A

A

A

Бүлэг: 1979

 

 Нийслэлийн   иргэдийн    Төлөөлөгчдийн

Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны

өдрийн 08 дугаар тогтоолын хавсралт

 

 

ОРШУУЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ, ЗОХИОН БАЙГУУЛАХ,

ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ОРШУУЛГЫН ГАЗАР БОЛОН  ЗӨВШӨӨРӨЛГҮЙ

ГАЗАР ОРШУУЛСАН ШАРИЛЫГ ШИЛЖҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэ журмаар оршуулгын үйл ажиллагаа, түүнийг эрхлэхэд тавигдах шаардлага, оршуулгыг зохион байгуулах, оршуулсан шарилыг шилжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

 

1.2.Энэ журмыг  нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаанд оролцогч төрийн болон нутгийн захиргааны байгууллага, шашны байгууллага, оршуулгын үйлчилгээ эрхлэгч болон хүн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.

 

1.3.Нас барагчийг зөвшөөрөгдсөн оршуулгын газарт оршуулах ба энэ журам болон холбогдох стандарт, заавар, дүрмийг дагаж мөрдөнө.

 

1.4.Оршуулгын үйл ажиллагаа (нас барагчийг оршуулгад бэлтгэх, хадгалах, тээвэрлэх, салах ёслол гүйцэтгэх, оршуулгын үйлчилгээ)-нд дараах зарчмыг баримтална:

 

1.4.1.нас барагчийн нэр төр, итгэл үнэмшил, шашин шүтлэгт хүндэтгэлтэй хандах;

1.4.2.эрүүл ахуй, байгаль орчин, хот төлөвлөлтийн нөхцөл шаардлагад нийцүүлэх;

1.4.3.газрыг хэмнэлттэй, зохистой, дахин ашиглах.

 

1.5.Оршуулгын газрыг арчлах, хамгаалах, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах, тохижуулах харилцаанд холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан журмыг баримтална.

 

1.6.Оршуулгын үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага, оршуулгыг зохион байгуулах, оршуулсан шарилыг шилжүүлэх үйл ажиллагаанд эрх бүхий байгууллагаас баталсан дүрэм, журам, стандарт болон холбогдох хууль тогтоомж, энэхүү журмыг дагаж мөрдөнө.

 

1.7.Хэн болох нь тодорхойгүй, хэн болох нь тогтоогдсон боловч нас барагчийн хамаарал бүхий этгээд байхгүй шарил (цогцос)-ыг хадгалах, тээвэрлэх, оршуулах үйл ажиллагааг Нийслэлийн Шүүх шинжилгээний байгууллага холбогдох журмын дагуу зохион байгуулна.

 

Хоёр.Оршуулгын үйл ажиллагаа

 

2.1.Оршуулгын үйл ажиллагаа дараах үйлчилгээнээс бүрдэнэ:

 

2.1.1.нас барагчийн шарил (цогцос)-ыг хадгалах;

2.1.2.нас барагчийн шарил (цогцос)-ыг тээвэрлэх;

2.1.3.нас барагчийн шарил (цогцос)-ыг бэлтгэх үйлчилгээ;

2.1.4.нас барагчтай салах ёслол гүйцэтгэх;

2.1.5.нас барагчийг оршуулах;

2.1.6.шарилын хайрцаг, хөшөө чулуу нийлүүлэх.

 

2.2.Оршуулгын үйл ажиллагаа эрхлэгч нь стандарт, нөхцөл шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчтай гэрээ байгуулж бүртгүүлсэн хуулийн этгээд байх ба энэ журмын 2.1-д заасан үйлчилгээг дангаар болон хослуулан үзүүлж болно.

 

2.3.Нас барагчийг дараах үндсэн хоёр хэлбэрээр оршуулахаас гадна эрдэм шинжилгээ, судалгааны зорилгоор занданшуулах хэлбэрээр оршуулж болно:

 

2.3.1.чандарлаж оршуулах;

2.3.2.газрын хөрсөнд оршуулах.

 

2.4.Гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас болон эмнэлгийн бус нөхцөлд нас барсан нас барагчийг чандарлаж оршуулахад эрүүл мэндийн болон прокурорын байгууллагын зөвшөөрлийг үндэслэнэ.

 

2.5.Бусдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчнөөр нас барагчийг оршуулах тохиолдолд мэргэжлийн байгууллагын удирдамж, зааврыг дагаж мөрдөнө.

 

2.6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  шүүх шинжилгээ хийх зорилгоор эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр нас барагчийн шарил (цогцос)-ыг оршуулгын газраас нь гарган шинжилгээ хийж, дахин оршуулж болно.

 

2.7.Оршуулгын газарт байршуулсан шарил (цогцос) нь оршуулгын үйл ажиллагаа эрхлэгчээс олгосон байршил, дугаар, бүртгэлтэй байна.

 

2.8.Нас барагчийг төлөөлөх этгээд өөрөө, эсхүл оршуулгын үйлчилгээ эрхлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр зөвхөн оршуулгын газарт нас барагчийн шарил                     (цогцос)-ыг оршуулна.

 

Гурав.Оршуулгын үйл ажиллагаатай холбоотой

төрийн байгууллагын үйл ажиллагаа

 

3.1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон байршил, хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч оршуулгын газар байгуулах шийдвэрийг гаргаж, дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

3.1.1.нийслэлийн нутаг дэвсгэр дэх оршуулгын газрын ашиглалт, оршуулгын үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар шийдвэр гаргах;

3.1.2.нийслэлээс хариуцах оршуулгын газрын арчлалт, хамгаалалтын зардлыг тухайн жилийн төсөвт тусгаж, санхүүжүүлэх;

3.1.3.холбогдох хууль тогтоомж, энэ журамд заасан нөхцөл шаардлагыг хангасан этгээдийг сонгон шалгаруулж "Оршуулгын үйл ажиллагаа эрхлэх гэрээ" байгуулах, хяналт тавих (оршуулгын газартай тохиолдолд сонгон шалгаруулалтад хамаарахгүй);

3.1.4.оршуулгын үйл ажиллагааны холбоотой асуудлаар шүүх, прокурорын байгууллага, иргэний бүртгэлийн байгууллага, цагдаагийн байгууллага, эмнэлгийн байгууллага, шүүхийн шинжилгээний байгууллага болон салбарын төрийн бус байгууллагатай хууль тогтоомжийн хүрээнд харилцах, хамтран ажиллах;

3.1.5.оршуулгын үйл ажиллагааны мэдээллийн нэгдсэн санг хөтлөх, хяналт тавих.

 

3.2.Дүүрэг, хорооны Засаг дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

3.2.1.дүүргийн Засаг дарга оршуулгын газар, талбайн ашиглалт, үйл ажиллагаанд хяналт тавих;

3.2.2.оршуулгын үйл ажиллагааны мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;

3.2.3.хаагдсан оршуулгын газрын арчлалт, хамгаалалтыг хариуцах.

 

  3.3.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасны дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч энэ журмын 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.4, 3.1.5-д заасан чиг үүргээ Улаанбаатар хотын Ерөнхий менежер, эсхүл дүүргийн Засаг даргаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

 

Дөрөв.Оршуулгын үйл ажиллагаа эрхлэгч, хүн,

 хуулийн этгээдийн үйл ажиллагаа

 

4.1.Оршуулгын үйл ажиллагаа эрхлэгч нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

4.1.1.энэ журмын 9.3-т заасан мэдээллийг оршуулгын үйл ажиллагааны мэдээллийн нэгдсэн санд тухай бүр оруулах;

4.1.2."Оршуулгад хамаарах үйлчилгээ. Ерөнхий шаардлага. MNS 6841:2020" болон бусад холбогдох стандарт, шаардлагыг хэрэгжүүлэх;

4.1.3.оршуулгын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах;

4.1.4.оршуулгын газарт төлбөр, хураамжгүйгээр нэвтрэх боломжийг бүрдүүлэн нээлттэй байлгах;

4.1.5.оршуулгын газрын талбайг хэмнэлттэй, зохистой ашиглах;

4.1.6.оршуулгын газрын талбайг дахин ашиглах төлөвлөгөө гарган ажиллах;

4.1.7.оршуулгын үйл ажиллагааг байгаль орчинд ээлтэй байдлаар зохион байгуулах;

4.1.8.үйлчлүүлэгчид сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх;

4.1.9.хариуцсан оршуулгын газрыг камержуулах;

4.1.10.оршуулгын газрыг цэцэрлэгжүүлэх, мод тарих;

4.1.11.зөвшөөрөлгүй газар оршуулгын үйл ажиллагаа эрхлэхгүй байх;

4.1.12.оршуулгын газрыг зөвхөн зориулалтын дагуу ашиглах.

 

4.2.Хүн, хуулийн этгээд нь нас барагчийг энэ журамд заасны дагуу оршуулах хэлбэр, оршуулгын газар, үйлчилгээ сонгох ба дараах зүйлийг дагаж мөрдөнө:

 

4.2.1.энэ журам болон холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөх;

4.2.2.энэ журамд заасны дагуу бүртгүүлсэн, зөвшөөрөлтэй оршуулгын газарт нас барагчийг оршуулах;

4.2.3.оршуулгын үйл ажиллагаанд эрүүл ахуйн шаардлага хангаагүй байгаль орчинд сөрөг нөлөөтэй эд зүйл хэрэглэхгүй байх;

4.2.4.энэ журмын 2.3-т зааснаас бусад хэлбэрээр оршуулгын үйл ажиллагааг хийхгүй байх;

4.2.5.зөвшөөрөлгүй газарт оршуулгын үйл ажиллагаа хийхийг бусдад  зөвлөхгүй байх.

 

Тав.Оршуулгын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдэд

тавигдах шаардлага

 

5.1.Оршуулгын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь холбогдох хууль тогтоомж, стандартад заасан шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

 

5.1.1.Монгол Улсад бүртгэлтэй, ашгийн төлөө хуулийн этгээд байх;

5.1.2.санхүүгийн чадавхтай байх;

5.1.3.үйлчилгээний хүлээн авах ажилтан, ёслол удирдагч, шарил заслын ажилтан зэрэг мэргэшсэн хүний нөөцтэй байх;

5.1.4.оршуулгын газрын зориулалтаар ашиглах газартай байх;

5.1.5.оршуулгын газар нь авто зам бүхий орц, гарц, оршуулгын цувааг зогсоох авто зогсоол, явган хүний зам, гэрэлтүүлэг, камер, ногоон байгууламж, хогийн сав, сандал  зэрэг орчны тохижилт бүхий хашаатай, харуул хамгаалалтай байх;

5.1.6.нас барагчийн шарил (цогцос) хадгалах стандарт шаардлагыг хангасан барилга байгууламж, тоног төхөөрөмжтэй байх;

5.1.7.нас барагчийн шарил (цогцос) тээвэрлэх стандарт шаардлагад нийцсэн зориулалтын тээврийн хэрэгсэлтэй байх;

5.1.8.салах ёслолын байр, танхимтай байх;

5.1.9.энэ журмын 5.2, 5.3-т заасан шаардлагыг хангасан байх.

 

5.2.Газрын хөрсөнд оршуулах оршуулгын газар нь дараах шаардлагыг хангасан байна:

 

5.2.1.оршуулга хийх талбайн төлөвлөлт бүхий оршуулгын газрын дэвсгэр зураглалтай байх;

5.2.2.нэг шарил (цогцос)-ыг далд оршуулахад ноогдох газрын хэмжээ 10м.кв-аас 20м.кв байх ба үүнд шарил хоорондын зай багтсан байх;

5.2.3.шарилын нүхний гүн 1-1.5м байх ба газрын хэвлийн ухах өнцөг эгц доош байх.

 

5.3.Чандарлаж оршуулах оршуулгын газар нь дараах шаардлагыг хангасан байна:

 

5.3.1.шарил чандарлах байгууламж нь иж бүрэн 24 цагийн хяналтын системтэй байх;

5.3.2.чандарлах төхөөрөмж нь Монгол Улсын болон олон улсын стандартын шаардлагад нийцсэн байх;

5.3.3.чандар байршуулах зориулалтын суварга, хүндэтгэлийн ханан хэсэгтэй байх;

5.3.4.чандрыг газрын хэвлийд оршуулахад ноогдох газрын хэмжээ 1м.кв -аас ихгүй байх ба үүнд чандар хоорондын зай багтсан байх.

 

5.4.Оршуулгын газрын эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд оршуулгын, шашны болон зан үйлийн холбоотой сүм хийд, хөшөө дурсгал, ус хангамж, ариун цэврийн байгууламжаас бусад барилга байгууламж барихгүй.

 

5.5.Энэ журмын 5.2.3-т зааснаар нүхнээс гарсан хөрс, шороог буцаан ашиглах замаар булшлах бөгөөд байгальд шингэж, задрал явагдах боломжгүй цемент, тоосго, блок  болон бусад материалыг ашиглахгүй.

