- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Монгол Улсын Их Хурлын 2024 оны
03 дугаар тогтоолын хавсралт
ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ дүрмийн зорилт нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/-ийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг тогтоож, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн тогтвортой байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.Зөвлөл төсвийн бодлогын чиглэлээр бие даасан, хараат бусаар мэргэжлийн судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт, зөвлөмж гарган Улсын Их Хурлын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлнэ.
1.3.Зөвлөл төсөв, санхүүгийн холбогдолтой шийдвэрийн нөлөөллийг таниулах зорилгоор олон нийтийг төсвийн талаарх мэдээллээр хангаж, төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангаж ажиллана.
1.4.Зөвлөл эрхлэх асуудлынхаа онцлогийг илэрхийлсэн бэлгэдэлтэй байж болох бөгөөд тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Хоёр.Зөвлөлийн үйл ажиллагааны зарчим
2.1.Зөвлөл үйл ажиллагаандаа ил тод, хараат бус байх, бусдын нөлөөнд үл автах, төсвийн тогтвортой байдлыг хангах, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хамтын удирдлагын зарчмаар асуудлыг чөлөөтэй хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэх зарчмыг удирдлага болгоно.
Гурав.Зөвлөлийн эрхлэх асуудал
3.1.Зөвлөл Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 161.1-д заасан чиг үүргийн хүрээнд дараах чиглэлээр ажиллана:
3.1.1.Эдийн засгийн төсөөлөл, таамаглал хийх чиглэлээр:
3.1.1.а.макро эдийн засгийн тооцооллын загварт суурилан эдийн засгийн дунд хугацааны төсөөлөл, таамаглалыг боловсруулан, олон нийт, мэргэжлийн судлаачид нягтлах боломжтой хэлбэрээр нээлттэй байршуулах;
3.1.1.б.эдийн засгийн төсөөлөл, бодлогын шинжилгээний системийг нэвтрүүлэх;
3.1.1.в.эдийн засгийн болон төлбөрийн тэнцлийн төсөөлөл гаргах загвар, аргачлалыг хөгжүүлэх чиглэлд дотоод, гадаадын судлаачид, байгууллагуудтай хамтран ажиллах;
3.1.1.г.эдийн засгийн төсөөлөл гаргахад шаардлагатай дотоод сектор /хөдөлмөрийн зах зээл, бодит сектор, үл хөдлөх хөрөнгийн зах зээл/, гадаад сектор /экспорт, импортын эрэлт, гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ, гадаадын шууд хөрөнгө оруулалт, төлбөрийн тэнцлийн бусад данс/, салбар хоорондын тэнцэлд гарч байгаа өөрчлөлтөд тогтмол хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тухайлсан тайлан гаргах;
3.1.1.д.Улсын Их Хурлаас өгсөн чиглэлийн дагуу эдийн засгийн тооцооллын загвар ашиглан бодлогын нөлөөллийн тооцоог хувилбартайгаар гаргаж танилцуулах.
3.1.2.Төсвийн болон хөгжлийн бодлогын тогтвортой байдалд шинжилгээ хийх чиглэлээр:
3.1.2.а.төсвийн орлого, зарлагын урт хугацааны таамаглал боловсруулах;
3.1.2.б.улсын өр болон Засгийн газрын өрийн тогтвортой байдалд дүн шинжилгээ хийх;
3.1.2.в.төсөвт нөлөөлөхүйц томоохон бодлогын шийдвэрүүдийн нөлөөллийг тооцоолох;
3.1.2.г.төсвийн орлого, зарлага, өрийн тогтвортой байдлын дүн шинжилгээнд ашиглах дотооддоо боловсруулсан загвар бий болгох, тогтмол сайжруулалт хийх;
3.1.2.д.боловсруулсан загвар, холбогдох тооцооллоо судлаачид үр дүнг нь нягтлах боломжтой хэлбэрээр олон нийтэд нээлттэй байршуулах;
3.1.2.е.төсвийн зарлагын төлбөрийн тэнцэлд үзүүлэх нөлөөнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;
3.1.2.ё.төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тооцох, "өр-хөрөнгө оруулалт" гэсэн системт хандлагыг шинжлэх, дүгнэх;
3.1.2.ж.урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төлөвлөлт, төсөвлөлтийн харилцан уялдаа, үр нөлөөний шинжилгээ хийх.
3.1.3.Төсөвт учрах эрсдэлийн шинжилгээ хийх чиглэлээр:
3.1.3.а.эдийн засаг болон төсөвт учрах гол эрсдэлүүдийн мэдээллийг илрүүлж, судлах;
3.1.3.б.эдийн засгийн болон төсвийн урт хугацааны таамаглалд тооцоолсноос бусад эрсдэлийг илрүүлэх, эрэмбэлэх;
3.1.3.в.тооцоололд ороогүй эрсдэлийн эдийн засаг болон төсөвт үзүүлэх нөлөөллийг тооцох;
3.1.3.г.төсвийн орлогын төсөөллийн эрсдэлийг хувилбартайгаар тооцож, холбогдох шинжилгээ, судалгааг хийх;
3.1.3.д.гол эрсдэлүүдийн ялгаатай хувилбар дээр төсвийн орлогын өөрчлөлтийн төсөөлөл гаргах;
3.1.3.е.эрсдэлийг тодорхойлох, тоон утгаар илэрхийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах;
3.1.3.ё.төсвийн орлого, зарлагын бүрдлүүдийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөллийн судалгааг олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтран хийх.
