A

A

A

Бүлэг: 1979

 

    Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн

                                                                          А/569 тушаалын хавсралт

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1 "Хүүхдийн цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрэм"-ийн зорилго нь хүүхдийн цэцэрлэг /цаашид "цэцэрлэг" гэх/-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хуульд нийцүүлэн тодорхойлж, удирдлага, багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, олон нийтийн оролцоо хамтын ажиллагаа, сургалт, үйл ажиллагаа зохион байгуулахтай холбогдох харилцааг зохицуулахад оршино.

1.2. Энэхүү үлгэрчилсэн дүрэмд нийцүүлэн өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг дүрэм боловсруулан баталж, мөрдөнө.

1.3. Цэцэрлэг нь үйл ажиллагаандаа Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, холбогдох бусад хууль,  эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актыг мөрдөнө.  

1.4. Цэцэрлэг нь 2-5 насны хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулан асрах, хамгаалах, хөгжүүлэх, төлөвшүүлэх цогц үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

1.5. Цэцэрлэгийн үйл ажиллагааны үндсэн зорилт нь сургуулийн өмнөх насны хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшлийн хөгжлийг дэмжиж, сургуульд бэлтгэхэд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй хамтран ажиллах, тэдэнд мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд оршино.

1.6. Цэцэрлэг нь үйл ажиллагаандаа хүүхдийн хөгжих, эсэн мэнд амьдрах, хамгаалагдах, оролцох эрхийг хүндэтгэх, хүүхэд бүрд боловсрол эзэмших тэгш боломж олгох, тэдний онцлог, ялгаатай байдлыг харгалзах, хүндэтгэлтэй хандах, гэр бүл, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоо, түншлэлийг хангах, ил тод, нээлттэй, ялгаварлан гадуурхалтаас ангид байх зарчим баримтална.

Хоёр: Сургалт, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, оноосон нэр, хаяг

2.1.Цэцэрлэг нь эрх бүхий байгууллагаас олгосон сургуулийн өмнөх боловсролын сургалт, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх бөгөөд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангасан байна.

2.1.1. сургалт, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, нөхцөл, шаардлагад өөрчлөлт оруулах, хугацаа сунгахад Боловсролын ерөнхий хууль, Зөвшөөрлийн тухай хуульд заасныг тус тус баримтална.

2.1.2. хувийн болон холимог өмчийн цэцэрлэгийн үүсгэн байгуулагч цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг өөрийн хүсэлтээр зогсоох шийдвэр гаргасан тохиолдолд Зөвшөөрлийн тухай хуулийн 1.1-д заасны дагуу зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагад хандана.

2.1.3. энэ дүрмийн 2.1.2-т заасан хуулийн этгээд нь сургуулийн өмнөх боловсролын сургалт, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнийг баталгаажуулсан баримт бичгийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалуулах болон бусад хэлбэрээр шилжүүлэхийг хориглоно.

 

 

2.2. Цэцэрлэг нь хуулийн этгээдийн оноосон нэртэй байна.

2.2.1. сургалтын байгууллагын нэрийг онооход Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.3-т заасныг мөрдөх бөгөөд энэ дүрмийн 2.1 дэх зөвшөөрөлд зааснаас бусад нэр ашиглахгүй.

2.2.2. төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийг тухайн орон нутагт байх цэцэрлэгийн тооноос хамаарч дугаар ба орон нутгийн засаг захиргааны нэгжийн нэртэй хослуулсан нэрээр, хувийн өмчийн цэцэрлэгийг үүсгэн байгуулагчийн оноосон нэрээр тус тус нэрлэнэ.

Жишээлбэл. Орон нутгийн цэцэрлэг бол "Баян-Өндөр сумын хүүхдийн нэгдүгээр цэцэрлэг", "Хонгор сумын хүүхдийн цэцэрлэг", Нийслэлийн хүүхдийн 230 дугаар цэцэрлэг", хувийн өмчийн цэцэрлэг бол "Аз жаргалын ордон хүүхдийн цэцэрлэг" гэх мэт.

2.2.3. цэцэрлэгийн бүлгийг Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 21.4-т зааснаар нэрлэх ба тухайн бүлэг 2 ба түүнээс дээш байх тохиолдолд үсэг хосолсон нэрээр нэрлэнэ.

2.3. Цэцэрлэг нь "MNS 5283:2022, Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагын хаягийн тэмдэгт тавих ерөнхий шаардлага" стандартад нийцсэн хаягтай байна.

2.4. Цэцэрлэг нь холбогдох журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмыг баримтална.

Гурав.  Цэцэрлэгийн удирдлага

3.1.Цэцэрлэгийн өөрийн удирдлагыг Боловсролын ерөнхий хуулийн 34.2-т заасан цэцэрлэгийн зөвлөл хэрэгжүүлнэ.

