A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 12

Төрийн ордон, Улаанбаатар хот

Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгаж, хөгжлийн түвшнийг ойртуулж, бүсүүдийн хөгжлийн түвшнийг эрэмбэ дараатай дээшлүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн дараах арга хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/төрийн байгууллагуудыг эрхлэх асуудал, чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны хамрах хүрээг нь харгалзан нийслэл Улаанбаатар хотоос үе шаттайгаар нүүлгэн, бүсчлэн байршуулах талаар бодлого боловсруулах;

2/Улаанбаатар хотоос орон нутагт шилжин ажиллах төрийн албан хаагчид дэмжлэг үзүүлэх, нийгмийн баталгааг хангах асуудлыг судалж, холбогдох арга хэмжээ авах, хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, шийдвэрлүүлэх;

3/төрийн байгууллага, албан хаагчдыг орон нутагт бүсчилсэн байдлаар шилжүүлэн байршуулахад шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг тооцон тухайн жилийн улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлэж байх.

2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /Н.Энхболд/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР