- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 443
Улаанбаатар хот
ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 14 дүгээр зүйлийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хүний эрх, эрх чөлөөг хангахуйц нийгэм, эдийн засаг, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, иргэний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах асуудлын хүрээнд дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт даалгасугай:
1.1.хүний эрх, эрх чөлөөг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд хүний эрхийг хязгаарласан хуулийн зохицуулалтыг хүчингүй болгох, хүний эрхийн баталгааг хангах чиглэлээр холбогдох хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
1.2.хуулиар эрх олгоогүй дүрэм, журам, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас батлан гаргасан эрхийн актыг хүчингүйд тооцох, шаардлагатай бол өөрчлөн шинэчлэх.
2.Үйл ажиллагаагаа хүний эрхийг хангахад чиглүүлж ажиллахыг төрийн бүх шатны байгууллагын удирдлагад даалгаж, энэ тогтоолд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд Засгийн газартай хамтран ажиллахыг Хүний эрхийн үндэсний комисс (Д.Сүнжид)-т зөвлөсүгэй.
3.Нийгэм, эдийн засгийн бүх салбарт хүний эрхийг дээдлэн, хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлж ажиллахыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад тус тус уриалсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
