- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ НИЙТИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ АВТО ЗОГСООЛЫГ ТӨЛӨВЛӨХ, БАРЬЖ БАЙГУУЛАХ ЖУРАМ
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны
өдрийн 16 дугаар тогтоолын хавсралт
НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ НИЙТИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ АВТО
ЗОГСООЛЫГ ТӨЛӨВЛӨХ, БАРЬЖ БАЙГУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх, оршин суугчдын тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэн, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, төсөл хөтөлбөртэй уялдуулж нийтийн хэрэгцээний авто зогсоол (“цаашид “авто зогсоол” гэх)-ыг барьж байгуулахад энэ журмын зорилго оршино.
1.2. Нийслэл Улаанбаатар хотод өмчийн хэлбэрээс үл хамааран нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах харилцааг энэхүү журмаар зохицуулна.
Хоёр. Авто зогсоол төлөвлөх
2.1. Нийтийн хэрэгцээний авто зогсоол нь дараах төрөлтэй байна:
2.1.1.төвлөрсөн ил авто зогсоол буюу тээврийн хэрэгслийг тодорхой хугацаанд үнэ төлбөргүй болон төлбөртэй нөхцөлөөр байрлуулах зориулалтаар байгуулж, зориулалтын дагуу тохижуулсан талбай;
2.1.2.төвлөрсөн дотор авто зогсоол буюу тээврийн хэрэгслийг тодорхой хугацаанд үнэ төлбөргүй болон төлбөртэй нөхцөлөөр байрлуулах зориулалтаар байгуулж, тохижуулсан барилга байгууламж;
2.1.3.орон сууцны хороолол дундах авто зогсоол буюу орон сууцны хороолол дунд оршин суугчдын тээврийн хэрэгслийг байршуулахаар төлөвлөж тохижуулсан талбай, дээрээ тохижилт бүхий газар доорх авто зогсоолын барилга байгууламж;
2.1.4.гудамж, зам дагуух авто зогсоол буюу явганаар зорчигчдын болон замын хөдөлгөөний эрчмийг бууруулахгүй байхаар байгуулагдсан, гудамж замын зорчих хэсгээс нэвтрэх, гарах боломжтой хөндлөн огтлолын элементүүд (зорчих хэсэг, явган хүний зам, ногоон байгууламж) дээр төлөвлөгдсөн тээврийн хэрэгслийн зогсоол, ил талбай;
2.1.5.их багтаамжтай газар доорх авто зогсоол буюу Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-ийн зөвлөмжийн 14, 15 дугаар хавсралтад заасан доод тоо хэмжээнээс дээш багтаамж бүхий тээврийн хэрэгслийг тодорхой хугацаанд үнэ төлбөргүй болон төлбөртэй нөхцөлөөр байрлуулах зориулалтаар байгуулж, дээрээ тохижилт бүхий авто зогсоолын барилга байгууламж;
2.1.6.их багтаамжтай олон давхар зогсоол буюу Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-ийн зөвлөмжийн 14, 15 дугаар хавсралтад заасан доод тоо хэмжээнээс дээш бага зайд олон давхар багтаамж бүхий төлөвлөж тээврийн хэрэгслийг тодорхой хугацаанд үнэ төлбөргүй болон төлбөртэй нөхцөлөөр байрлуулах зориулалтаар байгуулж, тохижуулсан барилга байгууламж;
2.2.Нийслэлийн нутаг дэвсгэр дэх суурьшлын нягтаршил, газар зохион байгуулалт, хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан ажил, үйлчилгээний төвлөрөл, замын хөдөлгөөний эрчим, авто зогсоолын эрэлт, хэрэгцээг тооцож нийтийн хэрэгцээний авто зогсоолыг байгуулахаар төлөвлөх ба дараах, шаардлага хангасан байна:
2.2.1.хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх;
2.2.2.дэвшилтэт техник, технологийг ашиглах;
2.2.3.эдийн засаг, нийгмийн үр ашигтай байх;
2.2.4.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр орц, гарцыг төлөвлөсөн байх;
2.2.5.нийтийн ашиг сонирхолд нийцсэн байх.
2.3.Шинээр авто зогсоол байгуулах байршлыг хүн, хуулийн этгээдийн санаачилгаар төлөвлөж болно.
2.5.100-аас дээш авто машины багтаамжтай зогсоолд цахилгаан авто машин хурдан цэнэглэгч болон цэнэглэх станц, түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний тээврийн хэрэгсэл зогсох хэсгийг заавал төлөвлөнө.
2.6. Авто зогсоолын үйл ажиллагаа эрхлэгч нь өмчийн хэлбэрээс үл хамааран авто зогсоолын нэгдсэн системд холбогдсон байна.
2.7. Бүх төрлийн авто зогсоолд унадаг дугуй, мотоцикл, мопед болон тусгай хэрэгцээт хүнд зориулсан зогсоолыг төлөвлөнө.
2.8.Авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах ашиглах үйл ажиллагаанд “Авто зогсоол ангилал ба ерөнхий шаардлага” МNЅ5342:2007, Монгол Улсын стандарт болон "Авто зогсоол” БНбД 21-05-10, “Тээврийн хэрэгслийн зогсоолыг төлөвлөх, байгуулахад тавигдах ерөнхий шаардлага” UCS0902B:2022 стандартыг дагаж мөрдөнө.
2.9.Нийтийн хэрэгцээний авто зогсоолыг барьж байгуулах зорилгоор газар чөлөөлөх үйл ажиллагааг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу зохион байгуулна.
Гурав.Авто зогсоолыг барьж байгуулах үйл ажиллагаа
3.1.Нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах үйл ажиллагааг дараах хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжүүлнэ:
3.1.1.улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар;
3.1.2.төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд;
3.1.3.хувийн хэвшил өөрийн хөрөнгө оруулалтаар;
3.1.4.дотоод, гадаадын зээл, тусламжаар.
3.2. Авто зогсоолын үйл ажиллагааг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 8.3-т зааснаар зохицуулна.
3.3.Шалгарсан төсөл хэрэгжүүлэгч нь авто зогсоолыг барьж байгуулахдаа дараах үе шатыг баримтална:
3.3.1. авто зогсоол барьж байгуулах тохиолдолд Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтын асуудал хариуцсан байгууллагаар дамжуулан нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагад хүсэлт гарган шийдвэрлүүлнэ;
3.3.2.архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу авто зогсоолын загвар зургийг боловсруулах, батлуулах;
3.3.3.Нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулах;
3.3.4.батлагдсан загвар зургийн дагуу холбогдох техникийн нөхцөлийг авч, ажлын зураг боловсруулах, магадлал хийлгэх;
3.3.5.барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авч, авто зогсоолын барилга угсралтын ажлыг холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, норм стандартын дагуу хийж гүйцэтгэх, ашиглалтад оруулах;
3.3.6.улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар авто зогсоолын барилга байгууламжийн ажлыг графикийн дагуу хийж гүйцэтгэх, ажлын явцад захиалагчийн техник хяналтыг хийлгүүлэх.
3.4.Төсөл хэрэгжүүлэгч нь дараах зүйлийг мөрдөнө:
3.4.1.эрх бүхий этгээдээс олгосон зөвшөөрлийн үндсэн дээр төслийг хэрэгжүүлэх;
3.4.2.батлагдсан зураг төслийн дагуу авто зогсоолыг барих;
3.4.3.төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг бүрэн хариуцах;
3.4.4.төсөл хэрэгжүүлэх явцад гарсан аливаа хохирлыг арилгах; /нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, ногоон байгууламж, орчны барилга болон хүн, хуулийн этгээдэд учруулсан гэм хор/
3.4.5.авто зогсоолын үйл ажиллагаа эрхлэгч этгээд нь эрсдэлээс хамгаалж даатгуулсан байх.
