A

A

A

Бүлэг: 1979

 

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/190 дугаар тушаалын хавсралт.

 

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨГЧИД БҮРТГЭЛИЙН

ДУГААР ОЛГОХ, ХЭРЭГЛЭХ БОЛОН ХУВИЙН ХЭРЭГ НЭЭХ,

БҮРТГЭХ, ХӨТЛӨХ, ШИЛЖҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.        Энэхүү журмаар ажил олгогч, даатгуулагчийг нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгэх, бүртгэлийн дугаар олгох, түүнийг хэрэглэх, хувийн хэрэг нээх, бүртгэх, хөтлөх, шилжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

Хоёр. Ажил олгогчийг шимтгэл төлөгчөөр бүртгэх,

бүртгэлийн дугаар олгох

2.1.      Ажил олгогчийн үүсгэн байгуулагч, эрх бүхий этгээд нь хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй.

2.2.      Ажил олгогч нь шимтгэл төлөгчөөр бүртгүүлэх хүсэлт, холбогдох баримт бичгийг цаасан, эсхүл цахим хэлбэрээр ирүүлнэ.

2.3.      Ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлэхэд дараах баримт бичиг, мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

2.3.1.     Нийгмийн даатгалд шимтгэл төлөгчөөр бүртгүүлэх тухай албан хүсэлт;

2.3.2.     Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар эсхүл холбогдох байгууллагын шийдвэр;

2.3.3.     Үүсгэн байгуулагч, эрх бүхий этгээдийн цахим шуудангийн хаяг, утасны дугаар;

2.3.4.     Шаардлагатай тохиолдолд итгэмжлэл;

2.3.5.     Банкин дахь харилцах дансны жагсаалт.

2.4.      Ажил олгогч цахимаар бүртгүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд нийгмийн даатгалын байгууллага энэ журмын 2.3.2-т заасан баримт бичиг, мэдээллийг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын мэдээллийн сангаас Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан үндсэн систем /цаашид "үндсэн систем" гэх/-ээр дамжуулан авна.

2.5.      Хуулийн этгээдийн эрхгүй байгууллага /хуулийн этгээдийн салбар, төлөөлөгч, төлөөний газар, төсөл, хөтөлбөрийн нэгж салбар, нөхөрлөл, сан, сууц өмчлөгчдийн холбоо/ нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлэхэд үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага, төлөөлөх эрх бүхий албан тушаалтны шийдвэр болон энэ журмын 2.3-т заасан баримт бичиг, мэдээллийг ирүүлнэ.

2.6.      Нийгмийн даатгалын байгууллага нь ажил олгогчийн хүсэлтийг хүлээн авсан ажлын 3 өдөрт багтаан нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн санд бүртгэснээр шимтгэл төлөгчид дахин давтагдашгүй дугаар /цаашид "бүртгэлийн дугаар" гэх/-ыг нэг удаа олгоно.

2.7.      Хуулийн этгээд нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах замаар шинээр бий болсон хуулийн этгээдэд бүртгэлийн дугаарыг шинээр олгоно.

2.8.      Татан буугдсан, дампуурсан тухай шүүхийн шийдвэр гарсан, улсын бүртгэлээс хасагдсан ажил олгогчийн бүртгэлийн дугаарыг өөр ажил олгогчид давхардуулан олгохгүй.

2.9.      Ажил олгогчийг бүртгэсэн тухай мэдэгдлийг цахимаар хүргүүлэх бөгөөд мэдэгдэл нь ажил олгогчийн бүртгэлийн дугаар, нийгмийн даатгалд бүртгүүлсэн огноо, шимтгэлийн цахим системд нэвтрэх нэр, нууц үг зэргийг агуулсан байна.

2.10.  Ажил олгогчийн бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд тухай бүр тайлбар хүргүүлэх болон цахимаар мэдэгдэнэ.

2.11.  Ажил олгогчийн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд нийгмийн даатгалын байгууллагад холбогдох баримт бичгийг цаасаар болон цахим хэлбэрээр ирүүлнэ.

2.12.  Ажил олгогч нь өөрийн байгууллагын мэдээллийн үнэн бодит байдлыг бүрэн хариуцна.

