A

A

A

Бүлэг: 1979

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/575 дугаар тушаалын хавсралт

 

 

ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Энэхүү дүрмээр докторын зэрэг хамгаалуулах зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/, дэд зөвлөл /цаашид "Дэд зөвлөл" гэх/-ийн бүрэлдэхүүн, үйл ажиллагааны зохион байгуулалт, чиг үүрэг болон холбогдох бусад харилцааг зохицуулна.

 

1.2. Зөвлөл нь их сургууль дундын, орон тооны бус хэлбэрээр ажиллана.

 

1.3. Зөвлөл нь докторын зэрэг хамгаалуулах үйл ажиллагааг зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий дэд зөвлөлтэй байна.

 

1.4. Зөвлөл, дэд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүн аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, шударга ёс, эрдмийн эрх чөлөөг эрхэмлэн, ёс зүйг  чандлан, холбогдох хууль тогтоомжийг баримталж ажиллана.

 

1.5. Зөвлөлийг дор дурдсан докторын зэрэг хамгаалуулах чиглэл тус бүрээр байгуулна. Үүнд:

 

1.5.1. Байгалийн ухаан, техникийн ухаан, анагаах ухаан, хөдөө аж ахуйн ухаан:

1.5.1.1. биологи

1.5.1.2. хүрээлэн буй орчин судлал

1.5.1.3. хими, химийн инженерчлэл

1.5.1.4. геологи-эрдэс судлал

1.5.1.5. газар зүй

1.5.1.6. физик

1.5.1.7. математик, статистик

1.5.1.8. мэдээлэл, холбоо, электроник

1.5.1.9. эрчим хүч

1.5.1.10. механик инженер

1.5.1.11. хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн технологи

1.5.1.12. уул уурхайн үйлдвэрлэл, технологи

1.5.1.13. барилга, архитектур, хот төлөвлөлт

1.5.1.14. мал аж ахуй

1.5.1.15. газар тариалан, байгалийн нөөц

1.5.1.16. мал эмнэлэг

1.5.1.17. анагаах ухаан

1.5.1.18. эм зүй

1.5.1.19. нийгмийн эрүүл мэнд

1.5.1.20. уламжлалт анагаах ухаан

 

1.5.2.Нийгмийн ухаан:

1.5.2.1. улс төр судлал, олон улсын харилцаа

1.5.2.2. орон судлал

1.5.2.3. эдийн засаг

1.5.2.4. сэтгүүл зүй

1.5.2.5. менежмент

1.5.2.6. бизнесийн удирдлага 

1.5.2.7. эрх зүй

1.5.2.8. батлан хамгаалах, аюулгүй байдал

1.5.2.9. хууль сахиулахуй, дотоод хэрэг

1.5.2.10. төрийн удирдлага, бодлого судлал

1.5.2.11. социологи ба нийгмийн ажил

 

1.5.3.Урлаг, хүмүүнлэгийн ухаан: 

1.5.3.1. сэтгэл судлал

1.5.3.2. боловсрол судлал

1.5.3.3. соёл, урлаг судлал

1.5.3.4. хэл шинжлэл

1.5.3.5. утга зохиол

1.5.3.6. түүх

1.5.3.7. археологи, антропологи

1.5.3.8. философи, шашин судлал

 

1.6. Энэхүү дүрмийн 1.5-д заасан чиглэл, тэдгээрт харгалзах докторын сургалтын хөтөлбөрийн жагсаалтыг боловсролын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагаас гаргаж нийтэд мэдээлнэ.

 

1.7. Энэхүү дүрмийн 2.9-д заасан шаардлага хангасан дээд боловсролын сургалтын байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны болон бусад байгууллагын эрдэмтдийн хүсэлтийг жил бүрийн 1 дүгээр сард нээлттэй, цахим хэлбэрээр хүлээн авч, Шинжлэх ухаан, технологийн сангийн мэдээллийн системд бүртгэнэ.

 

1.8.Энэхүү дүрмийн 1.7-д заасан бүртгэлийг үндэслэн Зөвлөлийн бүрэлдэхүүнийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

Хоёр. Зөвлөлийн бүрэлдэхүүн, чиг үүрэг

 

2.1.Зөвлөл нь чиглэл тус бүрээр есөөс доошгүй эрдэмтний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.  

 

2.2.Тухайн хамгаалуулах чиглэлээр Зөвлөл бүрдээгүй тохиолдолд энэ дүрмийн 1.5-д заасан чиглэлээс ойролцоо чиглэлийн Зөвлөлд нэгтгэж болно.

 

2.3.Зөвлөлийн гишүүн нь өөрийн докторын зэрэг хамгаалсан, эсвэл докторын ажил удирдаж хамгаалуулсан сэдвийн дагуу хоёр хүртэл зөвлөлийн бүрэлдэхүүнд орж болно.

2.4.Зөвлөлийн дарга, орлогч дарга, нарийн бичгийн даргыг Зөвлөлийн хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар, хоёр жилийн хугацаатай сонгоно. Зөвлөлийн анхны хуралдааныг хамгийн ахмад гишүүн удирдана.

 

2.5.Зөвлөлийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг Зөвлөлийн дарга шийдвэрлэнэ. Зөвлөлийн хуралдааны дэгийг хуралдаанаас батална.

 

2.6.Зөвлөлийн гишүүдийн ирц 60 ба түүнээс дээш байх тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно. Зөвлөлийн хуралдаанд цахимаар оролцох, эсвэл урьдчилж санал өгсөн гишүүнийг ирцэд тооцно.

 

2.7.Зөвлөлийн хуралдааны шийдвэрийг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 ба түүнээс дээш хувийн саналаар дэмжсэн тохиолдолд хүчинтэйд тооцно.

 

2.8.Зөвлөл албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Зөвлөлийн шийдвэр тогтоол хэлбэртэй байх бөгөөд зөвлөлийн дарга гарын үсэг зурна.

 

2.9.Зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлага:

 

2.9.1.энэхүү дүрмийн 1.5.1-д заасан чиглэлд хамаарах Зөвлөлийн гишүүн сүүлийн есөн жилд олон улсын шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүл (Web of Science, Scopus)-д нэгдүгээр зохиогч, эсвэл холбоо баригчаар эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн байх;

2.9.2.энэхүү дүрмийн 1.5.2-т заасан чиглэлд хамаарах Зөвлөлийн гишүүн тухайн мэргэжлийн чиглэлээр хянан магадалгаа хийгддэг олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд хоёроос доошгүй эрдэм шинжилгээний өгүүллийг нэгдүгээр зохиогч, эсвэл холбоо баригчаар, үүнээс нэг өгүүллийг сүүлийн долоон жилд хэвлүүлсэн байх;

2.9.3.энэхүү дүрмийн 1.5.3-т заасан чиглэлд хамаарах Зөвлөлийн гишүүн хянан магадалгаа хийгддэг дотоодын болон олон улсын мэргэжлийн сэтгүүлд нэгдүгээр зохиогч, эсвэл холбоо баригчаар хоёроос доошгүй эрдэм шинжилгээний өгүүллийг сүүлийн таван жилд хэвлүүлсэн байх;

2.9.4. энэхүү дүрмийн 1.5.2, 1.5.3-т заасан чиглэлд хамаарах Зөвлөлийн гишүүн сүүлийн есөн жилд олон улсын шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүл (Web of Science, Scopus)-д нэгдүгээр зохиогч, эсвэл холбоо баригчаар өгүүлэл хэвлүүлсэн бол 2.9.2, 2.9.3-т заасан шаардлага хамаарахгүй.

2.9.5. их сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагад докторын зэрэгтэй багш, ажилтнаар гурваас дээш жил ажилласан туршлагатай байх;

2.9.6.докторын судалгааны ажил удирдаж хамгаалуулсан байх, эсвэл үндэсний болон олон улсын судалгааны төсөл удирдаж хамгаалсан байх.