3.1.1. цэцэрлэгийн зөвлөл нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, цэцэрлэгийн зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журмыг баримталж ажиллана.

3.1.2 цэцэрлэгийн зөвлөлийг тухайн орон нутаг дахь сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагын тоо, газар зүйн байршил зэргээс хамааран цэцэрлэг эсвэл цэцэрлэг, сургууль дундын хэлбэрээр байгуулж болно.

3.1.3. зөвлөлийг энэ дүрмийн 3.1.2-т заасан хэлбэрээр байгуулах тохиолдолд сургалтын байгууллагын үүсгэн байгуулагчтай зөвшилцөнө.

3.2. Цэцэрлэгийн гүйцэтгэх удирдлагыг эрхлэгч хэрэгжүүлнэ.

3.2.1. цэцэрлэгийн эрхлэгч нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж, хэрэгжилтийг томилсон эрх бүхий албан тушаалтны өмнө хариуцна.

 3.2.2. эрхлэгч холбогдох хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэрт нийцүүлэн цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг зохицуулах дүрэм, журам, заавар, аргачлал, төлөвлөгөөг эцэг эх, асран хамгаалагч, олон нийт, орон нутгийн захиргааны байгууллагын саналыг тусган, хамт олны оролцоотой боловсруулан баталж, хэрэгжилтийг удирдлагаар хангаж ажиллана.

3.2.3. эрхлэгч албан тушаалын эрх үүрэгт хамаарах асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргана.

3.2.4. эрхлэгч цэцэрлэгийн зөвлөл, багш нарын зөвлөл, мэргэжлийн багш нарын бүлгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, шийдвэр гаргахад тэдний оролцоог хангаж ажиллана.

3.2.5. эрхлэгч нь Авлигын эсрэг хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, дүрмийг чанд мөрдөж, нийтийн албанд хуулиар хүлээсэн албан үүрэгтэй холбоо бүхий аливаа үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчилгүй ажиллана.   

3.2.6. эрхлэгч албан тушаалын эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ улс төр, эдийн засаг, шашны аливаа нөлөөлөлд автахгүй, хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, багш, ажилтны эрх ашгийг дээдэлж, шударга ёсыг эрхэмлэнэ.

3.2.7. эрхлэгч байгууллагыг удирдлагаар хангахад шаардлагатай хууль эрх зүйн мэдлэг, удирдлагын үр ашигтай менежментийг хэрэгжүүлэх арга барил, ур чадвараа тасралтгүй дээшлүүлж, хамт олноо үлгэрлэн, манлайлж ажиллана.

3.2.8. эрхлэгч нь байгууллагын багш ажилтныг томилж, чөлөөлөхөд  Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журамд нийцүүлэн нээлттэй, ил тод, шударга байх зарчмыг баримтлах бөгөөд, хөдөлмөрийн гэрээний биелэлтийг хангуулах, байгууллагын хүний нөөцийн тогтвортой байдлыг хангаж ажиллана.

3.3. Цэцэрлэгийн мэргэжил, арга зүйн хамтын удирдлагыг багш нарын зөвлөл, мэргэжлийн багш нарын бүлэг тус тус хэрэгжүүлэх бөгөөд үйл ажиллагааны удирдлагыг арга зүйч, эрхлэгч хангаж ажиллана.

3.3.1. багш нарын зөвлөл, мэргэжлийн багш нарын бүлэг нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 25.2-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн ажиллах журмыг нийт багш нарын оролцоотой боловсруулан, эрхлэгчийн тушаалаар тус тус баталж, мөрдөнө.

3.3.2. багш нарын зөвлөл нь цэцэрлэгийн багш нарын мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох, байгууллагын стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, багшид мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох, шагнаж урамшуулах, цэцэрлэгийн зөвлөлд орох багшийн төлөөллийг сонгох, сургалт үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжилт, үнэлгээ, арга зүй, технологийн хөгжил түүнтэй холбогдсон байгууллагын дотоод харилцааг зохицуулах зэрэг асуудлыг хэлэлцэн мэргэжлийн санал, дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.3.3. мэргэжлийн багш нарын бүлгийг Багшийн хөгжлийг дэмжих тухай хуульд заасны дагуу байгуулах бөгөөд цэцэрлэгийн үйл ажиллагааны онцлог, багшийн тооноос хамааран хэд хэдэн мэргэжлийн бүлэг үүсэж болно.

3.3.3.1. мэргэжлийн багш нарын бүлгийн үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг нь багш хамтран хөгжихөд чиглэх бөгөөд нэгдсэн удирдлага зохицуулалтыг арга зүйч, /эрхлэгч/ хангана.

3.3.3.2. мэргэжлийн багш нарын бүлгийн үйл ажиллагаа нь хүүхдийн онцлог, хөгжлийн ахиц өөрчлөлтийг илрүүлэх, үнэлэх, хүүхэд бүрд тохирсон дэмжлэг үзүүлэх сургалтын арга зүй, технологи боловсруулах, төлөвлөх, зохион байгуулах, сайжруулахад үүсэж буй асуудал болон туршлагаа хамтран хэлэлцэж, зөвлөлдөхөд чиглэгдэнэ.

Дөрөв. Цэцэрлэгийн багш, ажилтан

4.1. Цэцэрлэгийн багш, ажилтны хөдөлмөрийн харилцааг зохицуулахад Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг мөрдөж ажиллана.

4.2. Цэцэрлэгт Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн  14.1-т заасан ажилтан ажиллах ба эрх бүхий этгээдийн баталсан хүүхдийн цэцэрлэгийн багш, ажилтны орон тооны хязгаарын нормативыг баримтална.

4.3. Цэцэрлэгийн багш, ажилтан нь Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд заасан чиг үүрэг болон албан тушаалын тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж, хуульд заасан нийгмийн баталгаагаар хангагдана.

4.4. Цэцэрлэгийн нэг бүлэгт Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 14.2-т зааснаар багш, багшийн туслах ажиллах бөгөөд хүүхдийн тоо, ялгаатай хэрэгцээ, сургалт, үйл ажиллагааны цагаас хамаарч ээлжийн багш ажиллуулж болно.

  4.4.1. цэцэрлэгийн үндсэн бүлэгт ээлжийн багш ажиллуулахад боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан ээлжийн багш ажиллуулахад мөрдөх журмыг баримтална.

 4.4.2. цэцэрлэгийн үндсэн бүлэгт ажиллах багшийн туслах нь багшийн  туслах бэлтгэх зөвшөөрөлтэй сургалтын байгууллагын сургалтад хамрагдаж, бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих үйлчилгээ үзүүлэх чиглэлээр бэлтгэгдсэн байна.

 4.5. Цэцэрлэгийн хувилбарт сургалтын багшийг доор дурдсан цэцэрлэгт ажиллуулна.

4.5.1. аймгийн төвийн сумаас бусад сум, багт байршилтай цэцэрлэг бүрд,  тухайн суманд 2 ба түүнээс дээш цэцэрлэгтэй бол хамран сургах тойрог тогтоогдсон цэцэрлэгт;

4.5.2. аймгийн төвийн алслагдсан багийн хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхээр хамран сургах тойрог тогтоогдсон аймгийн төвийн багт байршилтай цэцэрлэгт.

4.6. Багш, ажилтан нь тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангах мэдлэг, ур чадвартай байх бөгөөд багаар хамтран ажиллаж цэцэрлэгийн алсын хараа, эрхэм зорилгыг хэрэгжүүлэн, байгууллагын үнэт зүйлийг эрхэмлэнэ. 

4.7. Багш, ажилтан нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон  холбогдох бусад дүрэм, журмыг чанд мөрдөж ажиллана.

4.8. Цэцэрлэгийн багш, ажилтан нь албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ улс төр, эдийн засаг, шашны аливаа нөлөөлөлд орохгүй, хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн эрх ашгийг дээдэлж, шударга ёсыг эрхэмлэнэ.

4.9. Цэцэрлэгийн багш, ажилтнууд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан холбогдох журмыг баримтлан, тогтоосон эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд заавал хамрагдана.

4.10. Багш, ажилтны эрүүл мэндийг дэмжих зорилгоор жил бүр эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулах арга хэмжээг эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалт, зааврын дагуу зохион байгуулна.

4.11. Энэхүү дүрмийн 4.2-т заасан хүүхдийн цэцэрлэгийн багш, ажилтны орон тооны хязгаарын нормативаас хэтрүүлэн ажлын байр үүсгэхгүй, албан тушаалын шаардлага хангаагүй иргэнийг ажлын байранд томилон ажиллуулахгүй.

4.12. Багш, ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих, мэргэжил дээшлүүлэхтэй холбогдох үйл ажиллагааг зохион байгуулахад боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмыг баримтална.

4.12.1. ажлын байран дахь багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг тэдний хөгжих хэрэгцээнд үндэслэн, сургалтын хөтөлбөрийн зорилго, зорилт, агуулга тэдгээрийн залгамж холбоог судлах, бүлгийн менежментэд шинэ арга зүй, технологи турших, нэвтрүүлэх, хамтран суралцах, туршлага солилцох, түгээн дэлгэрүүлэх, сургалт, мэтгэлцээн, онол-практикийн хурал зэрэгт чиглүүлнэ.

4.13. Цэцэрлэг нь багш ажилтны мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан хүүхдийн цэцэрлэгийн багшийн хөгжлийн төвийн ажиллах журмыг баримтална.

Тав. Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагаа

 

 5.1. Цэцэрлэг нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 18.8-д заасан эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвлөлтэй байна.

5.1.1. зөвлөлийн гишүүдийг нийт эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хурлаас, зөвлөлийн даргыг гишүүдийн хурлаас тус тус нэр дэвшүүлж сонгоно.

5.1.2. зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг нийт эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хурлаар хэлэлцүүлэн, гишүүдийн хурлаар батална.

5.1.3. энэ дүрмийн 5.1-д заасан зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг нь хүүхдийн хөгжлийг дэмжихтэй холбоотой шийдвэр гаргахад санал өгөх, сургалт, үйл ажиллагаа, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа хамгааллын үйлчилгээний чанарт хяналт тавьж сайжруулах, дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллахад чиглэнэ.

5.2. Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч Боловсролын ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд цэцэрлэгээс шаардлагатай мэдээллээр ханган, хүүхдийн хөгжлийг дэмжих асуудлаар зөвлөлдөн, шийдвэр гаргах, хяналт тавихад оролцоог хангана.

5.2.1 цэцэрлэг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын баталсан гэрээний загварыг баримтлан  жил бүр гэрээ байгуулж, дүгнэнэ.

   5.2.2. цэцэрлэг сургалт үйл ажиллагааны төлөвлөгөөг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд нээлттэй танилцуулан, танхимын сургалтаар эзэмшсэн мэдлэг, чадвар, дадал хэвшлийг бататгахад чиглэсэн зөвлөгөө, зөвлөмжийг боломжит хэлбэрээр хүргэж, хүүхдийн хөгжлийг гэр бүлийн орчинд дэмжихэд хамтран ажиллана.

  5.2.3. эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд тулгарч буй бэрхшээл, хэрэгцээг судлан шийдвэрлэх, зөвлөгөө, мэдээлэл тогтмол хүргэж ажиллана.

  5.2.4. хүүхэдтэй холбоотой аливаа шийдвэр гаргахад эцэг эх, асран хамгаалагчаас санал авч, хариу мэдээлэл хүргэнэ.

  5.2.5. багш, ажилтан нь хүүхдийн гэр бүлийн соёл, уламжлал, зан заншил, ялгаатай байдлыг хүндэтгэн, ялгаварлалгүй харилцана.

 5.2.6. эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийг хамруулсан ач холбогдолгүй аливаа уралдаан, тэмцээн зохион байгуулахыг хориглоно.

 5.3. Цэцэрлэг нь хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, багш ажилтан, байгууллагын хөгжилд чиглэсэн аливаа үйл ажиллагааг дэмждэг ашгийн бус төрийн болон төрийн бус, олон улсын байгууллага /цаашид олон нийт гэх/-тай түншлэн хамтран ажиллаж болно.

 5.3.1. цэцэрлэг ба олон нийтийн оролцоо, хамтын ажиллагаа нь байгууллагын үнэт зүйлийг эрхэмлэсэн, хүүхэд, багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдын эрх ашигт нийцсэн, байгууллагын тогтвортой хөгжлийг дэмжсэн,  тэгш харилцааг эрхэмлэсэн, үйл ажиллагаа нь үр дүнтэй, шинэ санал санаачилгыг дэмжсэн байна.

5.3.2. цэцэрлэгийн үйл ажиллагааны дунд, богино хугацааны төлөвлөгөө, дүрэм, журам боловсруулах, хэрэгжүүлэх, явцын хяналт, өөрийн үнэлгээ хийх, сайжруулахад олон нийтийн оролцоог хангаж ажиллана.

Зургаа.  Үйл ажиллагааны төлөвлөгөө, хяналт, үнэлгээ

6.1. Цэцэрлэг нь Боловсролын ерөнхий хуулийн 36.3-д заасан үйл ажиллагааны төлөвлөгөөг дунд, богино хугацаагаар төлөвлөж хэрэгжүүлнэ.

6.2. Дунд хугацааны төлөвлөгөө нь дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө байх бөгөөд алсын хараа, эрхэм зорилгыг хангахад чиглэсэн, орон нутгийн боловсролын хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичигтэй уялдсан байна.

6.2.1.  цэцэрлэгийн алсын хараа нь байгууллагын ирээдүйн төлөвийг илэрхийлсэн, хөгжлийн чиг баримжааг тодорхойлсон, эрхэм зорилго нь хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны ирээдүйд хүрэх үр дүн, хөгжлийн зорилго, үнэт зүйлийг тус тус илэрхийлсэн байна.

6.3.   Богино хугацааны төлөвлөгөө нь нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх гүйцэтгэлийн төлөвлөгөө бөгөөд жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хэрэгжүүлнэ.

6.3.1. гүйцэтгэлийн төлөвлөгөө нь стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн зорилт, шалгуур үзүүлэлтийг тодорхойлж, тухайн жилийн хүрэх үр дүнг тооцож төлөвлөнө.

6.3.2. гүйцэтгэлийн төлөвлөгөөнд i) тухайн жилд хэрэгжүүлэхээр стратеги төлөвлөгөөнд тусгасан, ii) өмнөх жилд хэрэгжээгүй, iii) хичээлийн жилд дэвшүүлсэн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, iv) байгууллагын үйл ажиллагааны өөрийн үнэлгээний дүн, тайланд сайжруулах шаардлагатай гэж тодорхойлсон арга хэмжээг тус тус тусгаж хэрэгжүүлнэ.

6.3.3.   хичээлийн жилийн зорилгыг хүүхэд бүрд суралцах тэгш боломж олгох, сургалт, үйл ажиллагааны агуулга, арга зүй, технологийг боловсронгуй болгох, багш, ажилтны мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, хүүхдэд ээлтэй сургалтын орчин бүрдүүлэх, эцэг эх, асран хамгаалагчийн оролцоог хангах замаар хүүхдийн хөгжил, төлөвшилд ахиц гаргах зэрэг асуудлын хүрээнд тухайн хичээлийн жилд нэн тэргүүний ач холбогдол бүхий зорилтыг тодорхойлж, хэрэгжүүлнэ.

6.4.   Байгууллагын стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг баримт нотолгоонд тулгуурлан багш, ажилчид, олон нийт, орон нутгийн захиргааны байгууллагын оролцоог ханган, тэдний санал, санаачилгыг тусган боловсруулж, хамтран хэрэгжүүлнэ.

6.5. Байгууллагын стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтэд явцын үнэлгээ хийж, сайжруулах шаардлагатай асуудлыг тодорхойлоход боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан цэцэрлэгийн өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний журмыг баримтална.

6.6. Стратеги төлөвлөгөөний биелэлтийг жил бүр, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг хагас, бүтэн жилээр гаргаж, цэцэрлэгийн хамт олон, эцэг эх, асран хамгаалагчид болон цэцэрлэгийн зөвлөл, боловсролын асуудал хариуцсан орон нутгийн байгууллагад тус тус тайлагнана.

Долоо. Сургалт, үйл ажиллагааны зохион байгуулалт

7.1. Сургалт, үйл ажиллагааны цагийг цэцэрлэг бүхэлд нь эсвэл бүлгээр хэсэгчлэн богиносгох, уртасгах байдлаар зохицуулалт хийж болох ба дүрмийн 2.1-д заасан сургалт, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлд заасан байна.

  7.1.1. сургалт, үйл ажиллагааг 4; 8-10; 11-12; 24 цагаар тус тус зохион байгуулах ба 4 цагийг богиносгосон, 8-10 цагийг ердийн, 11-12; 24 цагийг уртасгасан цагийн зохицуулалттай гэж үзнэ.

7.1.2. цэцэрлэгийн үйл ажиллагааны цагийг богиносгох эсвэл уртасгах зохицуулалтыг эцэг эх, асран хамгаалагчдын хүсэлтэд үндэслэн, цэцэрлэгийн зөвлөлөөр хэлэлцүүлж, саналаа боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагад танилцуулж  шийдвэрлүүлнэ.

7.1.3. цэцэрлэг тухайн сум, дүүрэг, хорооны эрсдэлт нөхцөлд байгаа 2-5 насны хүүхдэд асаргаа, хамгаалал, хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх 24 цагийн үйл ажиллагаатай бүлэг ажиллуулж болно.

Тайлбар: "Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд" гэж Хүүхэд хамгааллын тухай хуульд заасныг ойлгоно.

7.1.3.1. цэцэрлэг 24 цагийн үйл ажиллагаатай бүлэг ажиллуулахад энэ дүрмийн 7.1.4, 7.4.1, 7.4.2, 7.8, 8.3, 8.3.1 дэх заалтыг тус тус баримталж, орчны болон үйлчилгээний стандарт, шаардлагыг мөрдөж ажиллана.

7.1.4. Цэцэрлэг сургалт, үйл ажиллагааны цагийг уртасган 11-12; 24 цагаар ажиллах тохиолдолд цэцэрлэгийн дотоод журамд хүүхдийн хоол хүнс, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, багшийн ажлын ачааллыг зохицуулах заалтыг тусгаж мөрдөнө.

7.1.4.1. цэцэрлэгийн 11-12 цагаар ажиллах уртасгасан цагийн бүлэгт хамрагдсан хүүхдэд нэмэлтээр хоол хүнсний үйлчилгээ үзүүлж, гарах зардлыг хүсэлт гаргагч эцэг, эх, асран хамгаалагч хариуцна.

7.1.4.2. цэцэрлэгийн 11-12 цагаар ажиллах уртасгасан цагийн бүлэгт ээлжийн багш ажиллуулна.

7.2. Цэцэрлэг сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн байршил, онцлог, хүүхдийн тоо, сургалтын барилга байгууламжийн хүчин чадал зэргийг харгалзан тухайн нутаг дэвсгэрт салбар бүлэг ажиллуулж болно.

7.2.1. төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг нь бусад төрийн болон хувийн өмчийн байгууллагатай хамтран ажиллах гэрээний үндсэн дээр салбар бүлэг байгуулан ажиллуулж болно.

7.3. Цэцэрлэг нь хөгжлийн бэрхшээлтэй 2-6 насны хүүхдийг бусад хүүхдүүдтэй хамт суралцах тэгш боломж, орчин нөхцөлийг бүрдүүлэн хөгжлийн дэмжлэг үзүүлнэ.

7.3.1. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэхэд Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 6.6-д заасан  ялгаатай хэрэгцээтэй суралцагчид хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх журмыг баримтална.

7.4. Цэцэрлэг сургалт, үйл ажиллагааг бага, дунд, ахлах, бэлтгэл болон холимог бүлгээр зохион байгуулна.

7.4.1. цэцэрлэгийн богиносгосон эсвэл уртасгасан цагийн үйл ажиллагаатай бүлэг болон хувилбарт сургалтын нүүдлийн бүлгийг холимог хэлбэрээр зохион байгуулж болно.

7.4.2. цэцэрлэгийн бага болон холимог бүлэгт 20, дунд, ахлах, бэлтгэл бүлэгт 25, 24 цагийн үйл ажиллагаатай бүлэгт хүүхдийн наснаас хамаарч 20-25 хүүхэдтэй байхаар бүлгийн зохион байгуулалт хийнэ.

7.4.3. цэцэрлэгийн бүлэг нь гэрт байрладаг бол гэрийн зай талбайгаас шалтгаалан 20-25 хүүхэдтэй байна.

7.5. Цэцэрлэг Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн хуулийн 21.1-т заасан "үндсэн сургалт", 21.2-т заасан хувилбарт сургалтыг зохион байгуулахад сургуулийн өмнөх боловсролын сургалт, үйл ажиллагаа зохион байгуулах журмыг баримтална.

 7.5.1. гамшгийн улмаас эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, онцгой дэглэмээс бусад тохиолдолд цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг зогсоох, тасалдуулахыг хориглоно.

7.6. Цэцэрлэг нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 10.4-т заасан сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр, 10.5-д заасан гурав хүртэлх насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлнэ.

7.7. Цэцэрлэг Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 8.2-т зааснаас гадна нэмэлт үйл ажиллагаа зохион байгуулах тохиолдолд хөтөлбөрийг цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөл, багш нарын зөвлөлөөр хэлэлцүүлэн саналыг тусган батлан хэрэгжүүлж болно.  

  7.8. Дүрмийн 7.1.1-т заасан үйл ажиллагааны цагаас хамааран цэцэрлэгт  хүүхэд хүлээн авах, тарах, хооллох, нойрсох хугацааг багш, ажилтны оролцоотой тогтоон баталгаажуулж, түүнд нийцүүлэн бүлгийн өдрийн дэглэмийг ялгаатай төлөвлөж мөрдөнө.

7.8.1.    өдрийн дэглэм дэх үйл ажиллагааны үргэлжлэх хугацаа, нэг үйл ажиллагаанаас нөгөөд шилжих шилжилтийг хүүхдийн нас, хөгжлийн онцлог, бие физиологийн хэрэгцээг харгалзан зохион байгуулна.

7.8.2.    өдрийн дэглэмийг эцэг эх, асран хамгаалагчдад танилцуулж, сургалт, үйл ажиллагаанд мөрдөнө.

7.9. Хүүхдийг өвчлөл, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалах, тэднийг эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх ажлыг эцэг, эх, асран хамгаалагчид, эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэй хамтран зохион байгуулна.

7.10. Цэцэрлэгийн хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжлийг дэмжих шим тэжээллэг хоол хүнсээр хангах үйлчилгээ үзүүлэхэд боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан хүүхдийн хоол хүнсний хангамж, үйлчилгээ үзүүлэх журам, холбогдох стандартыг баримтална.

7.11. Цэцэрлэг нь хүүхдийн эрхийг хангах, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйлчилгээ үзүүлэхэд Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль болон эрх бүхий этгээдийн баталсан холбогдох дүрэм, журмыг мөрдөж ажиллана.

7.11.1. цэцэрлэг нь хүүхдийн хамгаалуулах эрх, аюулгүй, сайн сайхан байдлыг хангахад багш, ажилтан, гэр бүлд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий "Хүүхэд хамгааллын баг"-ийг байгуулан ажиллуулна.

7.11.2. хүүхэд хамгааллын баг нь цэцэрлэгт хамрагдсан хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн судалгааг үндэслэн Хүүхэд хамгааллын хуульд заасан үйлчилгээ үзүүлэх, эцэг эх, асран хамгаалагч, багш, ажилтанд сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулна.

7.11.3. цэцэрлэгийн нийт багш, ажилтнууд хүүхэд хамгааллын сургалтад заавал хамрагдаж, цэцэрлэгийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангана.

Найм. Цэцэрлэгийн элсэлт, бүртгэл

8.1. Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг нь боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагаас тогтоосон хамран сургах тойргийн 2-5 насны хүүхдийг, үүнээс 5 настай хүүхдийг заавал бүртгэж элсүүлнэ.

8.2. Цэцэрлэг хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үндсэн сургалтад хамруулах элсэлт, бүртгэлийг цахим технологи ашиглан зайнаас болон эцэг эх, асран хамгаалагчийг хүлээн авч холбогдох баримт бичигт үндэслэн элсэлт бүртгэлийг зохион байгуулна.

8.3. Цэцэрлэгийн 24 цагийн үйл ажиллагаатай бүлгийн элсэлт, бүртгэлийг зохион байгуулахад баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, нөхцөл байдлын үнэлгээнд үндэслэн, сум, дүүргийн нутгийн захиргааны байгууллагын холбогдох нэгжийн шийдвэрээр бүртгэж элсүүлнэ.

8.3.1. Цэцэрлэгийн 24 цагийн үйл ажиллагаатай бүлэгт хүүхэд элсүүлэхэд Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 18 дугаар зүйлд заасныг баримтлан, Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасан иргэний журамт үүргээ эцэг эх, асран хамгаалагч биелүүлэх нөхцөлийг бүрдүүлж, энэ дүрмийн 7.1.3-т заасан зайлшгүй шаардлагатайгаас бусад шалтгаанаар хүүхэд элсүүлэхгүй байхад анхаарна.

8.4. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн элсэлт, бүртгэлийг цэцэрлэг дэх дэмжлэгийн багийн зөвлөмжид үндэслэн зохион байгуулна.

8.5. Хувилбарт сургалтад хамрагдах хүүхдийн судалгаа, сургалт, үйл ажиллагаа зохион байгуулах төлөвлөгөөнд үндэслэн тухайн хичээлийн жилд хувилбарт сургалт,үйл ажиллагаанд хамрагдах хүүхдийн мэдээллийг боловсролын салбарын мэдээллийн системд бүртгэж, элсүүлнэ.

8.6. Сургуулийн өмнөх боловсролын үндсэн болон хувилбарт сургалтад хамрагдсан хүүхдийн мэдээллийг бүртгэхэд Боловсролын ерөнхий хуулийн 24.1.13-д заасан журмыг баримтална.

8.7. Боловсролын цахим мэдээллийн санд цэцэрлэгийн хүний нөөц, суралцагч, сургалтын орчин, байгууллагын мэдээллийг үнэн зөв, бодитой бүртгэж, хувь хүний мэдээллийн нууцлалыг хангаж ажиллана.

Ес. Сургалт, үйл ажиллагааны орчин

9.1. Цэцэрлэг нь хүүхдийн эрхийг дээдэлсэн, хөгжлийг дэмжсэн, суралцах тэгш боломж нөхцөлийг бүрдүүлсэн, хүртээмжтэй, эрүүл аюулгүй материаллаг болон сэтгэл зүй, харилцааны таатай орчныг бүрдүүлнэ.

9.2.Цэцэрлэгийн материаллаг болон сэтгэл зүй, харилцааны орчинг бүрдүүлэхэд эрх бүхий байгууллагаас баталсан сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний болон  орчны стандарт, техникийн зохицуулалтыг тус тус мөрдөж ажиллана.

9.3. Сургалтын орчинд хүүхдийн эрх зөрчигдөх, осол гэмтэлд өртөх, эрүүл мэндээр хохирох, ялгаварлан гадуурхагдах, сөрөг нөлөөнд автахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хүүхэд хамгаалал, аюулгүй ажиллагааны зааврыг багш ажилтан бүрд тогтмол танилцуулан, мөрдөж ажиллана.

9.4. Цэцэрлэгийн орчинд багш, ажилтан нь харилцаа, хандлага, хувцаслалт, үг яриа, үйлдлээр хүүхдэд зөв үлгэрлэл үзүүлэх бөгөөд тэдний өмнө зохисгүй үг хэллэг, үйлдэл гаргахгүй байхад анхаарна.

 9.5.Цэцэрлэг сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгайгаар хангахад боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан сургуулийн өмнөх боловсролын сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгайд тавих шаардлагыг баримтална.

