- Нүүр
- Монгол Улсын хууль
- МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 12 сарын 08 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Малын генетик нөөцийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/9 дүгээр зүйлийн 9.2.3-9.2.5 дахь заалт:
"9.2.3.гадаадаас сайжруулагч мал, малын үржүүлгийн бүтээгдэхүүн авах тусгай зөвшөөрөл хүсэгч нь мал аж ахуй, малын үржүүлгийн чиглэлээр гурваас доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхэлсэн талаарх туршлагын мэдээлэл, нотлох баримт;
9.2.4.гадаадаас сайжруулагч мал авах тусгай зөвшөөрөл хүсэгч нь тухайн малыг үржүүлэхээр төлөвлөсөн бүс нутгийн бүдүүвч зураг, малын тавлаг байдлыг хангасан, стандартын шаардлагад нийцсэн зориулалтын хашаа, байр, бэлчээрлүүлэх, тэжээх талбай, усан хангамжтай эсэх талаарх мэдээлэл, нотлох баримт;
9.2.5.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийн 12.8-д заасан тусгай зөвшөөрөл хүсэгч нь дагнан болон хослон эрхлэх үйл ажиллагааны чиглэл, мэргэжлийн хүний нөөцийн талаарх мэдээлэл, мөн хэсгийн 12.7, 12.9, 12.10-т заасан тусгай зөвшөөрөл хүсэгч нь энэ хуулийн 11.3-т заасан мэргэжлийн зэрэг дэв, итгэмжлэл бүхий мал зүйчийн мэдээлэл, эсхүл мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгжтэй хамтран ажиллахаар байгуулсан гэрээний хувь."
2/9 дүгээр зүйлийн 9.14, 9.15 дахь хэсэг:
"9.14.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийн 12.7, 12.8, 12.9, 12.10-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах тусгайлсан нөхцөл, шаардлагыг хангасан байна:
9.14.1.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийн 12.7, 12.8, 12.9-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 16.2-т заасан мэргэжлийн байгууллагын хяналтын доор малын генетик нөөцийг тогтвортой ашиглах;
9.14.2.гадаадаас авсан сайжруулагч малыг эрх бүхий байгууллагаас тогтоосон бүс, байршилд энэ хуулийн 11.4-т заасан үржүүлгийн хөтөлбөрийн дагуу үржүүлэх;
9.14.3.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийн 12.7, 12.9-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гадаадаас мал, малын үржүүлгийн бүтээгдэхүүн авах тухай бүрд энэ хуулийн 9.7-д заасан дүгнэлт авах;
9.14.4.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийн 12.8-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гойд ашиг шимт малаас өндгөн эс, хөврөл, үр үйлдвэрлэх, үйлчилгээнд нэвтрүүлэх, мөн хэсгийн 12.10-т заасны дагуу гадаадад гаргах бүрд энэ хуулийн 15.3.2-т заасан тодорхойлолтыг авах;
9.14.5.гадаадаас авсан сайжруулагч малыг гаалийн хорио цээрийн дэглэмд байх хугацаанд үүлдрийн гарал үүсэл, удам гарваль, гадаад шинж тэмдгийн илрэлийн үзүүлэлтийн талаар гаалийн болон мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний хяналтын улсын байцаагчийн хамтарсан үзлэг хийлгэж, тодорхойлолт авах.
9.15.Гадаадаас авсан болон гадаадад гаргасан мал, малын үржүүлгийн бүтээгдэхүүний талаарх мэдээллийг гаалийн байгууллага малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухай бүрд цахимаар илгээнэ."
3/16 дугаар зүйлийн 16.12, 16.13 дахь хэсэг:
"16.12.Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний хяналтын улсын байцаагч доор дурдсан үйл ажиллагааны хяналтыг хэрэгжүүлнэ:
16.12.1.энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.5, 5.6 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.2, 6.6, 6.7, 6.8 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.4, 8.5 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4, 9.6, 9.7, 9.8, 9.9, 9.11, 9.12 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 10.3, 10.4, 10.6, 10.8 дахь хэсэг, 11 дүгээр зүйл, 12 дугаар зүйлийн 12.2, 12.3, 12.4 дэх хэсэг, 15 дугаар зүйлийн 15.2, 15.3, 15.4 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн хэрэгжилт;
16.12.2.мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ, малын үржил, селекцийн стратеги, үржүүлгийн хөтөлбөр, генийн санг хамгаалах чиглэлээр мөрдөж байгаа захиргааны хэм хэмжээний акт, үндэсний стандартын шаардлагын хэрэгжилт;
16.12.3.хууль тогтоомжид заасан бусад эрх.
16.13.Мал аж ахуйн үйлдвэрлэлийн хяналтын улсын байцаагч доор дурдсан үйл ажиллагааны хяналтыг хэрэгжүүлнэ:
16.13.1.энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.7 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.2, 8.6, 8.7, 8.9 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэг, 13, 14 дүгээр зүйл, 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсэг, 16.8.1, 16.9.1 дэх заалт, 19 дүгээр зүйлийн хэрэгжилт;
16.13.2.малын тоо толгойн албан татварын орлогын зарцуулалтын хэрэгжилт;
16.13.3.бэлчээрийн болон суурин, хагас суурин мал аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны чиглэлээр мөрдөж байгаа захиргааны хэм хэмжээний акт, үндэсний стандартын шаардлагын хэрэгжилт;
16.13.4.малын тэжээл, шимт чанар, хүрэлцээ, бэлчээрийн менежмент болон усан хангамж, аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалт, хамгаалалт, холбогдох журмын хэрэгжилт, малын гаралтай түүхий эд бэлтгэл;
16.13.5.хууль тогтоомжид заасан бусад эрх."
2 дугаар зүйл.Малын генетик нөөцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн "хүсэлтийг" гэсний дараа "тусгай зөвшөөрлийн нэр төрлөөс шалтгаалан" гэж, мөн зүйлийн 9.6 дахь хэсгийн "Энэ хуулийн" гэсний дараа "9.4-т заасан тайланг хугацаанд нь ирүүлээгүй, эсхүл энэ хуулийн" гэж, мөн зүйлийн 9.9 дэх хэсгийн "гаргахад" гэсний дараа "энэ хуулийн 15.3.2-т заасан тодорхойлолтыг үндэслэн" гэж, мөн зүйлийн 9.10 дахь хэсгийн "тоог" гэсний дараа "болон энэ хуулийн 9.7-д заасан дүгнэлтийг" гэж, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсгийн "хэрэгжүүлэх" гэсний дараа ", хяналт тавих" гэж, мөн зүйлийн 16.6 дахь хэсгийн "мал зүйч" гэсний дараа ", улсын байцаагч" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Малын генетик нөөцийн тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх заалт:
"9.2.1.тусгай зөвшөөрлийн хугацаанд гадаадаас авах, гаргах малын төрөл, зүйл, үүлдэр, нас, хүйс, тооны талаарх мэдээлэл;"
2/9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэг:
"9.7.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийн 12.9-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гадаадаас сайжруулагч мал, малын үржүүлгийн бүтээгдэхүүн авахын өмнө тухайн малын гарваль улс, үүлдрийн удам гарваль, ашиг шимийн үзүүлэлтийн талаар урьдчилан мэдүүлж, тэдгээрийн ашиглалтаас үүдэн гарч болзошгүй генийн хувьслын эрсдэлийн нөлөөллийн талаар Ерөнхий мал зүйчийн дүгнэлтийг авна."
3/16 дугаар зүйлийн 16.11 дэх хэсэг:
"16.11.Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээнд болон мал аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих хяналтыг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын болон хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий төрийн захиргааны байгууллагын улсын байцаагч хэрэгжүүлнэ."
4 дүгээр зүйл.Малын генетик нөөцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтын ", гадаадаас авах сайжруулагч мал болон гадаадад гаргах малын төрөл зүйл, ашиг шимийн чиглэл, үүлдрийн нэр" гэснийг хассугай.
5 дугаар зүйл.Энэ хуулийг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
