- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН БАЙДАЛ ХҮНДЭРСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 62
Улаанбаатар хот
ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН БАЙДАЛ ХҮНДЭРСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.2, 11.3.3, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11.5.1, 11.5.4 дэх хэсгийг тус тус үндэслэнМонгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан зудын эрсдэлийг бууруулах, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсүгэй.
2.Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.4-т заасан арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг гамшгаас хамгаалах алба, бүх шатны Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад үүрэг болгосугай.
3.Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай:
3.1.Мал аж ахуйн салбарт үүсээд буй нөхцөл байдал, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор "Малчдадаа тусалъя аян"-ыг үндэсний хэмжээнд зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;
3.2.Малын тэжээл (хивэг, хорголжин, багсармал, овьёос, эрдэс, уургийн нэмэгдлүүд, амьтны тэжээл), гурилын импортын барааг гаалийн албан татвараас чөлөөлөх хууль тогтоомжийн төсөл боловсруулж, Улсын Их Хуралд яаралтай өргөн мэдүүлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нарт;
3.3.Цасанд боогдсон зам, давааг чөлөөлөх, шар усны үерт өртөж болзошгүй малчин өрхийг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Онцгой байдлын ерөнхий газар (Г.Ариунбуян), аймгийн Засаг дарга нарт, шаардлагатай хүн, хүч, техник хэрэгслийн дэмжлэг үзүүлж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нарт;
3.4.Малын сэг, зэм устгахад шаардагдах ариутгал, халдваргүйтгэлийн бодис, гоц халдварт өвчний вакцин, шаардлагатай эм бэлдмэлийн нөөц бүрдүүлэх, татан авах, орон нутагт хүргэх ажлыг шуурхай зохион байгуулж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд;
3.5.Олон улсын байгууллага, гадаадын төсөл хөтөлбөртэй хамтран малчдад туслах арга хэмжээ зохион байгуулахыг, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт;
3.6.Малчдыг эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд бүрэн хамруулах ажлыг 2024 оны 06 дугаар сарын 01-ийг хүртэлх хугацаанд зохион байгуулах, сумын эрүүл мэндийн төвийн алсын дуудлагад явах туулах чадвар сайтай эмнэлгийн тусламж үйлчилгээний автомашины хангалтыг нэмэгдүүлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт;
3.7.Амьжиргааны эх үүсвэрээ алдаж, малгүй болсон малчдын судалгааг нарийвчлан гаргаж, малжуулах арга хэмжээг шуурхай зохион байгуулах арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт;
3.8.Орон нутгийн төсвийн давсан орлогыг малчдад туслах арга хэмжээнд зарцуулах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт.
4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