 

 2.10. Зөвлөлийн бүрэлдэхүүнд доор дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж болно:  

 

2.10.1.эрүүл мэндийн шалтгааны улмаас Зөвлөлийн гишүүнээр үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон;

2.10.2.Зөвлөлийн бүрэлдэхүүнээс гарах хүсэлт гаргасан;

2.10.3.нас барсан;

2.10.4.Зөвлөлийн хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр ба түүнээс дээш удаа тасалсан;

2.10.5.энэхүү дүрмийн 5.10-т заасан дүгнэлт.

 

2.11.Зөвлөлийн гишүүн энэхүү дүрмийн 2.10.1, 2.10.2-т заасан хүсэлтээ Зөвлөлийн нарийн бичгийн даргад гаргана. Зөвлөлийн дарга энэхүү дүрмийн 2.10.1-2.10.4-т заасны дагуу Зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах хүсэлтээ боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж холбогдох шийдвэрийг гаргуулна.

 

2.12. Зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

2.12.1.тухайн чиглэлийн ахисан түвшний судалгааны тулгамдаж буй асуудлаар санал зөвлөмж гаргах;

2.12.2.тухайн чиглэлээр хүлээн зөвшөөрөгдөх дотоодын болон олон улсын мэргэжлийн сэтгүүлийн жагсаалтыг тогтоох;

2.12.3.дэд зөвлөлд орох Зөвлөлийн гишүүдийн нэрсийг тухайн их сургуульд хүргүүлэх;

2.12.4.дэд зөвлөлийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлага, зохицуулалтаар хангах, дэмжлэг үзүүлэх, хяналт тавих;

 2.12.5.Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн зургаадугаар сард багтаан хүргүүлнэ.

 

2.13.Шинжлэх ухаан, технологийн сан энэхүү дүрмийн 2.12.2-т заасан жагсаалтыг мэдээллийн санд бүртгэнэ.

 

Гурав. Дэд зөвлөлийн бүрэлдэхүүн, зохион байгуулалт, чиг үүрэг

 

3.1.Энэхүү дүрмийн 5.2-т заасан шаардлагыг хангасан их сургууль энэхүү дүрмийн 3.1-3.8-д заасны дагуу Дэд зөвлөлийг байгуулна.

 

3.2.Докторант бүрээр диссертацын сэдвийн чиглэлтэй уялдуулан тухайн хамгаалуулах зөвлөлийн долоон гишүүний төлөөлөлтэй  Дэд зөвлөлийг байгуулна.

 

3.3.Дэд зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн их сургууль, бусад их сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага болон бусад байгууллагын төлөөллийг тус тус оруулсан байна. Дэд зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн их сургуулийн төлөөлөл гурваас ихгүй байна. Дэд зөвлөлд докторантын удирдагчийг саналын эрхгүйгээр оруулж болно.

 

3.4.Диссертацын сэдэв, үр дүнг харгалзан 2-3 докторантад нэг Дэд зөвлөл байгуулж болно.

 

3.5.Дэд зөвлөлийг тухайн чиглэлийн хамгаалуулах Зөвлөлийн дарга, тухайн их сургуулийн ахисан түвшний сургалт хариуцсан нэгжийн дарга, докторантын удирдагч нар зөвшилцөн бүрдүүлэх ба Зөвлөлийн даргын хүргүүлсэн саналыг үндэслэн их сургуулийн ректорын тушаалаар батална.

 

3.6.Ректорын тушаалд Дэд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг тодорхой заана. Дэд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга тухайн их сургуулийн эрдэмтэн байна.

 

3.7.Диссертац салбар дундын сэдэвтэй бол холбогдох Зөвлөлийн хоёр хүртэл гишүүнээр өргөтгөж болно. Зөвлөлийн гишүүнд тавих шаардлагыг хангасан гадаадын хоёр хүртэл эрдэмтнээр өргөтгөж болох ба энэ тохиолдол саналын эрхгүй оролцуулна.

 

3.8.Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбогдох үр дагавар бүхий диссертацын урьдчилсан хамгаалалт, хамгаалалтыг зөвлөлөөс шийдвэр гаргаж зохион байгуулж болно.

 

3.9.Дэд зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

3.9.1.докторын зэрэг хамгаалуулах үйл ажиллагааг зохион байгуулах;

3.9.2.диссертацыг мэргэжлийн түвшинд хэлэлцэж, судалгааны онол, арга зүйн түвшин, үр дүн, ач холбогдол, ажлын үнэн зөвийг магадлан, бусад судлаачдын бүтээлээс ялгаатай эсэхийг тогтоож, үнэлгээ, дүгнэлт гаргах;

3.9.3.дэд зөвлөлийн хуралдааны тайлан, тогтоолыг хамгаалалт болсноос хойш ажлын 14 өдөрт багтаан тухайн их сургуулийн ахисан түвшний сургалт хариуцсан нэгжид хүргүүлэх.

 

3.10.Докторын зэрэг хамгаалуулах үйл ажиллагаа дууссанаар тухайн дэд зөвлөлийн үйл ажиллагаа дуусгавар болно.

 

  Дөрөв. Докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөлийн үйл ажиллагаа

 

4.1.Докторын зэрэг хамгаалуулах үйл ажиллагааг "урьдчилсан хамгаалалт", "хамгаалалт" гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулна.

 

4.2.Дэд зөвлөлийн нарийн бичгийн дарга хуралдааны бэлтгэл ажлыг хангаж, зохион байгуулна.

 

4.3.Дэд зөвлөлийн нарийн бичгийн дарга их сургуулийн ахисан түвшний сургалт хариуцсан нэгжээр хянуулсан дараах баримт бичгийг хүлээн авна.

 

4.3.1.хамгаалалтад оруулахыг хүссэн докторантын өргөдөл;

4.3.2. докторын зэрэг горилсон диссертац;

4.3.3. диссертацын сэдэв, удирдагчийг баталсан шийдвэр;

4.3.4. диссертацын сэдэв, зорилго, үр дүн, судалгааны арга зүй, явц үр дүнг хэлэлцсэн тухай зөвлөх багийн хурлын тэмдэглэл;

4.3.5. диссертацын хуулбарлалтын хувийг тогтоосон тухайн их сургуулийн ахисан түвшний сургалт хариуцсан нэгжийн лавлагаа;

4.3.6. их сургуулийн докторын сургалтын хөтөлбөртэй мэргэжлийн тэнхим, нэгж, мөн тухайн чиглэлийн эрдэм шинжилгээний байгууллагын оролцоог хангасан тухай хурлын тэмдэглэл, шийдвэр;

4.3.7.тухайн их сургуулийн ахисан түвшний нэгжийн хамгаалалтад оруулах тухай дүгнэлт, ректорын албан бичгийн хамт;

 

4.4.Энэхүү дүрмийн 4.3.1-4.3.7-д заасан баримт бичиг дутуу тохиолдолд Дэд зөвлөл өргөдлийг хүлээн авахаас татгалзана.

 

4.5.Дэд зөвлөл баримт бичиг хүлээж авснаас хойш ажлын долоон өдрийн дотор Дэд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нарын шийдвэрээр урьдчилсан хамгаалалтын хоёр шүүмжлэгчийг томилж, ажлын 30 өдрийн дотор урьдчилсан хамгаалалтыг зохион байгуулна.

 

4.6.Диссертац урьдчилсан хамгаалалтын шаардлага хангасан тохиолдолд Дэд зөвлөлийн хуралдаанаас албан ёсны хоёр шүүмжлэгчийг дахин, эсвэл шинээр томилох ба урьдчилсан хамгаалалтаас хойш ажлын 30 өдрийн дотор хамгаалалтыг зохион байгуулна.

 

4.7.Дэд зөвлөлийн нарийн бичгийн дарга диссертацыг шүүмжлэгч нарт хүргэнэ. Шүүмжлэгч ажлын 10 өдөрт багтаан тухайн диссертацын шүүмжийг Дэд зөвлөлийн нарийн бичгийн даргад бичгээр хүргэнэ.

 

4.8.Дэд зөвлөлийн нарийн бичгийн дарга шүүмжийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан докторант болон удирдагчид хүргэнэ.

 

4.9.Дэд зөвлөлийн нарийн бичгийн дарга хамгаалалт болохоос ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Дэд зөвлөлийн гишүүдэд диссертацыг зохих нууцлал, хамгаалалтыг ханган цахимаар хүргэнэ.

 

4.10.Хамгаалалтын үед Дэд зөвлөлийн нарийн бичгийн дарга хуралдааны тэмдэглэл хөтөлж, Дэд зөвлөлийн дарга баталгаажуулна. Дэд зөвлөлийн нарийн бичгийн дарга хамгаалалтын хуралдааны тэмдэглэл, хурлын тогтоол, холбогдох баримт бичгийг хуралдаан болсноос хойш ажлын 15 өдөрт багтаан Дэд зөвлөлийн даргад танилцуулан докторантын суралцсан их сургуулийн архивд хүлээлгэн өгнө.

 

4.11.Докторант хамгаалалт болохоос ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө хамгаалалтын зарыг, хамгаалалт болсноос хойш  ажлын 15 өдрийн дотор судалгааны ажлын товч үр дүнг Дэд зөвлөлийн нарийн бичгийн даргаар хянуулан үндэсний өдөр тутмын тогтмол хэвлэлд Дэд зөвлөлийн нарийн бичгийн даргаар хянуулан, нийтлүүлнэ. Зар болон судалгааны ажлын үр дүнг нийтлүүлэхтэй холбогдох зардлыг докторант хариуцна.

 

4.12.Докторын зэрэг хамгаалуулах үйл ажиллагаанд дараах дэгийг баримтална.

 

4.12.1.урьдчилсан хамгаалалт болон хамгаалалтын хуралдааныг Дэд зөвлөлийн гишүүдийн 85 ба түүнээс дээш хувийн ирцтэйгээр зохион байгуулна;

4.12.2.Дэд зөвлөлийн гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаа зөвлөлийн даргад хамгаалалт болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө бичгээр эсвэл цахим шуудангаар мэдэгдэж зөвшөөрөл авч, урьдчилсан хамгаалалт, хамгаалалтын хуралдаанд цахимаар оролцож болох бөгөөд цахимаар оролцогч гишүүн хоёроос хэтрэхгүй байна. Урьдчилсан хамгаалалт болон хамгаалалтын хуралдаанд цахимаар оролцох тохиолдолд тухайн гишүүнийг хуралдаанд оролцсонд тооцож, ирцийг бүртгэнэ;

4.12.3.урьдчилсан хамгаалалт болон хамгаалалтыг танхимын хэлбэрээр зохион байгуулна. Докторант зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаанаа Зөвлөлийн даргад хамгаалалт болохоос ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө бичгээр эсвэл цахим шуудангаар мэдэгдэж, зөвшөөрөл аван хамгаалуулах үйл ажиллагаанд цахимаар оролцож болно;

4.12.4.төрийн болон албаны нууцад хамаарах дүгнэлттэй диссертац хамгаалуулах үйл ажиллагааг зөвхөн танхимаар зохион байгуулна;

4.12.5.Дэд зөвлөлийн дарга эзгүй тохиолдолд түүний итгэмжлэлээр хуралдаан даргалагчийг томилж болно.

4.12.6.урьдчилсан хамгаалалт болон хамгаалалтын хуралдааны үнэлгээг  Дэд зөвлөлийн гишүүдийн нууц санал хураалтаар дүгнэнэ;

 

4.12.7.тухайн хамгаалалтад оролцож буй Дэд зөвлөлийн гурван гишүүнээр санал хураалтыг зохион байгуулах чиг үүрэг бүхий тооллогын комисс байгуулна; 

 

4.12.8.нууц санал хураалтын үнэлгээгээр Дэд зөвлөлийн гишүүдийн 70 ба түүнээс дээш хувиар дэмжсэн санал авсан тохиолдолд диссертацыг хамгаалсанд тооцно;

4.12.9.урьдчилсан хамгаалалт, хамгаалалтаар дэмжсэн санал авч чадаагүй тохиолдолд урьдчилсан хамгаалалт, хамгаалалтыг ажлын 45 өдөрт багтаан дахин нэг удаа зохион байгуулж болно. Дахин зохион байгуулах хуралдааны зардлыг докторант хариуцна;

 4.12.10.хуралдаанд цахимаар оролцогч гишүүн саналаа тооллогын комиссын даргад цахим шуудангаар өгч санал хураалтад оруулна. Комиссын дарга саналын нууцлалыг хариуцна;

 4.12.11.урьдчилсан хамгаалалт, хамгаалалтын хуралдаанд оролцохгүйгээр санал өгөх, хуралдаанд ирсэн боловч санал хураалтаас өмнө урьдчилж санал өгөхийг тус тус хориглоно;

 

4.13.Докторын зэрэг хамгаалуулах хуралдаанд дараах дэгийг баримтална:

 

4.13.1.хуралдааныг Дэд зөвлөлийн дарга нээж, ирц, хэлэлцэх асуудал,  дэгийг гишүүдэд танилцуулж, батлуулах;

4.13.2.докторантын хамгаалалтад оруулах шаардлага хангасан тухай мэдээллийг Дэд зөвлөлийн нарийн бичгийн дарга танилцуулах;

4.13.3. докторант диссертацаа хураангуйлан илтгэх;

4.13.4. албан ёсны шүүмжлэгчид шүүмжээ танилцуулах;

4.13.5. докторант албан ёсны шүүмжид хариу тайлбар хийх;

4.13.6. удирдагч санал дүгнэлтээ танилцуулах;

4.13.7. Дэд зөвлөлийн гишүүд докторантад асуулт тавьж, хариулт авах;

4.13.8. Дэд зөвлөлийн гишүүд санал, дүгнэлтээ илэрхийлэх;

4.13.9. тооллогын комиссыг байгуулах;

4.13.10.тооллогын комисс нууц санал хураалт явуулж, дүнг нэгтгэж, тооллогын комиссын тогтоолыг танилцуулах;

4.13.11. хуралдааны тогтоолын төслийг хэлэлцэн тогтоол гаргах;

4.13.12. Дэд зөвлөлийн дарга хуралдааныг хаах.

 

4.14.Докторын зэрэг хамгаалуулах Дэд зөвлөлийн тогтоол гарснаас хойш ажлын 21 өдөрт багтаан Монгол Улсын Үндэсний номын сан, Шинжлэх ухаан технологийн санд диссертацын цахим болон хэвлэмэл хувийг хүлээлгэн өгнө.

 

4.15.Дэд зөвлөлийн тогтоолыг үндэслэн докторантын суралцсан их сургуулиас докторын зэрэг олгоно.

 

Тав. Дэд зөвлөл байгуулах их сургууль, хөтөлбөрт тавих шаардлага

 

5.1.Их сургууль нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад энэ дүрмийн 5.2-т заасан шаардлага хангасан тухай мэдээллийг жил бүрийн гуравдугаар сард багтаан хүргүүлнэ.

 

5.2.Дэд зөвлөл байгуулахад тавих шаардлага:

 

5.2.1.дэд зөвлөл ажиллуулах их сургуулийн үндсэн багшийн тоонд тухайн сургуулийн доктор зэрэгтэй үндсэн багш, ажилтны эзлэх хувь 40 ба түүнээс дээш, Дээд боловсролын тухай хуулийн 7.4 дэх хэсэгт хамаарах цэрэг, цагдаа, соёл урлагийн чиглэлийн мэргэжлийн их сургуулийн нийт үндсэн багшийн тоонд докторын зэрэгтэй багш, ажилтны эзлэх хувь 30 ба түүнээс дээш байна.

5.2.2.тухайн хөтөлбөрөөр зургаа ба түүнээс дээш жил докторын сургалт явуулсан, докторын зэрэг хамгаалсан төгсөгчтэй байх;

5.2.3.тухайн докторын хөтөлбөр хэрэгжүүлдэг үндсэн орон тооны хоёр ба түүнээс дээш багш Зөвлөлийн гишүүн байх;

5.2.4.докторын бусад хөтөлбөрт давхардуулж тоолохгүйгээр, тухайн хөтөлбөрийн хоёр ба түүнээс дээш үндсэн багш их сургуулиас олгосон дэд профессор, профессор цолтой, эсвэл дэд профессор, профессорын албан тушаалын зэрэглэлд ажилладаг байх;

5.2.5.тухайн докторын хөтөлбөр докторын зэрэгтэй гурав ба түүнээс дээш үндсэн багштай байх, үүнээс хоёр багш нь дотоодын болон олон улсын хянан магадалгаа хийгддэг мэргэжлийн сэтгүүлд мэргэжлийн чиглэлээр өгүүлэл хэвлүүлсэн байх.

 

5.3.Энэхүү дүрмийн 5.2.4-д заасан дэд профессор, профессор нь Дээд боловсролын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3-т заасан шаардлагыг хангасан байна.

 

5.4.Энэхүү дүрмийн 5.2.1-5.2.5-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэх талаарх дүгнэлтийг дээд боловсролын удирдлага мэдээллийн систем болон  Шинжлэх ухаан, технологийн сангийн мэдээллийн санд тус тус мэдээлэлд үндэслэн Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гаргана.

 

5.5.Энэхүү дүрмийн 5.4 заасан дүгнэлтийг үндэслэн докторын зэрэг хамгаалуулах Дэд зөвлөл байгуулах шаардлага хангасан их сургууль, хөтөлбөрийн жагсаалтыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүрийн наймдугаар сард багтаан шинэчлэн батална.

 

5.6.Энэхүү дүрмийн 5.2-т заасан шаардлагыг хангаагүй их сургууль, хөтөлбөрийн докторант энэхүү дүрмийн 5.5-д заасан жагсаалтад багтсан их сургуульд диссертацаа хамгаална.

 

5.7. Докторын хөтөлбөр хэрэгжүүлж буй их сургууль докторантын диссертацыг хамгаалахад дэмжлэг үзүүлж, дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

5.7.1.докторант 20 кредит цаг судалж дуусахаас өмнө докторантын судалгааны ажлын сэдэв, удирдагчийг батлах;

5.7.2.тухайн хөтөлбөр хэрэгжүүлж буй тэнхимийн саналаар судалгааны ажлын сэдвийн чиглэлтэй уялдуулан гурван хүний бүрэлдэхүүнтэй зөвлөх багийг байгуулах бөгөөд докторантын удирдагч зөвлөх багийг ахална. Зөвлөх багийн нэг гишүүн хамтран удирдагч байж болно.

 

5.8.Зөвлөх баг докторантын судалгааны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн, мэргэжлийн тэнхимээр батлуулж, судалгааны явц, үр дүнг хэлэлцэн урьдчилсан хамгаалалтад оруулахаар материал хүргэх талаар хамтын шийдвэр гаргана.

 

5.9. Зөвлөх баг судалгааны ажлыг тэнхимийн болон өргөтгөсөн хэлэлцүүлэгт ороход зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлнэ.

 

5.10.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага их сургууль дээрх хамгаалуулах үйл ажиллагаанд жил бүрийн зургаан сард багтаан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт гаргана. Хяналт шинжилгээний дүгнэлтийг үндэслэн Дэд зөвлөлийг тухайн их сургууль дээр ажиллуулах эсэхийг шийдвэрлэнэ.

 

Зургаа. Докторантад тавих шаардлага

 

6.1.Докторант хамгаалалтад ороход доор дурдсан шаардлагыг хангасан байна: 

 

6.1.1.докторын хөтөлбөрийн сургалт, эрдэм шинжилгээний багц цагийг бүрэн дүүргэж, сургууль, хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжээс авч буй холбогдох шалгалтад хангалттай үнэлгээ авсан байх;

6.1.2.докторантын суралцсан хөтөлбөр, диссертацын сэдвийн чиглэл тухайн Зөвлөлийн хамгаалуулах чиглэлд нийцсэн байх;

6.1.3.энэ дүрмийн 1.5.1-д хамаарах чиглэлийн докторант диссертацын сэдвийн чиглэлээр сүүлийн зургаан жилд олон улсын шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүл (Web of Science, Scopus)-д нэгдүгээр зохиогчоор тухайн суралцаж буй их сургуулийн нэр дээр өгүүлэл нийтүүлсэн байх;

