- Нүүр
- Сайдын тушаал
- МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 12 сарын 27-ны өдрийн А/585 тушаалын хавсралт
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү үлгэрчилсэн дүрмээр Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага /цаашид "сургалтын байгууллага" гэх/-ын зорилго, чиг үүргээ хэрэгжүүлэхэд баримтлах нийтлэг зарчим, эрх үүрэг, бүтэц зохион байгуулалт, удирдлага, санхүүжилттэй холбогдсон нийтлэг харилцааг зохицуулна.
1.2.Сургалтын байгууллага үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль бусад холбогдох хууль тогтоомж болон энэхүү үлгэрчилсэн дүрмийг мөрдөнө.
1.3.Дээд боловсролын сургалтын байгууллагын харьяа мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага энэ дүрмээс гадна дээд боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрмийг мөрдөнө.
1.4.Сургалтын байгууллагын дүрэмд албан ёсны оноосон нэр, хаяг, үйл ажиллагаа, зохион байгуулалт, төсөв санхүүгийн асуудлыг тусгасан байна.
1.5.Сургалтын байгууллага хуулийн этгээд байх бөгөөд зохих журмын дагуу үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга хэрэглэх ба өөрийн бэлгэдэлтэй байна.
Хоёр.Сургалтын байгууллагын бүтэц, зохион байгуулалт
2.1.Сургалтын байгууллага сургалтын үйл ажиллагааг хэвийн, тогтвортой явуулах нөхцөлийг бүрэн хангаж, батлагдсан бүтэц, орон тооны хүрээнд үйл ажиллагаа явуулна.
2.2.Сургалтын байгууллагын зохион байгуулалтын бүтцэд Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 9.11-т зааснаас гадна сургалтын алба, захиргаа аж ахуй, түншлэлийн асуудал хариуцсан нэгжтэй байж болно.
2.3.Сургалтын байгууллага Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 9.8-д заасан бусад нэгжид сургалт арга зүйн дэмжлэг үзүүлэх, суралцагчийн хөгжил, үйлдвэрлэл, үйлчилгээний зэрэг зохион байгуулалтын бүтцийн бусад нэгжтэй байж болно.
2.4.Энэхүү үлгэрчилсэн дүрмийн 2.3-д заасан зохион байгуулалтын бүтцийн бусад нэгж бие даан ажиллаж, үйл ажиллагааны чанар, үр дүнг сургалтын байгууллагын өөрийн болон гүйцэтгэх удирдлагын өмнө тайлагнана.
2.5.Сургалтын байгууллага харуул хамгаалалт, цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, туслах аж ахуй зэрэг үйл ажиллагааг Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийн дагуу холбогдох хуульд заасан гэрээгээр гүйцэтгүүлж болно.
2.6.Сургалтын байгууллага Боловсролын ерөнхий хуулийн 37.6-д заасан сургууль хөгжүүлэх сантай байж болно.
Гурав.Сургалтын байгууллагын удирдлага
3.1.Сургалтын байгууллага нь Боловсролын ерөнхий хуулийн 23.2-т заасан гүйцэтгэх удирдлага болон өөрийн удирдлагатай байна.
3.2.Сургалтын байгууллагын өөрийн удирдлага нь удирдах зөвлөл байна. Удирдах зөвлөлийн бүтэц, үйл ажиллагааг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 26.1-д заасан нийтлэг дүрмээр зохицуулна.
3.3.Сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлагыг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 27.1-д заасны дагуу захирал хэрэгжүүлнэ. Захирал нь ажлаа томилсон этгээд Удирдах зөвлөлийн өмнө хариуцаж тайлагнана.
3.4.Захирал Боловсролын ерөнхий хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуульд зааснаас гадна дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:
3.4.1.Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн сургалтын байгууллагын бүтэц орон тоог батлах;
3.4.2.хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгаа, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр түншлэлийн хүрээнд хамтран ажилладаг аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, тухайн орон нутгийн захиргааны байгууллага, хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллагатай хамтран ажиллах;
3.4.3.холбогдох хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангасан багш, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах;
3.4.4.багш, ажилтны мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах;
3.4.5.статистик, тайлан мэдээг хугацаанд нь үнэн зөв гаргах, тайлагнах, цахим мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, хөтлөх ажлыг удирдах;
3.4.6.сургалтын байгууллагын дотоод чанарын баталгаажуулалтыг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8.7-д заасны дагуу хэрэгжүүлэх;
3.4.7.сургалтын байгууллагын хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, эзэмшил газрыг зориулалтын дагуу ашиглах, хамгаалах;
3.4.8.сургалтын байгууллагын орчин дахь болзошгүй эрсдэл, гамшгаас хамгаалах аюулгүй байдлыг хангасан, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлсэн орчин бүрдүүлэх;
3.4.9.сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг батлах.
3.4.10.Боловсролын ерөнхий хуулийн 10.1.11-д заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн хэрэгцээ, шаардлагыг хангасан орчныг бүрдүүлж, зохих үйлчилгээг үзүүлэх;
3.4.11.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 27.5.3, 27.5.4-т заасан түншлэлийг үр дүнтэй, тогтвортой хөгжүүлэх;
3.4.12.энэхүү үлгэрчилсэн дүрмийн 2.4-д заасан зохион байгуулалтын болон бусад нэгжийн олсон өөрийн болон туслах үйл ажиллагааны үр дүнд бий болсон орлогыг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн холбогдох хууль, тогтоомжийн дагуу захиран зарцуулж, тайлагнах.
Дөрөв.Багш, ажилтан
4.1.Багш, ажилтны хөдөлмөрийн харилцаа Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль бусад эрх зүйн акт, энэхүү дүрэм, хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулагдана.
4.2.Нийтэд нээлттэй зарлагдсан сул орон тооны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн багш, ажилтан сургалтын байгууллагын захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулна.
4.3.Багш Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйл, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14, 15 дугаар зүйлд заасан эрх үүрэг болон багшийн ёс зүйн дүрэм, байгууллагын дүрэм, журмыг дагаж мөрдөнө.
4.4.Боловсролын ерөнхий хуулийн 12.14, 12.15-д заасан журам болон Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу өөрийн хүсэлт, байгууллагын санаачилга, зөвшилцлийн үндсэн дээр шилжин ажиллаж болно.
4.5.Багш, ажилтны хөдөлмөрийн харилцаа захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр зохицуулагдана.
Тав.Сургалтын байгууллагын сургалт үйл ажиллагааны зохион байгуулалт
5.1.Батлагдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу сургалтыг зохион байгуулна.
5.2.Багш суралцагчийн тооны дундаж харьцаа нь онолын сургалтын хувьд 25-аас доошгүй суралцагчтай, лаборатори, дадлагын сургалтын хувьд 15-аас доошгүй суралцагчтай байна.
5.3.Удирдах зөвлөлийн саналыг үндэслэн элсэлтийн хяналтын тооны саналыг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад Боловсролын ерөнхий хуулийн 26.1.22-т заасан журмын дагуу хүргүүлнэ.
5.4.Үйлдвэрлэлийн дадлага, хосмог сургалтыг сургалтын төлөвлөгөө, аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээ, удирдамжид заасан хэлбэр, хугацаа, шаардлагад нийцүүлэн зохион байгуулна.
5.5.Аж ахуйн нэгж, байгууллагатай сургалтын, үйлдвэрлэлийн дадлага хийх, дагалднаар суралцах гурван талт хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд байгуулах, ёс зүйн хэм хэмжээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж, гэрээний үүргээ биелүүлж ажиллана.
5.6.Төгсөгч болон иргэний ур чадварын үнэлгээг түншлэгч талтай хамтран зохион байгуулж, үнэлгээний орчин нөхцөлийг бүрдүүлнэ.
5.7.Иргэнд мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлээ зөв оновчтой сонгоход нь зөвлөгөө өгөх, олон нийтэд таниулах ажлыг үр дүнтэй зохион байгуулна.
5.8.Чадамжийн төв үндэсний хэмжээнд тухайн салбарын мэргэжлийн багш, ажилтан, дадлагажуулагчийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах, аж ахуйн нэгж, байгууллагын захиалгат болон ахисан түвшний сургалт, ур чадварыг үнэлэх, баталгаажуулах, мэргэжлийн уралдаан, тэмцээн зохион байгуулах, судалгаа-шинжилгээ хийх, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
5.9.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн, үнэлгээний, чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага Чадамжийн төвийг түшиглэн энэ дүрмийн 5.8-д заасан чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлж, хамтран ажиллаж болно.
Зургаа. Сургалтын байгууллагын суралцагч
6.2.Суралцагч нь сургалтын байгууллагын дотоод дүрэм, журмыг дагаж мөрдөнө.
6.3.Суралцагчийг шилжүүлэх, чөлөө олгох, хасах болон суралцагчийн хүлээх хариуцлагатай холбоотой асуудлыг холбогдох журам, заавар, суралцах гэрээний хүрээнд шийдвэрлэнэ.
6.4.Суралцагч шилжин суралцахад түүний судалсан багц цаг, эзэмшсэн чадамжийг хүлээн зөвшөөрөх болон тооцох, баримт бичгийн бүрдүүлэлтийг хийх, түүнд зохих тодорхойлолт, лавлагааг гаргуулах асуудлыг холбогдох журамд нийцүүлэн шийдвэрлүүлнэ.
Долоо.Төсөв, санхүүжилт
7.1.Сургалтын байгууллага гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн үр ашигтай төсвийн удирдлагыг хэрэгжүүлнэ.
7.2.Сургалтын байгууллага үүсгэн байгуулагчаас нийлүүлсэн хөрөнгө болон тухайн сургалтын үйл ажиллагааны явцад бий болсон хөрөнгийг өөрийн үндсэн үйл ажиллагааны зорилго, дүрэм, үүсгэн байгуулагчтай байгуулсан гэрээнд нийцүүлэн зориулалтын дагуу захиран зарцуулна.
7.3.Сургалтын байгууллага санхүүгийн үйл ажиллагаандаа Төсвийн тухай, Төрийн аудитын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийг баримтлан ажиллах, жил тутам санхүүгийн үйл ажиллагааны үр дүнг хамт олны хурлаар хэлэлцүүлнэ.
Найм.Дүрэм боловсруулах, батлуулах
8.1.Сургалтын байгууллага дүрмээ боловсруулахдаа энэхүү үлгэрчилсэн дүрмийг баримтлах бөгөөд үйл ажиллагааны онцлогт нийцсэн нэмэлт зохицуулалтыг тусгаж болно.
8.2.Сургалтын байгууллагын дүрмийг удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, батлуулна.
8.3.Сургалтын байгууллагын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хууль, тогтоомжийн хүрээнд Удирдах зөвлөл, багш, ажилтан, суралцагч гаргаж болно.
8.4.Энэхүү үлгэрчилсэн дүрэмд орсон өөрчлөлттэй уялдуулж сургалтын байгууллага дүрмээ тухай бүр өөрчлөх, эсхүл шинэчилнэ.
8.5.Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг багш, ажилтны саналыг авч, Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, баталсан тухай шийдвэр гарсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.
Ес.Бусад
9.1.Сургалтын байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу архив, баримт бичиг, статистик, цахим мэдээллийн сан, бүртгэлийг хөтөлнө.
9.2.Сургалтын байгууллага татан буугдсан тохиолдолд тэдгээрийн баримт бичгийг зохих журмын дагуу бүрдүүлж, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 27.4, Боловсролын ерөнхий хуулийн 22.3-т заасны дагуу холбогдох байгууллагад хүлээлгэн өгнө.
9.3.Энэхүү үлгэрчилсэн дүрмийг зөрчсөн тохиолдолд хуулийн этгээд, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
---о0о---
Текст томруулах
A
A
A