- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого батлах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 08
Төрийн ордон, Улаанбаатар хот
Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого батлах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого"-ыг хавсралтаар баталсугай.
2.Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 7.1.12 дахь дэд заалтын дагуу холбогдох хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх;
2/Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан 2024 оны 1 дүгээр улиралд багтаан батлах;
3/Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах арга хэмжээ, шаардагдах зардлыг Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний болон жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
4/Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогын хэрэгжилтийн явцад хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, Монгол Улсын Их Хуралд танилцуулах.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /Б.Энх-Амгалан/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
