A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 01 сарын 17 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/2.2 дугаар зүйлийн 10-12 дахь хэсэг:

"10.Энэ хуулийн 31.4 дүгээр зүйлд заасан үндэслэлээр сэжигтнийг баривчлах тухай прокурорын саналыг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ.

11.Энэ хуулийн 31.5 дугаар зүйлд заасны дагуу сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилсан тухай мөрдөгчийн шийдвэрийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх, хэрэв баривчлагдсан сэжигтнийг 24 цагийн дотор уг хэрэг гарсан газрын харьяалах шүүхэд хүргэх боломжгүй бол баривчлах ажиллагаа явагдсан газрын шүүх хянан шийдвэрлэнэ.

12.Монгол Улсын хилийн гадна үйлдэгдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг тогтоох боломжгүй, Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан, агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт гарсан гэмт хэргийн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлтэй баривчлах, эсхүл яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг тухайн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ."

2/3.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэг:

"5.Шүүх энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.5 дахь заалт, 31.5 дугаар зүйлд заасан асуудлыг хянан шийдвэрлэх ажиллагааг хуанлийн өдөр бүр шөнийн цагаас бусад цагт тасралтгүй хэрэгжүүлнэ.

6.Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан асуудлыг хянан шийдвэрлэх шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилно."

3/5.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэг:

"8.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах журмыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны саналыг харгалзан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."

4/14.10 дугаар зүйлийн 6-12 дахь хэсэг:

"6.Мөрдөгч яллагдагчийг цагдан хорих хугацааг сунгах тухай саналаа хугацаа дуусахаас 7-оос доошгүй хоногийн өмнө прокурорт хүргүүлнэ.

7.Прокурор мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл цагдан хорих хугацааг сунгах тухай саналаа даруй шүүхэд хүргүүлнэ.

8.Шүүх цагдан хорих хугацааг сунгах тухай прокурорын саналыг хугацаа дуусахаас 4-өөс доошгүй хоногийн өмнө хянан хэлэлцэж, цагдан хорих хугацааг сунгах, эсхүл сунгахыг татгалзах тухай шийдвэр гаргана.

9.Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан яллагдагчийн цагдан хорих хугацааг баривчилсан өдрөөс, эсхүл яллагдагчийг цагдан хорьсон өдрөөс эхлэн прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл тоолно.

10.Шүүгч баривчилсан, цагдан хорьсон цагийг захирамждаа заана.

11.Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.

12.Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийг цагдан хорьсон хугацаа нь энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хугацаанд хамаарахгүй."

5/17.2 дугаар зүйлийн 5-11 дэх хэсэг:

"5.Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч өмгөөлөгч авахаас татгалзсан яллагдагчид өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах журмыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны саналыг харгалзан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

6.Прокурор, мөрдөгч яллагдагчид энэ хуулийн Долдугаар бүлэгт заасан эрх, үүргээс гадна дараах эрхийг тусгайлан танилцуулна:

6.1.тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар мэдээлэл авах;

6.2.прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрөх, эсхүл татгалзах;

6.3.эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар өөрийн саналыг илэрхийлэх;

6.4.шүүх шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээс татгалзах.

7.Прокурор хохирогчид энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэрийг мэдэгдэж, хохирол нөхөн төлөх талаар яллагдагчийн гаргасан санал болон энэ хуулийн Наймдугаар бүлэгт заасан эрх, үүргийг тусгайлан танилцуулна.

8.Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн яллагдагч зарим хэргээ хүлээн зөвшөөрөөгүй бол түүнд холбогдох хэргийг бүхэлд нь ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.

9.Нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэрэг хамтран үйлдсэн яллагдагч нарын зарим нь гэм буруугаа бүрэн, эсхүл хэсэгчлэн хүлээн зөвшөөрөөгүй бол тухайн яллагдагч нарт холбогдох хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.

10.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн хүнд холбогдох хэргийг бусад яллагдагч нарт холбогдох хэргээс тусгаарласан бол түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болно.

11.Эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан ял оногдуулахад саад болохгүй."

6/17.3 дугаар зүйлийн 5-9 дэх хэсэг:

"5.Яллагдагчийн хүлээн зөвшөөрсөн прокурорын саналд энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас гадна дараах нөхцөл байдлыг тусгаж, хэрэгт хавсаргана:

5.1.эрүүгийн хариуцлагын талаар прокурорын санал танилцуулсан он, сар, өдөр, газар;

5.2.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан албан тушаалтны эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал;

5.3.яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн талаарх мэдээлэл;

5.4.гэмт хэрэг үйлдсэн он, сар, өдөр, газар, хэргийн товч агуулга;

5.5.гэмт хэргийн үндсэн шинж;

5.6.гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, хор уршгийн шинж чанар;

5.7.яллагдагчийн хохирол нөхөн төлсөн, эсхүл хохирол нөхөн төлөхөө бодитой илэрхийлсэн байдал;

5.8.яллагдагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал;

5.9.яллагдагчийн биеийн байцаалт;

5.10.яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол түүний үйлдэл тус бүрд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ;

5.11.Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял нэгтгэснээр яллагдагчийн нийт эдлэх ялын төрөл, хэмжээ;

5.12.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу хураалгах хөрөнгө, орлого.