 

Зургаа.Нас барагчийн шарил (цогцос)-ыг хадгалах үйлчилгээ

 

6.1.Нас барагчийн шарил (цогцос)-ыг хадгалах үйлчилгээ үзүүлэхэд дараах  баримт бичгийг магадлан шалгана:

 

6.1.1.Эрүүл мэндийн тухай хуулийн 38.1.1-д заасны дагуу гаргасан эмч, эмнэлгийн байгууллагын магадлагаатай эсэх;

6.1.2.нас барагчийн цогцост үхлийн шалтгаан болон өвчний онош зөв тогтоосныг тодорхойлох эмгэг судлалын шинжилгээ, шүүх шинжилгээ хийсэн дүгнэлт гарсан эсэх;

6.1.3.хэрэг маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан эрх бүхий этгээдийн шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж гарсан эсэх.

 

6.2.Энэ журмын 6.1-д заасан шинжилгээ хийх шарил (цогцос)-ыг холбогдох эрх бүхий байгууллагын баримт бичгийг үндэслэн хадгална.

 

6.3.Нас барагчийн шарил (цогцос)-ыг зориулалтын байгууламжид хадгалж байгаа тохиолдолд хадгалалт, хамгаалалтыг тухай үйлчилгээ үзүүлэгч хувийн этгээд хариуцна.

 

Долоо.Нас барагчийн шарил тээвэрлэх үйлчилгээ

 

7.1.Нас барагчийн шарил (цогцос)-ыг тээвэрлэх үйлчилгээ эрхлэгч нь шарил ачих зориулалтаар тусгайлан тоноглосон авто тээврийн хэрэгслээр тээвэрлэлтийг гүйцэтгэх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:

 

7.1.1.Авто тээврийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын шаардлага хангасан 10-аас доошгүй авто тээврийн хэрэгсэлтэй байх;

7.1.2 стандартын шаардлагад нийцсэн техникийн үйлчилгээ, засварын байр, тоног төхөөрөмжөөр хангагдсан байх эсхүл гэрээт байгууллагатай байх;

7.1.3.тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагааг хангасан байх;

7.1.4.тээврийн хэрэгслийг хадгалах зориулалтын зогсоол, талбайтай байх;

7.1.5.авто инженер, механик, жолооч, засварчин зэрэг шаардлагатай хүний нөөцтэй байх;

7.1.6.нас барагчийн шарил (цогцос)-ыг тээвэрлэх үйлчилгээ үзүүлэхийн өмнө энэ журмын 6.1-д заасан холбогдох баримт бичгийг нягтлан шалгах.

 

7.2.Нас барагчийн шарил (цогцос)-ыг тээвэрлэх үйлчилгээг нас барагчийг төлөөлөх этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр гүйцэтгэх бөгөөд тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэгч нь дараах зүйлийг дагаж мөрдөнө:

 

7.2.1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэх;

7.2.2.тээвэрлэх үйлчилгээг нас барагчийг төлөөлөх этгээдийн гаргасан хүсэлт, шаардлага, цаг хугацаанд аюулгүй тээвэрлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх;

 

7.2.3.шаардлагатай тохиолдолд замын хөдөлгөөнийг зохицуулах байгууллага болон авто зам хариуцагч байгууллагатай тээврийн замнал, цагийн хуваарийг тохиролцож, баталгаажуулсан байх;

7.2.4.нас барагчийн шарил (цогцос)-ыг ачих, буулгахад шаардагдах машин механизм, ажиллах хүчийг бэлэн байлгах;

7.2.5.тээвэрлэлтийн явцад шарил (цогцос)-ын бүрэн бүтэн байдал алдагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, битүүмж бүхий сав, баглаа боодол ашиглах, урьдчилан шалгах;

7.2.6.тээвэрлэж буй шарил (цогцос)-ын талаарх мэдээлэл, журмын 6.1-т заасан холбогдох баримт бичгийг авч явах;

7.2.7.эрүүл ахуй, халдвар хамгааллын талаарх шаардлагыг хангаж тээвэрлэлтийг гүйцэтгэх.

 

7.3.Шарил (цогцос)-ыг төмөр зам болон агаарын тээврийн хөлгөөр тээвэрлэхтэй холбогдсон харилцааг төмөр замын болон иргэний нисэхийн багц дүрмээр зохицуулна.

7.4.Нийслэлийн түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх төв нь нас барагчийн шарил (цогцос)-ыг нас барсан газраас шарил хадгалах байгууламж руу тээвэрлэх үйл ажиллагааг тусгай зориулалтын машин техниктэй хуулийн этгээдийг сонгон шалгаруулах замаар гэрээ байгуулан гүйцэтгүүлж болно.

