- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨРӨНГИЙГ БҮРДҮҮЛЭХ, ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр
Дугаар 03
Улаанбаатар хот
НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨРӨНГИЙГ БҮРДҮҮЛЭХ, ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.11 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.1.13, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь заалт, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1."Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба (Б.Батбямба)-нд даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч (Х.Нямбаатар)-д үүрэг болгосугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хурлын Эдийн засаг, төсвийн хороо (М.Халиунбат)-нд, Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо (Н.Баярчимэг)-нд тус тус даалгасугай.
5.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Нийслэлийн нийтийн тээврийн газрын Улаанбаатар нийтийн тээврийн парк шинэчлэлтийн сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх санд шилжүүлж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 151 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Ж.БАТБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A