- Нүүр
- Сайдын тушаал
- ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НИЙТЛЭГ ДҮРЭМ
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/576 тушаалын хавсралт
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НИЙТЛЭГ ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү дүрмээр Дээд боловсролын тухай хуулийн 26.8-д заасан харилцааг зохицуулна.
1.2.Дээд боловсролын сургалтын байгууллагын /цаашид "сургууль" гэх/ харьяаллын коллеж, технологийн коллеж, политехник коллеж, мэргэжлийн боловсролын сургууль нь удирдах зөвлөлтэй байна.
1.3.Энэхүү дүрмийн 1.2-т заасан удирдах зөвлөлийн дүрмийг энэ дүрэм болон харьяалагдаж буй сургуулийн удирдах зөвлөлийн дүрэмд нийцүүлэн тухайн удирдах зөвлөл батална.
1.4.Сургуулийн харьяаллын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь цэцэрлэгийн болон сургуулийн зөвлөлтэй байна.
1.5.Энэхүү дүрмийн 1.4-т заасан цэцэрлэг, сургуулийн зөвлөлийн дүрмийг эрх бүхий этгээдийн баталсан сургууль, цэцэрлэгийн зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журам болон харьяалагдаж буй сургуулийн удирдах зөвлөлийн дүрэмд нийцүүлэн тухайн зөвлөл батална.
Хоёр. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн
2.1.Удирдах зөвлөл Дээд боловсролын тухай хуулийн 26.2-т заасан бүрэлдэхүүнтэй байна.
2.2.Төрийн өмчийн сургуулийн удирдах зөвлөл Дээд боловсролын тухай хуулийн 26.3-т заасан төлөөлөлтэй байна. Төрийн бус өмчийн сургуулийн удирдах зөвлөл Дээд боловсролын тухай хуулийн 26.3-т заасан төлөөллийн оролцоог хангасан байна.
2.3.Сургуулийн удирдах зөвлөлийн үүсгэн байгуулагчийн төлөөллийг доор дурдсанаар томилно:
2.3.1.төрийн өмчийн сургууль, түүний харьяа сургуулийн үүсгэн байгуулагчийн төлөөллийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр;
2.3.2.төрийн бус өмчийн сургууль, түүний харьяа сургуулийн үүсгэн байгуулагчийн төлөөллийг үүсгэн байгуулагчийн шийдвэрээр.
2.4.Удирдах зөвлөл дэх багшийн төлөөллийг тухайн сургуулийн нийт багш нарын 50-иас доошгүй хувийн ирцтэй, суралцагч, төгсөгч, ажил олгогчийн төлөөллийг тэдгээрийг төлөөлөх байгууллагын хурлаар тус тус сонгоно.
2.5.Сургуулийн захиргаа, удирдах зөвлөлийн төлөөлөл болон орон нутгийн захиргааны төлөөллийг тухайн харьяаллын сургуулийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд томилно.
2.6.Удирдах зөвлөлийн багшийн төлөөллийн нэг нь тухайн сургуулийн үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл байна.
Гурав. Удирдах зөвлөлийн даргыг сонгох, гишүүнээр ажиллах,
гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болгох,
эгүүлэн татах үйл ажиллагаа
3.1.Удирдах зөвлөлийн даргыг нийт гишүүдийн 51-ээс дээш хувийн саналаар сонгоно. Удирдах зөвлөлийн даргыг сонгоход үүсгэн байгуулагч санал өгч болно.
3.2.Удирдах зөвлөлийн гишүүнээр удирдан манлайлах чадвартай, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй хүнийг гурван жилийн хугацаагаар томилох буюу сонгоно.
3.3.Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь сургуулийн захиргааны ажилтан байна. Нарийн бичгийн даргыг тухайн сургуулийн гүйцэтгэх удирдлагатай зөвшилцөн удирдах зөвлөлийн хуралдаанд хэлэлцэн томилно. Нарийн бичгийн дарга нь удирдах зөвлөлийн хуралд саналын эрхгүй оролцоно.
3.4.Доор дурдсан тохиолдолд удирдах зөвлөлийн дарга, гишүүнээс хугацаанаас нь өмнө чөлөөлнө:
3.4.1.өөрийн хүсэлтээр;
3.4.2.үүсгэн байгуулагчийн шийдвэрээр;
3.4.3.өвчний улмаас болон бусад хүндэтгэх шалтгаанаар үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон.
3.5.Доор дурдсан тохиолдолд удирдах зөвлөлийн дарга, гишүүнээс хугацаанаас нь өмнө эгүүлэн татна:
3.5.1.ёс зүйн зөрчил гаргасан нь эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэрээр тогтоогдсон;
3.5.2.төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн удирдах зөвлөлийн дарга, гишүүн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдсон.
3.6.Энэхүү нийтлэг дүрмийн 3.4, 3.5-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн болон эгүүлэн татагдсан гишүүнийг энэ дүрмийн 2.3, 2.4-т заасны дагуу нөхөн томилох буюу сонгоно.
3.7.Энэхүү нийтлэг дүрмийн 3.4, 3.5-д заасны дагуу чөлөөлөгдсөн, эгүүлэн татагдсан дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа өмнөх гишүүний бүрэн эрхийн хугацааны үлдсэн хугацаатай адил байна.
3.6.Удирдах зөвлөлийн дарга, гишүүн тухайн жилд удирдах зөвлөлийн хуралд хоёроос дээш удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй тохиолдолд томилсон, сонгосон этгээд удирдах зөвлөлөөс эгүүлэн татаж болно.
Дөрөв. Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны зохицуулалт
4.1.Удирдах зөвлөл нь Дээд боловсролын тухай хуулийн 10.4, 27 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
4.2.Удирдах зөвлөл Боловсролын ерөнхий хуулийн 33.2-т заасан шаардлагыг баримтлан, захирлын албан тушаалын (ажлын байрны) тодорхойлолтыг батална.
/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Дүрэмд өөрчлөлт оруулах тухай А/245 дугаар тушаалаар хасалт хийсэн/
4.3.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдлийг тухай бүр гаргана.
4.4.Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна. Хуралд нийт гишүүдийн 60-аас доошгүй хувийн ирцтэй байх тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцож, хэлэлцсэн асуудлаар олонхын саналаар шийдвэр /тогтоол/ гаргаж, тэмдэглэл хөтөлнө. Удирдах зөвлөлийн дарга тогтоолд гарын үсэг зурж, сургуулийн тамга дарж баталгаажуулна.
4.5.Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулна. Ээлжит бус хурлыг үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн дарга болон гурваас доошгүй гишүүний саналаар хуралдуулж болно.
4.6.Удирдах зөвлөлийн дарга удирдах зөвлөлийн хурлыг хурал болохоос ажлын гурваас доошгүй хоногийн өмнө товлоно. Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга тухайн хуралд хэлэлцэн шийдвэрлэх асуудалтай холбогдох материалыг гишүүдэд хүргүүлнэ.
4.7.Тухайн сургуулийн ректор, захирал, проректор болон багш, ажилтан, суралцагчийн төлөөллийг удирдах зөвлөлийн хуралдаанд оролцуулан хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан тайлбар, санал, хүсэлтийг авч болно.
4.8.Удирдах зөвлөлийн даргын эрх, үүрэг:
4.8.1.удирдах зөвлөлийг хуралдуулах хугацаа, хэлэлцэх асуудлыг тухайн сургуулийн ректор, захиралтай тохиролцон хурлыг удирдах, гарсан шийдвэрийг батлах;
4.8.2.удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих;
4.8.3.удирдах зөвлөлийн гишүүдийн хуралдааны ирц, оролцооны талаарх мэдээллийг томилсон буюу сонгосон байгууллагад мэдэгдэнэ.
4.9.Удирдах зөвлөлийн гишүүний эрх, үүрэг:
4.9.1.удирдах зөвлөлийн хуралд оролцож, хэлэлцүүлж буй асуудалтай холбогдуулан санал хэлэх, асуудал хэлэлцүүлэх;
4.9.2.ашиг сонирхлын зөрчилтэй гэдгийг илэрхийлэн тухайн асуудал хэлэлцэхэд оролцохоос татгалзана.
4.10.Удирдах зөвлөлийн дарга, гишүүн сургуулийн сургалт, судалгааны үйл ажиллагаа (суралцагч элсүүлэх, суралцагчийн дүнг гаргуулах, хөрөнгө оруулалтын хэлэлцээ хийх, гэрээ байгуулах, гэм мэт)-нд хөндлөнгөөс нөлөөлөхгүй.
Тав. Бусад
5.1.Удирдах зөвлөл нь хуулийн этгээдийн эрхгүй. Удирдах зөвлөл тогтоол, тэмдэглэлийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
5.2.Удирдах зөвлөлийн үйл ажиллагаанд холбогдон гарах зардлыг тухайн сургуулийн жилийн төсөвт тусган зарцуулна.
5.3.Энэхүү дүрмийн 5.2-т заасан зардлаас удирдах зөвлөлийн дарга, гишүүдэд зөвлөлийн үйл ажиллагаанд оролцсон ирц, оролцоонд тохирсон урамшууллыг олгож болно.
---оОо---
Текст томруулах
A
A
A