 

7.5.Гэмт хэрэг, ослын улмаас нас барагчийг тухайн газраас тээвэрлэхэд энэ журам хамаарахгүй.

 

Найм.Шарилыг оршуулгад бэлтгэх, салах ёслол

гүйцэтгэх, оршуулах үйлчилгээ

 

8.1.Шарилыг оршуулгад бэлтгэх үйлчилгээг шарил хадгалах газарт, тухайн шарил байгаа газарт болон оршуулгын газарт байх зориулалтын тусгай өрөө, тасалгаа, байранд хийнэ.

 

8.2.Шарилыг оршуулгад бэлтгэх тусгай өрөө, тасалгаа, байр нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангасан байна.

 

8.3.Шарилыг оршуулгад бэлтгэх үйлчилгээг тусгайлсан зориулсан багаж, тоног төхөөрөмжийг ашиглан гүйцэтгэх ба зориулалтын дагуу ашиглаж, ариутгах тогтолцоо бүхий заавар журамтай байж, түүнийг мөрдөнө.

 

8.4.Нас барагчийг төлөөлөх этгээдтэй тохиролцсоны үндсэн дээр шарилыг оршуулгад бэлтгэх заслын үйлчилгээг оршуулгын газрын мэргэшсэн ажилтнаар  гүйцэтгүүлж болно.

 

8.5.Эрүүл мэндийн байгууллагаас хориглосон тохиолдолд шарил оршуулгад бэлтгэх үйлчилгээ хийхийг хориглоно.

 

8.6.Нас барагчтай салах ёслол гүйцэтгэхдээ нас барагчийн төлөөлөх этгээдийн сонгосон газарт явуулах ба түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр шарил (цогцос)-ыг хадгалах газар, оршуулгын газарт зохион байгуулж болно.

 

8.7.Нас барагчтай салах ёслол гүйцэтгэх үйл ажиллагааг шашин шүтлэг, үндэстний зан заншил, уламжлал, нас барагчийг төлөөлөх этгээдийн хүсэлт, шаардлагын дагуу зохион байгуулна.

 

Ес.Оршуулгын үйл ажиллагааны мэдээллийн сан

 

  9.1.Энэ журмын 3.1.5-д заасан мэдээллийн нэгдсэн сан нь оршуулгын үйл ажиллагаа эрхлэгчдийн хөтөлж байгаа болон Засгийн газрын 2009 оны 28 дугаар тогтоолоор баталсан "Зарим цогцос оршуулах журам"-ын 1.3-т заасан мэдээллийн сангаас бүрдэнэ.

 

9.2.Оршуулгын үйл ажиллагаа эрхлэгч нь оршуулгын үйл ажиллагааны мэдээллийн сантай байх ба мэдээллийн сан нь дараах мэдээллээс бүрдэнэ:

 

9.2.1.иргэний бүртгэлийн байгууллагаас нас барсны гэрчилгээ олгосон мэдээлэл;

9.2.2.энэ журмын 6.1.1, 6.1.2, 6.1.3-т заасан мэдээлэл;

9.2.3.шүүх эмнэлгийн задлан шинжилгээний мэдээлэл;

9.2.4.нийгмийн даатгалын байгууллагын оршуулгын тэтгэмжтэй холбоотой мэдээлэл;

9.2.5.оршуулгын үйлчилгээ эрхлэгчтэй байгуулсан гэрээ болон иргэдэд үзүүлсэн үйлчилгээний талаарх мэдээлэл.

 

9.3.Оршуулгын үйл ажиллагаа эрхлэгч нь нас барагчийн ургийн овог, эцэг, эхийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, нас, хүйс, төрсөн болон нас барсан он, сар, өдөр, нас барсан газар, нас барсан шалтгаан, оршин сууж байсан хаяг, оршуулгын хэлбэр, оршуулсан газрын нэр, байршил, бүртгэлийн дугаар, оршуулгад төлөөлсөн этгээдийн овог, нэр, холбоо барих утасны дугаар, оршин суугаа хаяг зэрэг шаардлагатай бусад мэдээллийг мэдээллийн санд бүртгэж оруулна.

 

9.4.Оршуулгын үйл ажиллагаа эрхлэгч мэдээллийн сангийн мэдээллийг цаасан болон цахим хэлбэрээр хадгалж, архивын нэгж үүсгэнэ.

