A

A

A

Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар А/12

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, Өрийн удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.5, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Журам батлах тухай" Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам"-д оруулах нэмэлт, өөрчлөлтийг нэгдүгээр, уг журмын хавсралтуудад оруулах нэмэлт, өөрчлөлтийг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2."Журам батлах тухай" Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам"-д болон түүний хавсралтуудад оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг 2024 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг төсвийн ерөнхийлөн захирагч, төсөл хэрэгжүүлэгч байгууллага, төсөл хэрэгжүүлэгч нэгж нарт, журмын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар /Ж.Дэлгэржаргал/, Санхүүгийн бодлогын газар /Б.Сүх-Очир/, Төрийн сангийн газар /Б.Цогбадрах/-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан 2024 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн үйлчлэх нөхцөлтэйгөөр нийт төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын суурь цалин/ажлын хөлсийг энэ тушаалын 2 дугаар хавсралтад зааснаар шинэчлэн тогтоож, Хөлсөөр ажиллах гэрээг шинэчлэн байгуулахыг төсвийн ерөнхийлөн захирагч, төсөл хэрэгжүүлэгч байгууллага, Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар /Ж.Дэлгэржаргал /-т тус тус даалгасугай.

4.Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар /Ж.Дэлгэржаргал/, Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар /Б.Доржсэмбэд/-т тус тус үүрэг болгосугай.

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН