- Нүүр
- Сайдын тушаал
- ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН СОЁЛЫН БАЙГУУЛЛАГЫН ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ
Соёлын сайдын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/517 дугаар тушаалын хавсралт
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН СОЁЛЫН БАЙГУУЛЛАГЫН ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1. Төрийн болон орон нутгийн өмчийн соёлын байгууллагын /цаашид "байгууллага" гэх/ олон нийтийн зөвлөл нь үйл ажиллагаандаа энэхүү үлгэрчилсэн журмыг мөрдөнө.
1.2. Зөвлөл нь байгууллагын хараат бус байдал, бие даасан үйл ажиллагаанд халдахгүй байх, хууль дээдлэх зарчмыг баримталж ажиллана.
1.3. Энэ журмаар Музейн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д зааснаас бусад соёлын байгууллагын олон нийтийн зөвлөлийг зохион байгуулах, чиг үүрэг болон бусад ажиллах нөхцөлийг тогтоохтой холбоотой харилцааг зохицуулна.
Хоёр.Зөвлөлийн бүрэлдэхүүн, сонгон шалгаруулалт
2.1. Төрийн өмчийн соёлын байгууллагууд нь дэргэдээ олон нийтийн зөвлөлтэй байна.
2.2. Аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн өмчийн соёлын байгууллагууд дундаа нэг олон нийтийн зөвлөлтэй /цаашид "Зөвлөл" гэх/ байна.
2.3. Сумын Соёлын төв, дүүргийн Соёлын ордоны дэргэд олон нийтийн зөвлөлийг тусгайлан байгуулахгүйгээр энэ журмын 2.2-т заасан зөвлөл нь холбогдох чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллуулна.
2.4. Зөвлөл нь орон тооны бус 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байна
2.5. Энэ журмын 2.1-д заасан зөвлөлд нэр дэвших иргэнийг бүртгэх, сонгон шалгаруулах арга хэмжээг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, 2.2-т заасан зөвлөлд иргэнийг бүртгэх, нэр дэвшүүлэх арга хэмжээг аймаг, нийслэлийн Соёл, урлагийн газар тус тус хариуцан зохион байгуулна.
2.6. Энэ журмын 2.5-д заасан байгууллага /цаашид "Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах байгууллага" гэх/ нь Зөвлөлийн гишүүнийн сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлах бөгөөд сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулах, ажлын хэсгийн ажиллах удирдамж, хугацаа, бүртгэл, дүнгийн хуудас, үнэлгээ өгөх аргачлалыг тус тус соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай урьдчилан зөвшилцсөний үндсэн дээр батална.
2.7. Зөвлөлийн гишүүнд соёл урлаг, боловсрол, маркетинг, оюуны өмч, нийгмийн ухаан, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн, тухайн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай, төрийн албан хаагч бус иргэнийг бие даан болон холбогдох мэргэжлийн холбоодоос нэр дэвшүүлнэ.
2.8. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах байгууллага нь энэ журмын 2.6-д заасан журмын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, шаардлага хангасан иргэнийг сонгон, дүн, тайлангийн хамт Зөвлөлийн гишүүнээр томилуулахаар холбогдох албан тушаалтанд хүргүүлнэ.
2.9. Төрийн өмчийн соёлын байгууллагын олон нийтийн зөвлөлийн гишүүнийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, орон нутгийн өмчийн соёлын байгууллагын олон нийтийн зөвлөлийн гишүүнийг аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө.
2.10. Зөвлөлийн үйл ажиллагааны онцлог, чиг үүргийг тусгасан журмыг энэ журмын 2.9-д заасан албан тушаалтан батлан мөрдүүлж болно.
2.11. Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд уг хугацааг нэг удаа сунгаж болно
2.12. Зөвлөл нь дотроосоо даргаа сонгоно.
Гурав.Зөвлөлийн чиг үүрэг
3.1. Зөвлөл нь дараах чиг үүрэгтэй байна:
3.1.1. байгууллагын олон нийттэй харилцах бодлогыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх болон үр дүнг хэмжихэд шаардлагатай бүхий л дэмжлэг үзүүлэх;
3.1.2. үзэгч, үйлчлүүлэгчийн тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн зөвлөмж, дүгнэлтийг өгч, зан төлөв, нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлоход туслах;
3.1.3. уран бүтээлийн түгээх, хүртээмжийг нэмэгдүүлэх шатанд ямар алдаа дутагдал гарч байгааг тодорхойлох, цаашид авах арга хэмжээ, хөгжүүлэх шийдлийг санал болгох;
3.1.4. зах зээл, хэрэглэгчийг сонгох, маркетингийн төлөвлөгөө боловсруулахад туслах;
3.1.5. байгууллага болон уран бүтээлчдэд зориулсан сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
3.1.6. байгууллагын болон байгууллага дахь соёлын үйл ажиллагааны стандартыг мөрдүүлэхэд туслалцаа үзүүлэх;
3.1.7. гадаад, дотоодын байгууллагатай холбоотой тогтоох, олон улсын чиг хандлагыг судлах, нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
3.1.8. эх үүсвэр нь дутагдсан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардлагатай хандив, тусламжийг олох арга хэмжээг зохион байгуулах;
3.1.9. оюуны өмч, зохиогчийн эрхийн хамгаалалтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
3.1.10. олон улсын чиг хандлагыг урын сангийн бодлогод тусгах талаар зөвлөмж өгөх.
Дөрөв.Зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр
4.1. Зөвлөл хуралдааны дэг, зохион байгуулалтын асуудлаа өөрөө тогтооно.
4.2. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Зөвлөлийн хурал /цаашид "Хурал" гэх/ байна.
4.3. Хурлыг улиралд 1-ээс доошгүй удаа, шаардлагатай тохиолдолд Зөвлөлийн дарга, гишүүдийн олонхийн саналын дагуу зохион байгуулна.
4.4. Хуралд гишүүдийн олонх оролцсоноор хурлыг хүчинтэйд тооцно.
4.5. Хурлаар хэлэлцэх асуудлыг Зөвлөлийн дарга, гишүүд санал болгож, хэлэлцэх эсэхийг хуралдаанаар шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд хэлэлцэх асуудлыг асуудлыг байгууллагын дарга санал болгож болно.
4.6. Зөвлөлийн шийдвэр нь тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд шийдвэрлэсэн асуудлаар санал, зөвлөмж гаргана.
4.7. Зөвлөл ажлаа Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг даргад жил бүр тайлагнана.
Тав.Зөвлөлийн гишүүний бүрэн эрх
5.1. Зөвлөлийн гишүүн нь дараах бүрэн эрхтэй байна:
5.1.1. хэлэлцэж байгаа асуудалд санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, саналын эрхтэй оролцох;
5.1.2. зөвлөлийн чиг үүргийн хүрээнд санал гаргаж, зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх;
5.1.3. аливаа зүй бус нөлөөлөл, ашиг сонирхолын зөрчлөөс ангид байх;
5.1.4. хурлын шийдвэрт хүндэтгэлтэй хандах, шийдвэр гарсан бол бие даан зөрүүтэй байр суурь илэрхийлэхгүй байх;
5.1.5. байгууллагын дотоод хэрэгт оролцохгүй байх;
5.1.6. хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд хуралд оролцох.
5.2. Зөвлөлийн гишүүнийг бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө дараах үндэслэлээр чөлөөлнө:
5.2.1. төрийн албан хаагчаар томилогдсон, сонгогдсон;
5.2.2. чөлөөлүүлэх тухай хүсэлтээ өөрөө гаргасан, эсхүл эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон;
5.2.3. зөвлөлийн үйл ажиллагаанд хүндэтгэх шалтгаангүйгээр оролцохгүй байх.
Зургаа.Байгууллагын эрх, үүрэг
5.1. Байгууллага нь Зөвлөлтэй хамтран ажиллах талаар дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
5.1.1. хууль, журамд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх нөхцөлийг хангаж ажиллах;
5.1.2. Зөвлөлийн ажлын өрөө, хурал зохион байгуулах байр, шаардлагатай техник хэрэгслээр хангах;
5.1.3. Зөвлөлийн үйл ажиллагаанд шаардлагатай мэдээллээр хангах, бусад туслалцаа, дэмжлэг үзүүлэх ба чиг үүргийн дагуу хамтран ажиллах.
---оОо---
Текст томруулах
A
A
A