3.5.Орон сууцны хороолол дундах зогсоол барьж, байгуулахад орчны оршин суугчдын саналыг харгалзан үзнэ.
3.6.Төсөл хэрэгжүүлэгч нь авто зогсоолын чанар, аюулгүй байдалд ашиглалтад орсноос хойш гурван жилийн хугацаанд баталгаа гаргаж, баталгаат хугацаанд гарсан чанарын зөрчил, доголдлыг өөрийн хөрөнгөөр арилгана.
Дөрөв.Нийслэлийн Засаг дарга болон нутгийн захиргааны
байгууллагын чиг үүрэг
4.1.Нийслэлийн Засаг дарга нь нийтийн хэрэгцээний авто зогсоолтой холбоотой дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
4.1.1.ажил, үйлчилгээний төвлөрөл, замын хөдөлгөөний эрчим, авто зогсоолын эрэлт, хэрэгцээг тооцож авто зогсоол байгуулах байршлын саналыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьж, шийдвэрлүүлэх;
4.1.2.нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах санал гаргахдаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл хүргэх;
4.1.3.энэ зүйлийн 4.1.2-д заасан төлөвлөгөөнд авто зогсоол барихад шаардагдах хөрөнгийг улс, нийслэлийн төсөвт тусгуулах саналыг боловсруулах.
4.2. Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтын асуудал хариуцсан байгууллага нийтийн хэрэгцээний авто зогсоолыг хүн амын төвлөрөл, замын хөдөлгөөний нягтрал, авто зогсоолын эрэлт, хэрэгцээтэй уялдуулан зогсоолтой холбоотой дараах үйл ажиллагааг зохион байгуулна.
4.2.1.нийтийн хэрэгцээний авто зогсоол барих шаардлагатай газрын судалгааг боловсруулан, зөвшилцөж боломжит байршлыг тогтоон Нийслэлийн Засаг даргад танилцуулах;
4.2.2.авто зогсоол барьж байгуулахад шаардагдах техник эдийн засгийн урьдчилсан тооцоог гарган, авто зогсоол барихаар тогтоосон байршлаас хамааран авто зогсоолын хэлбэр, хэмжээ, төрлийг тодорхойлох ажлыг зохион байгуулах;
4.2.3.авто зогсоол байгуулахаар төлөвлөсөн байршилд газар чөлөөлөх санал гаргаж, газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгуулах.
Тав. Хариуцлага.
5.1.Энэ журмын дагуу авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах, ашиглахад дараах зүйлийг дагаж мөрдөнө:
5.1.1.авто зогсоол барихаар төлөвлөсөн газарт батлагдсан загвар зургаас өөр зориулалтын барилга байгууламж барихгүй, барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр эхлэх, үргэлжлүүлэх;
5.1.2.авто зогсоолыг зориулалтын дагуу ашиглах;
5.1.3.нийслэлийн нутаг дэвсгэрт өмчийн хэлбэрээс үл хамааран үйл ажиллагаа явуулж байгаа авто зогсоолыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр төлбөртэй ажиллуулах;
5.1.4.авто зогсоолын барилга байгууламж барихтай холбоотой зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас зохих журмын дагуу авсан хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд санаатайгаар саад хийхгүй байх.
5.2.Төсөл хэрэгжүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална.
5.3.Зөвшөөрөлгүй авто зогсоол барих болон зогсоолын зориулалтыг өөрчилж барилга барьсан хүн, хуулийн этгээдэд Газрын тухай хуулийн 57.3, 57.4-т заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
5.4.Нийслэлийн нутаг дэвсгэрт дур мэдэн авто зогсоол барьж хүн, хуулийн этгээдэд зарж борлуулсан бол авто зогсоолыг буулгаж, газрыг албадан чөлөөлөх ба гэм буруутай этгээдээр учирсан хохирлыг төлүүлнэ.
5.5.Энэ журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ
Текст томруулах
A
A
A