- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 18
Төрийн ордон, Улаанбаатар хот
Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсантай холбогдуулан дараах асуудлыг судлан холбогдох хуулийн төслийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн боловсруулж 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл байгаа бол түүнийг гэрчээр дуудах, эсхүл түүнээс гэрчийн мэдүүлэг авахгүй байх, гэрчийн мэдүүлэг авах үед түүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн бол гэрчийн мэдүүлэг авахыг даруй зогсоох зохицуулалтыг тусгах;
2/хүний халдашгүй байх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах хүрээнд мөрдөн байцаалтыг өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр явуулахгүй байх, хэрвээ өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр мөрдөн байцаалт явуулж нотлох баримт цуглуулсан, хэрэг хүлээлгэсэн тохиолдолд тухайн мэдүүлэг, нотлох баримтыг үнэлэхгүй байх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;
3/шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулдаг үндэслэл, нөхцөл боломжийг бий болгож байгаа хуулийн хийдлийг судалж, түүнийг арилгах, зохицуулалтыг боловсронгуй болгох;
4/олон оролцогчтой хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тогтоохтой холбогдсон зохицуулалтыг хуульд тусгах;
5/хавтаст хэргийг цахимжуулах, цахим суурьтай нотлох баримтыг шүүх хуралдаанд шинжлэн судлах, цахим суурьтай нотлох баримтыг үнэлэх журмыг боловсронгуй болгох;
6/төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулсан шүүх, прокурорын шийдвэрийг оролцогчид танилцуулах, гардуулан өгөх журмыг нарийвчлан зохицуулах;
7/шинээр нэгтгэсэн хэрэгт цагдан хоригдсон хугацааг тусад нь тоолох журмыг боловсронгуй болгох;
8/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бэхжүүлсэн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах нөхцөл боломжийг бий болгох, 6-аас дээш сар хадгалах эрх зүйн орчныг бүрдүүлэх;
9/Өмгөөллийн тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрх, үүргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмж тусгах;
10/сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч сэжигтнийг баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах болсон үндэслэлд хамаарах нотлох баримттай танилцах, таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлгийг талуудын мэтгэлцээний үндсэн дээр явуулах зохицуулалтыг боловсронгуй болгох;
11/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхтэй холбогдсон зохицуулалтыг сайжруулах, хэргийн оролцогчийн эрхийг хангаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараагийн шатанд хэргийг шилжүүлдэг зохицуулалтыг тусгах;
12/мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан яллагдагч, шүүгдэгчийг цагаатгах, хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нотлох чиг үүргээ хэрэгжүүлээгүй бол яллагдагч, шүүгдэгч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргах эрхийг хуульд тусгах;
13/хүн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг хангах хүрээнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан талаарх тогтоолыг гардуулан өгөх зохицуулалтыг хуульд тусгах;
14/шүүх, прокурор, мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүсэлтийг хангахаас татгалзаж байгаа үндэслэлийг тухайн шийдвэртээ тодорхой тусгах асуудлыг хуульчлах.
2.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн хороо, Эрүү шүүлтийн эсрэг хорооноос гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэх дагнасан шүүхийн тогтолцоог бүрдүүлэх талаар судалж Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталсантай холбогдуулан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах техник, тоног төхөөрөмжтэй холбоотой зардлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.
4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Д.Цогтбаатар/-нд даалгасугай.
5.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
