A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 21

Улаанбаатар хот

ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ

Газрын тухай хуулийн 16.1.13, 18.1.2-т заасныг тус тус үндэслэн "Орхоны хөндийд "Шинэ Хархорум" хот байгуулах тухай" Улсын Их Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаар тогтоолын 2 дахь заалтын 1 дэх дэд заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Орхоны хөндийд "Шинэ Хархорум" хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат сум болон Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт нийт 189363.19 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, газрын хилийн заагийн эргэлтийн цэгийн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2025 оны 165 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан улсын тусгай хэрэгцээний газартай давхцалтай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрын нарийвчилсан судалгааг гаргаж, "Шинэ Хархорум" хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн газрыг шилжүүлэх, чөлөөлөх, нөхөх олговор тооцох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулан ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (А.Энхманлай), холбогдох аймгийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2025 оны 165 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

3.Улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг зохих журмын дагуу газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системд бүртгэж, газар ашиглуулах гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (А.Энхманлай)-т үүрэг болгосугай.

4."Шинэ Хархорум" хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал (концепц)-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, үр дүнг 2024 оны II улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнд даалгасугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2025 оны 165 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН