- Нүүр
- Монгол Улсын хууль
- ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 01 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай Долдугаар1 бүлэг нэмсүгэй:
751 дүгээр зүйл.Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг
751.1.Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах дараах нэхэмжлэлийг шүүгч дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ:
751.1.1.бүх төрлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах;
751.1.2.дундын өмчийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал гаргуулах;
751.1.3.хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс гаргуулах;
751.1.4.бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас мөнгөн хөрөнгө гаргуулах.
751.2.Дараах нэхэмжлэлийг үнийн дүнгээс үл хамааран шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ:
751.2.1.шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө, эрхийг битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаатай холбоотой гомдол;
751.2.2.энэ хуулийн 751.1.1-д заасан гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах нэхэмжлэл;
751.2.3.ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл.
751.3.Эрх зүйн нэг маргаанаас үүдэлтэй шаардлагыг хэд хэдэн нэхэмжлэлээр хэсэгчлэн гаргахыг хориглоно.
751.4.Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ.
751.5.Гэр бүл, өв залгамжлалын холбогдолтой бүх төрлийн хэрэгт тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам үйлчлэхгүй.
752дугаар зүйл.Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх зарчим, хугацаа
752.1.Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ.
752.2.Зохигч шүүх хуралдаанаас өмнө, энэ бүлэгт заасан хугацааны дотор өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
752.3.Иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 45 хоног, давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ.
752.4.Энэ хуулийн 752.3-т заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 14 хүртэл хоногоор сунгаж болно.
753дугаар зүйл.Хэрэг үүсгэх, нэхэмжлэл гардуулах
753.1.Шүүгч энэ хуулийн 751дүгээр зүйлд заасан шаардлага хангагдсан бөгөөд энэ хуулийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гаргана.
753.2.Энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ.
753.3.Нэхэмжлэл, хариу тайлбар, хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын загварыг Улсын дээд шүүх батална.
754дүгээр зүйл.Мэдэгдэх хуудсыг хүргүүлэх
754.1.Шүүх энэ хуулийн 77.2-т заасны дагуу мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол хариуцагч иргэний болон хуулийн этгээдийн бүртгэлийн дугаарыг, эсхүл регистрийн дугаарыг мэдээлсэн нэхэмжлэлийн тухайд албан ёсны хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг шүүх санаачилгаараа хийнэ.
754.2.Энэ хуулийн 754.1-д заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагаас тодруулж ирүүлсэн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол иргэн, хуулийн этгээдтэй төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийн иргэний, эсхүл хуулийн этгээдийн хувьд түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэлийн дугаар бүхий үндэсний цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээнэ.
754.3.Энэ хуулийн 754.2-т заасан цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ.
754.4.Энэ хуулийн 754.2, 754.3-т заасны дагуу цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш 7 хоног өнгөрсөн бол мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцно.
755дугаар зүйл.Хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх, гуравдагч этгээд оролцох
755.1.Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэгтгэх, тусгаарлах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, хамтран нэхэмжлэгч, хамтран хариуцагч татан оролцуулах ажиллагаа хийгдэхгүй.
755.2.Хариуцагч нэхэмжлэлийг гардаж авснаас хойш 7 хоногийн дотор сөрөг нэхэмжлэл гаргаж болно.
755.3.Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 73, 751дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна.
755.4.Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй.
755.5.Нэхэмжлэгч иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн дотор энэ хуулийн 751дүгээр зүйлд заасан шаардлага, үндсэн нэхэмжлэлд заасан үндэслэлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа нэг удаа нэмэгдүүлж болно. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг хэргийн оролцогчид мэдэгдэнэ.
755.6.Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусдын эрх хөндөгдсөн тохиолдолд тэдгээр нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож болно.
756дугаар зүйл.Гэрчийн мэдүүлэг
756.1.Гэрч энэ хуулийн 43.3-т заасан эрх, үүргийг ойлгосны үндсэн дээр үнэн зөв мэдүүлснээ илэрхийлэн, нотариатаар гэрчлүүлсэн мэдүүлгийг шүүхэд ирүүлсэн нь хангалттай гэж шүүх үзвэл нотлох баримтаар үнэлж болно.
756.2.Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн тусламжтай гэрч, шүүгч, зохигч нэгэн зэрэг холбогдон авсан гэрчийн мэдүүлгийг хангалттай гэж шүүх үзвэл нотлох баримтаар үнэлж болно.
756.3.Хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд шилжүүлсэн нь гэрчийн мэдүүлгийг энэ хуулийн 756.2-т заасны дагуу үнэлэхэд саад болохгүй.
757дугаар зүйл.Ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэх
757.1.Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш дараах нөхцөл байдал тогтоогдвол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулах тухай захирамж гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ:
757.1.1.нэхэмжлэл гаргах, эсхүл иргэний хэрэг үүсгэхдээ энэ хуулийн 751дүгээр зүйлд заасныг зөрчсөн;
757.1.2.тухайн хэрэг нь эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байж болзошгүй гэж үзсэн.
757.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулах тухай шүүгчийн захирамжид гомдол гаргахгүй.
757.3.Хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс тогтоосон тов ердийн журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хүчинтэй хэвээр байна.
757.4.Хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр үргэлжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх хугацааг шинээр тоолох үндэслэл болохгүй.
758дугаар зүйл.Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх
758.1.Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ.
759дүгээр зүйл.Хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр
759.1.Энэ хуулийн 757.1-д зааснаас бусад тохиолдолд шүүх энэ хуулийн 751.1, 751.2-т заасан хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанаас шийдвэр гаргана.
759.2.Энэ хуулийн 759.1-д заасан шийдвэр нь удиртгал, үндэслэх, тогтоох хэсэгтэй байх бөгөөд үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, шийдвэрийн үндэслэлийн товч агуулгыг дурдана.
759.3.Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулна.
759.4.Энэ хуулийн 759.2 дахь хэсэг давж заалдах шатны шүүхийн магадлалд нэгэн адил үйлчилнэ. Шийдвэр, магадлалын бүтэц, боловсруулах аргачлалыг Улсын дээд шүүх батална.
7510дугаар зүйл.Шүүхийн шийдвэрээр нэмэлт хугацаа тогтоох, хуваарь гарган хэсэгчлэн төлөх
7510.1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс хойш зургаан сараас илүүгүй байна.
7511дүгээр зүйл.Давж заалдах гомдол гаргах
7511.1.Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно.
7511.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэнэ."
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A