9.6. Сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгайг хүүхдийн нас, хөгжлийн онцлог, сургалтын хөтөлбөрийн агуулгад нийцүүлэн, хүртээмжтэй, бүтээлч үйлийг дэмжсэн байхаар бүрдүүлж, аюулгүй байдлыг хангана.

9.7. Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, сургалтын хөтөлбөрт нийцсэн нээлттэй эх сурвалж, цахим хэрэглэгдэхүүнийг сургалт, үйл ажиллагаанд зохистой байдлаар ашиглаж болно.

9.8. Цэцэрлэг хүүхдийн ялгаатай хэрэгцээг хангах түгээмэл загвар, сургалтын тохирох хэрэглэгдэхүүн бүхий орчинг бүрдүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжихэд боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан шаардлагыг хангасан ном, сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгайгаар хангана.

9.9. Сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад ашиглах хичээлийн хэрэглэл, сургалтын болон эрүүл ахуйн хэрэгслийг эцэг эх, асран хамгаалагчдаас бэлтгүүлэхэд боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан жагсаалтыг баримтлах бөгөөд нэмэлтээр бусад зүйл шаардахгүй.

9.10. Цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангахад хоол, үйлдвэрлэл үйлчилгээний холбогдох стандартыг баримтална.

9.11. Цэцэрлэгийн орчин, анги танхимын эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангахад эрх бүхий этгээдийн баталсан холбогдох стандарт, дүрэм, журмыг мөрдөж ажиллана.

9.12. Цэцэрлэг нь болзошгүй эрсдэл, гамшгаас хамгаалах орчин нөхцөлийг бүрдүүлэн, цэцэрлэгийн гадаад, дотоод орчны камер, гэрэлтүүлэг, замын гарц, хурд сааруулагч, зогсоолын тэмдэг тэмдэглэгээ зэргийн ашиглалтад мэргэжлийн холбогдох байгууллагатай хамтран тогтмол хяналт хийн, засан сайжруулж, орчны аюулгүй байдлыг хангана.

9.13. Цэцэрлэг нь холбогдох мэргэжлийн байгууллагаас баталсан гамшиг, онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байна.

9.14. "Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчныг үнэлэх шалгуур үзүүлэлт"-ийн дагуу өөрийн үнэлгээг жил бүр, аюулгүй байдалд тодорхой давтамжтай хяналтыг хийж, шаардлагатай хариу арга хэмжээ авна.

Арав. Санхүү, төсөв

10.1.Цэцэрлэгийн төсөв, санхүүгийн үйл ажиллагаа нь бие даасан байна. 

10.2. Цэцэрлэгийн төсөв, санхүүгийн удирдлага, зохион байгуулалтыг хангахад Төсвийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Боловсролын ерөнхий хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан бусад дүрэм, журмыг баримтална.

10.3. Цэцэрлэгийн эрхлэгч нь санхүүгийн үйл ажиллагааны үр дүнг цэцэрлэгийн зөвлөл, хамт олон, эцэг эх, асран хамгаалагчдад тайлагнана.

10.4. Хувийн өмчийн цэцэрлэгт олгох нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг тооцоход сургуулийн өмнөх боловсролын сургалт, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг үндэслэнэ.

  10.4.1. хувийн өмчийн цэцэрлэгийн үүсгэн байгуулагч нь нэг хичээлийн жилд нэг хүүхдэд ногдох төлбөр тогтоох аргачлалыг боловсруулан дүрэмдээ тусгасан байна.

10.5. Хувилбарт сургалтын санхүүжилтийг төлөвлөхөд энэ дүрмийн 8.5-д заасан мэдээлэлд үндэслэнэ.

10.6. Хувилбарт сургалтын санхүүжилтийг энэ дүрмийн 4.5.1, 4.5.2заасан цэцэрлэгийн төсөвт төлөвлөж, хэрэгжилтийг тайлагнана.

10.7. Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн үндсэн болон нүүдлийн бүлгийн сургалт, үйл ажиллагаанд хамрагдсан хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг Засгийн газраас тогтоосон нормативаар санхүүжүүлнэ.

10.8. Сургуулийн өмнөх боловсролын сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах төсвийг төлөвлөх, хуваарилах, зарцуулахад Засгийн газрын тогтоолоор батлагдсан сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардал түүний бүрэлдэхүүн, боловсрол эзэмшүүлэхэд хүүхдийн тоо, хэрэглээний үнийн түвшингээс хамаарсан өсөн нэмэгдэх итгэлцүүр, хувьсах зардал болон үр дүнгийн үнэлгээнд үндэслэн төсөв тооцох аргачлал, санхүүжүүлэх журмыг тус тус баримтална.

 

 

---о0о---