас хүртэл хугацаагаар байгуулна. Харин даатгуулагч эх уг гэрээний хугацаанд дахин хүүхэд төрүүлбэл шинээр төрсөн хүүхдийн мэдээлэлд үндэслэн гэрээг шинэчлэн байгуулна. Энэ тохиолдолд өмнөх гэрээгээр тохирсон шимтгэлийг бүрэн төлсний дараа гэрээг шинээр байгуулна.

4.8.2.Энэ журмын 2.1.3-т заасан даатгуулагчийн төлөх даатгалын шимтгэлийг улсын төсвөөс хариуцан төлөх хугацаа 5 хүртэл жил байна.

4.8.3.Энэ журмын 2.1.4-т заасан даатгуулагчийн гэрээг байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тодорхойлолтод заасан хугацаагаар байгуулна.

 

4.9.Журмын 2.1.1-д заасан даатгуулагч гэрээний нөхцөлөө энэ журмын 2.1.2, 2.1.3, 2.1.4-т заасан нөхцөлөөр өөрчлөх хүсэлт гаргасан тохиолдолд гэрээг шинээр байгуулна. Энэ тохиолдолд өмнөх гэрээгээр тохирсон шимтгэлийг бүрэн төлсөн байна.

 

4.10.Даатгуулагч өмнө байгуулсан гэрээний хугацаа дууссаны дараагийн сард багтаан шимтгэл төлсөн тохиолдолд гэрээний хугацааг өмнөх гэрээний нөхцөлөөр үргэлжлүүлэн сунгасанд тооцно. Даатгуулагч өмнө нь байгуулсан гэрээний нөхцөлөө өөрчлөх тохиолдолд хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад гаргаж холбогдох өөрчлөлтийг тусган гэрээний хугацааг сунгана.

 

4.11.Даатгуулагч гэрээний хугацаагаа сунгах хүсэлт гаргасан боловч өмнөх гэрээ дууссанаас хойш 1 ба түүнээс дээш сарын дараа шимтгэл төлсөн бол шимтгэл төлсөн сараас нь эхлэн гэрээг шинээр байгуулсанд тооцно.

 

4.12.Өмнө нь дуусгавар болсон гэрээний хугацаанд шимтгэлээ бүрэн төлөөгүй даатгуулагчийн тухайн төлөгдөөгүй хугацааны шимтгэлийг нөхөн төлүүлэхгүй.

 

4.13.Тухайн жилд гэрээний маягт шинэчлэн батлагдсан тохиолдолд өмнө нь байгуулсан гэрээний хугацаанд гэрээг хуучин маягтаар нь үргэлжлүүлнэ. Харин гэрээний хугацааг сунгах эсхүл гэрээний хугацаа дууссан бол шинэ маягтын дагуу даатгуулагчтай гэрээг шинээр байгуулна.

 

4.14.Гэрээний хугацаанд нийгмийн даатгалын байгууллага хооронд шилжих хүсэлт гаргасан даатгуулагчийн шимтгэл төлөлтийн тооцоог бүрэн хийснээр уг хүсэлтийг шийдвэрлэж, сайн дурын даатгалын хувийн хэрэг, холбогдох баримт бичгийг шилжүүлсэн нийгмийн даатгалын байгууллагын архивт хадгална.

 

4.15.Энэ журмын 4.14-т заасны дагуу шилжиж ирсэн даатгуулагчийн гэрээнд тусгагдсан мэдээлэл, шимтгэл төлөлтийн тооцоог шалгасны дараа түүнийг өмнөх гэрээнд заасан нөхцөлөөр нь шимтгэлийг үргэлжлүүлэн төлүүлж, шилжиж ирсэн нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) хувийн хэрэг нээж холбогдох тооцоог хийнэ.

 

Тав. Даатгуулагчийн шимтгэл төлөх сарын

цалин хөлс, шимтгэл төлөх хувь хэмжээ, илүү

төлсөн шимтгэлийн зохицуулалт

 

5.1.Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулж буй энэ журмын 2.1-д заасан даатгуулагч нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу өөрөө мэдүүлсэн цалин хөлснөөс шимтгэл төлнө.

