A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ГАДААД АЖИЛТНЫГ МОНГОЛ УЛСАД ИРСНИЙ ДАРАА ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн A/483, A/220 дүгээр хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт

 

ГАДААД АЖИЛТНЫГ МОНГОЛ УЛСАД ИРСНИЙ ДАРАА ЭРҮҮЛ МЭНДИЙН

ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр урьдчилсан зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллагын гадаад ажилтныг Монгол Улсад ирсний дараа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.

 

1.2. Гадаад ажилтныг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулахад Эрүүл мэндийн тухай хууль, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмыг мөрдлөг болгоно.

 

Хоёр. Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах

 

2.1. Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүсч байгаа гадаад иргэнийг аж ахуйн нэгж, байгууллага хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүсэхээс өмнө эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулна. 

 

2.2.Эрүүл мэндийн байгууллага нь гадаад улсын иргэнд хүний дархлал хомсдолын вирусийн халдвар /ХДХВ/ДОХ/, тэмбүү өвчин, гепатитийн  B, C вирусийн халдвар илрүүлэх шинжилгээ, уушгины сүрьеэ илрүүлэх рентген зураг,  сэтгэцийн эрүүл мэндийн оношилгоо, шинжилгээ хийж,  үзлэгийн нэгдсэн дүгнэлт гаргана.

 

2.3. ХДХВ/ДОХ-ын тохиолдлын мэдээлэл нь Хүний дархлал хомсдолын вирусийн халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулиар зохицуулагдана.

 

2.4. Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан дүгнэлт болон Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан бусад баримт бичигт үндэслэн Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хөдөлмөр эрхлэх эсэх тухай шийдвэрийг гаргана.

 

2.5. Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээгээр энэ журмын 2.2 дахь хэсэгт заасан өвчин илэрсэн гадаад иргэний эрүүл мэндийн мэдээллийг үзлэг хийсэн эрүүл мэндийн байгууллага Халдварт өвчин судлалын үндэсний төвд илгээж,  лабораторийн шинжилгээгээр баталгаажуулсны дараа Эрүүл мэндийн байгууллагад мэдээлнэ.

2.6    30 хоногоос дээш хугацаагаар хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүсч байгаа гадаад иргэн энэ журмын 2.2-т заасан эрүүл мэндийн үзлэгт хамрагдана.

 2.7 ХДХВ, ДОХ, Сэтгэцийн өвчин илэрсэн тохиолдолд гадаад ажилтанд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгохгүй.

2.8. Эрүүл мэндээр тэнцээгүй гадаад иргэний дүгнэлт, мэдээлэл баталгаажсаны дараа эрүүл мэндийн байгууллага ажлын 2 хоногт багтаан албаны цахим хаягаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт  мэдээлж,  мөн албан бичгээр хүргүүлнэ.

2.9. Гадаад ажилтны эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний мэдээллийг үзлэг хийсэн эрүүл мэндийн байгууллагын статистикч сар бүр Эрүүл мэндийн хөгжлийн төвд  мэдээлнэ.

2.10 Гадаад ажилтны хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацаа дуусч, сунгах тохиолдол бүрт энэ журмын 2.2 дахь хэсэгт заасан үзлэг, шинжилгээнд дахин хамрагдана.

2.11. Гадаад ажилтан 6 ба түүнээс дээш сараар хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд ХДХВ/ДОХ-ын халдвар илрүүлэх шинжилгээнд 6 сар тутамд хамрагдана.

2.12. Гадаад ажилтны эрүүл мэндийн үзлэгийн мэдээллийг Хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газраас Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

Гурав. Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулахад тавигдах шаардлага

 

3.1. Гадаад ажилтанг, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүсч байгаа аж ахуйн нэгж байрладаг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа магадлан итгэмжлэгдсэн  төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулна. 

 

3.2. Гадаад иргэнийг үзлэг, шинжилгээнд хамруулахдаа урьдчилан цаг товлож, цахим бүртгэлд бүртгүүлж, халдварын сэргийлэлт хяналт болон бусад дүрэм, журмыг баримтлана.

 

3.3. Шинжилгээний хариуг лабораторийн шинжилгээний бүртгэл, үйл оношийн шинжилгээий бүртгэлд бүртгэж, энэ журмын хавсралтаар батлагдсан маягт дээр гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулна.

 

3.4. Халдвар илрүүлэх шинжилгээг мэдрэг, өвөрмөц чанар өндөртэй оношлуураар хийж, шинжилгээний хариу эргэлзээтэй тохиолдолд  Халдварт өвчин судлалын үндэсний төвд холбогдох журмын дагуу илгээж, хариуг баталгаажуулна.

 

3.5. Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээтэй холбоотой бичиг баримтыг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн дагуу хадгална.

 

Дөрөв. Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний төлбөр, хариуцлага 

 

4.1. Аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөр эрхэлж байгаа гадаад ажилтны эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний төлбөрийг  Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтран баталсан "Төлбөрийн жишиг хэмжээ, журам батлах тухай" журмыг  мөрдлөг болгоно.

 

4.2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд шаардагдах төлбөрийг тухайн аж ахуйн нэгж, байгууллага хариуцна.

 

4.3. Энэ журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ.

 

4.4. Энэ журмыг зөрчсөний улмаас бусдад хохирол учруулсан бол Иргэний хуульд заасны дагуу буруутай этгээд уг хохирлыг нөхөн төлнө.