A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 11

Улаанбаатар хот

ОЛОН УЛСЫН ЧАНАРТАЙ ХУУРАЙ БООМТ БАЙГУУЛАХ ТУХАЙ

"Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн 2 дугаар зүйл, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын 1.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр дэх "Бүс нутгийн логистикийн төв"-ийг түшиглэн олон улсын чанартай "Замын-Үүд хуурай боомт" байгуулсугай.

2.Хуурай боомтын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг 2024 оны 2 дугаар улиралд багтаан боловсруулж дуусгахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасугай.

3."Замын-Үүд хуурай боомт" байгуулахад хөрөнгө оруулах, хамтран ашиглах чиглэлээр гадаад, дотоодын сонирхсон этгээдтэй хэлэлцээ хийхийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт даалгасугай.

4.Дараах арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод даалгасугай:

4.1.Хуурай боомтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах;

4.2."Замын-Үүд хуурай боомт"-ын байршилд "НҮБ-ын Худалдаа, тээврийн байршлын код" авах ажлыг зохион байгуулах;

4.3.Замын-Үүд өртөөний нэвтрүүлэх, боловсруулах хүчин чадлыг 2024 онд багтаан нэмэгдүүлэх.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТