A

A

A

Бүлэг: 1979

 

Нийслэлийн   иргэдийн    Төлөөлөгчдийн

                Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны   

                өдрийн 17 дугаар тогтоолын хавсралт

 

 

АМЬТНЫ ХҮРЭЭЛЭН АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

 1.1.Энэ журам нь амьтныг олон нийтэд үзүүлэн таниулах, хамгаалах, өсгөн үржүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт амьтны хүрээлэн ажиллуулах иргэн, хуулийн этгээдийг бүртгэх, тэдгээрийн эрх, үүрэг, үйл ажиллагаа, тавигдах шаардлагыг тодорхойлох, үйлчлүүлэгч болон амьтны эрхийг хамгаалах, хяналт тавих харилцааг зохицуулахад оршино.

 

 1.2.Нийслэлийн нутаг дэвсгэрт амьтны хүрээлэн ажиллуулах иргэн, хуулийн этгээд нь Монгол Улсын Үндсэн хууль, Амьтны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү журмыг дагаж мөрдөнө.

 

 1.3.Нийслэлийн нутаг дэвсгэрт амьтны хүрээлэн ажиллуулах үйл ажиллагаа эрхлэгчийг бүртгэх, хяналт тавих, амьтны бүртгэл хөтлөх, нэгтгэн тайлагнах ажлыг нийслэлийн Байгаль орчны газар хариуцан зохион байгуулна.

 

 1.4.Зөвшөөрлийн тухай хуульд заасан 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.15 дахь заалтад заасан үйл ажиллагаанд энэ журам хамаарахгүй.

 

Хоёр.Амьтны хүрээлэн ажиллуулах хүсэлт гаргах,

түүнийг бүртгэх

 

 2.1.Амьтны хүрээлэн ажиллуулах хүсэлтэй иргэн, хуулийн этгээд нь нийслэлийн Байгаль орчны газарт хүсэлт гаргаж, бүртгүүлсний үндсэн дээр үйл ажиллагаа явуулна.

 

 2.2.Амьтны хүрээлэн ажиллуулах хүсэлтэд иргэн, хуулийн этгээд дараах баримт бичгийг бүрдүүлж, хавсаргана:

 

2.2.1.амьтны хүрээлэнгийн нэр, байршил;

2.2.2.ан амьтны мэргэжлийн байгууллагын гэрчилгээ;

2.2.3.амьтны хүрээлэнгийн техникийн үзүүлэлт;

2.2.4.амьтдын бүртгэлийн жагсаалт;

2.2.5.мэргэжлийн боловсон хүчний мэдээлэл;

2.2.6.амьтдын амьдрах орчныг бүрдүүлэх төлөвлөгөө;

2.2.7.аюулгүй байдлын менежментийн төлөвлөгөө;

2.2.8.амьтны хүрээлэнгийн амьтны халдварт өвчин, зоонозтой тэмцэх төлөвлөгөө;

2.2.9.амьтны хүрээлэнг түр эсвэл бүрмөсөн хаах үед амьтдыг шилжүүлэх, аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө;             

2.2.10.галын аюулгүй байдлын дүгнэлт;

2.2.11.хог тээврийн гэрээ;

2.2.12.байгаль орчинд нөлөөлөх ерөнхий үнэлгээний дүгнэлт, байгаль орчны менежментийн төлөвлөгөө;

2.2.13.шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжийн дагуу амьтан эзэмших, ашиглах зөвшөөрөл, төлбөр, хураамж.

 

 2.3.Нийслэлийн Байгаль орчны газар хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор магадлан шалгаж, энэ журмын 3.1-д заасан шаардлагыг хангасан тохиолдолд бүртгэнэ.

 

 2.4.Шаардлага хангаагүй бол бүртгэхээс татгалзаж, хугацаа өгч дахин хүсэлт гаргах боломжоор хангана.