3.2.Зөвлөл дараах тайланг сар, улирал бүрээр гарган хуралдаанаараа хэлэлцэн, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд танилцуулж, олон нийтэд мэдээлэх ба хагас жил тутам олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулна:
3.2.1.эдийн засгийн таамаглалын тайлан;
3.2.2.төсвийн эрсдэлийн болон төсвийн тогтвортой байдлын тайлан;
3.2.3.бодлогын нөлөөллийн шинжилгээний тайлан.
3.3.Зөвлөл энэ дүрмийн 3.1, 3.2-т заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, судалгааг Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, эдийн засаг, хөгжлийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох бусад төрийн байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагаас гаргуулан авч ашиглана.
Дөрөв.Зөвлөлийн хуралдаан
4.1.Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.
4.2.Зөвлөлийн нийт гишүүдийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно.
4.3.Зөвлөлийн хуралдаанд шаардлагатай гэж үзвэл хөндлөнгийн шинжээч, мэргэжилтнүүдийг оролцуулж мэдээлэл авч болно.
4.4.Зөвлөлийн хуралдааны явцыг хуралдааны тэмдэглэлд нэг бүрчлэн тэмдэглэнэ.
Тав.Зөвлөлийн шийдвэр
5.1.Зөвлөлийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргах бөгөөд түүнд Зөвлөлийн дарга болон хуралдаанд оролцсон гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна. Шийдвэрийн талаар тусгайлсан саналтай гишүүний саналыг хуралдааны тэмдэглэлд тусгана.
5.2.Зөвлөлийн шийдвэр нь дүгнэлт, зөвлөмж хэлбэртэй байна.
5.3.Зөвлөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 161.1-д заасан хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш 20 хоногийн дотор судалгаа, шинжилгээ хийж, гаргасан дүгнэлт, зөвлөмжөө Улсын Их Хуралд хүргүүлж, нийтэд мэдээлнэ.
5.4.Хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд Зөвлөлийн дарга, гишүүд холбогдох хууль болон энэ дүрэмд нийтэд мэдээлэхээр заасан Зөвлөлийн шийдвэрийг танилцуулахад биечлэн оролцоно.
5.5.Зөвлөл шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн мэргэжлийн төрийн бус байгууллагатай хамтран судалгаа, шинжилгээний ажил хийж болно.
Зургаа.Зөвлөл Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороотой харилцах
6.1.Зөвлөл нь Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороог энэ дүрэмд заасан судалгаа, шинжилгээний дүгнэлт, зөвлөмж, холбогдох бусад мэдээллээр хангаж ажиллана.
6.2.Зөвлөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилт болон үйл ажиллагааныхаа талаар хагас жил тутамд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд тайлагнана.
6.3.Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо Зөвлөлийн гаргасан дүгнэлт, зөвлөмжийн талаар шаардлагатай гэж үзвэл Засгийн газраас холбогдох тайлбарыг гаргуулж авна.
Долоо.Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа, үйл ажиллагаа явуулах баталгаа
7.1.Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.
7.2.Зөвлөлийн гишүүнийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 161.6-д зааснаас бусад тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хориглоно.
7.3.Зөвлөлийн дарга, гишүүний цалин хөлс болон Зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг Улсын Их Хурлын төсөвт тусган батлах бөгөөд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга захиран зарцуулна.
Найм.Төсвийн судалгааны нэгж
8.1.Төсвийн судалгааны нэгж нь Улсын Их Хурлын Тамгын газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж байх бөгөөд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 161.7-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр Зөвлөлийг мэдээ, мэдээллээр хангаж, дэмжлэг үзүүлж ажиллах ба Зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг гүйцэтгэнэ.
8.2.Төсвийн судалгааны нэгж нь 5 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд төрийн захиргааны албан хаагч байна.
8.3.Зөвлөлийн дарга нь Зөвлөлийн болон Төсвийн судалгааны нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.
Ес.Зөвлөлийн дотоод мэдээллийн нууцыг хадгалах
9.1.Зөвлөлийн дүрэмд зааснаас бусад тохиолдолд Зөвлөлийн гишүүн болон Төсвийн судалгааны нэгжийн ажилтан Зөвлөлийн дотоод мэдээлэл гэж тогтоосон, нийтэд зориулагдаагүй мэдээг тараах, бусдад мэдээлэх, хувийн зорилгодоо ашиглахыг хориглоно.
---o0o---
Текст томруулах
A
A
A