Гурав. Даатгуулагчийг шимтгэл төлөгчөөр бүртгэх,

бүртгэлийн дугаар олгох

3.1.        Даатгуулагч нь шимтгэл төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтээ цаасан, эсхүл цахим хэлбэрээр ирүүлнэ.

3.2.      Даатгуулагчийн бүртгэлийн дугаар нь нийгмийн даатгалын байгууллагаас олгосон дахин давтагдашгүй дугаар байна.

Дөрөв. Бүртгэлийн дугаарыг хэрэглэх

4.1.      Нийгмийн даатгалын байгууллага шимтгэл төлөгчийн бүртгэлийн дугаарыг  нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, шимтгэл төлөлттэй холбоотой баримт бичиг, сангуудын харилцах дансны орлого, зарлагын гүйлгээ хийх, мэдээ, тайлан гаргахад хэрэглэнэ.

4.2.      Ажил олгогч бүртгэлийн дугаарыг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлэх, нийгмийн даатгалын улсын байцаагчийн актаар тогтоосон шимтгэл, алданги, торгууль, төлбөрийн тооцоо хийхэд хэрэглэнэ.

Тав. Хувийн хэрэг нээх, бүртгэх, хөтлөх

5.1.      Нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсэн ажил олгогч, сайн дураар даатгуулагчид цаасан болон цахим хувийн хэрэг нээнэ.

5.2.      Хувийн хэрэгт шимтгэл төлөлтийн тайлан, сайн дурын даатгуулын гэрээ, эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт шалгалтын удирдамж, тайлан, мэдэгдэл, акт, албан шаардлага, шийтгэлийн хуудас зэрэг баримт бичгүүдийг тухай бүр хавсаргаж, бүртгэнэ.

5.3.      Хувийн хэрэг нээх, бүртгэх, хөтлөх үүргийг нийгмийн даатгалын байгууллага, байцаагч хариуцна.

5.4.      Нийгмийн даатгалын байцаагч санхүүгийн жил дуусгавар болоход цаасан хувийн хэргийг архивт хүлээлгэн өгнө.

5.5.      Цахим хувийн хэрэг нээх, түүний хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төв бүрдүүлнэ.

Зургаа. Шимтгэл төлөгчийн шилжилт хөдөлгөөн

6.1.      Ажил олгогчийн улсын бүртгэлийн хаягт өөрчлөлт орж, шилжих хүсэлт гаргасан тохиолдолд дараах баримт бичиг, мэдээллийг үндэслэн шилжилт хөдөлгөөнийг хийнэ. Үүнд:

6.1.1.     Өөр аймаг, дүүрэгт шилжих тухай албан хүсэлт;

6.1.2.     Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

6.1.3.     Шаардлагатай тохиолдолд итгэмжлэл;

6.1.4.     Тооцоо нийлсэн акт

6.2.      Шимтгэл төлөгч нь өөр аймаг, дүүрэгт шилжих, нэр өөрчлөгдөхөд бүртгэлийн дугаар өөрчлөгдөхгүй.

6.3.      Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөөнд эзлэх хувь өндөр ажил олгогч энэ журмын 6.1-д заасны дагуу шилжих хүсэлт гаргасан тохиолдолд тухайн ажил олгогчийн бүртгэлтэй нийгмийн даатгалын байгууллага орлогын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах саналаа холбогдох баримт бичгийн хамт Нийгмийн даатгалын ерөнхий газрын бодлого төлөвлөлт хариуцсан нэгжид хагас жил тутамд нэг удаа ирүүлнэ.

6.4.      Шилжих хүсэлтийн дагуу шаардлагатай тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан болон санхүүгийн баримтад хяналт шалгалт хийж болно.

6.5.      Хүсэлт гаргасан ажил олгогчийн шилжилт хөдөлгөөнийг нийгмийн даатгалын шимтгэлийн өр, авлагын тооцоог дуусгаж, тооцоо нийлсэн акт үйлдсэний дараа хийнэ. Тооцоо нийлсэн актыг хувийн хэрэгт хадгална.

Долоо. Хариуцлага

7.1.      Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасны дагуу бүртгүүлээгүй болон энэ журмыг зөрчсөн ажил олгогчид холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

7.2.      Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

---о0о---

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1