 

Гурав.Амьтны хүрээлэн ажиллуулахад

тавигдах шаардлага

 

3.1.Нийслэлийн нутаг дэвсгэрт амьтны хүрээлэн ажиллуулахад холбогдох хууль тогтоомж, стандартад зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

 

3.1.1.ан амьтны мэргэжлийн байгууллагын эрхтэй байх;

3.1.2.үйлчилгээ эрхлэх газар, барилга байгууламжтай байх, түүний гадна, дотор орчин болон амьтдын байрлах хашаа, хаалт зэрэг амьдрах орчныг холбогдох стандарт шаардлагын дагуу тохижуулсан байх;

 

3.1.3.тухайн чиглэлийн үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах мэргэжлийн боловсон хүчин, техник, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байх;

 

3.1.4.үйлчилгээний хэсэг нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, иргэн, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөө, байгууламжтай байх;

 

3.1.5.гадна хаяг, хаягийн байгууламжийг холбогдох журам, стандарт шаардлагад нийцүүлэн байршуулсан байх;

 

3.1.6.барилга байгууламжийн орох хэсэг, дотоод орчин, ариун цэврийн өрөөнд тусгай хэрэгцээтэй иргэдэд зориулсан тохижилтыг стандартын дагуу хийсэн, шаардлагатай хэрэглэгдэхүүн, тэмдэг, тэмдэглэгээг байрлуулсан байх;

 

3.1.7.агаарын чанарыг сайжруулах бүсэд үйл ажиллагаа явуулах бол халаалтын асуудлыг цахилгаан болон бусад агаарын бохирдол үүсгэхгүй шийдлээр шийдсэн байх;

 

3.1.8.стандартын шаардлага хангасан хяналтын камер байрлуулсан байх;

 

3.1.9.үйлчилгээний танилцуулга, тайлбар мэдээлэл, шаардлагатай анхааруулга санамжийг үйлчлүүлэгчид харагдахуйц газар байрлуулсан байх;

 

3.1.10.ажиллах цагийн хуваарийг нийтэд нээлттэй мэдээлж,  байрлуулсан байх;

 

3.1.11.үйлчлүүлэгчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдлыг хангасан байх.

 

Дөрөв.Амьтны хүрээлэн ажиллуулах иргэн, хуулийн

этгээдийн эрх, үйл ажиллагаа

 

4.1.Амьтны хүрээлэн ажиллуулах иргэн, хуулийн этгээд нь дараах эрхтэй байна:

 

4.1.1.хууль тогтоомжид заасны дагуу амьтныг шилжүүлэн авах, асрах, хамгаалах;

 

4.1.2.амьтны хүрээлэнгийн амьтан, эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгуулах шаардлага гаргах;

 

4.1.3.согтууруулах ундаа хэрэглэсэн хүн болон харгалзах хүнгүй бага насны хүүхдэд үйлчлэхгүй байх.

 

 4.2.Амьтны хүрээлэн ажиллуулах иргэн, хуулийн этгээд нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

4.2.1.амьтдыг зохих биологийн төрөл зүйлийн шинж чанарт тохирсон тэжээл, зохистой амьдрах орчноор хангах;

 

4.2.2.үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, тав тухыг хангах;

 

4.2.3.амьтныг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах, ариутгал, халдваргүйтгэл хийх, халдварт болон халдварт бус өвчин, бэртэл гэмтэл авахаас урьдчилан сэргийлэх, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжтэй хамтран ажиллах гэрээтэй байх, эсхүл итгэмжлэл бүхий өөрийн байгууллагын малын эмчтэй байх;

 

4.2.4.амьтан өвдсөн, бэртсэн тохиолдолд анхан шатны тусламж үзүүлж, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид хандах, тусламж үйлчилгээ авах, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 15.1-д заасны дагуу халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд гэрээт мал эмнэлгийн байгууллагад мэдэгдэж, мөн хуулийн 15.2-т заасан арга хэмжээг авах;

 

4.2.5.амьтны хүрээлэнд амьтан үхсэн тохиолдолд гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид мэдэгдэж, шалтгаан нөхцөлийг тогтоолгох, амьтны сэг зэмийг устгах ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах;

 

4.2.6.тухайн чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах мэргэжлийн ажилтны нөөцийг бүрдүүлж ажиллах, ажилтнуудаа ур чадварын болон чадамжийн сургалтад тогтмол хамруулж мэргэшүүлэх;

 

4.2.7.Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16, 17 дугаар зүйл, Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллах;

 

4.2.8.аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, үйл ажиллагаагаа даатгуулсан байх;

 

4.2.9.мэргэжлийн байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж ажиллах;

 

4.2.10.халдварт өвчин гарсан, хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон үед үйл ажиллагаа явуулахгүй байх.

