- Нүүр
- Сайдын тушаал
- ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/53 дугаар тушаалын хавсралт
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1.Энэхүү дүрмийн зорилго нь дээд боловсролын сургалтын байгууллага (цаашид "сургууль" гэх)-ын үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2.Сургууль үйл ажиллагаандаа Дээд боловсролын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан зорилгыг хэрэгжүүлж, мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг баримтална.
1.3.Сургууль зохих журмын дагуу үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг хэрэглэнэ.
1.4.Сургууль өөрийн дүрмийг баталж, мөрдөнө. Дүрэмд байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлс, чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалтын бүтэц, багш, суралцагчийн эрх, үүрэг, нийгмийн баталгаа, санхүүжилт болон бусад асуудлыг тусгана.
1.5.Дээд боловсролын тухай хуулийн 7.3, 7.6, 7.7, 8.2, 9.2, 11.4-т заасан харьяаллын байгууллага нь энэхүү дүрэм болон бусад холбогдох хууль, тогтоомжид заасан дүрэмд нийцүүлэн өөрийн дүрмийг баталж мөрдөнө.
Хоёр. Сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, оноосон нэр, хаяг
2.1.Сургууль эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн хүрээнд сургалтын үйл ажиллагааг зохион байгуулна.
2.2.Сургууль зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангасан байна.
2.3.Сургууль хуулийн этгээдийн оноосон нэртэй байна.
2.3.1.сургуулийн нэрийг онооход Дээд боловсролын тухай хуулийн 6.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.3, Иргэний хуулийн 27.3-т заасныг мөрдөнө.
2.3.2.сургуулийн сургалт эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ дэх нэр эрх бүхий этгээдээс олгосон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан нэртэй ижил байна.
2.3.3.энэ дүрмийн 2.1-т заасан зөвшөөрлийн нийт хөтөлбөрийн 30-аас доошгүй хувь нь хамтарсан хөтөлбөр, багшлах бүрэлдэхүүний 30-аас доошгүй хувь нь өндөр мэдлэг, ур чадвартай гадаад улсын иргэд ажиллуулдаг сургуулийн нэрийг онооход "олон улсын" гэсэн үг, англи хэлний орчуулгыг хэрэглэнэ.
2.4.Сургуулийн дүрэмд сургуулийн хаяг, албан ёсны нэр, нэрийн товчлол, англи орчуулгыг тусгана.
2.5.Сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлд өөрчлөлт оруулах, хугацаа сунгахад Боловсролын ерөнхий хууль, Зөвшөөрлийн тухай хуульд заасныг тус тус баримтална.
2.6.Дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнийг баталгаажуулсан баримт бичгийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалуулах болон бусад хэлбэрээр шилжүүлэхийг хориглоно.
2.7.Сургууль нь "MNS 5283:2022, гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагын хаягийн тэмдэгт тавих ерөнхий шаардлага" стандартад нийцсэн хаягтай байна.
Гурав. Удирдлага
3.1.Сургуулийн өөрийн удирдлага нь удирдах зөвлөл байх бөгөөд удирдах зөвлөл нь Дээд боловсролын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
3.2.Сургуулийн гүйцэтгэх удирдлагыг Дээд боловсролын тухай хуулийн 29.1-т зааснаар дээд сургууль, коллежийг захирал, их сургуулийг ректор (цаашид захирал, ректорыг "гүйцэтгэх удирдлага" гэх) хэрэгжүүлнэ.
3.3.Сургуулийн харьяа цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг Боловсролын ерөнхий хуулийн 28.6-д заасны дагуу томилж, чөлөөлнө.
3.4.Сургуулийн харьяа мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн захирлыг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 24.1.6-д заасны дагуу томилж, чөлөөлнө.
3.5.Энэ дүрмийн 3.3, 3.4-т заасан захирал, эрхлэгчийг томилох, чөлөөлөхөд сургуулийн гүйцэтгэх удирдлагатай зөвшилцөж, шийдвэрлэнэ.
3.6.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 27.2.2-д заасан шаардлагыг шаталсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэгч их сургуулийн харьяа политехник коллежийн хувьд их сургуульд ажилласан туршлагыг дүйцүүлж болно.
3.7.Сургуулийн гүйцэтгэх удирдлага Боловсролын ерөнхий хуулийн 33.3-т, Дээд боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
3.8.Сургуулийн гүйцэтгэх удирдлага Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн тухайн сургуулийн хөдөлмөрийн дотоод журмыг баталж, мөрдүүлнэ.
3.9.Гүйцэтгэх удирдлага удирдах зөвлөл, эрдмийн зөвлөл, хөтөлбөрийн хороо, багш, суралцагчийн үйл ажиллагааг зохицуулж, шийдвэр гаргахад тэдний оролцоог хангаж ажиллана.
3.10.Төрийн өмчийн сургуулийн гүйцэтгэх удирдлага Авлигын эсрэг хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, дүрмийг мөрдөж, нийтийн албанд хуулиар хүлээсэн албан үүрэгтэй холбоо бүхий аливаа үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчилгүй ажиллана.
3.11.Гүйцэтгэх удирдлага албан тушаалын эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ улс төр, эдийн засаг, шашны аливаа нөлөөлөлд автахгүй, багш, ажилтан, суралцагчийн эрх ашгийг дээдэлж, шударга ёсыг баримтална.
3.12.Гүйцэтгэх удирдлага байгууллагыг удирдлагаар хангахад шаардлагатай хууль эрх зүйн мэдлэг, удирдлагын үр ашигтай менежментийг хэрэгжүүлэх арга барил, ур чадвараа тасралтгүй дээшлүүлж, хамт олноо үлгэрлэн, манлайлж ажиллана.
3.13.Харьяа байгууллагын гүйцэтгэх удирдлага албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд захиргааны шийтгэл оногдуулах саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн шийдвэрлүүлнэ.
3.14.Сургуулийн гүйцэтгэх удирдлага албан тушаалын бүрэн эрхийнхээ хүрээнд хамаарах асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргана.
3.15.Сургууль нь сургууль хөгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байна. Сургууль хөгжүүлэх стратегид үндэслэн тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан сургуулийн Удирдах зөвлөлөөр батлуулна. Стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөнд дараах асуудлыг тусган хэрэгжүүлнэ:
1/ Сургуулийн хөгжлийн зорилго;
2/ Сургалт, эрдэм шинжилгээний бодлого, үйл ажиллагаа;
3/ Хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаа;
4/ Боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүн;
5/ Суралцагчийн хөгжил, төлөвшил, хамгаалал;
6/ Мэдээлэл харилцаа, технологийн хөгжил;
7/ Нийгмийн түншлэл, олон нийтийн оролцоо;
8/ Хөрөнгө, санхүүгийн удирдлага, төлөвлөлт.
3.16.Сургуулийн мэргэжил, арга зүйн удирдлагыг эрдмийн зөвлөл, хөтөлбөрийн хороо, сургалт, арга зүйн зөвлөл тус тус хэрэгжүүлэх бөгөөд үйл ажиллагааны удирдлагыг гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ.
Дөрөв. Зохион байгуулалт
4.1.Сургууль Дээд боловсролын тухай хуулийн 11.1-т заасан үндсэн зохион байгуулалтын нэгжтэй байна.
4.2.Сургууль энэ дүрмийн 4.1-т зааснаас гадна бусад нэгжтэй байж болно. Бусад нэгжийн эрх, үүрэг, хариуцлагыг тухайн сургуулийн өөрийн онцлогоос хамаарч тогтооно.
4.3.Сургууль тодорхой чиглэлээр сургалт, судалгааны үйл ажиллагаа эрхлэх салбар, бүрэлдэхүүн сургууль байгуулж болно.
4.4.Сургууль өөрийн зохион байгуулалтын бүтцэд ректорын зөвлөл, захирлын зөвлөлтэй байж болно. Ректорын эсхүл захирлын зөвлөлд сургуулийн зохион байгуулалтын нэгжийн удирдлага, харьяа байгууллагын гүйцэтгэх удирдлага орно.
4.5.Сургууль суралцагчийн асуудал эрхэлсэн нэгжтэй байх бөгөөд уг нэгжийн удирдлага нь үндсэн үүргээс гадна суралцагчийг гэмт хэрэг, мансуурах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах, тайлагнах үүргийг хариуцна.
4.6.Сургуулийн зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг тухайн сургалтын байгууллагын дүрмээр тогтооно.
4.7.Сургуулийн зохион байгуулалтын нэгж, харьяа байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөөг харьяалагдах сургуулийн ректорын, эсхүл захирлын зөвлөлөөр хэлэлцүүлж, санал, дүгнэлтийг тусган эрх бүхий албан тушаалтнаар батлуулна.
4.8.Сургуулийн зохион байгуулалтын нэгж, харьяа байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайланг харьяалагдах сургуулийн ректорын, эсхүл захирлын зөвлөлд тайлагнаж, үнэлүүлэх бөгөөд уг үнэлгээг харгалзан эрх бүхий албан тушаалтан эцсийн үнэлгээг өгнө.