5.1.1.Сайн дураар даатгуулагчийн шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох сарын цалин хөлсний доод хэмжээ нь тухайн мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна.

 

5.2.Гэрээний хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос шинэчлэн тогтоосон тохиолдолд уг шийдвэр хэрэгжих хугацаанаас нь эхлэн шимтгэл төлөх цалин хөлсний орлогын доод хэмжээг өөрчилж, энэ талаар даатгуулагчид мэдэгдэнэ.

 

5.3.Даатгуулагч гэрээгээр тохирсон, өөрийн мэдүүлсэн сарын цалин хөлснөөс Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр төлөх үүрэг хүлээнэ.

 

5.4.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан шимтгэлийн хувь хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд уг хувь хэмжээ хэрэгжиж эхлэх хугацаанаас эхлэн төлөх шимтгэлийн хэмжээг өөрчлөгдсөн хувиар тооцно.

 

5.5.Гэрээг дуусах хүртэл хугацаанд энэ журмын 5.2, 5.3-т зааснаас бусад тохиолдолд гэрээгээр тохирсон цалин хөлс, шимтгэлийн хувь хэмжээг өөрчлөхгүй.

 

5.6.Энэ журмын 2.1.2, 2.1.4-т заасан даатгуулагчийн цалин хөлсний хэмжээг гэрээ байгуулснаас хойш 12 сар тутамд нэг удаа өөрчилж болно.

 

5.7.Доор дурдсан даатгуулагчийн өөрөө төлөх шимтгэлийг дараах байдлаар тодорхойлно:

5.7.1.гурав хүртэлх насны хүүхдээ асарч байгаа даатгуулагч эх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс шимтгэл төлөх тохиолдолд тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлийн 50 хувийг тэтгэмжийн даатгалын сан болон улсын төсвөөс, тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлийн үлдэх 50 хувь болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг даатгуулагч өөрөө бүрэн хариуцан тус тус төлнө.

5.7.2.гурав хүртэлх насны хүүхдээ асарч байгаа даатгуулагч эх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш орлогоос шимтгэл төлөх бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон тэтгэмжийн даатгалын сан болон улсын төсвөөс хариуцан төлөх тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлийн 50 хувийг хассан дүнгээр буюу тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлийн зөрүү, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг өөрөө бүрэн хариуцан төлнө.

5.7.3алчин, туслах малчин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс шимтгэл төлөх тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс, тэтгэврийн даатгалын шимтгэлийн үлдэх 50 хувь болон тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг даатгуулагч өөрөө бүрэн хариуцан тус тус төлнө.

5.7.4.малчин, туслах малчин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш орлогоос шимтгэл төлөх бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон улсын төсвөөс хариуцан төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг хассан дүнгээр буюу тэтгэврийн даатгалын шимтгэлийн зөрүү болон тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг өөрөө бүрэн хариуцан төлнө.

5.7.5.эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа ажил хөдөлмөр эрхлээгүй эх, эсхүл эцэг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс шимтгэл төлөх тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэлийг улсын төсвөөс бүрэн, тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг даатгуулагч өөрөө бүрэн хариуцан тус тус төлнө.

5.7.6.эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа ажил хөдөлмөр эрхлээгүй эх, эсхүл эцэг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш орлогоос шимтгэл төлөх бол улсын төсвөөс төлөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон тэтгэврийн даатгалын шимтгэлийг хассан дүнгээр буюу тэтгэврийн даатгалын шимтгэлийн зөрүү болон тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг өөрөө бүрэн хариуцан төлнө.

 

5.8.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.10-т заасны дагуу сайн дураар даатгуулсан хугацаанд Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр ажилласан бол албан журмаар даатгуулж давхар шимтгэл төлж болно.

 

5.9.Энэ журмын 5.8-д зааснаас бусад тохиолдолд албан журмын даатгалтай давхардуулан сайн дураар даатгуулахгүй.

