- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨРӨНГИЙГ БҮРДҮҮЛЭХ, ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны
өдрийн 03 дугаар тогтоолын хавсралт
НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨРӨНГИЙГ БҮРДҮҮЛЭХ, ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлагнах, түүнд хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2.Сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлагнах, хяналт тавих үйл ажиллагаанд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг баримтална.
1.3.Сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт, санхүүгийн тайлагналт олон нийтэд ил тод, нээлттэй байна.
Хоёр.Сангийн удирдлага зохион байгуулалт
2.1.Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан (цаашид "Сан" гэх)-ийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлагнах үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
2.2.Сангийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын баталсан Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн дүрмийг мөрдөнө.
2.3.Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн данс нь Нийслэлийн Засаг даргын дэргэд Төрийн санд байршина.
2.4.Санд төвлөрүүлэх орлого, сангийн хөрөнгөөс хэрэгжүүлэх арга хэмжээ, зарцуулах хөрөнгийг Нийслэлийн тухайн жилийн төсөвт тусгана.
Гурав.Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт
3.1.Сангийн хөрөнгийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д заасан хөрөнгийг дараах байдлаар бүрдүүлж болно:
3.1.1.нийтийн тээврийн автобусыг төлбөртэйгөөр ашиглаж байгаа аж ахуйн нэгжээс гэрээний дагуу төлөх төлбөрийг машин цагийн зардлаас суутгасан суутгал болон элэгдэл, хорогдлын шимтгэлээс;
3.1.2.төлбөртэй ашиглуулж байгаа нийтийн тээврийн хэрэгслийн гадна, дотор байршуулсан болон дэлгэц дээр явуулсан зар сурталчилгааны орлого;
3.1.3.гадаад, дотоодын эх үүсвэр.
Дөрөв.Сангийн захиран зарцуулалт
4.1.Сангийн хөрөнгийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 7.1-д заасан арга хэмжээнд зарцуулна.
4.2.Энэ журмын 4.1-д заасан арга хэмжээ нь дараах шаардлагыг хангасан байна.
4.2.1.сангийн зорилгод нийцсэн төсөл байх;
4.2.2.инновац, шинэ технологийг нэвтрүүлэх боломжтой байх;
4.2.3.байгаль орчинд сөрөг нөлөөгүй, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн, ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжсэн байх.
4.3.Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг тухайн арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан боловсруулж, холбогдох төлөвлөгөө, төсвийн зардлын дэлгэрэнгүй тооцоог Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн хамт Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ.
4.4.Энэ журмын 4.3-т заасан шийдвэрийн төсөлд дараах агуулга бүхий танилцуулгыг хавсаргана:
4.4.1.сангийн зориулалттай бүрэн нийцэж байгаа эсэхийг тодорхойлсон байх;
4.4.2.үндэслэл, шаардлага, үр дүнг тодорхой дурдсан байх;
4.4.3.арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийн хэмжээг үнэн зөв, бодитой тооцсон эсэхийг холбогдох норм, норматив, тариф, бусад баримтаар нотолсон байх;
4.5.Энэ журмын 4.3-т заасан санал, шийдвэрийн төслийг холбогдох албан тушаалтан хянаж, Засаг даргын зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
4.6.Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээний санхүүжилтийг төслийн хэрэгжилтийн онцлог, үе шатны ажлын гүйцэтгэлтэй уялдуулан олгоно.
4.7.Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 7.1.5, 7.1.6-д заасан арга хэмжээг санхүүжүүлэх зардлын дээд хэмжээ нь тухайн жилд батлагдсан нийт төсвийн 10 хувиас хэтрэхгүй байна.
4.8.Энэ журмын 4.5-д заасан шийдвэрийн дагуу сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийг баримтална.
Тав.Сангийн хөрөнгийн зарцуулалтыг тайлагнах
5.1.Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээг хариуцан гүйцэтгэж байгаа байгууллага, албан тушаалтан хөрөнгийн зарцуулалтын тайланг уг арга хэмжээг хэрэгжүүлж дууссанаас хойш ажлын 10 хоногийн дотор гаргаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ.
5.2.Сангийн зарцуулалтын тайланг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн асуудал хариуцсан нэгж нэгтгэж, сангийн хөрөнгийн зарцуулалт, эх үүсвэрийн үлдэгдлийн талаарх мэдээллийг Засаг даргын зөвлөлийн хуралд хагас жил тутамд танилцуулна.
5.3.Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн асуудал хариуцсан нэгж сангийн зарцуулалтыг шилэн дансны цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.
5.4.Нийслэлийн Засаг дарга сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн арга хэмжээ болон санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ.
Зургаа.Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт,
захиран зарцуулалтад хяналт тавих
6.1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, захиран зарцуулалтад хяналт тавих бөгөөд энэ журмын 5.4-т заасан тайланг хуралдаанаараа хэлэлцэж, шаардлагатай бол сангийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт, шалгалт хийж болно.
Долоо.Бусад
7.1.Сангийн хөрөнгийг зөвхөн энэ журамд заасан арга хэмжээнд зарцуулах ба барьцаалах, баталгаа гаргах, зээлээр ашиглах, ашиглуулах, хандивын зориулалтаар зарцуулахгүй.
7.2.Сангийн эх үүсвэрээр арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан нь холбогдох хуульд заасан журмын дагуу ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүрд авч хэрэгжүүлнэ.
7.3.Сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, энэ журмыг зөрчиж сангийн хөрөнгийг зарцуулсан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A