A

A

A

Бүлэг: 1979

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/239,А/244 дугаар хамтарсан тушаалын хавсралт

 

ЯЛЛАГДАГЧ, ШҮҮГДЭГЧИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД БАЙРЛУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Ерөнхий зүйл

1.1.Энэхүү журмын зорилго нь шинжээч эмч сэтгэцийн дүгнэлт гаргахад яллагдагч, шүүгдэгчийг тодорхой хугацаанд эмнэлэгт байрлуулан шинжилгээ хийж, ажиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Шинжээч эмч нь үйл ажиллагаандаа "Шүүх шинжилгээний тухай хууль", "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль", "Эрүүл мэндийн тухай хууль" болон энэхүү журмыг мөрдлөг болгоно.

Хоёр. Яллагдагч, шүүгдэгчийг эмнэлгийн байгууллагад байлгах үндэслэл

2.1.Шинжээч эмч яллагдагч, шүүгдэгчийн биед шинжилгээ хийхэд тухайн этгээдийг зайлшгүй эмнэлэгт байрлуулж, оношийг нарийвчлан тогтоолгох шаардлагатай гэж үзвэл "Шүүх шинжилгээний тухай" хуулийн 4.1.7-д заасан эрх бүхий этгээдэд хүсэлт тавина.

2.2.Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд энэ тухай үндэслэл бүхий тогтоол гаргаж, эмнэлэгт байрлуулах арга хэмжээ авна.

2.3.Яллагдагч, шүүгдэгчийг эмнэлэгт байрлуулсан бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд "Шүүхийн шинжилгээний тухай" хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасны дагуу гэр бүлийн гишүүдэд 24 цагийн дотор мэдэгдэх ба энэ тухай шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамжид тэмдэглэнэ.

2.4.Шинжээч эмч эмнэлэгт байрласан яллагдагч, шүүгдэгчийн биеийн эрүүл мэндийн байдалд ажиглалт хийж, онош бүрэн тогтоогдсоны дараа шинжилгээ хийж, дүгнэлт гаргана.

Гурав. Шинжилгээ хийлгэх этгээдийг эмнэлэгт байрлуулах хугацаа

3.1.Шинжилгээг хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээний төрөл, цар хүрээ, онцлогийг харгалзан яллагдагч, шүүгдэгчид шинжилгээ хийх хугацааг тогтооно.

3.2.Шаардлагатай тохиолдолд шинжээчийн үндэслэл бүхий хүсэлтийг харгалзан "Шүүхийн шинжилгээний тухай" хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасныг үндэслэн шинжилгээ хийх хугацааг сунгаж болно.

3.3.Яллагдагч, шүүгдэгчийг эмнэлэгт байрлуулах үеийн харуул хамгаалалт зохион байгуулах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгч, эмч, ажилтнуудын аюулгүй байдлыг хангах ажлыг тухайн чиглэлээр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрхзүйн баримт бичгээр зохицуулна.

3.4.Шинжлүүлэгчийн сэтгэцийн байдлыг харгалзан нийслэлд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэцийн эмгэг, судлалын клиник болон Сэтгэцийн эмгэг судлалын клиникт, орон нутагт аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн тасагт хэвтүүлж, онош тогтоон дүгнэлт гаргана.

Дөрөв. Бусад

4.1.Энэхүү журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг хүлээлгэнэ.

 

__________oOo__________