 

5.10.Сайн дурын даатгалд даатгуулсан хугацаанд хөдөлмөрийн гэрээгээр ажилласан тохиолдолд сайн дурын даатгалын шимтгэлийг даатгуулагчид буцаан олгоно. Даатгуулагчийн илүү төлсөн шимтгэлийг буцаан олгох, эсхүл дараагийн сар, улирал, жилийн төлбөл зохих шимтгэлд шилжүүлэн тооцоход нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан "Илүү төлсөн шимтгэлийг буцаан олгох харилцааг зохицуулсан журам"-ыг баримтална.

Зургаа. Гэрээ дуусгавар болгох,

цуцлах, хүчингүйд тооцох

 

6.1.Сайн дурын даатгалын гэрээний хугацаа 12 сар байна.

 

6.2.Даатгуулагчийн гэрээний хугацаа дараах тохиолдолд дуусгавар болно:

6.2.1.гэрээгээр тохирсон хугацаа дуусгавар болсон;

6.2.2.өндөр насны тэтгэвэр тогтоолгосон сараас;

6.2.3.даатгуулагч гэрээний хугацааг дуустал хугацаагаар хөдөлмөрийн гэрээгээр ажил хөдөлмөр эрхэлсэн бол тухайн сараас;

6.2.4.даатгуулагч эхийн хүүхэд нь 3 нас хүрээгүй байхдаа бусдад үрчлэгдсэн, нас барсан эсхүл 3 нас хүрсэн бол түүний дараагийн сараас;

6.2.5.энэ журмын 2.1.3-т заасан даатгуулагч малчнаас өөр хэлбэрээр ажил эрхэлсэн сараас;

6.2.6.туслах малчны гэрээ цуцлагдсан, гэрээний хугацаа дууссан дараагийн сараас;

6.2.7.энэ журмын 2.1.4-т заасан даатгуулагчийн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тодорхойлолтын хугацаа дуусгавар болсон, цуцлагдсан, 18 нас хүрсэн эсхүл 18 нас хүрээгүй байхдаа бусдад үрчлэгдсэн, нас барсан бол түүний дараагийн сараас;

6.2.8.даатгуулагч нас барсан сараас.

 

6.3.Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах гэрээг дараах тохиолдолд хүчингүйд тооцно:

6.3.1.гэрээг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон бол;

6.3.2.гэрээг 2 талын аль нэг нь зөвшөөрөөгүй бол;

6.3.3.иргэний хуульд заасан бусад нөхцөл үүссэн бол.

 

Долоо.Нийгмийн даатгалын байгууллага

(байцаагч)-ийн эрх, үүрэг

 

 7.1.Нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) нь байгуулсан гэрээ болон гэрээний сунгалт хүчин төгөлдөр болсон сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж буй эсэхэд хяналт тавих бөгөөд шимтгэлийн төлбөрийг бэлэн бусаар төлүүлнэ.

 

 7.2.Нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) нь сайн дураар даатгуулах болон гэрээний хугацааг сунгуулах тухай хүсэлтээ гаргасан даатгуулагч (иргэн)-ийг уг хүсэлт гаргасан сарын шимтгэлээ нийгмийн даатгалын сангийн харилцах дансанд төлсөн тохиолдолд түүнтэй нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээг хэрэгжиж эхэлсэнд тооцож, нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, шимтгэл төлөлтийн тооцоог хийж хянасны үндсэн дээр баталгаажуулна.

 

7.3.Даатгуулагч шимтгэлээ гэрээгээр тохирсон хугацаандаа төлөөгүй, эсвэл дутуу төлсөн тохиолдолд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44.1.2-т заасны дагуу дутуу төлсөн буюу хугацаандаа төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Өмнө нь дуусгавар болсон гэрээний хугацаанд шимтгэлээ бүрэн төлөөгүй даатгуулагчийн тухайн төлөгдөөгүй хугацааны шимтгэлийг нөхөн төлүүлэхгүй.

 

 7.4.Тухайн жилд гэрээний маягт шинэчлэн батлагдсан тохиолдолд өмнө нь байгуулсан гэрээний хугацаанд гэрээг хуучин маягтаар нь үргэлжлүүлнэ. Харин гэрээг сунгах эсхүл гэрээний хугацаа дууссан бол шинэ маягтын дагуу даатгуулагчтай гэрээг шинээр байгуулна.

 

 7.5.Нийгмийн даатгалын байгууллага нь гэрээний хугацаа нь дуусаж, сунгалт хийгдээгүй, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, нас барсан сайн дураар даатгуулагчийн гэрээг дуусгавар болгож, шимтгэл төлөлтийн тооцоог эцэслэн дуусгаж, хувийн хэрэг, холбогдох баримт бичгийг архивт шилжүүлэн хадгална.

 

7.6.Сайн дурын даатгалд даатгуулсан хугацаанд хөдөлмөрийн гэрээгээр ажилласан тохиолдолд сайн дурын даатгалын шимтгэлийг даатгуулагчид буцаан олгоно. Даатгуулагчийн илүү төлсөн шимтгэлийг буцаан олгох, эсхүл дараагийн сар, улирал, жилийн төлбөл зохих шимтгэлд шилжүүлэн тооцоход нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан "Илүү төлсөн шимтгэлийг буцаан олгох харилцааг зохицуулсан журам"-ыг баримтална.

 

7.7.Гэрээний хугацаанд нийгмийн даатгалын байгууллага хооронд шилжих хүсэлт гаргасан даатгуулагчийн шимтгэл төлөлтийн тооцоог бүрэн хийснээр уг хүсэлтийг шийдвэрлэж, сайн дурын даатгалын хувийн хэрэг, холбогдох баримт бичгийг шилжүүлсэн нийгмийн даатгалын байгууллагын архивт хадгална.

 

7.8.Даатгуулагч урьд нь байгуулсан гэрээний хугацаа дуусахаас өмнө нийгмийн даатгалын байгууллага хооронд шилжиж ирсэн тохиолдолд даатгуулагчийг өмнөх гэрээнд заасан нөхцөлөөр нь шимтгэлийг үргэлжлүүлэн төлүүлж, шилжиж ирсэн нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) хувийн хэрэг нээж холбогдох тооцоог хийнэ.

 

 7.9.Нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) нь даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг бэлэн мөнгөөр авахыг хориглоно.

 

Найм.Даатгуулагчийн эрх, үүрэг

 

 8.1.Даатгуулагч нь гэрээний хугацаанд мөрдөгдөх нийгмийн даатгалын шимтгэл тооцох сарын цалин хөлсөө өөрөө тодорхойлж, түүнд ногдох шимтгэлийг бэлэн бусаар нийгмийн даатгалын санд төлнө.

 

8.2.Даатгуулагч шимтгэлээ гэрээгээр тохирсон хугацаандаа төлөөгүй, эсвэл дутуу төлсөн тохиолдолд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44.1.2-т заасны дагуу дутуу төлсөн буюу хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги төлнө. Өмнө нь дуусгавар болсон гэрээний хугацаанд шимтгэлээ бүрэн төлөөгүй даатгуулагчийн тухайн төлөгдөөгүй хугацааны шимтгэлийг нөхөн төлүүлэхгүй.

 

8.3.Гэрээний хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдөн батлагдаж хэрэгжиж эхлэх хугацаанаас даатгуулагчийн мэдүүлсэн шимтгэл төлөх сарын цалин хөлс нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага тохиолдолд даатгуулагч нь гэрээгээр тохирсон шимтгэл ногдуулж төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг шинэчлэн батлагдсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр өөрчлүүлж, үүнээс үүссэн шимтгэлийн зөрүүг даатгалын санд нөхөж төлнө.

 

8.4.Сайн дурын даатгуулагч нь Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр ажилласан бол албан журмаар даатгуулж давхар шимтгэл төлж болно. Бусад тохиолдолд албан журмын даатгалтай давхардуулан сайн дураар даатгуулахгүй.

 

 8.5.Даатгуулагч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд заасан болзол, нөхцөлийг хангасан бол тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах эрхтэй.

 

 8.6.Даатгуулагч гэрээний хүчинтэй хугацаанд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-7.5-д заасан албан журмаар даатгуулж ажилласан боловч гэрээний хугацаа дуусахаас өмнө албан журмын харилцаа дуусгавар болсон бол уг гэрээг үргэлжлүүлэн нийгмийн даатгалын шимтгэл төлж, даатгуулж болно. Хэрэв сайн дурын даатгалын гэрээний хугацаа дуусахад албан журмаар даатгуулагчийн харилцаа үргэлжилсэн хэвээр байвал гэрээг үргэлжлүүлэн сунгахгүй, гэрээний хүчинтэй хугацаагаар дуусгавар болсонд тооцно.

 

8.7.Даатгуулагч нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай мэдээллийг ил тод, түргэн шуурхай авах эрхтэй.

 

Ес.Тайлан гаргах, хяналт тавих

9.1.Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах гэрээний үндэслэл, баталгаажуулалт, гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлт, шимтгэл төлөлт зэрэгт аймаг, дүүргийн нийгмийн даатгалын газрын хяналт хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий нэгж, ажилтан, хариуцсан байцаагч хяналт тавина.

9.2.Нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) нь энэ журмын 2.1-д заасан даатгуулагчийн шимтгэл төлөлтийн сарын тооцоог хийж тайлан гаргахын өмнө доор дурдсан асуудлуудын үндэслэлийг шалгаж шийдвэрлэсэн байна:

9.2.1.даатгуулагчтай байгуулсан гэрээ нь эрх зүйн үндэслэлтэй эсэх;

9.2.2.гэрээнд тусгагдсан шимтгэлийн тооцоог мэдээллийн санд бүрэн оруулж бүртгэж, баталгаажуулсан эсэх;

9.2.3.гэрээний хугацаа сунгагдсан, дуусгавар болоогүй байгаа эсэх;

9.2.4.нийгмийн даатгалын сангийн харилцах дансанд төлсөн шимтгэл нь тухайн даатгуулагчийн иргэний бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн эсэх;

9.2.5.гэрээнд заасан хугацаанд шимтгэлээ бүрэн төлсөн эсэх;

9.2.6.гэрээний хугацаанд албан журмын даатгалд даатгуулж, давхар цалин хөлс, түүнтэй адилтгах орлого авч шимтгэл төлсөн тохиолдолд тооцооллыг зөв хийсэн эсэх.

 

9.3.Нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагчийн илүү болон дутуу төлсөн шимтгэлийн тооцоог энэ журмын 9.2-т заасны дагуу хийж, тайланг хагас, бүтэн жилээр гарган нэгтгэж, эрх бүхий ажилтнаар баталгаажуулан нийгмийн даатгалын сангийн санхүүгийн тайланд хавсаргана.

9.4.Нийгмийн даатгалын байцаагч даатгуулагчийн шимтгэл төлөлтийн тайлан, жагсаалтыг жилээр хэвлэн эрх бүхий ажилтнаар баталгаажуулан, архивын нэгж үүсгэн архивт хүлээлгэн өгнө.

Арав.Маргаан шийдвэрлэх

10.1.Энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбогдсон маргаантай асуудлыг хоёр тал харилцан зөвшилцөн шийдвэрлэх зарчим баримтлах бөгөөд шаардлагатай бол Маргаан хянан шийдвэрлэх зөвлөл, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ.

Арав нэг.Хариуцлага

11.1.Энэ журмын 2.1-д заасан даатгуулагч шимтгэлээ гэрээгээр тохирсон хугацаандаа төлөөгүй, эсхүл дутуу төлсөн бол төлбөл зохих шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцон төлүүлнэ. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна.

11.2.Даатгуулагчийн хүчинтэй гэрээний хугацаанд энэ журмын 11.1 дэх заалтыг хэрэглэх бөгөөд өмнө нь дуусгавар болсон гэрээний төлөгдөөгүй хугацааны шимтгэлд хамааруулахгүй, алданги тооцож, нөхөн төлүүлэхгүй.

11.3.Энэхүү журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

---о0o---