A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 13

Төрийн ордон, Улаанбаатар хот

Хянан шалгах түр хороо байгуулах тухай
 

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 онд хийсэн автобус худалдан авах ажиллагааг Төрийн болон албаны нууцад хамааруулан гэрээ шууд байгуулсан үндэслэл, шалтгаан, нөхцөлийг шалгах шаардлагыг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийг "Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх"-ээр тогтоосугай.

2.Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээ хязгаарыг доор дурдсанаар тогтоосугай:

1/худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгаан;

2/төрийн нууцад хамааруулсан шалтгаан, төрийн болон албаны нууцаас гаргах шаардлагатай байсан эсэх;

3/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан "гэрээ шууд байгуулах арга"-аар хийсэн нь үндэслэлтэй эсэх;

4/нээлттэй сонсгол зохион байгуулж, иргэд олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангах.

3.Улсын Их Хурлын хянан шалгах түр хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:

Олонхыг төлөөлөн:

П.Анужин Улсын Их Хурлын гишүүн

Д.Батлут Улсын Их Хурлын гишүүн

Ж.Бат-Эрдэнэ Улсын Их Хурлын гишүүн

Х.Ганхуяг Улсын Их Хурлын гишүүн

Ц.Даваасүрэн Улсын Их Хурлын гишүүн

Г.Тэмүүлэн Улсын Их Хурлын гишүүн

Ж.Чинбүрэн Улсын Их Хурлын гишүүн

Цөөнхийг төлөөлөн:

Ж.БатсуурьУлсын Их Хурлын гишүүн

Н.Ганибал Улсын Их Хурлын гишүүн

С.ОдонтуяаУлсын Их Хурлын гишүүн

Т.ДоржхандУлсын Их Хурлын гишүүн

4.Тусгай шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8-д заасан хугацаанд Улсын Их Хуралд танилцуулахыг хянан шалгах түр хороонд даалгасугай.

5.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР