A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГИЙН МӨРӨӨР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2000 оны 6 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 86

"Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явуулах тухай" Ерөнхий сайдын 1999 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 145 дугаар захирамжийн дагуу архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явуулсан дүнг хэлэлцээд Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Улсын үзлэгийн явцад илэрсэн зөрчлийг арилгах, архив, албан хэрэг хөтлөлтийг боловсронгуй болгох талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг яам, агентлагийн удирдлага, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

2.Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтныг давтан сургах, төрийн архивуудын мэдээлэл, эрэлт хайлтын системийг боловсронгуй болгох зорилгоор зохион байгуулалтын дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хууль зүйн сайд Д.Ганболдод үүрэг болгосугай:

а/Үндэсний архивын газрын дэргэд архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтын төв байгуулах;

б/Үндэсний төв архивын сан хөмрөгийн баримтад анги төрлийн нэгдсэн каталоги зохиох ажлыг тодорхой төсөл боловсруулан хэрэгжүүлэх.

3.Үндэсний төв архивын сан хөмрөгийн баримтын хадгалалтын нөхцөлийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах зорилгоор архивын материаллаг баазыг бэхжүүлж зориулалтын тоног төхөөрөмжөөр хангах, галын дохиоллын системийг шинэчлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг 2001 оны хөрөнгө оруулалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгуулах арга хэмжээ авахыг Сангийн сайд Я.Очирсүх, Хууль зүйн сайд Д.Ганболд нарт даалгасугай.

4.Архивын салбарт ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг улсын захиалгаар дотоод, гадаадад сургах арга хэмжээ авахыг Гэгээрлийн сайд А.Баттөр, Хууль зүйн сайд Д.Ганболд нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Хууль зүйн сайд Д.ГАНБОЛД