- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЗЭВСЭГ ТЕХНИКИЙГ ШИНЭЧЛЭХ, СЭРГЭЭН САЙЖРУУЛАХ БОДЛОГО
Монгол Улсын Их Хурлын 2024 оны
08 дугаар тогтоолын хавсралт
08 дугаар тогтоолын хавсралт
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЗЭВСЭГ, ТЕХНИКИЙГ
ШИНЭЧЛЭХ, СЭРГЭЭН САЙЖРУУЛАХ
БОДЛОГО
ШИНЭЧЛЭХ, СЭРГЭЭН САЙЖРУУЛАХ
БОДЛОГО
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого нь зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах талаар төрөөс баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, удирдлага, зохицуулалтыг тодорхойлно.
1.2.Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс болон тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомж нь Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогын эрх зүйн үндэслэл болно.
1.3.Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн байна.
1.4.Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого нь дэлхийн болон бүс нутгийн цэрэг-улс төрийн, цэрэг-стратегийн нөхцөл байдал, түүний өрнөл, хөгжлийн чиг хандлагад тулгуурлана.
Хоёр.Бодлогын зорилго, хэрэгжүүлэхэд баримтлах зарчим
2.1.Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогын зорилго нь зэвсэг, техникийн хадгалалтын чанарыг дээшлүүлэх, сэргээн сайжруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, орчин үеийн зэвсэг, техник худалдан авах, үйлдвэрлэх замаар зэвсэгт хүчний үндсэн үүргээ биелүүлэх чадавхыг бүрдүүлэхэд оршино.
2.2.Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:
2.2.1.үндэсний аюулгүй байдлын болон төрийн батлан хамгаалах бодлогод нийцсэн байх;
2.2.2.улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баталгаажсан байх;
2.2.3.шинжлэх ухааны ололт, инновац, дэвшилтэт техник, технологид суурилсан байх;
2.2.4.төрийн болон албаны нууцын шаардлагыг хангасан байх;
2.2.5.техник, технологийн ашиглалтын нийцлийг хангасан байх;
2.2.6.цэргийн нөөцийг бүрдүүлэхэд чиглэсэн байх.
Гурав.Бодлогын зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ
3.1.Зэвсэг, техникийн ашиглалт, хадгалалтыг технологийн горимын дагуу зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлж хэрэгжүүлэх зорилтын хүрээнд:
3.1.1.техникийн үйлчилгээ, хадгалалт, засварыг технологийн горимын дагуу зохион байгуулж, ашиглалтыг нэмэгдүүлнэ;
3.1.2.зэвсэг, техникийн хадгалалтын нөхцөлийг сайжруулна;
3.1.3.цэргийн нэгтгэл, ангийн техникийн засвар, үйлчилгээний чанар, хүчин чадлыг нэмэгдүүлнэ;
3.1.4.зэвсэглэлийн галт хэрэглэл, техникийн сэлбэг хэрэгсэл болон бусад материаллаг нөөцийг бүрдүүлнэ.
3.2.Зэвсэг, техникт төлөвлөгөөний дагуу сэргээн сайжруулах засвар, техникийн үйлчилгээ хийх зорилтын хүрээнд:
3.2.1.зэвсэг, техникийг сэргээн сайжруулах засвар, техникийн үйлчилгээг жил бүр төлөвлөгөөтэйгөөр хэрэгжүүлнэ;
3.2.2.зэвсэг, техникийн сэргээн сайжруулах хөрөнгийн зардлыг улсын төсөвт тусгана;
3.2.3.зэвсэг, техникийн засвар-үйлдвэрлэлийн техник, технологийг боловсронгуй болгох, их, дунд засвар хийх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
3.3.Зэвсэг, техникийг худалдан авах, зээл, тусламжаар шинэчлэх зорилтын хүрээнд:
3.3.1.цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд удирдлага, холбоо, кибер аюулгүй байдал, радио электрон тэмцлийн систем, төрлийн цэргийн үндсэн зэвсэглэл, тусгай зориулалтын техник хэрэгсэл, сум, галт хэрэглэлийг цэрэг-техникийн хамтын ажиллагаатай гадаадын улс орнуудын зээл, тусламжаар шинэчилнэ;
3.3.2.улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цэрэг, зэвсгийн удирдлагын систем, радио, радиотехникийн болон орон зайн тагнуулын техник, хэрэгсэл, агаарын довтолгооноос хамгаалах, танк эсэргүүцэх зөөврийн зэвсэглэл, нисдэг тэрэг, цэргийн болон тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, буудлагын зэвсэг, сум, галт хэрэглэлийг худалдан авч шинэчилнэ.
3.4.Орчин үеийн техник, технологи, инновацыг нутагшуулах, цэргийн зарим төрлийн техник, хэрэгслийг эх орондоо үйлдвэрлэх зорилтын хүрээнд:
3.4.1.гадаадын цэргийн зэвсэглэл, техникийн дэвшилтэт технологийг нутагшуулах замаар үндэсний батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлнэ;
3.4.2.батлан хамгаалах эрх ашигт нийцсэн технологийн инкубатор, туршилтын үйлдвэр, лаборатори, технологи дамжуулах төв, шинжлэх ухааны парк байгуулна;
3.4.3.дотоод нөөц бололцоонд тулгуурлан орчин үеийн техник, технологийн дэвшилд суурилсан нисгэгчгүй нисэх төхөөрөмж, робот, холбооны радиостанц, радиолокацын станц, зэвсэг, техникийн эд ангийг зохион бүтээж, туршин, үйлдвэрлэж, зэвсэглэлд нэвтрүүлнэ.
Дөрөв.Бодлогыг хэрэгжүүлэх санхүү, хөрөнгийн эх үүсвэр
4.1.Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
4.1.1.улсын төсөв;
4.1.2.цэрэг болон цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд гадаадын улс орнуудтай байгуулсан гэрээний дагуу олгосон хандив, тусламжийн орлого;
4.1.3.энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны нөхөн төлбөрийн Засгийн газраас тогтоосон хэсэг;
4.1.4.үндсэн хөрөнгө болон зэвсэглэлээс хасагдсан техник, тоног төхөөрөмж, материал хэрэгсэл, эд хөрөнгийг худалдан борлуулсны орлого;
4.1.5.зэвсэгт хүчнийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулж олсон ашгийн зохих хэсэг.
Тав.Бодлогыг хэрэгжүүлэх удирдлага, зохицуулалт
5.1.Улсын Их Хурал Зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
5.1.1.Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг үндэсний аюулгүй байдлыг хангах болон гадаад бодлогод нийцүүлэн тодорхойлох;
5.1.2.Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж батлах.
5.2.Засгийн газар Зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
5.2.1.Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүр улсын төсвийн төсөлд тусгах;
5.2.2.зэвсэг, техникийг шинэчлэх чиглэлээр гадаад улсын Засгийн газартай хамтран ажиллах тухай гэрээ, хэлэлцээр байгуулах.
5.3.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
5.3.1.Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогын хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах;
5.3.2.Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, Засгийн газраар хэлэлцүүлж батлуулах;
5.3.3.Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн батлан хамгаалах төсвийн төсөлд тусгаж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх;
5.3.4.гадаадын улс орнуудтай батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, зэвсэг, техник хэрэгслийг шинэчлэх, сэргээн сайжруулах чиглэлээр төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх гэрээ, хэлэлцээр байгуулах.
5.4.Цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага Зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
5.4.1.Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогын хэрэгжилтийг хангах;
5.4.2.Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээний санал, холбогдох тооцоог боловсруулж, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх.
---oOo---
Текст томруулах
A
A
A