4.9.Сургууль Дээд боловсролын тухай хуулийн 31-т заасан чиг үүргээс гадна доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:
4.9.1.багшаар ажиллах журам, багшийн мэргэжлийн хөгжлийг хангах журам, багш, ажилтны ажлын гүйцэтгэлийг дүгнэх журмыг тус тус баталж, хэрэгжүүлэх;
4.9.2.багш, ажилтны эрүүл мэндийг дэмжих зорилгоор жил бүр эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулах арга хэмжээг зохион байгуулах;
4.9.3.сургууль жендерийн мэдрэмжтэй, хүний эрхийг эрхэмлэсэн, ялгаатай хэрэгцээтэй суралцагчийн хэрэгцээ, шаардлагыг хангасан сургалт, судалгаа, дотуур байрны орчныг бүрдүүлэх;
4.9.4.сургуулийн үйл ажиллагаатай холбоотой хуулиар хориглоогүй аливаа мэдээллээр суралцагч, багш, бусад ажилтныг хангах, холбогдох мэдээллийг ил тод байлгах зохион байгуулалтын арга хэмжээ авах, сургуулийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар нээлттэй мэдээлэх;
4.9.5.багш, суралцагч интернэтийн орчинд ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлж, сургуулийн цахим хуудастай байна. Сургууль үйл ажиллагаандаа мэдээллийн технологийн дэд бүтцийг бүрдүүлэх, ашиглах.
Тав. Сургалт, судалгааны үйл ажиллагаа
5.1.Сургууль энэ дүрмийн 2.1 дэх зөвшөөрөлд заасны дагуу сургалтын үйл ажиллагааг эрхэлнэ. Сургалтын үйл ажиллагааг Дээд боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу зохион байгуулна.
5.2.Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Дээд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйл болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан холбогдох дүрэм, журмыг баримтална.
5.3.Сургалтын үйл ажиллагааг сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, хичээлийн хуваарийн дагуу зохион байгуулна.
5.4.Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, хичээлийн хуваарь, дадлагын хөтөлбөр, дүрмийг хөтөлбөрийн хороо, сургалт арга зүйн зөвлөлөөр хэлэлцүүлэн сургуулийн гүйцэтгэх удирдлагаар батлуулна.
5.5.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчийн үнэлгээний журамд нийцүүлэн суралцагчийн мэдлэг, чадварыг үнэлэх журмыг баталж, мөрдөнө.
5.6.Суралцагч элсүүлэх үйл ажиллагааг Дээд боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйл болон холбогдох журмыг баримтлан зохион байгуулна.
5.7.Төгсгөгчдөд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу сургуулиас диплом олгоно.
5.8.Сургууль судалгааны үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Дээд боловсролын тухай хуулийн 22, 23-т заасныг баримталж ажиллана.
5.9.Зохих журмын дагуу судалгааны ажлын хуулбар шалгах үйл ажиллагааг зохион байгуулна.
5.10.Сургууль нь сургуулийн судалгааны тэргүүлэх чиглэлээр судалгааны ажлыг дэмжиж тухайн сургуулийн судалгааны баг, багш, суралцагчид санхүүжилт олгож болно.
Зургаа.Багш, ажилтан
6.1.Сургуулийн багш, ажилтны хөдөлмөрийн харилцааг зохицуулахад Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг мөрдөж ажиллана.
6.2.Багш, ажилтан нь Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хуульд заасан чиг үүрэг болон албан тушаалын тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж, хуульд заасан нийгмийн баталгаагаар хангагдана.
6.3.Багш, ажилтан нь тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангах мэдлэг, ур чадвартай байх бөгөөд багаар хамтран ажиллаж сургуулийн алсын хараа, эрхэм зорилгыг хэрэгжүүлэн, байгууллагын үнэт зүйлийг эрхэмлэнэ.
6.4.Багш нь Дээд боловсролын тухай хуулийн 15.1, 15.2-т заасан шаардлагыг хангасан байна.
6.5.Багшийн албан тушаал Дээд боловсролын тухай хуулийн 15.4-т заасан зэрэглэлтэй байна.
6.6.Багш, ажилтны ажлын сул байрыг нийтэд зарлаж, сонгон шалгаруулалтын үндсэн дээр багш, ажилтныг сонгож авна.
6.7.Багш, ажилтан нь албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ улс төр, эдийн засаг, шашны аливаа нөлөөлөлд орохгүй, суралцагчийн эрх ашгийг дээдэлж, шударга ёсыг эрхэмлэнэ.
Долоо.Суралцагчийн эрх үүрэг
7.1.Суралцагч Боловсролын ерөнхий хуулийн 10 дугаар зүйл, Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
7.2.Сургууль, суралцагчийн харилцааг тэдгээрийн хооронд байгуулсан гэрээ, сургуулийн дүрэм, дотоод журмаар зохицуулна.
Найм.Сургуулийн санхүүжилт
8.1.Сургуулийн төсөв, санхүүгийн үйл ажиллагаа нь бие даасан байна.
8.2.Сургууль Дээд боловсролын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан санхүүгийн эх үүсвэртэй байна.
Ес. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах
ба хүчин төгөлдөр болох
9.1.Сургуулийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг Удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөл болон Захирлын зөвлөлийн гишүүд, түүнчлэн багш, ажилтан, суралцагч гаргаж болно.
9.2.Сургуулийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж батална.
---oOo---
Текст томруулах
A
A
A