A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТЭТГЭВРИЙГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ТОГТООХ ГАЗРЫН ДООР, ХӨДӨЛМӨРИЙН ХОРТОЙ, ХАЛУУН, ХҮНД НӨХЦӨЛД ХАМААРАХ АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ЖАГСААЛТЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

 

 

ТЭТГЭВРИЙГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ТОГТООХ ГАЗРЫН ДООР, ХӨДӨЛМӨРИЙН ХОРТОЙ, ХАЛУУН, ХҮНД НӨХЦӨЛД ХАМААРАХ АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН

ЖАГСААЛТЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

  1.1.Энэхүү журмаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д заасны дагуу тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэхтэй холбоотой харилцааг зохицуулна.

 

1.2.Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, тушаал, хөлсөөр ажиллах болон ажил гүйцэтгэх гэрээ, түүнтэй адилтгах бусад гэрээ, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил, мэргэжил нь даатгуулагчийг газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласныг нотлох үндсэн баримт болно.

Хоёр. Жагсаалтыг хэрэглэх

 

2.1.Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох "Газрын доор хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт" /цаашид "жагсаалт" гэх/-ыг хэрэглэхдээ хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан "Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолт (ҮАМАТ-08)"-ыг баримтална.

 

2.2.Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох жагсаалтыг хэрэглэхдээ энэ журмын 2.1-д зааснаас гадна дүйцүүлэн хэрэглэх ажил, мэргэжлийн жагсаалтыг харгалзана.

 

2.3.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан "Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолт (ҮАМАТ-08)"-д байхгүйгээс дангаар баталсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох жагсаалтыг мөн хэрэглэнэ. Энэ тохиолдолд ажил олгогч энэ жагсаалтад заасан ажил, мэргэжлийг холбогдох журмын дагуу  "Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолт (ҮАМАТ-08)"-д нэмэх асуудлыг холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.

 

  2.4.Улирлын чанартай уурын зууханд нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан галчийн хэвийн бус нөхцөлд ажилласан хугацааг тухайн улирлын ажлын үргэлжлэх хугацаагаар тооцно.

 

Жишээ-1: Жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны өдрөөс дараа оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд уурын зуухны галчаар /машинчаар/  ажилладаг даатгуулагчийн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан хугацааг жил бүр 8 сараар тооцно.

 

  2.5.Ажил олгогчоос тухайн улирлын чанартай ажилтны ажиллаагүй хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлсөн, эсхүл хөдөлмөрийн хэвийн нөхцөлтэй ажлыг хариуцуулан ажиллуулж шимтгэл төлсөн бол уг хугацааг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласнаар тооцохгүй.

 

2.6.Жагсаалтыг шинэчлэн баталсантай холбогдуулан даатгуулагчийн урьд ажиллаж байсан ажил, мэргэжил нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны А/77 дугаар тушаалаар баталж мөрдөж байсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох жагсаалтад дурдсан газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлийн ажил, мэргэжилд хамаарагдаж, зохих болзол хангасан тохиолдолд өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтооно.

 

2.7.Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох жагсаалтын хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжилд заасан ажил, мэргэжлээр ажиллаж, шимтгэл төлсөн даатгуулагч аль салбар, үйлдвэрлэл, байгууллагад хамаарахаас үл хамааран хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан байвал зохих нөхцөл болзлыг хангасан бол тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтооно.

 

Жишээ-2: Хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах түгээмэл ажил, мэргэжлийн жагсаалтад дурдсан "8332-12" код бүхий хүнд даацын авто машины операторч нь технологийн зориулалттай ажил үүрэг гүйцэтгэдэг тул уул уурхай, барилга, эрчим хүч, ой мод, авто зам зэрэг аль салбар, үйлдвэрлэл, байгууллагад ажиллаж байгаагаас үл хамаарч хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр ажилласнаар тооцож тэтгэвэр тогтооно.              

 

2.8.Даатгуулагч жагсаалтад дурдсан хөдөлмөрийн хүнд нөхцөлийн ажил, мэргэжилд ажиллаж шимтгэл төлсөн хугацаа нь хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзлыг хангахгүй бол түүний жагсаалтад дурдсан газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлийн ажил, мэргэжил, албан тушаалд ажилласан хугацааг оруулан хуульд заасан болзлыг хангаж байвал түүнд хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоож болно.

 

Жишээ-3: Нийтдээ  25 жил шимтгэл төлж ажилласан 55 настай даатгуулагч эрэгтэй хүн жагсаалтад дурдсан газрын доорх ажилд 6 жил, хөдөлмөрийн хүнд нөхцөлийн ажилд 8 жил, хэвийн нөхцөлд 11 жил ажилласан гэж үзвэл газрын доор ажил, хөдөлмөрийн хүнд нөхцөлийн ажил тус бүр дээр ажилласан хугацаа нь тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоолгох болзлыг хангаагүй боловч дээрх хоёр нөхцөлд ажилласан хугацааны нийлбэр нь 14 жил болж хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан хугацааг хангасан тул түүнд өндөр насны тэтгэврийг хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тогтооно.

 

2.9.Жагсаалтад дурдсан газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжилд ажилласан хугацаанд даатгуулагчийн жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхдээ асарсан, сул зогссон, ажил олгогчийн захиалгаар суралцсан, цэргийн алба хаасан, хууль бусаар ажлаас халагдсан, хилс хэргээр хорих ял эдэлсэн, 1 сараас дээш хугацаагаар хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацаа зэргийг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан хугацаанд оруулахгүй.

Гурав. Бусад

 

  3.1.Энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой үүссэн маргааныг Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлэнэ.

 

  3.2.Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

 

---оОо---