6.Прокурор яллагдагчийн гэм буруу, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар яллагдагчийн хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан саналыг яллах дүгнэлтийн хавсралтад тусгаж, хэргийг 7 хоногийн дотор шүүхэд шилжүүлнэ.

7.Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад дараах зүйлийг тусгана:

7.1.яллагдагчтай хийсэн тохиролцооны агуулга;

7.2.яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээ;

7.3.гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг яллагдагч нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал;

7.4.мөрдөн шалгах ажиллагаанд гарсан зардлын тооцоо;

7.5.хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгө, эд мөрийн баримт, тэдгээрийн байгаа газар;

7.6.прокурорын яллагдагчтай хийсэн тохиролцоог батлах хүсэлт.

8.Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, хохирогч, эсхүл тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ.

9.Прокуророос эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсний дараа оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой санал, хүсэлтээ харьяалах шүүхэд гаргана."

2 дугаар зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "1 сар" гэсний дараа "хүртэл" гэж, 14.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах/," гэсний дараа "17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар залилах/," гэж, 15.8 дугаар зүйлийн 5.1 дэх заалтын "шийдвэрийг өөрчлөх" гэсний дараа ", хүчингүй болгох" гэж, 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "дуу-дүрсний бичлэг," гэсний дараа "эрх бүхий байгууллагын цахим мэдээллийн сангаас цахим гарын үсгээр баталгаажуулж авсан лавлагаа, тодорхойлолт," гэж, 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Хохирогч," гэсний дараа "гэрч," гэж, мөн хэсгийн "иргэний хариуцагч," гэсний дараа "сэжигтэн," гэж, 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн "шийдвэрлэнэ." гэсний дараа "Энэ шийдвэрт прокурор, оролцогч гомдол, эсэргүүцэл гаргахгүй." гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дараах зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/14.9 дүгээр зүйл:

"14.9 дүгээр зүйл.Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ

Хэвлэх

1.Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчид дараах үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно:

1.1.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, эсхүл оргон зайлсан;

1.2.шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, эсхүл сүрдүүлсэн, эсхүл нөлөөлсөн, эсхүл тэдгээрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;

1.3 хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;

1.4.урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчид дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно:

2.1.энэ хуулийн 31.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан нөхцөл;

2.2.эд хөрөнгө, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа насанд хүрээгүй хүний эсрэг, эсхүл амь нас, эрүүл мэнд, бусад шалтгааны улмаас өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чадваргүй хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн;

2.3.зохион байгуулалттай гэмт бүлгийн үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон;

2.4.Монгол Улсад оршин суух газрын хаяг тодорхойгүй, эрхэлсэн ажилгүйн улмаас түүнийг мэдэгдэх хуудсаар дуудах боломжгүй;

2.5.Монгол Улсад байнга оршин суудаггүй.

3.Яллагдагч өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах, эсхүл түүний амь нас, эрүүл мэндэд аюул учирч болох үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа бол прокурорын гаргасан саналыг үндэслэн шүүх яллагдагчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.

4.Хорих ял эдэлж байгаа ялтныг яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулахад прокурорын саналыг үндэслэн шүүх түүнийг мөрдөн шалгах ажиллагаа явуулах нутаг дэвсгэрийн цагдан хорих байранд шилжүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч болно.

5.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол энэ хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааг баримтална."

2/14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

"2.Шүүх энэ хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл арилаагүй гэж үзвэляллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах ба яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 6 сараас, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сараас, Эрүүгийн хуульд хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй."

3/17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг:

"7.Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу гаргасан шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болно."

4/31.5 дугаар зүйл:

"31.5 дугаар зүйл.Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах

Хэвлэх

1.Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг дараах үндэслэлээр хойшлуулшгүйгээр баривчилж болно:

1.1.гэмт хэрэг үйлдэж байх үед, эсхүл үйлдсэн дор нь, эсхүл гэмт хэрэг үйлдсэн газраас зугтах үед барьсан;

1.2.гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан;

1.3.хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас гадна дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол хойшлуулшгүйгээр баривчилж болно:

2.1.хэн болох нь тогтоогдоогүй;

2.2.Монгол Улсад оршин суух газрын хаяг тодорхойгүй, эрхэлсэн ажилгүйн улмаас түүнийг мэдэгдэх хуудсаар дуудах боломжгүй;

2.3.Монгол Улсад байнга оршин суудаггүй.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнд гэмт хэрэг үйлдэгдсэн даруй энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад үндэслэл бүхий сэжиг тогтоогдвол сэжигтнийг энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан аль нэг үндэслэлээр хойшлуулшгүйгээр баривчилж болно.

4.Мөрдөгч сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилсан даруй прокурорт мэдэгдэж, прокурор баривчлах ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг хянаж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

4.1.мөрдөгчийн шийдвэрийг баталж, шүүхэд даруй хүргүүлэх;

4.2.мөрдөгчийн шийдвэрийг үндэслэлгүй, эсхүл үргэлжлүүлэн баривчлах шаардлагагүй гэж үзвэл батлахаас татгалзаж, тэмдэглэл үйлдэх.

5.Үндэслэлгүйгээр баривчлагдсан сэжигтнийг прокурор даруй суллана.

6.Мөрдөгч энэ хуулийн 30.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлтэй бол хойшлуулшгүйгээр баривчилсан сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналаа сэжигтнийг баривчилснаас хойш прокурорт даруй хүргүүлнэ.

7.Прокурор мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл саналыг хүлээн авснаас хойш 6 цагийн дотор баривчилсан сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах эсэхийг шийдвэрлэнэ.

8.Прокурор сэжигтнийг баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцуулах, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналаа баривчлах хугацаа дуусахаас 24 цагийн өмнө шүүхэд хүргүүлнэ.

9.Шүүх энэ зүйлийн 8 дахь хэсэгт заасан прокурорын саналыг хүлээн авснаас хойш даруй, эсхүл 24 цагийн дотор шүүхийн хэлэлцүүлгийг товлон явуулж, прокурорын саналыг үндэслэн баривчлах ажиллагааг хүчинтэйд тооцох, яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг хянан шийдвэрлэнэ.

10.Прокурор, эсхүл баривчлах байрны даргын шийдвэрээр суллагдсан сэжигтэн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч уг хэрэг гарсан газрын харьяалах шүүхэд баривчлах ажиллагааны талаар сэжигтнийг суллагдсанаас хойш 10 хоногийн дотор гомдол гаргаж болно. Прокурор гомдолд холбогдох материалыг харьяалах шүүхэд даруй хүргүүлнэ.

11.Шүүх энэ зүйлийн 10 дахь хэсэгт заасан гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор энэ хуульд заасан нийтлэг журмын дагуу шүүхийн хэлэлцүүлгийг товлон явуулж, баривчлах ажиллагааг хүчинтэйд тооцох эсэхийг хянан шийдвэрлэнэ. Энэ шийдвэрт гомдол гаргахгүй.

12.Энэ зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу суллагдсан хүн гомдол гаргаагүй бол холбогдох шийдвэрийг 30хоногийндотор харьяалах шүүхэд хүргүүлнэ."

5/31.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

"1.Мөрдөгч сэжигтнийг баривчлах үед түүнийг ямар хэрэгт холбогдуулан баривчилж байгаа талаар мэдэгдэж, энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрхийг сануулна."

6/31.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:

"1.Сэжигтэнд баривчлах тухай шүүхийн шийдвэрийг танилцуулсан, эсхүл хойшлуулшгүйгээр баривчилсан тохиолдолд энэ хуулийн 31.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг танилцуулсан үеэс баривчилсан хугацааг тоолох бөгөөд сэжигтнийг мөрдөн шалгах байгууллагад хүргэх, зайлшгүй эмнэлгийн туслалцаа үзүүлэх, эрүүлжүүлэх, өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзахад зарцуулсан хугацааг энэ хуулийн 31.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд оруулан тооцохгүй. Өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзах хугацаа 1 цагаас илүүгүй байна."

4 дүгээр зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 31.8 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын "шүүхийн зөвшөөрөлгүй" гэснийг "хойшлуулшгүйгээр" гэж, 31.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Шүүхийн зөвшөөрөлгүй" гэснийг "Хойшлуулшгүйгээр" гэж, 26.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "20.7" гэснийг "20.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг" гэж, "20.8" гэснийг "20.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг" гэж, "20.10" гэснийг "20.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтын "14.5 /Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх/, 14.6 /Сонгууль, ард нийтийн санал асуулгад илүү санал өгөх/, 14.7 /Сонгууль, ард нийтийн санал асуулгад хууль бусаар нөлөөлөх, санал хураалтын дүнг буруу гаргах/, 14.8 /Cонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах/," гэснийг, 26.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг/Хулгайлах/, 17.12 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг/Мал хулгайлах/," гэснийг, мөн хэсгийн "20.9/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг завших/," гэснийг, мөн хэсгийн "дугаар зүйл" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР