- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ (Эрүүл мэндийн магадлалын зөвлөл)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 448
Улаанбаатар хот
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 43.4 дэх хэсэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.
2.Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн мэдээллийн нэгдсэн санд даатгуулагчийн болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээллийг цахимаар хүргүүлж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, эрүүл мэндийн даатгалын мэдээллийг цахимаар хүргүүлж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (Л.Бямбасүрэн)-т тус тус үүрэг болгосугай.
3.Аймаг, дүүргийн Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх, сэргээн засах, эмчлэн эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, аймаг, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
4.Энэ тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар (Л.Мөнхзул), аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нарт тус тус үүрэг болгосугай.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 67 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
6.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА
Текст томруулах
A
A
A