6.1.4.энэ дүрмийн 1.5.2-т хамаарах докторант диссертацын сэдвийн чиглэлээр хянан магадалгаа хийгддэг олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд хоёроос доошгүй эрдэм шинжилгээний өгүүллийг нэгдүгээр зохиогчоор тухайн суралцаж буй их сургуулийн нэр дээр, үүнээс нэг өгүүллийг сүүлийн зургаан жилд нийтлүүлсэн байх; 

6.1.5. энэ дүрмийн 1.5.3-т хамаарах докторант диссертацын сэдвийн чиглэлээр сүүлийн зургаан жилд хянан магадалгаа хийгддэг дотоодын болон олон улсын мэргэжлийн сэтгүүлд хоёроос доошгүй эрдэм шинжилгээний өгүүллийг нэгдүгээр зохиогчоор тухайн суралцаж буй их сургуулийн нэр дээр нийтлүүлсэн байна.

6.1.6. энэхүү дүрмийн 1.5.2, 1.5.3-т заасан чиглэлд хамаарах докторант сүүлийн зургаан жилд олон улсын шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүл (Web of Science, Scopus)-д нэгдүгээр зохиогч, эсвэл холбоо баригчаар өгүүлэл хэвлүүлсэн бол 6.1.4, 6.1.5-д заасан шаардлага хамаарахгүй.

 

6.2.Энэ дүрмийн 6.1.3-6.1.5-д заасан эрдэм шинжилгээний өгүүллийг их сургуулийн нэр дээр нийтлүүлэхдээ тухайн судалгааг гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний байгууллагын нэрийг нэмэлтээр оруулж болно.

 

6.3.Төрийн болон албаны нууцад хамаарах дүгнэлттэй судалгааны ажилд энэхүү дүрмийн 6.1.3-6.1.5 дахь заалт хамаарахгүй.

 

6.4.Диссертацыг монгол хэлээр бичиж, хамгаална. Диссертацын товч хураангуйг англи хэлээр гурван хуудсанд багтаан бичиж судалгааны ажилд хавсаргана. Докторант диссертацаа англи хэлээр бичиж, хамгаалж болно. Энэ тохиолдолд хураангуйг монгол хэлээр бичнэ.

 

Долоо. Бусад

 

7.1.Дэд зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой гомдол, маргааныг тухайн их сургуулийн ректор ажлын 30 өдөрт багтаан шийдвэрлэнэ.

 

7.2.Энэхүү дүрмийн 1.5.1.17-1.5.1.20, 1.5.3.2, 1.5.3.4-т зааснаас бусад хамгаалуулах чиглэлд мөн дүрмийн 2.9.6, 6.1.3-6.1.5 дахь заалтыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөнө.

 

7.3.Диссертацын сэдэв тухайн Зөвлөлийн хамгаалуулах чиглэлд хамаарахгүй бол хамгаалалтад оруулахыг дэмжсэн дүгнэлт гаргахгүй.

 

7.4.Дэд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд докторын ажил хамгаалуулах үйл ажиллагаанд хууль тогтоомжийн болон ёс зүйн зөрчил, мэргэжлийн алдаа гаргасан Зөвлөл, мэргэжлийн байгууллага эсвэл боловсрол асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дотоодын болон мэргэжлийн хяналт шалгалтаар тогтоогдсон тохиолдолд Зөвлөлийн бүрэлдэхүүнд таван жилийн хугацаанд ажиллуулахгүй.

 

7.5.Энэ дүрмийн 5.10 дахь заалтын дагуу гаргасан  шийдвэрийг зөрчсөн, мөн 7.6-д заасан зөрчлийг гаргасан бол Дэд зөвлөл ажиллуулах их сургууль, хөтөлбөрийг энэ дүрмийн 5.5-д заасан жагсаалтад хоёр жил хүртэл хугацаанд оруулахгүй.

 

7.6.Диссертацын шинжлэх ухааны түвшин, арга зүйн боловсруулалтын чанар болон судлаачийн ёс зүйтэй холбоотой санал гомдлыг тухайн чиглэлийн Зөвлөл хүлээн авч, ажлын хэсэг байгуулж шийдвэрлэнэ.

 

7.7.Энэхүү дүрмийг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

---оОо---