 

Арав.Оршуулгын газрыг хаах, нүүлгэн шилжүүлэх

 

10.1.Дараах тохиолдолд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шийдвэрээр  оршуулгын газрыг хааж болно:

 

10.1.1.тухайн газарт дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр эрх бүхий байгууллагаас шийдвэрлэсэн;

10.1.2.оршуулга хийгээгүй 5 ба түүнээс дээш жил болсон;

10.1.3.оршуулах газрын нөөцгүй болсон;

10.1.4.байгалийн гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас оршуулгын газар эвдэрч сүйдсэн бөгөөд сэргээн засварлах боломжгүй болсон;

10.1.5.байгаль орчин, эрүүл мэндийн хяналтын асуудал эрхэлсэн байгууллагаас оршуулгын газрыг үргэлжлүүлэн ашиглах нь хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой хохирол учруулна гэж үзсэн.

 

10.2.Хаагдсан оршуулгын газарт дахин оршуулгын үйл ажиллагаа хийхгүй бөгөөд хууль, энэ журмаар хориглоогүй зан үйл хийх, нас барагчийн оршуулгыг эргэх боломжтой байна.

 

10.3.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч энэ журмын                 10.1-д зааснаас гадна дараах тохиолдолд оршуулгын газрыг хэсэгчлэн болон бүхэлд нь нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаж болно.

 

10.3.1.оршуулснаас хойш 60 жил өнгөрсөн;

10.3.2.эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан;

10.3.3.энэ журмыг зөрчиж оршуулгын үйл ажиллагааг хийсэн.

 

10.4.Энэ журмын 10.3-т заасны дагуу шийдвэр гарсан тохиолдолд нүүлгэн шилжүүлэх зардлыг орон нутгийн төсвөөс шийдвэрлэнэ.

 

10.5.Шарил (цогцос)-ыг 60 жилээс багагүй хугацаагаар оршуулгын газарт байршуулах бөгөөд энэ журмын 10.1-д зааснаас бусад тохиолдолд оршуулгын газарт байршуулсан шарил(цогцос)-ыг чандарлах замаар тухайн газрыг дахин ашиглаж болно.

 

10.6.Энэ журмын 10.5-д зааснаар шарил (цогцос)-ыг чандарлах зардлыг тухайн оршуулгын үйл ажиллагаа эрхлэгч хариуцна.

 

10.7.Нас барагчийн хамаарал бүхий этгээдийн хүсэлтээр нас барагчийн шарилыг нүүлгэн шилжүүлж болох бөгөөд гарах зардлыг хүсэлт гаргагч этгээд хариуцна.

 

10.8.Эрх бүхий байгууллага, нас барагчийн ар гэрийнхний зөвшөөрөлтэйгөөр оршуулгыг шилжүүлнэ.

 

Арван нэг.Оршуулгын үйл ажиллагааны үнэ, тариф, санхүүжилт

 

11.1.Оршуулгын үйл ажиллагааны үнэ тарифыг оршуулгын үйл ажиллагаа эрхлэгч өөрөө тогтоох бөгөөд нас барагчийг төлөөлөх этгээд үйлчилгээний зардлыг хариуцна.

 

11.2.Дараах тохиолдолд зардлыг төр хариуцна:

 

11.2.1.нийтийг хамарсан осол, аваар байгалийн гамшгийн улмаас хүн ам олноор нас барсан;

11.2.2.хэрэг маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан эрх бүхий этгээдийн шийдвэрээр оршуулгын үйл ажиллагааг хойшлуулсан тохиолдолд ийнхүү хойшлуулсантай холбогдон гарах зардал;

11.2.3.Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2-т заасан нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн нас барсан бөгөөд түүний гэр бүл, төрөл, садан хүсэлт гаргасан;

11.2.4.энэ журмын 1.7-д заасан шарил (цогцос)-ыг оршуулах;

11.2.5.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 17.3.1-д заасны дагуу холбогдох шийдвэр гарсан.

 

11.3.Энэ журмыг зөрчиж, зөвшөөрөлгүй газар нас барагчийг оршуулсан бол шарил (цогцос)-ыг шилжүүлэн оршуулах үйл ажиллагааны зардлыг нас барагчийг төлөөлөх этгээд хариуцна.

 

11.4.Нас барагчийг төлөөлөх этгээд, хүн, хуулийн этгээдээс өгсөн хандив, тусламжаар оршуулгын газарт бий болсон эд хөрөнгө нь нийслэлийн өмчид хамаарах бөгөөд оршуулгын үйл ажиллагаа эрхлэгч энэ талаар бүртгэл хөтөлж, гэрээний дагуу тайлагнана.

 

Арван хоёр.Хариуцлага

12.1.Энэхүү журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.