 

Тав.Аюулгүй байдлын удирдлага

 

5.1.Амьтны хүрээлэн ажиллуулж байгаа иргэн, хуулийн этгээд нь үйлчлүүлэгч, ажилтны ​​аюулгүй байдал, эрүүл мэндэд хор хөнөөл учруулахгүй байх нөхцөлийг хангана.

 

5.2.Амьтан хашаа, хяналтын бүсээс гарсан тохиолдолд амьтны хүрээлэн ажиллуулж байгаа иргэн, хуулийн этгээд тухайн амьтныг барих, тусгаарлах, холбогдох байгууллагад мэдэгдэх зэрэг шаардлагатай арга хэмжээг шуурхай авч, аюулгүй байдлыг хангана.

Зургаа.Амьтны эрхийг хамгаалах

 

6.1.Амьтны хүрээлэн, түүний ажилтан нь амьтны хүрээлэн дэх амьтны эрхийг хамгаалах чиглэлээр дараах арга хэмжээ авна:

 

6.1.1.амьтныг санаатайгаар хаяхгүй, төөрүүлэхгүй, зодохгүй, тамлахгүй, хэт ачаалуулахгүй, үхэлд хүргэхгүй байх;

 

6.1.2.амьтныг тулалдуулахгүй, өгөөш, бай болгохгүй, хүчирхийллийн шинжтэй тэмцээн, уралдаан, арга хэмжээ зохион байгуулах, оролцуулахгүй байх;

 

6.1.3.эм тариа, нойрсуулагчийг зохих тунгаар хэрэглэх, шаардлагагүй эм, багаж хэрэгсэл, бусад техник хэрэгсэл ашиглан амьтанд гэмтэл, хор хөнөөл учруулахгүй байх;

 

6.1.4.амьтанд шаардлагатай хоол хүнс, ус өгөх, өвчин туссан амьтныг эмчлүүлэх;

 

6.1.5.амьтанд туршилт хийхгүй, зан авирыг хэрцгий, догшин болгох нөлөөлөл үзүүлэхгүй;

 

6.1.6.амьтны эрхийг хамгаалах бусад арга хэмжээ.

 

Долоо.Амьтны хүрээлэнг түр хаах, үйл

ажиллагааг зогсоох, бүртгэлээс хасах

 

7.1.Амьтны хүрээлэн ажиллуулж байгаа иргэн, хуулийн этгээд нь түр хугацаанд ажиллах боломжгүй болсон тохиолдолд энэ тухайгаа бүртгүүлсэн байгууллагад болон нийтэд мэдэгдэнэ.

 

7.2.Амьтны хүрээлэн ажиллуулж байгаа иргэн, хуулийн этгээд нь тухайн амьтны хүрээлэнгийн үйл ажиллагааг зогсоох бол энэ тухай бүртгүүлсэн байгууллагад мэдэгдэж, бүртгэлээс хасалт хийлгэнэ.

 

7.3.Энэ журам болон холбогдох хууль тогтоомж, стандарт шаардлагыг зөрчсөн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгуулах талаар мэргэжлийн байгууллагаас амьтны хүрээлэн ажиллуулж байгаа иргэн, хуулийн этгээдэд хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулна.

 

7.4.Энэ журмын 7.3-т заасан зөрчлийг арилгуулах талаар өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй, амьтны хүрээлэнд тавигдах нөхцөл шаардлагыг хангахгүй болсон нь дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд амьтны хүрээлэнгийн үйл ажиллагааг зогсоож, бүртгэлээс хасна.

 

7.5.Энэ журмын 7.2, 7.4-т заасны дагуу үйл ажиллагааг зогсоож бүртгэлээс хассан тохиолдолд амьтдыг шилжүүлэх, аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний дагуу амьтны хүрээлэн ажиллуулж байсан иргэн, хуулийн этгээд зохих арга хэмжээг авч, тайланг нийслэлийн Байгаль орчны газарт хүргүүлнэ.

 

Найм.Хариуцлага

 

8.1.Амьтныг зохих журмын дагуу хамгаалалтад байлгаагүй улмаас хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн хүрээлэнг ажиллуулж байгаа иргэн, хуулийн этгээд Иргэний хуулийн дагуу хариуцан арилгана.

 

8.2.Энэ журмыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.