A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НИЙТЛЭГ ДҮРЭМ
Бүлэг: 1979

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 12 сарын 27-ны өдрийн  А/584 тушаалын хавсралт

 

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН

БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НИЙТЛЭГ ДҮРЭМ

 

НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага /цаашид "сургалтын байгууллага" гэх/-ын удирдах зөвлөлийн үйл ажиллагаанд холбогдох харилцааг энэхүү нийтлэг дүрмээр зохицуулна.

1.2.Сургалтын байгууллагын өөрийн удирдлага нь  Удирдах зөвлөл байна.

1.3.Цогцолбор, хотхон бүхий мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 26.3-т заасан нэгдсэн удирдах зөвлөлтэй байж болно.

1.4.Удирдах зөвлөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн баримт бичиг болон энэхүү нийтлэг дүрмийг мөрдөнө.

1.5.Сургалтын байгууллагын Удирдах зөвлөл энэхүү нийтлэг дүрмийг үндэслэн  үйл ажиллагааны дүрмийг баталж, мөрдөнө.

1.6.Дээд боловсролын сургалтын байгууллагын харьяа сургалтын байгууллагын Удирдах зөвлөл энэхүү нийтлэг дүрэм болон харьяалагдаж буй сургуулийн Удирдах зөвлөлийн дүрэмд нийцүүлэн өөрийн дүрмийг баталж мөрдөнө.

ХОЁР.УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

2.1.Энэхүү нийтлэг дүрмийн 1.2, 1.3-т заасан удирдах зөвлөл, нэгдсэн удирдах зөвлөл /цаашид хамтад нь "Удирдах зөвлөл" гэх/ 9 гишүүнээс бүрдэх бөгөөд тухайн сургалтын байгууллага доорх төлөөллийн хүрээнд бүрэлдэхүүний саналыг боловсруулж боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. 

2.1.1.үүсгэн байгуулагчийн нэг төлөөлөл;

2.1.2.багш, ажилтны хоёр төлөөлөл /боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллөөс байж болно/;

2.1.3.төгсөгчийн нэг төлөөлөл;

2.1.4.түншлэлийн хүрээнд хамтран ажилладаг аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн холбоо, төрийн болон төрийн бус байгууллагын таван төлөөлөл;

2.1.4.а.түншлэгчийн төлөөлөлд тухайн орон нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагаас нэгээс доошгүй төлөөллийг оруулна.

2.2.Энэхүү нийтлэг дүрмийн 2.1-т заасан саналыг үндэслэн  боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг батална.

2.3.Удирдах зөвлөлийн даргыг нийт гишүүдийн олонхын саналаар сонгоно.

2.4.Удирдах зөвлөлийн гишүүнд тавих хориглолт:

2.4.1.гишүүний үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бусдаас шууд буюу шууд бусаар бэлэг, үйлчилгээ, мөнгөн орлого, зээл, тусламж авах, хөнгөлөлт эдлэх;

2.4.2.сургалтын байгууллагын хэрэгцээний бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад нэгдмэл сонирхолтой этгээдийг санал болгох, захиалгын нийлүүлэгчээс ашиг авах;

2.4.3.гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх, үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх;

2.4.4.ашиг сонирхлын зөрчил.

2.5.Удирдах зөвлөлийн ажлын албаны болон нарийн бичгийн даргын үүргийг сургалтын байгууллага гүйцэтгэж, удирдах зөвлөлийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллана.

 

ГУРАВ.УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЧИГ ҮҮРЭГ

 

3.1.Удирдах зөвлөл боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, үүсгэн байгуулагчийн бодлого, шийдвэрийг үндэслэн Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 26.5, 26.6-д зааснаас гадна дор дурдсан үүргийг хэрэгжүүлнэ.

3.1.1.тухайн сургалтын байгууллагын дүрмийг батлах;

3.1.2.сургалтын байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тоог хэлэлцэх;

3.1.3.сургалтын байгууллагын тухайн жилийн төсвийн төлөвлөлтийг хэлэлцэх, гүйцэтгэлд хяналт тавих;

3.1.4.хандив, өөрийн болон туслах үйл ажиллагааны орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад санал, дүгнэлт гаргах;

3.1.5.сургалтын байгууллагын жил бүрийн элсэлт, төгсөлтийн судалгаа, шинжилгээ, үйл ажиллагааг хянан хэлэлцэж, санал, дүгнэлт гаргах;

3.1.6.сургалтын байгууллагад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг хэлэлцэж санал, дүгнэлт гаргах, хяналт тавих;

3.1.7.холбогдох бусад.

 

3.2.Удирдах зөвлөлийн даргын эрх, үүрэг:

3.2.1.удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуралдааны дэг, хугацаа, зохион байгуулалтын арга хэмжээ авч, шийдвэрийг албажуулах, хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авах;

3.2.2.удирдах зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн даргад ажил үүргийн хуваарийг тогтоох, үүрэг даалгавар өгөх, биелэлтийг хянах, шаардлагатай гэж үзвэл уг асуудлыг удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх;

3.2.3.удирдах зөвлөлийн ажлын төлөвлөгөөг батлах, гүйцэтгэлд нь хяналт тавих;

3.2.4.холбогдох бусад.

 

3.3.Удирдах зөвлөлийн гишүүний эрх, үүрэг:

3.3.1.удирдах зөвлөлийн хуралдаанд идэвхтэй оролцож, хуралдааны дэгийг баримтлан, санал, дүгнэлт гаргах;

3.3.2.удирдах зөвлөлөөс хариуцуулсан ажил үүргийг биелүүлэх, үр дүнг танилцуулах;

3.3.3.удирдах зөвлөлийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, хуралдаанд асуудал хэлэлцүүлэх, холбогдох мэдээлэл авах;

3.3.4.сургалтын байгууллагын нэр хүндийг өсгөх, санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх ажилд идэвх санаачилгатай оролцох, сургалтын байгууллагыг хөгжүүлэх талаар удирдах зөвлөлөөс гаргасан бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, дэмжлэг туслалцаа үзүүлэх;

3.3.5.хувийн ашиг сонирхлоос ангид, ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах.

3.4.Дараах тохиолдолд Удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрх Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 26.4-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болно:

3.4.1.эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;

3.4.2.гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон;

3.4.3.өөр ажилд шилжих болсон;

3.4.4.үүсгэн байгуулагчийг төлөөлөх гишүүний албан тушаал өөрчлөгдсөн;

3.4.5.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Удирдах зөвлөлийн хуралдаанд гурав ба түүнээс дээш удаа оролцоогүй.

 3.5.Удирдах зөвлөл албан бичгийн хэвлэмэл хуудастай байна. 

 

ДӨРӨВ.УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН

 

4.1.Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан, шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх бөгөөд гишүүдийн 2/3-оос доошгүй нь оролцсоноор хүчин төгөлдөр болно. Хуралдааныг танхим, цахим эсхүл холимог хэлбэрээр зохион байгуулж болно.

4.2.Удирдах зөвлөл хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тэмдэглэл үйлдэж тогтоол гаргана. Удирдах зөвлөлийн дарга тогтоолд гарын үсэг зурж, сургалтын байгууллагын тамга дарж баталгаажуулна.

4.3.Удирдах зөвлөл ээлжит хуралдааныг улирал тутамд нэгээс доошгүй удаа, шаардлагатай тохиолдолд ээлжит бус хуралдааныг Удирдах зөвлөлийн дарга эсхүл нийт гишүүдийн таваас доошгүй гишүүний санал болгосноор хуралдуулна.

4.4.Удирдах зөвлөлийн хуралдааны товыг ажлын таваас доошгүй өдрийн өмнө зарлаж, нарийн бичгийн дарга холбогдох мэдээлэл, материалыг гишүүдэд хүргэнэ.

4.5.Удирдах зөвлөлийн дарга хуралдааныг даргална. Түүнийг эзгүйд удирдах зөвлөлийн даргын томилсон гишүүн даргалж хуралдаанаас гарсан шийдвэрийг Удирдах зөвлөлийн даргад танилцуулан албажуулна.

4.6.Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг хуралдаан даргалагчийн саналыг харгалзан хэлэлцэж тогтооно.

4.7.Удирдах зөвлөлийн гаргасан шийдвэр хуульд нийцээгүй тохиолдолд Удирдах зөвлөл шийдвэрээ өөрөө хүчингүй болгоно.

4.8.Удирдах зөвлөлийн хуралдаанд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан сургалтын байгууллагын багш, ажилтан, суралцагчийн төлөөллийг оролцуулан санал, хүсэлт, тайлбарыг сонсож, мэдээлэл авч болно.

4.9.Хэлэлцэх асуудалтай холбогдолтой мэдээлэл, танилцуулга тайлбарыг хэлэлцүүлэх гишүүн хийх бөгөөд холбогдох материалыг урьдчилан тараасантай холбогдуулан гишүүдээс асуулт, санал дүгнэлт гаргаагүй бол санал хураалт явуулж болно.

4.10.Удирдах зөвлөлийн хуралдаанд аливаа асуудлыг шийдвэрлэхэд гишүүн бүр нэг саналын эрхтэй байна. Харин хуралдааны ирц буюу бусад шалтгаанаар санал тэнцсэн тохиолдолд дахин санал хураах бөгөөд санал дахин тэнцсэн бол Удирдах зөвлөлийн даргын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

4.11.Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцох боломжгүй гишүүн нь тухайн хэлэлцэх асуудлаар саналаа бичгээр, эсхүл цахимаар ирүүлсэн тохиолдолд түүнийг хуралдаанд сонсгож хэлэлцүүлэх бөгөөд асуудлыг дэмжсэн болон дэмжээгүй санал өгсөн бол хуралдаанд оролцож санал өгсөнд тооцно.

 

ТАВ.БУСАД ЗҮЙЛ

 

5.1.Энэхүү нийтлэг дүрмийг зөрчсөн хуулийн этгээд, албан тушаалтан Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

 

---о0о---