A

A

A

Бүлэг: 1979

 

         Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

         2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 09  

    дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралт

 

 

МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭД НЭВТЭРСЭН

МАЛЫГ ТҮР ХАДГАЛАХ, ТҮҮНТЭЙ ХОЛБОГДОН ГАРСАН ЗАРДЛЫГ

НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэ журмын зорилго нь нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс (цаашид "хориглосон бүс" гэх)-д нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

1.2.Энэ журмыг нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.

 

1.3."Мал" гэдэгт Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4.1.1-д заасныг ойлгоно.

 

1.4.Алдуул малтай холбоотой харилцааг Иргэний хууль болон энэ журамд заасны дагуу зохицуулна.

 

1.5.Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар журмыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлах, малчин, мал бүхий иргэнд таниулах ажлыг иргэд, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулна.

 

1.6.Энэ журмын үйлчлэлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн ёслолын үйл ажиллагаанд ашиглаж байгаа болон цирк, сургалт, спорт, амьтны хүрээлэнгийн мал хамаарахгүй.

 

Хоёр.Удирдлага, зохион байгуулалт

 

  2.1.Нийслэлийн Засаг дарга түр хадгалах хашааны тоо, газар байршлыг тогтоох бөгөөд дүүргийн Засаг дарга тогтоосон байршил, хашааны тоог баримтлан энэ журмын 2.3-т заасан шаардлагыг хангасан хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулж ажиллана.

 

  2.2.Энэ журмын 2.1-д заасан гэрээнд дараах нөхцөлийг тусгана:

 

  2.2.1.малыг түр хадгалах хашааны байршил, зохион байгуулалт;

2.2.2.хашаанд тавигдах шаардлага, хадгалалт;

2.2.3.төлбөрийн хэмжээ, харуул хамгаалалт;

2.2.4.малыг хүлээн авах, өмчлөгч, эзэмшигчид хүлээлгэн өгөх ажиллагаа;

2.2.5.гомдол, мэдээллийг хүлээн авах, шийдвэрлэх, хариу өгөх;

2.2.6.бусад зардал.

 

2.3.Малыг түр хадгалах хашааг хариуцан ажиллах хуулийн этгээд дараах шаардлагыг хангасан байна:

 

2.3.1.малын эмч, малчин, харуул хамгаалалтын ажилтан зэрэг шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлсэн байх;

 

2.3.2.ажил гүйцэтгэхэд шаардагдах тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байх;

 

2.3.3.малыг маллах, туух, тээвэрлэх, харуул хамгаалалтын ажилтан, түүний ажиллах нөхцөлийг хангасан байх;

 

2.3.4.дараах шаардлагыг хангасан хашаатай байх:

 

2.3.4.1.түр хадгалсан малыг өвс, тэжээл, усаар хангах нөхцөлийг бүрдүүлсэн;

 

2.3.4.2.халдварт өвчний сэжиг бүхий малыг тусгаарлах хэсэгтэй;

 

2.3.4.3.UCS1902B:2022 хотын стандартын шаардлага хангасан гэрэлтүүлэг, MNS6423:2019 стандартын шаардлага хангасан теле хяналтын систем суурилуулсан;

 

2.3.4.4.хашаа нь мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн заагт байршсан.

 

Гурав.Хориглосон бүсэд нэвтэрсэн малыг мэдээлэх

 

3.1.Дүүргийн Засаг даргын Тамгын газар хориглосон бүсэд хариулгагүй нэвтэрсэн малыг илрүүлэх, иргэдээс мэдээлэл авах ажлыг зохион байгуулж, хөдөлгөөнт эргүүл болон гэрээт ажилтан ажиллуулна.

 

3.2.Хориглосон бүсэд хариулгагүй мал нэвтэрсэн тохиолдолд хөдөлгөөнт эргүүл болон гэрээт ажилтан нь цагдаагийн байгууллагад, хорооны хэсгийн ахлагч, олон нийтийн цагдаа, олон нийтийн байцаагч, хог хаягдлын олон нийтийн байцаагч нь нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад болон хөдөлгөөнт эргүүл, гэрээт ажилтанд даруй мэдээлнэ.

 

3.3.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь хориглосон бүсэд нэвтэрсэн малын талаар мал түр хадгалах хашаа ажиллуулж байгаа хуулийн этгээдэд даруй мэдээлж, малын тоо толгой, бэлчиж байсан байршил, зүс, им тамга, содон тэмдэг, зураг зэргийг дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн хэрэгсэл ашиглан тэмдэглэл үйлдэж хүлээлгэн өгнө.

 

3.4.Дүүргийн цагдаагийн газар, хэлтэс нь хориглосон бүсэд хариулгагүй нэвтэрсэн малын эзэмшигч, өмчлөгчид хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

Дөрөв.Мал түр хадгалах хашааг ажиллуулах

хуулийн этгээдийн чиг үүрэг

 

4.1.Мал түр хадгалах хашааг ажиллуулж байгаа хуулийн этгээд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

4.1.1.түр хадгалагдсан малын өмчлөгч, эзэмшигч нь тогтоогдох хүртэл малын бүрэн бүтэн байдлыг хариуцаж, маллаж, нормын дагуу ус, өвс, тэжээл өгч, тухай бүр бүртгэл хөтлөх;

 

4.1.2.түр хадгалагдсан малыг журмын 5.1-д заасан зардлыг нөхөн төлсөн санхүүгийн баримт болон Зөрчлийн тухай хуулийн 6.30 дугаар зүйлийн 3-т заасан торгуулийг төлсөн баримтыг үндэслэн малын нас, зүс, тоо, хэмжээг нэг бүрчлэн бичиж, акт үйлдэн өмчлөгч, эзэмшигчид нь хүлээлгэн өгөх;

 

4.1.3.мал эмнэлгийн үйлчилгээний нэгжтэй гэрээ байгуулан ажиллах, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 15.1-д заасны дагуу халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд гэрээт мал эмнэлгийн байгууллагад мэдэгдэж, мөн хуулийн 15.2-т заасан арга хэмжээг авах;

 

4.1.4.түр хадгалах хашаанд хорогдсон малын сэг зэмийг устгах ажлыг харьяа дүүргийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн зохион байгуулах;

 

4.1.5.мал түр хадгалах хашаа, тоног хэрэгсэлд халдваргүйтлийг тогтмол хийх;

 

4.1.6.түр хадгалах хашаанд малын төл хорогдсон, хээл хаясан тохиолдолд 24 цагийн дотор харьяа дүүргийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид мэдэгдэж, шалтгаан нөхцөлийг тогтоолгох, хашааг халдваргүйжүүлэх арга хэмжээ авах;

 

4.1.7.түр хадгалсан  малын өмчлөгч, эзэмшигчийг тогтоох зорилгоор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх;

 

4.1.8.түр хадгалсан малыг өмчлөгч, эзэмшигч нь тогтоогдох хүртэл дүүргийн Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, Хөдөө аж ахуйн тасагт мэдэгдэж, нас, зүс, хүйсийг бүртгүүлэх;

 

4.1.9.үйл ажиллагааны тайлан болон зөрчлийн талаарх мэдээллийг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, дүүргийн Засаг даргын Тамгын газарт сар бүр тайлагнах.

 

4.2.Мал түр хадгалах хашааг ажиллуулж байгаа хуулийн этгээд энэ журамд заасныг баримтлаагүй бол гэрээг цуцлах үндэслэл болно.

 

Тав.Хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалахтай

холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх

 

5.1.Малыг өмчлөгч, эзэмшигчид нь хүлээлгэн өгөхдөө тухайн малыг түр хадгалахтай холбогдон гарсан дараах зардлыг нөхөн төлүүлнэ:

 

5.1.1.туусан, тээвэрлэсэн зардал;

5.1.2.өвс, тэжээл, ус, арчилгаа, маллагааны зардал;

5.1.3.мал эмнэлгийн ажил үйлчилгээний зардал;

5.1.4.бусад зардал.

 

5.2.Энэ журмын 5.1-д заасан зардлын нөхөн төлбөрийг мал түр хадгалах хашааг ажиллуулж байгаа хуулийн этгээдийн дансанд төвлөрүүлнэ.

 

5.3.Энэ журмын 5.2-д заасан төлбөрийн баримтыг үндэслэн санхүүгийн тэмдэг, тусгай дугаараар баталгаажсан бэлэн мөнгөний орлогын баримт 2 хувь үйлдэж, нэг хувийг малын өмчлөгч, эзэмшигчид олгоно.

 

5.4.Малыг өмчлөгч, эзэмшигчид нь хүлээлгэн өгснөөс хойш учирсан осол, гэмтэл, эрсдэлийг түр хадгалах хашааны үйл ажиллагааг хариуцаж байгаа байгууллага хариуцахгүй.

 

5.5.Хориглосон бүсэд нэвтэрсэн малын эзэмшигч, өмчлөгч нь тогтоогдоогүй нөхцөлд Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

 

5.6.Түр хадгалах хашаанд хорогдсон малын сэг зэмийг устгах ажлын зардлыг дүүргийн Засаг даргын Тамгын газар дүүргийн төсөвт тусган шийдвэрлэх ба дараа нь буруутай этгээдээс гаргуулах ажлыг зохион байгуулна.

 

Зургаа.Бусад

 

  6.1.Дүүргийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн Мал эмнэлгийн газар энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана. 

 

  6.2.Дүүргийн Засаг даргын Тамгын газар хөдөлгөөнт эргүүл, гэрээт ажилтан ажиллуулах зэрэг энэ журмыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг дүүргийн жил бүрийн төсөвт тусгаж батлуулна. 

 

6.3.Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд журам зөрчиж мал нэвтрүүлсэн бол хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.