A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 12 сарын 08 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/13.4 дүгээр зүйлийн 8-12 дахь хэсэг:

"8.Мал, малын үржүүлгийн бүтээгдэхүүнийг энгийн зөвшөөрөлгүйгээр гадаадад гаргасан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.Мал, малын үржүүлгийн бүтээгдэхүүнийг энгийн зөвшөөрөлгүйгээр гадаадад гаргахыг завдсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.Малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээд нь:

10.1.тухайн үүлдэр, омгийн малыг үржүүлэхээр эрх бүхий байгууллагаас тогтоосноос өөр бүс нутагт үржүүлсэн;

10.2.малыг сонгон үржүүлэхдээ ашиг шимийн чиглэлийг дур мэдэн өөрчилсөн;

10.3.стандартын шаардлагад тэнцэхгүй хээлтүүлэгчийг, эсхүл өөр үүлдэр, омгийн малыг сайжруулагчаар ашигласан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

11.Гадаадаас сайжруулагч мал авах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрх бүхий байгууллагын тогтоосноос өөр бүс нутагт малыг шилжүүлэн үржүүлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

12.Шинжлэх ухааны дэвшилтэт аргаар малын үүлдэр, омог шинээр бий болгох, үр, өндгөн эс, хөврөлийг үйлдвэрлэх, үйлчилгээнд нэвтрүүлэх, бичил биетнийг өсгөвөрлөх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."

2/13.9 дүгээр зүйлийн 9, 10 дахь хэсэг:

"9.Малчин, амьтан маллагч нь:

9.1.өөр сум, дүүргийн нутаг дэвсгэрээс мал, амьтан шилжүүлэн авчирсан даруй үзлэг хийлгэн тухайн сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт бүртгүүлээгүй, хяналтын цэгт шалгуулахгүй өнгөрсөн, эсхүл тогтоосон замаас өөр замаар тээвэрлэсэн, тууварласан;

9.2.эрүүл мэндийн тодорхойлолт авалгүйгээр бусад сум, дүүргийн нутаг дэвсгэрт мал оторлосон;

9.3.хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон бүс хооронд мал, амьтан тууварласан, тээвэрлэсэн бол учирсан хохирлыг нөхөн төлүүлж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт:

10.1.орон нутгийн онцгой комиссын зөвшөөрөлгүйгээр бэлчээр, нутаг сэлгэсэн;

10.2.нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан, хүн, мал, амьтны бөөгнөрөл бий болгосон;

10.3.мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан;

10.4.халдварт өвчнөөр өвчилсөн мал, амьтан байрлаж байсан хашаа, байр, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг халдваргүйтгэхээс өмнө дахин ашигласан бол зөрчлийг арилгуулж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР